Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 00813

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 13 өдөр                   Дугаар 142/ШШ2016/00813                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 5а дугаар гудамжны 02 тоотод оршин суух Адуучин овгийн Батдэлгэрийн Гүнчинсүрэнгийн /регистрийн дугаар ФМ62021414/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1976 онд төрсөн, 40 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 5а дугаар гудамжны 03 тоотод оршин суух Еншөөбүү овогт Төгсийн Эрдэнэцэцэг /регистрийн дугаар ФБ76081060/,

Хариуцагч: 1997 онд төрсөн, 19 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Нарлаг дэнжийн 5а дугаар гудамжны 03 тоотод оршин суух Боржигон овогт Ганболдын Энхболд /регистрийн дугаар ФБ97122715/ нарт холбогдох гэм хорын хохирол 2 790 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Т.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Гүнчинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Дэнж багийн Нарлаг дэнжийн 5а-03 тоотод оршин суугч Энхболд хашаандаа хог шатааж байгаад Нарлаг дэнж 5а-02 тоотод оршин суугч Б.Гүнчинсүрэн миний хашаа, амбаар, эд зүйлийг шатаасныг Гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №84/13 дугаар акт болон “Найдвар-Од” аудит ХХК-ийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №114 дугаар дүгнэлтээр нийт  3 080 000 төгрөгний акт гаргасныг уг айлд танилцуулсан боловч хашааг бөглөөд үлдэгдэлийг шаардахаар хохирлыг барагдуулах биш хэл амаар доромжилж байгаа тул үлдэгдэл 2 790 000 төгрөгийг уг айлаас гаргуулж өгнө үү”гэжээ.

Хариуцагч Т.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1976 онд Эрдэнэт хотод төрсөн. Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн Нарлаг дэнжийн 5а-03 тоотод амьдардаг. Том хүү Энхболд маань хашаа хороогоо цэвэрлэж байгаад хогоо зууханд шатааж байгаад санамсаргүй гал алдаж хажуу айлын хашаа, амбаарыг шатаасан. Хүү маань хашааг нь бүрэн барьж өгсөн. Одоо амбаарыг нь барьж өгнө. Уг айл нь 3 сая төгрөг нэхэж байна. Найдвар-Од аудит ХХК-ийн 3 сая төгрөгний үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа ажил хийдэг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Гурван хүүхдийн хамт амьдардаг. Авч байгаа цалин маань амьдралд хүрэлцдэггүй, хоногийн хоолоо дөнгөн данган залгуулдаг. Иймээс миний амьдралыг харгалзан үзэж энэхүү асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Гүнчинсүрэн нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 84/13 тоот гал түймэр гарсан тухай акт, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Найдвар Од Аудит” ХХК-ийн 114 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч Т.Эрдэнэцэцэг, Г.Энхболд нараас гэм хорын хохирол 2 790 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа.

Хариуцагч Т.Эрдэнэцэцэг шүүх хуралдаанд “...Миний хүү Г.Энхболд хашаагаа цэвэрлэж хог шатааж байгаад гал алдсан нь үнэн. Гэхдээ би ганцаараа ажил хийдэг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Гурван хүүхдийн хамт амьдардаг. Авч байгаа цалин маань амьдралд хүрэлцдэггүй.Нэхэмжилж байгаа 2 790 000 төгрөг арай л их байна” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагч Г.Энхболдодод 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн орчим хариуцагч Г.Энхболд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж баг Нарлаг Дэнжийн 5а дугаар гудамжны 03 тоотод хашаандаа хог шатааж байгаад гал алдсаны улмаас хөрш айл болох Нарлаг Дэнжийн 5а дугаар гудамжны 02 тоотод оршин суух Б.Гүнчинсүрэнгийн хашаа, амбаар, амбаарт байсан эд зүйл шатсан болох нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 84/13 тоот гал түймэр гарсан тухай акт, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/494 дүгээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, гэрэл зургийн хуулбар, гал гарсан тухай нотломж, гал түймэр дээр ажилласан тухай ярилцлага, Б.Гүнчинсүрэн, Р.Оюундалай, Г.Энхболд нарын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба хариуцагч нь түймэр гарсан гэм буруугийн асуудлаар маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Гүнчинсүрэнгийн гомдлоор Орхон аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг шалгагдаж байх явцад цагдаагийн байгууллагын хүсэлтээр “Найдвар Од Аудит” ХХК нэхэмжлэгчийн шатсан эд зүйлд үнэлгээ тогтоож дүгнэлт гаргасан байх ба дээрхи нотлох баримт нь нэхэмжлэгчийн тайлбар, гал түймэр гарсан тухай акт, шатсан эд зүйлийн фото зураг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байгаа, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан шаардлага хангасан байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д 497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд  хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Тиймээс хариуцагч Г.Энхболдын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Гүнчинсүрэнд гэм хор учирсан, Г.Энхболдын гэм буруу нь Б.Гүнчинсүрэнд учирсан гэм хортой шалтгаант холбоотой, дээрхи нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул “Найдвар Од Аудит” ХХК-ийн үнэлгээг үндэслэн хариуцагч хариуцагч Г.Энхболдоос нэхэмжлэгчид учирсан эдийн хохирол 2 790 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Т.Эрдэнэцэцэг, Г.Энхболд нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Т.Эрдэнэцэцэгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.Эрдэнэцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч, иргэдийн төлөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч Т.Эрдэнэцэцэгийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тхай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 100.4, 100.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Б.Гүнчинсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 590 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхболдоос 59 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхболдоос 2 790 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гүнчинсүрэнд олгож, хариуцагч Т.Эрдэнэцэцэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 590 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч хариуцагч Г.Энхболдоос 59 590 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Гүнчинсүрэнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА

                                                            ШҮҮГЧИД                               Д.АРИУНЦЭЦЭГ

Б.ХИШИГДАВАА