Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01019

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01019

 

 

,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01524 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,д холбогдох,

Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 6-7 гудамж, 16 тоот хаягт байрлах /598 м.кв гэр бүлийн зориулалтай газар, 36 м.кв үл хөдлөх хөрөнгө/ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байна.

1.2. Эцэг ,,,,,,,,,,,,, 2005 онд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 6-7 гудамж, 16 тоот хаягт байрлалтай, 598 м.кв гэр бүлийн зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болж, тус газар дээр З6 м.кв үл хөдлөх хөрөнгө буюу байшинг барьж, 2008 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,гийн ганц охин нь ба эцэг эх нь салахад эцэгтэйгээ хамт 17 нас хүртлээ амьдарсан.

2021 оны 5-6 сард аавын дүү нь хөдөөгөөс ирээд эцгийн биеийн байдал муу гэсэн тул эмнэлэгт үзүүлэхэд элэгний хорт хавдар гэсэн. Эмчилгээ хийлгэсэн боловч нас барсан. Гэтэл хамтран амьдрагч буюу хариуцагч нь эцгийн биеийг муу байхад эмнэлэгт үзүүлээгүй, бидэнд мэдэгдээгүй. Харин нас барахаас нь 2 сарын өмнө бэлэглэлийн гэрээ байгуулж, үл хөдлөх болон газрын өмчлөгчөөр бүртгүүлсэн байсныг эцгийг нас барсны дараа мэдсэн.

Бэлэглэлийн гэрээ хийхдээ гэр бүлийн гишүүн болох надаас зөвшөөрөл аваагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн ба зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм. Уг үл хөдлөх нь 1 хүний өмчлөлд байсан боловч гэр бүлийн дундын хөрөнгөөр бий болсон.

2005 онд газар, байшин ,,,,,,,,,,,,,гийн өмчлөлд байсан. Хэрэв хөрөнгө холилдсон юм бол үүнийгээ хариуцагч нотлох үүрэгтэй. Хариуцагч нь мөнгө оруулсан гэх тайлбартай холбоотой баримтыг гаргаагүй.

,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,, нар гэр бүлээ цуцлуулаагүй. Гэрлэснээс хойш үүссэн хөрөнгө нь дундын эд хөрөнгө тул бусдад шилжүүлсэн нь хууль зөрчсөн байна. Хариуцагчийн оролцоо байсан эсэх нь нотлогдохгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

С.,,,,,,,,,тэй 2008 онд танилцаж, түүний худалдаж авсан гэх газар дээр 5 ханатай гэр барьж, хамтын амьдрал зохиосон, тухайн үед дээрх газар дээр 6х6 хэмжээтэй байшин барьж байсан ба суурийг нь цутгасан их биеийг босгосон төдий байсан. Би баригдаж байсан байшинд З ширхэг вакум цонх авч хийсэн.

Улмаар байшин баригдаж дуусаагүй мөнгөний хэрэгцээ байсан тул ТҮЦ ажиллуулж, олсон орлогоороо байшингийн дотор засал тааз обой наах, мөн 4х4 хэмжээний тамбар зэргийг 10,000,000 төгрөгөөр босгож, 2019 онд дээрх байшинд орж амьдарсан.

2021 оны 6 дугаар сард ,,,,,,,,,,,,,гийн бие нь муудаж хорт хавдрын онош тавигдсан. Өөрийгөө эдгэршгүй өвчтэй болсноо мэдэж: Чи надтай залуу насныхаа амьдралыг зориулж өнгөрүүллээ цаашдаа өрх тусгаарласан хүүхдүүдтэйгээ яаж амьдрах билээ, чамтай хамт босгосон хашаа байшин, газраа чиний нэр дээр шилжүүлж өгнө гээд 2021оны 06 дугаар сарын 24-ний өдөр нотариат дээр надтай цуг очиж хувийн сууцыг газрын хамт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгсөн.

Миний хувьд хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй тул нэхэмжлэл шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ,,,,,,,,,,,,,,,, нь 2016 онд өрх тусгаарлаж эх, эцгийн асрамжаас гарч хүнтэй гэрлэж, Дархан хот руу шилжиж явсан, талийгаачийн гэр бүлийн гишүүнээс гарсан. Мөн ,,,,,,,,,,,,,,,,ы зүгээс бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардах эрх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй байх тул хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох, газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоох тухай ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан 2005 оны 06 дугаар сарын 25- ны өдөр байгуулсан бэлэглэх гэрээг талууд хийхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох ,,,,,,,,,,,,,,,,ы зөвшөөрөл аваагүй хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг зөрчсөн.

Учир нь Иргэний хуулийн 126.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж заасан байдаг.

,,,,,,,,,,,,,,,, нь гэр бүлийн гишүүн бөгөөд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны өрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүнээр бүртгэлтэй байдаг ба талийгаач аавтайгаа харилцаа холбоотой, өөрийн гэртээ ирэн, очин амьдарч байсныг тус шүүх ,,,,,,,,,,,,,,,,ыг гэр бүлийн гишүүн биш гэж үзэн маргаан бүхий газар үл хөдлөх хөрөнгө өмчлөгчөөр бүртгэгдээгүй гэж үзэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй.

Талийгаач Д ,,,,,,,,,, хууль ёсны эхнэр болох ,,,,,,,,,,,, нар гэрлэлтээ албан ёсоор шүүхийн журмаар салгуулаагүй нь маргаан бүхий газар, үл хөдлөх хөрөнгө хуульд зааснаар гэр бүлийн хамтран өмчлөх дунд эд хөрөнгө гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

,,,,,,,,,,,,, нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсгийг зөрчиж, ,,,,,,,,,,,,,тэй бэлэглэлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Бэлэглэлийн гэрээ зохих ёсоор хийгдсэн. Энэ үед ,,,,,,,,,,,,,,,, нь гэр бүлийн гишүүн байгаагүй, хүнтэй суугаад тусдаа гарсан байсан. Түүнээс зөвшөөрөл авах үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын шинжтэй өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 6-7 гудамж, 16 тоот хаягт байрлах 598 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газар, 36 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. ,,,,,,,,,,,,, нь Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Хужирбулан б-7 гудамж, 16 тоот хаягт байрлах 589 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс, мөн хаягт байрлах 36 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс тус тус өмчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн /хх 55, 65/.

Улмаар дээрх газар, хувийн сууцыг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гэрээ байгуулж ,,,,,,,,,,,,,д бэлэглэсэн байна. Гэрээ байгуулсны дараа бэлэглэгч ,,,,,,,,,,,,, нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нас барсан /хх 8, 20/.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарын байгуулсан бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь бэлэглэсэн газар, хувийн сууцны өмчлөгчөөр ,,,,,,,,,,,,, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар уг бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

Иймд улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээний үндсэн дээр хариуцагчид бэлэглэсэн байх тул ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарын байгуулсан бэлэглэлийн гэрээг хууль зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөлгүй байгуулсан гэж дүгнэхгүй.

Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

3.2. Нэхэмжлэгч нь өөрийгөө 2016 онд хүнтэй гэрлэж Дархан-Уул аймагт амьдарсан гэж тайлбарласан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 22-ны тодорхойлолтоор нэхэмжлэгчийг тус багийн оршин суугч болохыг тодорхойлсон байна /хх 6/.

Мөн нэхэмжлэгч нь өөрийн эх ,,,,,,,,,,,,, эцэг ,,,,,,,,,,,,, нарын гэрлэлт дуусгавар болоогүй гэх үйл баримтыг нэхэмжлэлийн үндэслэл болгосон. Гэвч бэлэглэлийн гэрээ байгуулахаас өмнө буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ,,,,,,,,,,,, нас барсан лавлагаа хэрэгт авагдсан /хх 7/.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,гийн төрсөн охин мөн боловч ,,,,,,,,,,,,,г өөрийн эд хөрөнгийг бусдад бэлэглэх үед түүний гэр бүлийн гишүүн байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул ,,,,,,,,,,,,,г бэлэглэлийн гэрээ байгуулах үед ,,,,,,,,,,,,,,,,ы зөвшөөрлийг авсан байх ёстой гэж дүгнэх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.1.1-д нийцсэн дүгнэлтийг өгчээ.

3.3. Ийнхүү бэлэглэлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр маргаж буй газар, хувийн сууцны өмчлөл ,,,,,,,,,,,,,д шилжсэн тул нэхэмжлэгчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болсон.

Гэхдээ нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах шаардах эрхийн хүрээнд газар, хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг шүүх анхаараагүйн улмаас холбогдох хуулийг хэрэглээгүйг залруулж, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг оновчтой тодорхойлоогүй найруулгын шинжтэй алдаа гаргасныг засч өөрчлөлт оруулна.

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2024/01524 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ,,,,,,,,,,,,,д холбогдох 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 6-7 гудамж, 16 тоот хаягт байрлах 598 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалтай газар, 36 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ