| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0700/Э |
| Дугаар | 707 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 707
2019 05 02 2019/ШЦТ/707
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч У.Дэндэвдорж,
шүүгдэгч У.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр, хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Аыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01699 0800 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
У.А,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч У.А нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ шалтгаангүйгээр О.Равданг архины шилээр толгойн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч У.А нь хохирогч О.Равдангийн толгойд архины шилээр цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч О.Равдангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 03 дугаар сарын 06-ны шөнө гэртээ харихаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт сансанрын Яруу нэртэй хоолны газрын урд яву байгаад таньдаг дүүтэйгээ таараад юм яриад зогсож байхад танихгүй залуу хажууд ирээд архины шилээр шууд толгойн тус газарт цохисон. Би тэр залууг цаашаа яв гэж хэлсэн чинь шууд дахиад миний толгойнд архыг шилийг хагартал цохьсон гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,
Гэрч Х.Мөнхбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 03 цагийн орчим найз У.А, Золбаяр нарын хамтаар Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Моника нэртай бааранд 2 шил 0.75 л Сархад нэртэй архи хувааж уугаад гараапд гэртээ харих гээд доошоо уруудаад Си Юу дэлгүүр өнгөрөөд явж байхад бидний урдаас үл таних согтуу 3 залуу бид нар бол сансарын атаман биднийг амжих хүн байхгүй гээд чанга яриад явж байхад манай найз У.А маргалдсан. Яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн У.А бааранд ууж байсан Сархад нэртэй ууж дуусаагүй архи байсан архи барьж гарч ирээд уг архины шилээр үл таних залуугын толгойн тус газарт цохисон гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Б.Золбаярын мөрдөн байцаалтанд өгсөн:
Би 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 03 цагийн орчим найз У.А, Мөнхбаатар нарын хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэсвгэрт байрлах Моника нэртай бааранд 2 шил 0.75 л Сархад нэртэй уучаад гэртээ харих гээд баарнаас гараад доошоо уруудаад явж байтал үл таних 3-5 азлуу ирж байсан...У.А ард явж байгаад тэдэнтэй маргалдсан яг юунаас болж маргалдсаныг санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн У.А бараанд ууж байсан Сархад нэртэй архи барьж гарч ирээд өвөртөө хийгээд явж байсан юм байна лээ. Уг архины шилээ гаргаж ирээд үл таних залуугын толгойн тус газарт кь цохисон хэдэн удаа цохисоныг нь би санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3152 дугаартай:
О.Равдангийн биед дагзанд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-ийн 16/,
Шүүгдэгч У.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч М.Тэмүүлэнтай Улиастайн гудамжинд Ганхуягтай явж байхад нь таарсан. Тэр хоёртой уулзчихаад хотын төв ороод 22 цагийн үед буцаж ирсэн. Алтанхуягийн гэрт ороход Тэмүүлэн архи уугаад сууж байхаар нь би архи уулаа гэж уурлаад Ганхуягтай маргалдаж, зодолдсон. Тэгэхэд салгах гэж оролдож байгаад санамсаргүй байдлаар цохиулсан байх. 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Тэмүүлэн, Анхаа бид гурав буудалд ороход надад гэмтсэн гэж хэлээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 39/,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
-цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 3/,
-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 39/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч У.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа, хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-29/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч У.Аын иргэн О.Равдангийн толгойн тус газарт архины шилээр цохиж эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтаар нэхэмжилсэн 110.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч төлж барагдуулсан, хохирогч хэргийн материалтай танилцахдаа хохиролын мөнгө хүлээж авсан, гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдалын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Аыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ат оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Ат хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ