Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00819

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр                  Дугаар 142/ШШ2016/00819                                           Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Удэ гол” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1969 онд төрсөн, 47 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн 30 дугаар гудамжны 14 тоотод оршин суух Боржигон овгийн Бямбаагийн Гэрэлмаад холбогдох 486 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  Б.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Удэ гол” ХХК-ийн захирал Б.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Гэрэлмаа нь 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр манай ломбарданд ээжийнхээ хуучин булган шубыг 300 000 төгрөгөнд нэг сарын хугацаатай, 12 хувийн хүүтэйгээр мөнгө зээлээд явсан. Үүнээс хойш өнгөрсөн жилийн хугацаанд нэг ч удаа ирээгүй бөгөөд, утсаар ярих бүрт худлаа амлаж, гэрийн хаягаар нь хэд хэдэн удаа очсон боловч гэрээсээ гарч ирдэггүй, санаатайгаар залилан мэхэлсээр өдий хүрлээ. Өнгөрсөн хугацаанд энэ хүний хариуцлагагүй үйлдлээс болж би өөрөө сэтгэл санааны болон эдийн засгийн хохирол амсаж байна. Иймд Б.Гэрэлмаагаас үндсэн зээл 300 000 төгрөг, 1 сарын хүү 36 000 төгрөг, алданги 150 000 төгрөг, нийт 486 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Удэ гол” ХХК нь хариуцагч Б.Гэрэлмаад холбогдуулан 486 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Гэрэлмаа нь “Удэ гол” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас шуба барьцаалан 250 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 12 хувийн хүүтэйгээр 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зээлсэн, хариуцагч нь хугацаа хэтэрсэн хоног тутам 2% торгууль төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, барьцаалан зээлдүүлэх хуудсаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар нэхэмжлэгчид үндсэн зээл, хүү, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар торгууль шаардах эрх үүснэ.

Хариуцагч Б.Гэрэлмаад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Б.Гэрэлмаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлмаагаас 15 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Удэ гол” ХХК-нд олгох үндэслэлтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар хариуцагч Б.Гэрэлмаагаас 486 000 төгрөг гаргуулж “Удэ гол” ХХК-нд олгосугай.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 230 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гэрэлмаагаас 15 230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Удэ гол” ХХК-нд олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА