| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2019/0037/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнхбат |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 41
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн,
Улсын яллагчаар хяналтын прокурор Н.Мөнхбат,
Хохирогч Г.А , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч И.М- , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Гэрч Л.Б ,
Шинжээч эмч Т.Алтайбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хайтал овогт И-гийн М-т холбогдох 1916000400028 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, 1973 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Эрүүл мэндийн төвд нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 2, хүүгийн хамт Говь-Алтай аймгийн Тонхил сумын Хүрээ 6-3 тоотод оршин суудаг, өмнө нь Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДИ73121700 регистрийн дугаартай, Хайтал овогт И-ийн М .
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч И.М- нь 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвийн хойд мөрөг дээр Л.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Г.Аг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...А- бид хоёр нэг нутгийн хүмүүс. Бид хоёрын хэрүүл маргаан нь намайг МИГ даатгалд ажилладаг байх үеэс эхэлсэн юм. Энэ хүний нөхөр нь манай даатгалын компанид даатгуулж байсан юм. Б нь аргалд явж байгаад машины шилээ хагалчихаад даатгалын мөнгө олж өгөөч гэж хэлж байхад нь би олж өгөөгүй. Анх тэр явдлаас болж хэрүүл маргаан болсон. Дараа нь намайг нөхөртэйгөө хардаж сүүлийн 4-5 жилийн хугацаанд хэрүүл маргаантай байгаа. 2017 оны 11 сараас хойш хэрүүл маргаангүй байхад А- нь миний хүүхдэд нөлөөлж эхэлсэн. Энэ талаар нийгмийн ажилтан, эрхлэгч нарт хандаж байсан. Өөрийн хувийн хэрэг дээр нь миний гарын үсгийг дуурайлган зурсан. Миний хүүхэд улсын чанартай 8 уралдаан тэмцээнд орж амжилт гаргасан. Тэр сайн талыг нь багш хүн байж харж дурдаагүй байж муу муухай анхаарах асуудал дээр нь дэг журамгүй, сургуулийн дүрэм зөрчдөг гэж бичсэн. Надад тэр хувийг хэргийг нь танилцуулалгүй гарын үсгийг зурсан байсан. Тэр асуудлын талаар нь 8 сард олж мэдээд сургуулийн нийгмийн ажилтан нарт нь хэлж байсан. Жаргалан нь өөрийн хувийн асуудлыг хүүхдэд ингэж гаргаж байна гэж уурлаж байсан. Урьд нь удаа дараа ийм асуудал гаргаж байхад нь сургуулийн эрхлэгч нь намайг өргөдөл бичээд ир гэхэд нь тухайн үед нь уурлаад өнгөрдөг байсан. Дараа нь тайвшраад би өргөдөл гаргаж өгч байгаагүй. Би 2019 оны 08 сарын 26-нд өргөдөл гаргаж өгсөн юм. Энэ өргөдлийг 3 сарын хугацаанд хариу гаргаж өгөөгүй. Дараа нь өргөдлийг хүүхдийн байгууллагад шилжүүлсэн. Хүүхдийн байгууллагаас багш ажилчид болон манай охинтой ирж уулзсан. Хувийг хэргийг нь харахад энэ хүн нь хүүхдийн эрхийг зөрчсөн байна гэдэг нь тогтоогдож А-г анги даалтаас нь чөлөөл гэсэн бичиг ирсэн юм. Тэр өдөр Б, А- нар нь над руу утсаар залгаж яриад надтай уулзах гэсэн юм гэхэд нь би уулзахгүй гэсэн. Бийг утсаар ярих үед нь А- нь цаана нь халамцуу энэ хүн намайг хоолноос салгачихлаа гээд ярьж байсан. Б, А- нар нь удаа дараа ээлжлээд утсаар яриад байхаар нь гэр лүүгээ явж байна гэж хэлсэн. Манай сум бүрэн камертай. Камерын бичлэгийг шүүж үзсэн юм. Бичлэгээс харах юм бол Б, А- нар нь намайг авч явах гээд эмнэлгийн гадаа хэд хэдэн удаа ирж зогссон бичлэг нь байсан. 6 цаг өнгөрч байхад над руу залгахад нь би гэр лүүгээ явж байна гэж хэлсэн юм. Засмал зам уруудаад явж байхад миний хажуугаар гараад манай гэрийн гадаа зогссон. 4 цагаас хойш над руу ярих үед нь би энэрэнгүй хандаад энэ хүн олон жил сургуульд ажилласан. Удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа ажлыг нь авчихаар хүнд ямар хуу сэтгэгдэл төрөх бол. Би энэ хүнийг ингэж ажилгүй болгож анги даалтаас нь гаргаад яахав гэж бодоод гарч уулзсан. А-гийн эгч Сувдмаа гэдэг хүнтэй утсаар ярьсан. Энэ хоёр манай гадаа согтуу ирсэн байна гэхэд харин тийм ээ согтуу манайд ирээд явлаа. Яах гээд байгаа юм бол уулзахгүй байвал яадаг юм бол гэж хэлсэн. Сувд эгчтэй утсаар ярьчихаад байж байтал дахин дахин залгаад байхаар нь хүүхдэдээ өргөдлийн талаар ярих гээд байна гэж хэлээд гарч уулзсан. Би энэ хүнээс болоод би насанд хүрээгүй хүүхдээ Улаанбаатар хотод өөрөөсөө хол сургаж байна. Насанд хүрээгүй хүүхдийг өөрөөсөө хол сургахаар нарийн жижиг асуудал зовлон зөндөө байдаг юм байна. Машинд орох үед А- нь арын суудал дээр сууж байсан. Сайн муу яриад манай гадаа сууж байхад Б нь гэнэт машинаа асаагаад хөдөлсөн. Манай хашаанаас 2 хашаа өнгөрөөд засмал замтай залгадаг юм. Би А-тай уулзаад хэрэлдээгүй. Чи миний охиныг ингээд явуулчихдаг. Чи сургуулиа дөнгөж төгсөөд ирж байгаа 18-тай охин бишдээ. Багшийн эрхээ мэддэг биз дээ. Чи ингэж болохгүй гэсэн зүйл яриад явж байтал байхад над руу ташаагаа тулаад “чи юу юм. Чи хоноцын шээс. Би нэртэй хүний зүстэй хүүхэн. Чам шиг хоноцын шээсээр ингүүлдэггүй юм” гээд ойртох үед амнаас нь эхүүн архи үнэртэж байхаар нь наад амаа гээд гараараа хаасан. Энэ хүн надад зодуулаад нүдүүлэх хүн биш. Надаас өндөр том биетэй. Амьсгал нь надаас дээр байгаа учраас нүүр лүү цоргиод байхаар нь цаашаа суугаач гэсэн юм. Бид нар нэг сумд амьдардаг. Насаараа хамт байсан болохоор энэ хүнийг ямар зантай хүн бэ гэдгийг нь мэднэ. Догшин зантай хүн. Намайг яах ч юм билээ гэж бодоод өөрийгөө хамгаалаад тохойгоо өргөсөн чинь ам руу нь цохисон. Энэ хүн надаас өө хайж байдаг. Урьд нь намайг нөхөртэйгөө хардаад байхад нь Ариун-Эрдэнэ өмгөөлөгчөөс утсаар хуулийн зөвлөгөө авах гэтэл яг тэр тал дээр нарын заалт байдаггүй юм гэж хэлж байсан. А- нь чи намайг зоддог хэн юм. Хэлдэг газар нь хэлнэ гээд надаас холдож суугаад утсаа оролдоод над руу харуулаад байхаар нь бичлэг хийгээд байна гэж хэлээд утсыг нь барьж авсан. Сумын төвөөс гараад явахаар нь та хоёр намайг зөвшилцөнө гэж авч ирсэн. Яах гэсэн юм бэ? зогс гэхэд зогсоогүй. Засмал дуусаад 200 метр орчим явсан. Шороон зам нь бартаатай зам байгаагүй. Бага зэрэг өгсүүр зам байсан. Дэнж дээр гарч зогссон зүйл байхгүй. Утсаараа бичлэг хийхээр нь энэ хүн чинь бичлэг хийж байна. Зогсооч гэж хэлээд утаснаас нь барьж авсан. Гэтэл нөхөр нь машинаа зогсоож буугаад хаалгаа нээгээд цааш нь буулгаад авсан. А- нь машинаас хоёр алхам яваад шээгээд суусан. Тэгэхээр нь би хажууд чинь хүн байхад болиоч гэж хэлэхэд намайг тоогоогүй. Өмдөө татах гэж босож ирээд арагшаа унасан. Тэр үед нөхөр нь очоод татаад босгож байсан. Босож ирээд над руу янхан минь чам шиг янхан байдаггүй юм. Чи бөгсөөрөө хүүхдээ золиосонд гаргаж байгаа биз дээ гэж хэлсэн. Би тэр үед нь машинаас буугаад буцаад гэр лүүгээ алхсан. Б нь машинтайгаа араас ирээд одоо хэрэлдэхгүй ээ зөвшилцөнө гэж байна. Чамайг аваад ир гэж байна гэхэд нь битгий хуц. Та хоёр намайг яах гэж авч ирсэн юм. Чи зөвшилцөнө гэж хэлсэн дахиж би та хоёртой зууралдаж чадахгүй гэж хэлчихээд гэрлүүгээ алхсан. Б буцаад явсан. 6 цаг 10 мин болж байхад Б нь намайг машиндаа суулгаад явсан удалгүй 06 цаг 45 мин болж байхад нь би гэр лүүгээ явсан. Энэ хүнд би гар хүрээгүй. Намайг гүтгэж байна. Машинд суугаад зодож цохисон зүйл байхгүй ... Би бичлэг хийж байна гэж хэлсэн. Б зогсоод А-г буулгасан. Би нөгөө хаалгаар нь буусан. А- нь нилээд удаан шээж суусан... Би цохиогүй. Өөрийгөө хамгаалж үнэрийг нь халхлаад гараараа хаасан юм. Архи уусан хүн яачих ч юм билээ гэж бодсон юм... Гараараа шүргэсэн чинь чи намайг цохидог хэн юм бэ? гээд дайраад байсан... Бид хоёр хоорондоо зууралдсан зүйл байхгүй... Б нь хоёр пизда минь хэрэлдээд байхаар учраа олооч гэж хэлсэн. Эргэж харсан эсэхийг нь би сайн ажиглаагүй. Бид хоёр хоорондоо маргалдаад орилж чарлаад байсан зүйл байхгүй... Гадаа гэгээтэй байсан юм. Зураг дарах үед нүүрэн дээр нь ойртуулж байгаад зураг дарсан... Намайг зураг дарах гэж нүүрэнд нь ойртуулахад сорви байхгүй байсан. Надаас салаад Бтэй муудалцсан байх. Эсвэл Б нь А-г хайгаад олоогүй гэсэн тэр хооронд согтуу хүн энд тэнд явж байгаад бүдэрч унасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би 2019 оны 01 сарын 14-ны өдөр үдийн цайны цагаар хүүхдийн хамт гэртээ ирж банштай цай хийж уусан юм. Тэр өдөр цэвэрлэгээ хийх гээд хөнгөн хувцастай явсан юм. Ажил дээр ирээд цэвэрлэгээ хийгээд байж байтал нийгмийн ажилтан таныг менежерийн өрөөнд дуудаж байна гэсэн юм. Менежерийн өрөөнд ороход танд хүүхдийн байгууллагаас бичиг ирсэн байна. А-г анги даалгахгүй өөр багшаар анги даалгаж өгнө үү? гэсэн М-ийн гомдолтой холбоотой ирсэн хариу байгаа юм. Түүнтэй танилц гэсэн. Сургуулийн захирал Улаанбаатар хот руу явсан байгаа учраас энэ бол бид нарын шийдвэрлэх асуудал биш. Захирлыг ирэхээр нь танилцуулаад эцэг эхчүүд болон хүүхдүүдээс санал аваад шийдвэрлэнэ гэж ярьж байхад утас дуугарсан юм. Гэтэл манай нөхөр гараад ир гэсэн. Гараад иртэл нөхөр манайд хүн ирлээ яаралтай гараад ир гэсэн. Би буцаж орж ирээд хувцсаа өмсөөд машинд нь суугаад явсан. Хаачих гэж байгаа талаар асуухад хоёулаа мөрөг дээр гарч стрессээ тайлая гэж хэлсэн. Бид хоёр урьд нь ингэж архи, дарс, шоуны асуудал байгаагүй. Би 50 гарсан настай хүн. Соён гэгээрүүлэх байгууллагад 32 жил ажиллаж байгаа. Ямархуу хүн бэ? гэдгийг нь сумаараа мэднэ. Надад архичин, тамхичин, хэрүүлч удам байхгүй. Миний аав, ээж бид нарыг зөв хүмүүжилтэй өсгөсөн. Би нөхрийнхөө өөдөөс илүү дутуу зан гаргаж байгаагүй. Тэгээд сумын төвөөс гарч зогсоод архи гаргаад ирсэн. Чи яаж байгаа юм бэ? гэхэд стрессээ тайлая гэсэн юм. Гэртээ очъё гэхэд стрессээ тайлая энэ амьдралыг нэг тийш нь болгоё гэсэн юм. М- рүү залгаад хүрээд ир эсвэл очоод авья гэж ярьж байсан. Надад архи шахаад байхаар нь жижиг хундагаар хоёр удаа уусан юм. Эхлээд би ойлгохгүй сар гаруй ажилгүй байсан. Стресстээд ингэж байна гэж бодсон. Би М-тэй ярихыг хүсдэггүй. Янз бүрийн мессеж бичээд доромжлоод байхаар нь аргагүй болоод сумынхаа цагдаад мэдэгдсэн. Янз бүрийн байдлаар миний нэр хүндэд халддаг. Би бүр ажил хийх боломжгүй болоод жилд 3 удаа ёс зүйн хурлаар ордог. Энэ байдал нь даамжирч явсаар байгаад манай гэр бүлийн байдалд нөлөөлж байна. Би энэ үйлдлийг нь санаатай үйлдэл гэж ойлгож байгаа. Хоорондоо утсаар яриад байхаар нь байдал эвгүй болох юм байна гэж бодоод тэр үеэс нь эхлээд бичлэг хийлгэсэн. Бичлэг хийлгэж байхад утсаар яриад М- нь ирээд ав гэж хэлсэн. Манай сумын жишиг гудамж нь 320 метрийн урттай засмалтай. Тэр засмалаас дээшээ 200 метр хүрэхгүй зайтай гарсан юм. Би М-тэй уулзахыг хүсэхгүй байна гээд машинаас нь буугаад гэр лүүгээ явж байтал Б нь араас ирээд суу гээд суулгасан. Буцаад М-ийн гэрийн гадаа очоод зогстол М- нь гарч ирсэн. Намайг энэ хүүхэн байнга балай авгай, янхан, банзал, биеэ үнэлэгч, дэвсгэр гэж хэлдэг. Би түүнийг ойлгодоггүй. Би тэр үгнээс нь ичээд урдаас нь үг хэлж чаддаггүй. Маш их эмзэглэж гутардаг. Сүүлдээ хэрүүлд хүүхдээ оролцуулж байна. Энэ хэрүүл маргаанд хүүхэд ямар ч хамаарал байхгүй. Сургуулийн дүрэмд хүүхэд болон эцэг эхчүүдэд анхаарах зүйл гэж байдаг. Өнгөрсөн жил 5 удаагийн эцэг эхийн хурал болсон. 2 удаа ирж байгаагүй. Бүртгэл нь байгаа би шүүх хуралдаанд авч ирсэн. Ангийн нэрэмжит ажил болоход ирдэггүй байж багш нь мөнгө хураагаад Улаанбаатар явлаа, хүүхдийн дүн дарлаа гээд ёс зүйн хороонд өгдөг. Иймэрхүү байдлаар нэр төр гутаагаад яваад байдаг. Тэр нь эргээд шалгагддаг. Хүүхдийн дүн өсөж болно. Буурч болно. Хүүхдүүд болон эцэг эхчүүдэд хурал хийгээд их засварын 3200 төгрөг хураах ажил байсан. Би багш хүний үүднээс хүүхдэд халдахгүй. Манай сургууль бүрэн камержсан. Хүүхдээ уралдаан тэмцээнд аваад явахдаа сургуулийн дэг журамд заасны дагуу эхлээд анги удирдсан багшид хандаад дараа нь сургуулийн захиргаанд хандах ёстой. Гэтэл энэ эцэг эх тэгдэггүй. Чөлөө зөвшөөрөлгүй дураараа аваад явчихдаг. Чөлөөний хуудас нотлох баримт нь байдаггүй. Би тухайн үед нь юм хэлдэггүй. Чөлөөтэй байдлаар нь өгөөд явдаг. Эцэг, эх, хүүхдэд багшийн зүгээс өгөх зөвлөгөө гэсэн хэсэг дээр зөвлөгөө бичсэн болохоос ёс зүйгүй гэсэн зөрчлийн зүйл хандаж бичээгүй. Үүнийг дүгнэлт гаргах газар нь дүгнэлт гаргуулаад өгсөн. Намайг тухайн өдөр М- нь намайг элдвээр доромжилсон ёс зүйгүй. Энэ байдалд нь гомдолтой байна. Хүнийг гүтгэж байгаад нь гомдолтой байна. Хүүхдээ өнчрүүлсэн гэж хүүхдээрээ далимдуулж байна. Энэ хүн өөрөө хүүхдээ хэрүүлд хутгаж байна. Тэр өдөр машинд элдвээр доромжилж намайг бичлэг хийж байна гэж боож унагасан. Бие засаж байгаа мэтээр суухад манай нөхөр ирж татаад суулгасан. Би жалганд орж суугаад нуугдаад дараа нь нийгмийн ажилтан дээр очсон. Тэр өдөр би энэ хүний өөдөөс зодолдсон зүйл байхгүй. Манай нөхөртэй холбоогүй гэж худлаа хэлдэг. Банкны хуулга авч үзэхэд байнга М-ийн данс руу мөнгө шилжүүлсэн байдаг... Гараараа баруун шанаа руу 5-6 удаа цохиж хаалга мөргүүлэн боож унагасан. Халаас байхгүй учраас утсаа ил бариад бичлэг хийж байсан. Би утас булаагаад авна гэж бодоогүй байсан... Тухайн өдөр би согтохоор хэмжээний архи уугаагүй. Үнэртүүлсэн байсан. Болсон бүх явдлыг санаж байгаа. Даваа цагдаа мэдэж байгаа... Урьд нь зодож байсан. Тэр асуудал нь М-ээс болж байсан... Би эмнэлэгт нь үзүүлээгүй. Аймгийн төвд ирж нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж эмчилгээ хийлгэж 500000 төгрөгийн зардал гарсан... 7-8 удаа зодсон гэдэг нь үнэн... Би машинаас буугаад шээж байгаа хүн болоод суусан. Тэр үед нөхөр суу гээд татсан. Тэр үед би арагш нь хэвтэж байсан. Би тэр бүх үйл явдлыг нь мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч О.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би 01 сарын 14-нд А-гийн гэрт машинтай очсон. Урьд нь хэрүүлтэй байсан. М-тэй байнга хардаж байдаг. Тэр хүүхний өгсөн өргөдөлөөс болж би ажлаасаа халагдаж байна гэж хэлсэн. Эхнэрийгээ машиндаа суулгаад сумын төвөөс гарч архи ууж ярилцсан. Анги даалт нь 70000 төгрөг байдаг. Хүүхдийн дүн дарсан гэдэг байдлаас болоод өргөдөл өгсөн. А-гийн утсаар залгаад аваагүй. Өөрийнхөө утаснаас 15 удаа залгаад авахаар нь уулзмаар байна гэхэд би ажилтай байна гэж хэлсэн. А-г машинаас буугаад явахаар нь суугаад М-ийг суулгаад сумаас гарсан. Машинд суугаад зодоон болсон зүйл байхгүй. Манай эхнэр машинд суулгаад зодсон гэдэг асуудал ярьж байна. Тийм зүйл болоогүй. Би энэ хүнтэй 20 жил ханилсан. Ямар учиртай ингэж байгааг нь мэдэхгүй байна. Би М- дээр очоод эргэж ирэх үед А- байхгүй байсан. Харанхуй болж байсан. Гэртээ ирэх үед хүү байсан. Хүүтэйгээ хамт хайгаад 2 цагийн дараа хүний утсаар айлд байна гэж хэлсэн. Намайг орж ирэх үед М-тэй нийлж намайг зодсон гэж хэлсэн... Толгойгоороо унасан зүйл байхгүй... шарх сорви байхгүй байсан... Баруун гарт нь байсан утас руу А- нь дайрсан байсан... А-гийн биед үүссэн шархийг өөрөө өөртөө үүсгэх боломжгүй... Энэ хоёр нь хэрэлдээд байсан... Зодоон болсон зүйл байхгүй байна... Муудалцаад байдаг болохоос зодсон асуудал байхгүй. Сүүлд шинэ он гарах үед муудалцсан асуудал байгаа... хэрүүл болсон. Өөрөө өөрийнхөө тархийг хагалсан байсан... Тэр өдөр намайг А-г зодсон гээд хэлэхээр нь би ам алдаад хэлсэн юм...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шинжээч эмч Т.Алтайбаатарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Г.Аг 01 дүгээр сарын 21-нд биед нь үзлэг хийж 2019 оны 01 дүгээр сарын 22-нд дүгнэлтээ гаргасан... Г.А нь өөрөө надад ирж үзүүлсэн. Үзэхэд баруун шанаанд 3 ширхэг жижиг 0.5х0.2 см хэмжээтэй баруун хацар, хамар, зүүн чихний дээд хэсэгт зулгаралттай, баруун доод зовхины сормуусны доод талд 0.3х0.2 хэмжээтэй цаагуураа идээтэй зулгаралттай байсан...Намайг үзэхэд тав тогтчихсон идээлчихсэн гэхээр хэд хоносон 7 хоносон байх магадлалтай байсан. Тав тогтсон байсан учраас нарийвчилсан хугацааг тогтоогоогүй...Тархи доргилт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа...зодсон дор тархи доргилтын шинж илэрдэггүй...Зодуулснаас 12-24 цагийн дотор илэрч 7-14 хоногийн дотор эдгэрнэ...12 сарын 31-нд зодуулаад тархи доргисон гэхэд 14 хоногийн дараа бүрэн эдгэрсэн байна...Заамдахад хүнд тархи доргилт гэмтэл учрахгүй...Тархи доргиход дотор муухайрах, толгой өвдөх, бие салгалах зэрэг ерөнхий шинж тэмдэгүүд илэрдэг...заавал тархи юм цохигдож, мөргөж байж үүсдэг...маажилтанд ямар нэгэн хүч нөлөөлж ордог. Түүнээс зүгээр маажаад гараа татна гэж байхгүй тул үүнийг тусдаа ойлгох нь зүйтэй байх...Эрүү хавьцаа дэлсэхэд тархи доргилт гэмтэл учрахгүй. Харин бүр хүчтэй, хамаг хүчээрээ дэлсэж, цохиход учирна... Би тархи доргилтыг үндэслэн гэмтлийн хөнгөн зэргийг гаргасан. Тархи доргилтыг би эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн тогтооосон...Эхлээд надад үзүүлээд шинж тэмдэг илэрсэн эсэхийг асууж тодруулаад мэргэжлийн эмч, томмограффт үзүүлээд би үзүүлсний дараа дүгнэлтээ гаргадаг... Тархи доргилт өвчин нь тархи гавлын ясан дотор шингэн бүрхсэн ямар нэгэн бэхэлгээ холбоосгүй байдаг. Тэр шингэн нь нэг талаас хүч үйлчилж цалгисны улмаас шингэний харьцаа алдагдаж байгааг тархи доргилт гэнэ. Энэ нь унтаж амраад байхад 7-14 хоногийн дотор эдгэрэх боломжтой. Архаг тархи доргилт нь архагшаад компьютер томмографийн шинжилгээгээр өөр гараад явчихна гэсэн үг. Эмчилгээ сайн хийвэл 7 хоног, дэглэм муу сахиад явбал 14 хоногт эдгэрдэг... хуульд заасан заалт журам гэж яриад байгаа шиг зүйл байхгүй. Онолоороо л заагдсан болохоос биш хууль шиг тийм зүйл байхгүй... идээтэй өнгийн зулгаралт гэж байгаа. Идээтэй болж байна гэдэг нь 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Яг нарийн тодорхой хугацааг хэлэх боломжгүй...Толгойгоороо газарт унах үед үүсэх боломжтой...Эхлээд толгой хүрч байж тархинд доргилт очно. Түүнээс эхлээд бөгс, гар бие түрүүлж хүрсэн тохиолдолд хүч хэрхэн үйлчилж байгаагаар нь ойлгох боломжтой. Чулуунд цохигдож унасан бол зулгаралт биш шарх, овойж хавдсан том хэмжээний зулгаралт үүсэх ёстой...заамдахад үүсэх боломжгүй. Тархинд хүч үйлчлэхгүй байгаа учраас доргилт үүсэхгүй. Гадны нөлөөнөөс тархины шингэнийн хэмжээ алдагдсан учраас доргилт үүснэ...Унах болон шургаж үүсэх үед учрах гэмтэл өөр. Яагаад гэвэл нүүрээрээ гулгаж унавал нэлэнхүйдээ үүсэхээс биш энд тэнд шарх үүсэх боломжгүй. Ямарваа нэг гарын хөдөлгөөнөөс болж үүсэх боломжтой, газарт унасан үед үүсэх боломжгүй... 14 хоногийн дотор эдгэрч гүйцээгүй тохиолдолд дахиад тархиа доргиогоод сар болчихвол архагшина гэж ярьдаг. Үүнийг гэмтлийн нарийн мэргэжлийн эмч нар тайлбарлах байх... Тархи доргих нь ердийн горимоор ажиллаж амьдрах үед 7-14 хоногийн дотор эдгэрнэ... Тархи доргилтыг ямар нэгэн бариа засал хийлгээгүй үед эдгэрэх боломжтой. Би сая зөндөө тайлбарласан тархи доргилт өөрөө эдгэрнэ. Тархи доргисон хүн машинд явж байхдаа хүчтэй донсолсон тохиололд дахиад доргих боломжтой... жишээлбэл боксын тамирчид өдөр бүр толгойдоо цохиулчихаад байнга тархи доргилт гээд эмчилгээ хийлгэддэггүй. Энэ нь өөрөө эдгэрдэг, хүний дасан зохицох физиологи гэж байгаа. Томмограффаас тархи доргилтын шинж нь харагдахаас архаг, ердийн гэж харагдахгүй...хүн толгойгоороо газар унахад тархи доргино...чулуутай газар хүн өөрийнхөө жингээр унасан тохиолдолд ямар нэгэн язрал шарх үүсэх ёстой, намайг үзэхэд ийм том хэмжээний шарх байгаагүй, жижиг жижиг зулгаралтууд байсан... тэр жижиг зулгаруултууд гараар самардсан үед үүсэх боломжтой харин юм руу унахад үүсэхгүй...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Г.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...2019 оны 01 сарын 14-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр Б ажил дээрээс дуудаж гэрт хүн ирлээ гараад ир гэсэн…Тэгээд чамайг нэг хүнтэй уулзуулъя гээд нэг хүн утсаар запгаж хүрээд ирэх үү, очоод авах уу амьдралыг нэг тийш нь шийдье нүүрэлдүүлье гээд яриад байсан. Тухайн үед би бичлэг хийж байсан. Тэгээд сумын төврүү орж ирээд И.М-рүү ахин дахин залгаж яриад очоод авья гээд байсан. Тэгээд 18 цагийн үед И.М-ийн гэрийн үүдэнд очоод зогсохоор нь би И.М-тэй уулзахыг хүсэхгүй байна гээд машинаас буугаад гэрлүүгээ алхаад явтал араас манай нөхөр машинаараа ирээд суу чи гээд загнаад суулгасан. Тэгээд эргээд И.М-ийн гэрийн үүдэнд очтол И.М- гараад ирээд машинд суутал манай нөхөр сумын хойд дэнж өөд явсан. Замдаа И.М- намайг элдвээр хэлээд гутаан доромжлоод намайг нүүр нүдгүй цохиж самардаж боосон...хоёр гараараа 8-9 удаа нүүр толгойгүй цохиж, самардаж багалзуурдаж зодсон...нүүрний баруун, зүүн хэсэг газар хумасны сорив, хөхрөлт, хавдалттай байсан. Тархи толгой өвдөж 3 хоног унтаж чадаагүй. Хоолойн хэсэг хавдартай хөндүүр ихтэй байсан...” гэх мэдүүлэг /хх 32-35-рт/,
Гэрч Л.Бийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “ ...Тэр хоёр бие биенээ хэлэх хэлэхгуй үгээр доромжлоод орилоод хоорондоо зууралдаад байхаар нь зогсоод машинаасаа буугаад хойд хаалга онгойлготол М- А-гийн дээр нь гарчихсан байж байсан...Тухайн үед А-гийн баруун тал нь зулгарсан байх шиг байсан. Надруу хүүхдүүдийн хажууд янз янзаар хэлээд дайраад байхаар нь шууд гэрээсээ гараад явсан. Тухайн үед сайн ажиглаж хараагүй. Өглөө нь очиход баруун шанаа нь шарх сорви болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 38-39-рт/,
Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... ээжийг бид хэд хоёр машинтай сумын ойр тойронд 30 минут хэртээ хайгаад явж байтал бэр эгчийн утас руу ээж залгаж Цэцэгмаа эгчийнд байна гэж ярьсан гэхээр нь буцаад гэртээ очтол ээж хүрээд ирсэн. Тэгсэн чинь нүүр ам нь маажуулсан хөхөрсөн байдалтай байхаар нь юу болсон талаар асуухад сумын хойд мөрөг дээр М- намайг зодоод, би хойд мөрөг дээрээс Б, М- нараас зугтаж жалганд хэвтэж байгаад явахаар нь Цэцэгмаа эгчийнд байж байгаад ирлээ гэж ярьж байсан...Нүүрний баруун талын шанаа нь маажуулсан шарх сорвитой, нүүр нь хөхөрсөн, хоолой нь улайсан байдалтай байсан. Өөр ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед толгой өвдөөд байна гээд толгойны эм уугаад байсан...шинээр үүссэн шарх сорви байсан. Урьд өмнө нь тийм шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлэг/хх 40-41-рт/,
Гэрч Н.Ж-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... орой намайг гэртээ байх үед 19-20 цагийн хооронд байх би гэртээ байж байтал А- багш манай гэрийн үүдээр шагайгаад намайг гараад ир гэж дуудсан. Би тэгэхээр нь хувцасаа өмсөөд гарсан чинь А- багш ганцаараа нүүр нь цус болчихсон гадаа зогсож байсан...тэгээд гэрлүүгээ оруулахад хувцас хунар нь шороо болчихсон, даарчихсан уйлаад байсан...Тэгээд А- багш надад хэлэхдээ хандах хүн байхгүй чам дээр хүрээд ирлээ ганцаараа баахан уйлж суулаа гэж ярьж байсан...Б М-ийн гадаа очиж зогсчихоод буцаад хүрч ирээд намайг аваад М-ийн гадаа очоод та хоёр учраа ол гээд М-ийн дуудаж машиндаа суулгасан чинь намайг хэл амаар доромжилж, нүүр амруу цохиж зодлоо. Би тухайн үед утсан дээрээ бичлэг хийсэн чинь М- наад нэг юмныхаа утсыг аваач гээд булааж аваад тэр хоёр намайг орхиод яваад өглөө гэж ярьж байсан...Нүүр нь цус болсон баруун шанаа хавьд нь 2-3 газар шалбарсан, хүзүү нь улаан алаг болчихсон байсан... Тэр өдөр 16 цагийн үед А- багшийг сургалтын менежерийн өрөөнд дуудаж хүүхдийн байгууллагаас ирсэн бичгийг танилцуулахад нүүр нь зүгээр шарх сорви болоогүй байсан...” гэх мэдүүлэг/хх 42-43-рт/,
Гэрч Л.Ц-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...А-гийн хувцас хунар нь шороо болсон, нүүр нь жаахан цустай, 2-3 газар шалбарсан байсан. Тэгээд А- М- намайг ингээд зодчихлоо гээд уйлаад байсан... Тэр өдөр би менежерийн өрөөнд ороход Жаргалан, А- менежер Батбаяр гурав сууж байсан. Тухайн үед А-гийн нүүрэнд гэмтэл шарх харагдаагүй... гэх мэдүүлэг/хх 44-45-рт/,
Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “... И.М- нь сумын хойд мөрөг дээр машин дотор намайг зодож гэмтээлээ гэж ярьж байсан...Нүүрний баруун талын шанаа нь хумсны гэмээр 2-3 хэсэг газар шалбарсан шархтай нүүр нь хавдсан, хүзүү нь улайсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Тухайн үед ээж уйлаад юм ярилцаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 46-47-рт/,
Гэрч Б.У-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...А- манай эмнэлэгт 2019 оны 01 сарын 24-ны өдөр хэвтэж эмчилгээ хийлгэж байсан. Би 2019 оны 01 сарын 26-н өдөр жижүүрт гарсан тэр өдрөөс эхлэн 4 хоног А-гийн толгой, мөр сээр, нурууны хэсгээр зөөлөн бариа хийсэн. Тухайн үед А-гийн толгой бага зэрэг доргилттой байсан...” гэх мэдүүлэг/хх 51-53-рт/,
Гэрч У.Ш-гийн мөрдөн байцаалтад мэдүүлэн “...2019 оны 01 сарын 24-ний өдөр дуудлагаар сургууль дээр би очиход А- нь толгой эргээд унах гээд байна гээд байж байсан. Тэгээд эм, тариа хийгээд даралт ихтэй байхаар нь эмнэлэгт стор нээж 2019 оны 01 сарын 24-нөөс 02 сарын 01-ний хүртэл 8 хоног хэвтэж эмчлүүлсэн... Тухайн үед А нь толгой таллаж өвдөх, толгой эргэх, дотор давчидах, шөнө нойргүй хонох, зүрх дэлсэн зэрэг зовиур илэрсэн. Мөн аймгийн нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлсэн тэмдэглэл дээр тархины доргилттой, тархи хавантай гэсэн байсны дагуу тархины хаван буулгах эмчилгээ хийлгэж, уламжпалын сувилагч Ууганбаяраар 4 хоног толгойг нь бариулж дархлаа дэмжих, тархины цусан хангамж сайжруулах, тайвшруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмчилгээ хийсэн. Мөн баруун талын нүдний доод зовхи 3-4 мм шархалсан байсныг цэвэрлэж өгч эмчилсэн...2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 16 цагийн үед анх надад үзүүлсэн тэгэхэд 2019 оны 01 дүгээр сарын 14-нд хүнд зодуулсан одоо толгой өвдөж, нойрондоо муу, ууц нуруу өвдөөд, хоолой юм залгих гэхээр өвдөөд байна... Нүүрний баруун талын шанааны хэсэгт 2-3 газар самардуулсан гэмээр нарийнхан шалбарсан, баруун талын гарын бугалга хавьд нь хөхөрсөн өөр харагдах шарх сорви байгаагүй. Хоолой хавьд нь хөндүүр байсан. Хүнд хоолойгоо багалзуурдуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 54-56-рт/,
Гэрч Л.Б, шүүгдэгч И.М- нарын мөрдөн байцаадтад нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлсэн: “...Яллагдагч И.М-ээс асуулт: Та 2019 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр А-г автомашин дотор зодсон удаа байна уу?
Хариулт: И.М-: Би 2019 оны 01-р сарын 14-ны өдөр автомашин дотор А-г зодсон удаа огт байхгүй.
Гэрч Л.Бөөс асуулт: Та 2019 оны 01-р сарын 14-ны өдөр автомашин дотор байсан уу? Машин дотор А-г М- зодож цохиж байсаныг харсан уу? Харсан бол тухайн өдөр М- нь А-гийн биеийн аль хэсэг рүү яаж цохиж зодсон байсан талаар дэлгэрэнгүй ярина уу?
Хариулт: Би өөрөө тухайн үед машин барьж явж байсан бөгөөд машины арын суудал дээр А-, М- хоёр чанга дуугаар хэрэлдэж маргалдаж байхыг сонссон. Харин зодолдож цохилцсон зүйл болоогүй тэр хоёр машин дотор зодолдох боломж байхгүй. Зодолдсон бол би салгах байсан...
Асуулт: Л.Бөөс асуух нь М- нь машин дотор А-г хоолойг нь боож нүүр нүдгүй цохиж зодсон гэж А- мэдүүлсэн байдаг. М- нь А-г цохисон зодсон зүйл байна уу?
Хариулт: Машин дотор хоолой боож зодолдсон зүйл байхгүй хэрвээ зодоон болсон бол хань ижлээ хамгаалж салгах байсан...
Асуулт: А-гийн тархинд хөнгөн зэргийн гэмтэл гарсан байна. Энэ гэмтлийг М- учруулсан юм уу? Хэрэг болохоос өмнө А- нь толгойдоо гэмтэл авч байсан уу?
Хариулт: Би бол машин дотор тархи толгойнд нь цохьсон зүйлийг хараагүй үзээгүй, цохиж зодсон зүйл байхгүй, хэрэг болохоос өмнө 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр надтай маргалдаж гэрээсээ гараад буцаж орж ирэхдээ толгойны баруун орой хэсгээс бага хэмжээний цус гарсан орж ирэхээр нь юу болсон талаар асуухад намайг цохио биздээ гээд байсан...
Асуулт: маргааш өдөр танай эхнэрийн нүүр царайнд ямар нэгэн гэмтэл, шарх сорив байсан уу. Танай эхнэр архи уусан үедээ ямар ааш зан гаргадаг юм бэ? Өөрийнгөө бэртээж гэмтээх боломжтой юу?
Хариулт: Манай эхнэр архи уудаггүй уусан үедээ янз бүрийн авир байхгүй өөрөө өөрийгөө гэмтээх боломжгүй яагаад бэртэж гэмтсэнийг нь мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш би гэртээ очоогүй аймаг дээр бараг сар гаруй болж байна...” гэх мэдүүлэг/хх 60-62-рт/,
Гэрч Л.Б, хохирогч Г.А нарыг мөрдөн байцаалтад нүүрэлдүүлэн байцаахад мэдүүлсэн: “...Гэрч Л.Бөөс асуулт: Та 2019 оны 01 дүгээр сарын 14 өдөр машин дотор А-г, М- зодож цохиж байхыг харсан уу?
Хариулт: Хараагүй тэр үед А-, М- нар нь машины хойд суудал дээр маргалдаад байсан. Намайг машинаа зогсоогоод арын хаалга онгойтол М- нь А-гийн гар утсыг булаацалдаад байж байсан. Тэгэхээр нь би А-гийн гар утсыг булааж аваад утсан дээрх бичлэгийг нь устгасан.
Хохирогч Г.Агаас асуулт: М- таныг зодож байхад танай нөхөр Б нь та хоёрыг харсан уу? Тухайн үед Л.Б нь юу хийж байсан эсэх
Хариулт: Б нь машин бариад явж байсан тухайн үед нь М- бид хоёр машины арын суудал дээр байсан машины явдал дунд М- нь намайг зодсон тэгээд намайг М- нь хоолой бооход машин зогсож Б бичлэг хийж байхад утас булааж авсан...
Хохирогч Г.Агаас асуулт: Хэрэг болохоос өмнө 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр Л.Б таныг зодож цохьсон зүйл байна уу? Байгаа бол таны биеийн аль хэсэгрүү яаж цохиж зодож байсан талаар дэлгэрэнгүй ярина уу?
Хариулт Г.А: 2018 оны 12 дугаар сарын 31-нд гэртээ жаахан согтуу ирсэн тар өдөр намайг цохиж зодох зүйл болоогүй шууд орж ирээд гэртээ газар унтаад өгсөн...тэр орой миний толгойноос цус гарсан зүйл байхгүй. Б намайг цохиж зодоогүй...
Гэрч Л.Бөөс асуулт: Хэрэг болсоны орой та А-г хайгаад гэртээ ирэхэд А-гийн нүүрэнд ил харагдах шарх сорви байсан эсэх
Хариул: 2019 оны 01 дүгээр сарын 14-ны орой 20-21 цагийн үед гэртээ ирэхэд А-гийн нүүрний баруун талын шанаа нь зулгарсан байдалтай улайсан байсан. Тухайн үед А- намайг зүхээд хараагаад байхаар нь сайн нүүр амыг нь ажиглаж хараагүй.
Асуулт: Л.Бөөс асуух нь: та анх мэдүүлэг өгөхдөө А-гийн дээр М- гарсан байсан гэж мэдүүлэг өгсөн байсан энэ талаараа ярина уу?
Хариулт: Машин зогсоогоод хойд хаалга онгойлготол М- нь А-гийн дээр нь гарчихсан М- нь А-гийн гар утсыг нь авах гээд дайрч байсан. Машин зогсохоос өмнө юу болсон талаар хараагүй машин бариад явж байсан...
Асуулт: 2019 оны 01 дүгээр сарын 14 өдөр А-г ажил дээрээс нь очиж авахал нүүрэнд нь ямар нэгэн шарх сорви байсан уу?
Хариулт: Ямар нэгэн шарх сорви нүүрэнд нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг/хх 124-126-рт/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Алтайбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт №32 дугаартай “...1. Г.Агийн биед тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, хамар, зүүн чихний дээд хэсэг, баруун доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлэгийн гэмтэлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх 64-65-рт/,
Шинжээч Т.Алтайбаатарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Тухайн үед А-гийн биед тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, хамар, зүүн чихний дээд хэсэг, баруун доод зовхинд зулгаралт гэмтэлтэй байсан...Тархи доргилт гэмтэл нь 7-14 хоногийн дотор эдгэрдэг...” гэх мэдүүлэг /хх 127-128-рт/, Г.Агийн өвчний түүх/хх-ийн 17-оос 26/ гэрэл зургууд/хх 13/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч И.М-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвийн хойд мөрөг дээр Л.Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл дотор хоорондын тааламжгүй харилцааны улмаас хохирогч Г.Агийн биед халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун шанаа, баруун хацар, хамар зүүн чихний дээд хэсэг, баруун доод зовхинд зулгаралт зэрэг гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатайгаар учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Хэдийгээр шүүгдэгч И.М-, гэрч Л.Б нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...зодоон болоогүй, хохирогчийн биед гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлгийг өгч байгаа боловч бусад гэрчүүдийн мэдүүлгүүд болон эдгээр хүмүүсийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдтэй харьцуулсаны үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг уг мэдүүлгүүдээр үгүйсгэх мөн өмгөөлөгч Ж.Дорждэрэмийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн согтуу байсан үеийн гэх гэрэл зургуудаар/хх-ийн 29/ түүний биеэ авч явах чадваргүй байсан, унаж өөрийгөө гэмтээсэн байж болох үйл баримтыг тогтоох боломжгүй гэж шүүх дүгнэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллах болон өмгөөлөх талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүхээс шүүгдэгч И.М-т торгох ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” байхаар тус тус хуульчилжээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 556.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд эмчилгээ сувилгаатай холбогдон гарсан нийт 356.500 төгрөгийн баримтууд болох Түмэнтуяа ХХК-ны 261.500 төгрөгний зарлагын баримт, Бамбайн үндэс ХХК-ны 21.000, 4.000 төгрөгний зарлагын баримтууд, Говь Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн 70.000 төгрөг тушаасан кассын баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч И.М-ээс гаргуулан хохирогч Г.Ад олгож, үлдсэн нотлох баримтын шаардлага хангаагүй буюу 200.000 төгрөгийн/замын зардал төлж зорчсон гэх 10 хүний тодорхойлолт/ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн 24 хуудас баримтыг шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт хэрэгт хавсаргаж, тархины бичлэгтэй CD-г хэрэгт хадгалж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Хайтал овогт И-гийн М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.М-ийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд 15/арван тав/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч И.М-т сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Г.А-гаас баримтаар нэхэмжилсэн 556.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 356.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгч И.М-ээс гаргуулан хохирогч Г.Ад олгож, 200.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Хохирогчийн шинээр гаргаж өгсөн 24 хуудас баримтыг шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт хэрэгт хавсаргаж, тархины бичлэгтэй CD-г хэрэгт хадгалж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА