Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 00820

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр                   Дугаар 142/ШШ2016/00820                                          Орхон аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгохтухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “СЭБОЦЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1965 онд төрсөн, 51 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн 4-14-18 тоотод оршин суух Тайж овгийн Сундуйн Энхболдод /регистрийн дугаар ФА65100716/ холбогдох 1 873 632 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Баяртогтох, хариуцагч С.Энхболд, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компанид гадаад дотоод худалдаа, автомашины дугуй, сэлбэг, тосыг худалдаалах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 10 салбар дэлгүүр, 100 гаран ажиллагсадтайгаар 20 жил тогтовортой ажиллаж байна. С.Энхболд нь манай компанитай зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулж зээлээр бараа материал борлуулдаг байсан.С.Энхболд нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 02-ны хооронд нийт 1 728 480 төгрөгний бараа материалын үнэ төлөх тооцоо гарснаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 568 850 төгрөгийг төлж барагдуулсан боловч үлдэгдэл төлбөр болох 1 306 880 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл төлөөгүй байна. Манай ажилтнууд С.Энхболдоос төлбөрөө нэхэмжилэн Орхон аймаг руу олон удаа очиж шаардсан боловч тэгэж байгаад өгнө хэмээн худал амлаж биднийг хотоос олон удаа нааш цааш явуулж чирэгдүүлж байгаа ба хүнээс мөнгө авахаараа төлнө гээд төлдөггүй. Түүнээс гадна бид төлбөрөө төлөх боломжит саналыг өгч, асуудлыг эвийн журмаар харилцан зөвшилцөх гэсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Манай компани банкны зээлээр бараа материалаа татан авч борлуулдаг тул хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээн банкинд төлбөр төлөх нь бидэнд хүндрэлтэй байдаг учраас нэхэмжлэл гаргасан. Хариуцагчтай байгуулсан зээлээр бараа худалдах худалдан авах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д борлуулагч нь гэрээнд заасан хугацаанд буюу 3 хоногийн дотор төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд, хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцон гэж заасан байдаг. Гэрээ ёсоор С.Энхболдын төлбөр төлөх хугацаа 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дууссан тул 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл нийт 80 хоногийн алдангид өдрийн 6534 төгрөгөөр тооцон 522 752 төгрөг төлөхөөр болж байна. Иймд С.Энхболдтой байгуулсан гэрээний дагуу хүлээн авсан барааны төлбөрийн үлдэгдэл 1 306 880 төгрөгийг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй алданги болох 522 752 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал гаргасан, нотариатын болон бензин, түлшний зарцуулалтанд 44 000 төгрөг, нийт 1 873 632 төгрөгийг гаргуулж, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Энхболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би СЭБОЦЭ ХХК-иас зээлээр авсан барааг 3 дугаар микрт байдаг Хурд авто сэлбэгийн эзэн Соёлцэцэгийн хүү Аваанжигмэдэд зээлээр худалдах худалдан авах гэрээ хийж компанийн бөөнийн үнээр нь өгсөн. Энэ хүн өөрийн ашгаа нэмээд цааш нь хэрэглэгчдэд жижиглэнгээр зардаг. 2015 оны 12 дугаар сараас СЭБОЦЭ ХХК-ийн зарагдсан барааны мөнгийг, 2016 оны 04 дүгээр сараас “Доктор авто сүлжээ” ХХК-ийн зарагдсан барааны мөнгийг тус тус очиж нэхээд байхад одоог болтол өгөхгүй юм. 2016 оны 03 дугаар сард СЭБОЦЭ ХХК-ийн хуульч залууг ирэхэд би Хурд дэлгүүрт дагуулж очиж бодит байдлыг үнэнээр нь бичиж өг гээд хуульчийн дэргэд Аваанжигмэд өөрийн гараар тус СЭБОЦЭ ХХК-ийн барааг Энхболд ахаас тоо ёсоор бүрэн бүтэн авсан нь үнэн, зарсан нь бас үнэн, зарсан барааны мөнгийг би төлөх нь үнэн гэсэн баталгаа гаргаж өгсөн бичигийг үйлдэж СЭБОЦЭ ХХК-ийн хуульч залууд гарт нь өгсөн. Ингээд тус компанийн барааны мөнгө 1 220 000 төгрөгийг төлнөө, харин нэхэмжилж буй алдангийг үнэхээр төлөх боломжгүй ба би одоогоор өөрийн гэсээн орлогогүй амьдарч байна” гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч СЭБОЦЭ ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 1 873 632 төгрөгний 459 173 төгрөгнөөс татгалзаж, үндсэн төлбөр 1 306 880 төгрөг, ажиллагааны зардал 44 000 төгрөг, нотариатын зардал 26 590 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 36989 төгрөг, нийт 1 414 459 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч СЭБОЦЭ ХХК нь хариуцагч С.Энхболдод холбогдуулан 1 873 632 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрч дараах эвлэрлийн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч СЭБОЦЭ ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 1 873 632 төгрөгний 459 173 төгрөгнөөс татгалзаж, үндсэн төлбөр 1 306 880 төгрөг, ажиллагааны зардал 44 000 төгрөг, нотариатын зардал 26 590 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 36989 төгрөг, нийт 1 414 459 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар өөрөөр тохиролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44928 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 36989 гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “СЭБОЦЭ” ХХК нэхэмжлэлийн шаардлага 1 873 632 төгрөгний 459 173 төгрөгнөөс татгалзаж 1 414 459 төгрөг болгож бууруулсныг хариуцагч С.Энхболд 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 44928 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Энхболдоос 36989 төгрөг гаргуулан нэхэмжлэгч СЭБОЦЭ ХХК-нд  олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА