Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 00841

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 16 өдөр                     Дугаар 142/ШШ2016/00841                                      Орхон аймаг

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт  багийн Овоотын 04 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух Ням овгийн Мөнхбаярын Сэвжидмаагийн /регистрийн дугаар ЖВ90122207/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1994 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, 104-75 тоотод оршин суух Өндөр овгийн Мөнх-Эрдэнийн Ууганбаярт /регистрийн дугаар РЭ94051611/ холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Сэвжидмаа, хариуцагч М.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Сэвжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Миний бие нь Ууганбаяртай 2013 онд танилцаж, гэр бүл болж амьдарсан. Бидний дундаас 2014 онд охин Урангоо төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болсон учраас 2015 онд салсан. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Ууганбаяр нь эхнэртэй болсон тул хүүхдээ өөрийн асрамжиндаа авч үлдэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүсэж нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

Хариуцагч М.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Сэвжидмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиндоо тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Сэвжидмаа нь хариуцагч М.Ууганбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч М.Сэвжидмаа хариуцагч М.Ууганбаяртай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин У.Урангоо төрсөн, охиноо хариуцагч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь 6101002168 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Охин У.Урангоо нь одоо эхийн асрамжинд эрүүл бойжиж байгаа нь Баян-Өндөр сумын Яргуйт багийн засаг даргын тодорхойлолт, “Энхжин Мандариваа” ӨЭМТ-ийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан М.Ууганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэн, хариуцагчаас  хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 28 626 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал М.Ууганбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар охин У.Урангоог 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 167 200 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 1 003 200  төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 28 626 төгрөгийг хариуцагч М.Ууганбаяраас гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д Шүүхэд гаргасан дараахь нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө 41.1.1.тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл гэж заасан ба нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагчаас 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин У.Урангоог эх М.Сэвжидмаагийн асрамжинд үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,1, 40.1.2-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин У.Урангоог 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг М.Ууганбаяраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.Ууганбаяраас 28 626 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА