| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0110/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/116 |
| Огноо | 2019-04-24 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч, хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч Ц.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О-т холбогдох эрүүгийн 1838009060086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц.О.
Шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой эхнэр Д.Л-ыгаа хээр машинаас буулгаж орхисны улмаас 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалантын голын “Хуурай хөндий” гэх газраас осгож нас барсан байдалтай олдсон бөгөөд бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Жаргалантын голын “Барзан” гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа пронтер” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зогсож, өвлийн хүйтэнд, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн талийгаач эхнэр Д.Л-ыг машинаас буулгаж, согтуурлын улмаас, мартаж, орхин явснаас болж Д.Л- нь осгож нас барсан болох нь:
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Ц.О- нь Төмөрбулаг суманд хөдөө мал маллан амьдардаг, зан араншингийн хувьд жаахан ааш муутай хүн байгаа юм. Ц.О- Л- эгчийг сүүлийн жилүүдэд хааяа зодох асуудал байдаг байсан. Эгч маань энэ талаар ээжид ярьж хэлсэн байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/,
- Гэрч Н.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...нөхөр О- нь ч гэсэн төлөв даруу, ажилсаг хөдөлмөрч, олонтой эвсэг хүн байдаг бөгөөд эдний гэр бүл сайхан л амьдарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
- Гэрч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “О- нь залуу байхдаа уул нь гайгүй байсан. Сүүлийн үед тэр хүүхэнтэй холбоотой болсноос хойш ааш зан нь ширүүсээд бүр хэрцгий болсон байсан. ...О- бүр муухай догшин ширүүн ааштай болсон байсан. Түүнээс хойш би айгаад тэднийд очихоо больсон” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
- Гэрч Х.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэр бүлийн харилцааны хувьд ...хоорондоо хэрэлдэж муудалцдаг, таарамж муутай байсан. ...Нөхөр О- Л- эгчийг ер нь зодож дарамталдаг байсан. ...О- гэдэг хүн бол угаасаа ааш араншин муутай ширүүн догшин зан авиртай хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
- Улсын Бүртгэлийн хэлтсийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 90 дүгээр хуудас/,
- Улсын Бүртгэлийн хэлтсийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр хуудас/,
- Хөвсгөл аймгийн Улсын Бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-ийн 93 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Хөдөлмөр, халамжийн мэргэжилтний: тодорхойлолт /хх-ийн 96 дугаар хуудас/,
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/,
- Бичээч Ц.О-ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 105 дугаар хуудас/,
- О-ын О, О-ын О, О-ын Д нарын төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Харин мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх...хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, амь хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэрэг гарах үед шүүгдэгч Ц.О-, амь хохирогч Д.Л- болон арван найман насанд хүрээгүй гэрч О.О- нар явж байсан болох нь шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Жаргалантын голын “Барзан” гэх газарт гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Киа пронтер” маркын ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зогсож, өвлийн хүйтэнд, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн талийгаач эхнэр Д.Л-ыг машинаас буулгаж, согтуурлын улмаас, мартаж, орхин явснаас болж Д.Л- нь осгож нас барсан бөгөөд бусдын амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, схем зураг /хх-ийн 10-17 дугаар хуудас/, хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч М.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, арван найман насанд хүрээгүй гэрч О.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч И.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт /хх-ийн 69 дүгээр хуудас/, Улсын Бүртгэлийн хэлтсийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 92 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Ц.О- нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой талийгаач эхнэр Д.Л-ыг хээр машинаас буулгаж орхисон үйлдэл нь бусдын амь насанд аюултай нөхцөл байдал буюу согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн /цусан дахь этилийн спирт 2.9% гэх шинжээчийн дүгнэлт хх-ийн 69/, хасах 18-20 градусын хүйтэн /Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын цаг уурын харуулын 2018 оны 12 дугаар сарын 02-05-ны өдрийн цаг уурын мэдээ /хх-ийн 86/-д үхэлд хүргэж болзошгүй нөхцөл байдал бодитой бий болсон, амь насаа алдах эрсдэл учрах боломжтойг урьдчилсан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан хэдий ч согтуурлын улмаас мэдээгүй, эрэн хайх, аврах арга хэмжээ цаг алдалгүй авч чадаагүйгээс хүнийг амь насыг хохироосон шинжийг агуулж байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхийг зөрчин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Ц.О-ын 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой талийгаач эхнэр Д.Л-ыг хээр автомашинаас буулгаж орхисон үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёр нь уг гэмт үйлдэл, үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотойг харуулж байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.О-ын үйлдэл Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тухайн үед шүүгдэгч Ц.О-, амь хохирогч Д.Л- нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
“Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” юм.
Мөн гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, цогцост үзлэг хийсэн болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлтүүд, арван найман насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Энэхүү гэмт хэргийн тухайд амь хохирогч Д.Л- нь хүнд зэргийн /2.9%/ согтолттой, хээр замдаа автомашинаас бууж үлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9/, арван найман насанд хүрээгүй гэрч О.О-н “..ээж би бууя, буумаар байна” гээд аавын машины жолоотой булаацалдаад байсан. Тэгээд аав зогссон чинь ээж цонх онгойлгож байгаад хаалгыг гаднаас нь онгойлгоод буусан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, арван найман насанд хүрээгүй гэрч О.О-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан “энэ жалгын наагуур жаахан явж байтал ээж бууя бууя гээд байхаар нь машинаа зогсоосон. Тэгээд ээж буусан. Харанхуйд айлын гэрэл харагдаж байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 14-16/, шүүгдэгч Ц.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан “би шөнө сэрэхэд хүү Отгондалайтай энэ орон дээр унтаж байсан” гэх тэмдэглэл /хх-ийн 10-13/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь амь хохирогчийг болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон болох нь түүний мэдүүлэг, цогцост хийсэн үзлэг, гэрэл зураг, шинжээчийн “...7. Д.Л- нь нам хэвийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна. Энэ нь ходоодны салстад хар хүрэн өнгийн цэгчилсэн цус харвалт, булчингийн голомтлог томрол, дотор эрхтний хоосовч, дотор эрхтний цус дүүрэлт зэргээр батлагдаж байна” гэх дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/ зэргээр нотлогдоно.
Шүүгдэгч Ц.О-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний амь нас хохирсон гэж шүүх дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-ын үйлдсэн гэмт хэрэгт
нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу эрүүгийн харицлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн хувьд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, шүүгдэгчийн ам бүл, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, шүүгдэгчийн нас, хүйс, биеийн байдал, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэргийг тус тус харгалзан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх
нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.О-т тэнссэн хугацаанд “тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Ц.О-т ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид “2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэснийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.
Энэ хэрэгт хураагдан шүүхэд ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.О-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ц.О-т тэнссэн 3 жилийн хугацаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О- нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан, тэнссэн шүүгдэгч Ц.О-т хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ