Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 142/2016/00694/И |
Дугаар | 00852 |
Огноо | 2016-06-21 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 00852
2016 оны 06 сарын 21 өдөр Дугаар 142/ШШ2016/00852 Орхон аймаг
Зохигчид эвлэрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгохтухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: 1985 онд төрсөн, 31 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-16-93 тоотод оршин суух Халцгай Боржгон овгийн Амархүүгийн Саруултуяагийн /регистрийн дугаар ФМ85060644/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1978 онд төрсөн, 38 настай эрэгтэй Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-19-54 тоотод оршин суух Чонос овгийн Дашнямын Эрдэнэбаярт /регистрийн дугаар УГ78070613/ холбогдох 31 964 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Саруултуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Эрдэнэбаяр 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр А.Саруултуяа надаас 20 сая төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэж авахдаа барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-3-77 тоот нэг өрөө орон сууцыг барьцаанд тавьсан. Гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгахгүй гэрээний үүргээ зөрчиж намайг хохироосоор байна. Иймд Д.Эрдэнэбаяраас үндсэн зээл 20 сая төгрөг, зээлийн хүү 2 964 000 төгрөг, алданги 10 000 000 төгрөг, нийт 32 964 000 төгрөгийг гаргуулан авна. Зээлдэгчийн төлөх учиртай нийт төлбөрөөс хүүд төлсөн 2 436 000 төгрөгийг хасаж тооцсон болно. Иймд Д.Эрдэнэбаяраас 32 964 000 төгрөг гаргуулан, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлд дурьдсанаар Д.Эрдэнэбаяр нь А.Саруултуяагаас 20 000 000 төгрөгийг зээлсэн гэх боловч нэхэмжлэлийн шаардлага нь Д.Эрдэнэбаяраас 32 964 000 төгрөг гаргуулах шаардлага боловч энэ нь нэхэмжлэгч алдангийн дэндүү өндөрөөр тооцож, анх зээлсэн 20 000 000 төгрөгийг 32 964 000 төгөрг болгон нэхэмжилж байгаа нь банк, банк бус санхүүгийн байгууллага мэтээр мөнгөө хүү алданги тооцон өмгөх гэсэн шудрага бус оролдлого хэмээн үзэ байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын алданги хэмээн нэхэмжилж байгаа 10 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ “Нэхэмжлэлийн шаардлага болох 32 964 000 төгрөгийг 1 000 000 төгрөгөөр багасгаж 31 964 000 төгрөг болгон багасгаж, үүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, энэ мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцов. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу бодуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Саруултуяа нь хариуцагч Д.Эрдэнэбаяраас 32 964 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 1 000 000 төгрөгнөөс татгалзаж 31 964 000 төгрөг болгосныг хариуцагч Д.Эрдэнэбаяр төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 7 991 000 төгрөгийг тус тус төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч А.Саруултуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 322 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 158 885 төгрөг, хариуцагчаас 158 885 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.Саруултуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Эрдэнэбаярт холбогдох 32 964 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 322 770 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 158 885 төгрөг, төрийн сангаас 158 885 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.
3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн
асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА