Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/01023

 

 

 

 

 

 

2024 05 13 210/МА2024/01023

 

 

,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/01003 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, олон жил ажилласны 25 хувийн нэмэгдэл цалин гаргуулах, 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч ,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй, хүний асаргаанд эмнэлгийн магадалгаатайгаар эмчлүүлж байсан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүний нөөцийн ажилтан ажлаас халсан тушаал гарсан гэж хэлсэн. Тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шуудангаар хүлээн авч танилцахад иргэний и-баримтыг уншуулж, ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлөв гэсэн тушаал байсан.

Тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь энэ үйлдлийн талаар надад огт мэдэгдээгүй, надаас нэг ч үг өгүүлбэр асуугаагүй, тайлбар аваагүй, иргэний өргөдөл гомдлыг танилцуулаагүй, уг асуудлыг хэлэлцэж, тайлбар хэлэх боломж олгоогүй.

Иргэнд и-баримт өгөх ажил миний ажлын чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод огт байхгүй, ерөнхий нягтлан бодогчийн гүйцэтгэх ажил ба намайг иргэдэд гэрээг нь өгөхдөө хамт өгчих гэж дамжуулсныг манай хүүхэд санамсаргүй байдлаар бар кодын зургийг дарсан байсан.

Энэ асуудлаар цагдаа, прокурорын байгууллага шалгаж гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Би и-баримтыг төлбөр болох 2,000,000 гаран төгрөгийг төрийн санд тушаасан байдаг.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2023 оны нэмэгдсэн цалингаар тооцож гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, олон жил ажилласны 25 хувийн нэмэгдэл цалинг гаргуулж, 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулж, ээлжийн амралтыг биеэр эдлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Борлуулалтын мэргэжилтэн ,,,,,,,,,,,,,,,, нь худалдан авагч нарын и-баримтуудыг тухайн иргэдэд хүлээлгэн өгөлгүй үл таних этгээдүүд болох ,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нарт хууль бусаар тус баримтуудыг бүртгүүлэх боломжийг олгосон, мөн өөрийн татварын цахим системд зөвшөөрөлгүй удаа дараагийн үйлдлээр бүртгүүлсэн нь тогтоогдсон.

Дээрх баримтуудыг бүртгүүлсэн үйлдлүүд нь цаг хугацааны хувьд 2022 оны 02 дугаар сараас 08 дугаар сарын хооронд буюу 6 сарын хугацаанд үйлдэгдснийг иргэдээс 2022 оны 12 дугаар сард гомдол гаргаснаар мэдэж шалгасан.

,,,,,,,,,,,,,,,,ийн уг үйлдлээс шалтгаалж хариуцагч тал хохирсон иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг дахин төлөх, төрийн санд буцаан төвлөрүүлэх шаардлагатай болсон бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2022 оны 12 дугаар сард гомдол гаргасан. Цагдаагийн байгууллагаас ,,,,,,,,,,,,,,,,ийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан бөгөөд нэхэмжлэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад НӨАТ-ын буцаан олголтыг төрийн санд буцаан төвлөрүүлсэн.

Ажилтны дээрх үйлдлүүд нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.5-т ажил олгогчийн мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил олгогчийн хариуцуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид 50,000 төгрөгөөс дээш хохирол учруулсан гэж заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.4-т гэж заасны дагуу ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ийг Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-ийн хөдөлмөрийн удирдлагын газрын түрээсийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт 26,357,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас олон жил ажилласны 25 хувийн нэмэгдэл цалин болон 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах, ээлжийн амралтыг биеэр эдлэх тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК нь нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговроос хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төрийн орон сууцны корпораци ТӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 283,735 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2023 онд орон тооны бүтэц шинэчлэгдэн батлагдаж, үүнтэй уялдаж, бүх ажилчдын цалин гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А-01 тушаалаар нэмэгдсэн. Уг тушаалыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас миний нэг өдрийн цалин 128,333 төгрөг байхад, 85,575 төгрөг гэж буруу тооцсон.

Мөн ээлжийн амралтын олговор болох 3,552,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

4.2. Бүх ажилчдад жилийн эцэст 13 дахь сарын цалинг олгодог. 2022, 2023 оны жилийн эцэст үндсэн цалингаар тооцож олгосон тул 2 жилийн 13 дахь сарын цалин болох 5,390,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүх уг 13 дахь сарын цалинтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэртээ огт тусгаагүй.

Иймд дутуу тооцсон цалингийн зөрүү болох 13,169,464 төгрөг, мөн ээлжийн амралтын мөнгө 3,552,000 төгрөг, 2022, 2023 оны 13 дахь цалин 5,390,000 төгрөг, нийт 22,111,464 төгрөг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Ажил олгогч нь худалдан авагч иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу өөрийн санхүүгийн цахим системд хийсэн хяналт шалгалтаар зөрчлийг илрүүлсэн бөгөөд шалгалтын явцад 10 иргэний и-баримтыг 2022 оны 03 дугаар сараас 08 дугаар сарын хооронд буюу 5 сарын хугацаанд уншуулсан нь тогтоогдсон.

Энэхүү үйл баримт нь Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол болон түүний дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж буй үйл баримтаар тогтоогдсон. Шүүхийн зүгээс эдгээр нотлох баримтуудад дүгнэлт хийсэн боловч хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэн зөв үнэлээгүй.

5.2. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 болон хөдөлмөрийн гэрээний 6.2.5 дахь хэсгийг үндэслэсэн. Өргөдөл гомдлын дагуу тухайн зөрчлийг илрүүлсэн бөгөөд үүнээс шалтгаалан иргэдийн нэмүү өртгийн албан татварын буцаалт болох нийт 142,250,000 төгрөгийн 10 хувь болох 2,586,363.62 төгрөгийг ажил олгогч өөрийн зардлаар төлсөн тул үүнтэй холбоотойгоор ажилтныг эрхэлж байсан ажил үүргээс нь чөлөөлсөн.

Шүүхийн зүгээс шийдвэрийн үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэг нь буруу бөгөөд шүүх уг хуулийг хэрэглэх ёсгүй байсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүх зөв тооцсон тул нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Ажил олгогч нь ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан талаар шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг алдаатай дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, олон жил ажилласны 25 хувийн нэмэгдэл цалин гаргуулах, 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. ,,,,,,,,,,,,,-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/93 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.1.4, Хөдөлмөрийн гэрээний 6.2.5 хэсэгт зааснаар Хөдөлмөрийн удирдлагын газрын түрээсийн мэргэжилтэн ,,,,,,,,,,,,,,,,ийг иргэдэд худалдан борлуулсан авто зогсоолын и-баримтыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж удаа дараалан өөрийн нэрээр бүртгүүлсэн ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

3.1. Зохигчийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.5-д ажил олгогч болон түүний хамтран ажиллагчийн нууцыг задруулсан, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан, хулгайлсан, түүнд халдах оролдлого гаргасан, бусдаас иймэрхүү оролдлого гаргахад тусалсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил олгогчийн хариуцуулсан эд хөрөнгөд хохирол учруулсан зэрэг шалтгааны улмаас ажил олгогчид 50,000 төгрөгөөр дээш төгрөгийн хохирол учруулсан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд хамааруулжээ.

3.2. Зохигчийн тайлбар, ,,,,,,,,,,,,,-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/994 тоот албан бичиг, уг албан бичгийг хүлээн аваад явуулсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ,,,,,,,,,,,,,,,, нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тус оны 3, 4, 5, 8 дугаар сард эцсийн хэрэглэгчээр бүртгэгдсэн 10 иргэний нийт 142,250,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авалтын и-баримтыг өөрийн нэр дээр 8 баримтыг, бусдын буюу өөрийн охины хамаарал бүхий этгээд болох ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, нарын нэр дээр 2 баримтыг бүртгүүлж, татварын буцаан олголтыг авсан зөрчил гаргасан болохыг ажил олгогч нь өөрөө шалгаж тогтоосны үндсэн дээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст эрүүгийн журмаар шалгуулахаар хандсан үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй. Харин хохирол төлбөрийг төлж барагдуулсан болохоо тайлбарласан.

3.3. Анхан шатны шүүх ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарах хэдий ч зөрчлийг хожим эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар энэхүү зөрчлийг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь ажилтны гаргасан зөрчлийг эрүүгийн журмаар шалгаж тогтоогоогүй, харин ажил олгогч өөрөө олж тогтоосны үндсэн дээр шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан байна.

3.4. Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчилд хамаарна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацаанд зөрчлийг илрүүлж, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авсан байна.

Ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг илрүүлж эрүүгийн журмаар шалгуулахаар эрх бүхий байгууллагад хандахтай зэрэгцээд мөн өдрөө ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

Энэ тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар ,,,,,,,,,,,,,,,,ийн гэм бурууг тогтоосон, эсхүл тогтоогоогүй эсэх нь түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахад хамааралгүй.

3.5. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх тушаал гаргахаас өмнө зөрчлийн талаар урьдчилан мэдэгдэж, тайлбар аваагүй гэж маргасан.

Гэхдээ уг зохицуулалтыг ажил олгогч хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэгчийн гаргасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчлийг үгүйсгэх, тухайн зөрчилд сахилгын шийтгэх ногдуулахгүй байх үндэслэл болохгүй юм.

3.6. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үед буюу 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ,,,,,,,,,,,,,,,, нь хөдөлмөрийн чадвар түр алдсан буюу эмнэлгийн магадлагаатай байжээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүргийг хүлээхгүй.

3.7. Иймд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг олж тогтоосны үндсэн дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, олон жил ажилласны 25 хувийн нэмэгдэл цалин гаргуулах, 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т нийцнэ.

 

4. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй тул нэхэмжлэгчийн гаргасан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын олговорын талаарх гомдлыг хангахгүй.

Мөн нэхэмжлэгч нь гомдолд дурдсан 13 дахь сарын 5,390,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй, харин анхан шатны шүүх хуралдаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн хүрээнд энэ талаар тайлбар гаргасан байгаа болохыг дурдвал зохино.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/01003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх, олон жил ажилласны 25 хувийн нэмэгдэл цалин гаргуулах, 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах, ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчийн урьдчилан төлсөн 289,740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ