Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 692

 

 

 

 

 

 

 

 

   2019        04         30                                    2019/ШЦТ/692

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч Г.Цэрэнжамц,

нарийн бичгийн дарга Ц.Отгонням, 

өсвөр насны шүүгдэгч Ү.Б, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт өсвөр насны Ү.Бг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01488 0745 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ү.Б,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Кинг-2" зочид буудалд хамт ороод гарахдаа иргэн Б.Болорын эзэмшлийн хар өнгийн туулайн арьсан шуба, хар өнгийн гутал, айфоне-6 эс маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 510.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                               /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Болорын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 сарын 21-ний өдөр карокед сууж байхад Чука ирэхдээ нэг эмэгтэй дагуулаад ирсэн. Бид тэндээс гарч буудал орж амарсан. Өглөө нь босоод ирсэн миний туулайн арьсан шуба, хар өнгийн гутал, iphone 6s, rap утас зэрэг эд зүйлүүд алга болсон байхаар нь Лхагвадоржийг дуудаад бид хоёр хамт хоносон эмэгтэй хүүхэд авсан байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Ү.Бгаас гар утас, шубээ буцааж авсан. Гуталны хохиролыг барагдуулаагүй. Шубыг өмсөхийн аргагүй болгосон байсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,

 

Гэрч Х.Лхагвадоржийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 02 сарын 22-ны өглөө сэрхэд буудалд хамт орсон Ү.Б байхгүй байсан. Болор утасаа хайсан чинь утас нь байхгүй, бас хувцасаа өмсөхөд гутал, куртик 2 нь байхгүй байсан. Нилээн хэд хоногийн дараа Ү.Бг цайз 16 хорооллын тэндээс Болорын хар өнгийн шубыг өмсчихсөн явж байхад нь олоод Болорыг дуудаад Болор, Ү.Б бид 3 хороолол орж Болорын гар утсыг нэг хүүхнээс Ү.Б авч өгсөн, тэгээд Ү.Бг цагдаагийн газарт авчирч өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03/163 дугаартай:

Эмэгтэй хүний хар өнгийн туулайн арьсан шуба 150.000 төгрөг, хар өнгийн элгэн гутал 60.000 төгрөг, ай фоне 6 маркийн гар утас 300.000 төгрөг, нийт 510.000  төгрөгийн үнэ ханштай гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17/

 

Өсвөр насны шүүгдэгч Ү.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2019 оны 02 дугаар сарынм 21-ны орой 19 цаг орчмын үед Баяраа гэх залуутай танилцсан надтай танилцахад Баяраа гэж өөрийгөө хэлсэн, харин сүүлд найзууд нь Чука гээд дуудаад байсан. БЗД-ийн цайз 16 хорооллын тэнд танилцаад манай найзууд дээр очие гээд БДЗ-ийн улаанхуаран гэх газар караокед очиход 2 эрэгтэй, 1 эмэгтэй 3-лаа сууж байсан тэгээд бид 5 караокед дуулаад уусан, би архи уугаагүй, тэд нар нилээн согтоод, тэнд байсан Анхаа гэх залуу гэрлүүгээ явлаа гээд караокеноос гараад явсан. Бид дөрөв караокеноос гараад орйо цагийг нь сайн санахгүй байна улаанхуран хурангийн эцэст дээр байрлах 3 давхар зочид буудлын 2 давхарын /тоотыг нь санахгүй байна/ өрөөнд Болороо эгч, бүдүүн ах, надтай танилцдаг ах бид дөрөв орсон. Удалгүй надтай танилцсан Чука буудлаас харилаа, өглөө ирье гээд гараад явсан. Би усанд орчихоод гараад ирхэд Болороо эгч, бүдүүн ах хоёр том өрөн дээр унтчихсан байсан, тэгээд би Болороо эгчийн хар өнгийн ноосон шуба, хар өнгийн гутлыг нь өмсөөд газар байсан цагаан өнгөтэй айфоне 6 маркын гар утсыг нь явч гараад жоохон алхаж байгаад буцаж өрөөүү орох гээд өрөөний үүдэнд ирсэн чинь дотор байгаа хоёр сэрүүн дугараад байхаар нь буцаад гараад явсан. Буудлаас гараад Хайлааст 17-ийн тэнд байдаг Хонгорзулын гэрт очиж унтсан. Хулгайлсан юмаа өөртөө байлгаж байгаад утас, шуба хоёрыг буцааж өгсөн. Гутал нь Хонгорзулынд байсан чинь хаячихсан гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

 

-хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5/,

-өсвөр насны яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох тухай тогтоол /хх-ийн 29/,

-шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс Төрийн сангийн 100900005406 тоот тус шүүхийн тамгын газрын дансанд хохиролын 60.000 төгрөг байршуулсан баримт 1 хуудасс зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Ү.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний үнэмлэхний хуулбар, нас тоолсон тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хорооны тодорхойлолт, боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 30-39/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, өсвөр насны яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, өсвөр насны шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ү.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ү.Бг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Б.Болорт 510.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний Тод үнэлгээ ХХК-ийн тайлангаар тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Б.Болорт хулгайлагдсан өөрийнх нь ай фонь 6 эс маркийн гар утас, хар өнгийн туулайн арьсан шуба хоёрыг биет байдлаар буцааж өгсөн. Элгэн гуталны хохиролыг барагдуулаагүй байсан ба насанд хүрээгүй хохирогчийн зүгээс хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн гуталны үнэ 60.000 төгрөгийг хохиролд өгөхөөр шүүхийн тамгын газрын барьцааны дансанд байршуулсан байгааг хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хохирогчид төлөх хохиролыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын төрийн сангийн хохирол барьцааны 100900005406 дугаарын дансанд байршуулсан байх тул өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хохиролыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн,... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан, өсвөр насны шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өсвөр насны шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар өсвөр насны шүүгдэгчид оногдуулах ялыг 2 дахин багасгах нь зүйтэй байна.

 

Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ өсвөр насны шүүгдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг харгалзан шүүх хуралдааныг хаалттай явуулж, хуульд заасан ердийн журмаар явагдах ажиллагаанаас богино хугацаанд шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохиролын шинж чанар, төлөгдсөн байдал, өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэгт өгч байгаа дүгнэлт, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй.

 

Өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Ү.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ү.Бг нэг жилийн хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ү.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж биечлэн эдлэх ялыг зургаан сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ү.Бд сургалт хүмүүжлийн байгууллагад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ү.Бд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх асуудлыг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг, санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186-189 дүгээр зүйлүүдэд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд өсвөр насны шүүгдэгч Ү.Бд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгчээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд баршуулсан 60.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Болор /УД90011623/-т олгосугай.

 

8. Өсвөр насны шүүгдэгч Ү.Б нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ү.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ