Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00857

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 21 өдөр                           Дугаар 142/ШШ2016/00857                               Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 49 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багийн 2-6-2 тоотод оршин суух Боржигон овгийн Цэдэнбазарын Уранчимэгийн /регистрийн дугаар ФМ67042807/ нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтэрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Уранчимэг, гэрч Д.Тогосоо, Б.Дайриймаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Уранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Цэдэнбазар овогтой Уранчимэг нь 1986 оны 12 сарын 23-нд УБҮ-ийн Профиляктори сувилалд анх зөөгчөөр орж дараа нь тогоочоор одоо хүртэл 29 жил 3 сар ажиллаж байна.Миний ажилд орсон тушаал  хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн боловч Орхон аймгийн архив болон УБҮ-ийн архивт огт байхгүй байна.Иймд миний 1986 оны 12 сарын 23-наас 1994 оны 12 сарын 31-нийг хүртэлх ажилласан хугацааг нөхөн тооцож өгнө үү.Мөн Ц.Уранчимэг миний хөдөлмөрийн дэвтэр дээр төрсөн сар өдрийг 1967 оны 07 дугаар сарын 01 гэж буруу бичсэн байна. Би 1967 оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн. Иймд намайг 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Цэдэнбазарын Уранчимэг нь 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  УБҮ-ийн Профиляктори сувилалд зөөгч, тогоочоор ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэрт “1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэт Профиляктори сувилалд хоол зөөгчөөр авч ажиллуулав, 076471 тоот нийгмийн даатгалын дэвтэр олгов” гэжээ.

2.Гэрч Б.Дайриймаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1984 оны 10 дугаар сарын 01-ний өдөр УБҮийн Профилактори сувилалд хоол зөөгчөөр ажилд орж дараа нь бэлтгэгч, тогоочоор одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ц.Уранчимэг 1986 зөөгчөөр анх ажилд ороод бэлтгэгч тогоочоор одоо хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно” гэжээ.

3.Гэрч Б.Дайриймаагийн Хөдөлмөрийн дэвтэрт “1985 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Эрдэнэт Профилактори сувилалд зөөгчөөр авч ажиллуулав” гэжээ.

4.Гэрч Д.Тогосоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие 1983 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс УБҮ-ийн Профилактори сувилалд зөөгчөөр ажилд орж дараа нь тогоочоор одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ц.Уранчимэг нь 1986 онд зөөгчөөр ажилд орж байсан одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь үнэн болно” гэжээ.

5.Гэрч Д.Тогосоогийн Хөдөлмөрийн дэвтэрт “1983 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт Профилактори сувилалд хоол зөөгчөөр авч ажиллуулав” гэжээ.

Хүсэлт гаргагч Ц.Уранчимэг нь 1967 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар,  түүний №93 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбараар тогтоогдож байна. Тиймээс 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт түүний төрсөн сар өдрийг 1967 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн гэж ташаа бичсэн байх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгч Цэдэнбазарын Уранчимэг нь 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Уранчимэг нь 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл УБҮ-ийн Профиляктори сувилалд зөөгч, тогоочоор ажиллаж байсан нь түүнд 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр, гэрч Д.Тогосоо, Б.Дайриймаа нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Тогосоо, Б.Дайриймаа нарыг гэрчээр асуусан ба гэрч Д.Тогосоо, Б.Дайриймаа нар 1983 оноос 1994 оныг дуустал Эрдэнэт сувилалын гал тогоонд бэлтгэгч тогоочоор ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа нь тэдний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байх тул гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын ач холбогдолтойд тооцож үнэлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1987 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь Боржигон овгийн Цэдэнбазарын Уранчимэг мөн болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Уранчимэгийг 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл  УБҮ-ийн Профиляктори сувилалд зөөгч, тогоочоор ажиллаж  байсан байдлыг сэргээн тогтоосугай.    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Уранчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА