Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

 

 

 

    2019        03          04                                  214

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч П.Бямбасүрэн,

            Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Д.Энхцэцэг, Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Тэргүүн тайж овогт Энхбатын Гд холбогдох эрүүгийн 1709007790258 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны үүдэнд хохирогч Б.Алтанбаярын нүүрэн тус газар нь мөргөснөөс унаж эрүүл мэндэд нь дагз ясны баруун талд дагзны том нүхнээс эхлэн арагш дээш дагзны баруун дээд хэсэг рүү үргэлжилсэн шугаман шинэ хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, баруун духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсэгт цус хуралт няцрал, бага тархины баруун тал бөмбөлөгт цус хуралт няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан,

-мөн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дрийм” үсчин дотор хохирогч Т.Анхмаагийн эзэмшлийн Самсунг эс-7 эджи загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч, залилан авч бусдад 567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус

 

холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: Яллах байх суурьтай оролцож, хавтаст хэргээс 53-55, 57-58, 61-62 дугаар хуудас хохирогч Б.Алтанбаярын мэдүүлэг, 64-65, 68 дугаар хуудас гэрч Б.Бямбадоржийн мэдүүлэг, 74 дүгээр хуудас гэрч Д.Алтангэрэлийн мэдүүлэг, 51-54 дүгээр хуудас гэрч А.Алтантулгын мэдүүлэг, 71 дүгээр хуудас гэрч Г.Баяраагийн мэдүүлэг, 93 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №10391 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг болон Г.Сүхээ: ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 77-78 дугаар хуудас гэрч Энхбатын мэдүүлэг, 81-82 дугаар хуудас гэрч Цэцэнбаатарын мэдүүлэг, 157 дугаар хуудас хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Э.Г тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:      

            1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Г нь 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 00 цагийн үед, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй баарны үүдэнд хохирогч Б.Алтанбаярын нүүрэн тус газар нь мөргөснөөс унаж эрүүл мэндэд нь дагз ясны баруун талд дагзны том нүхнээс эхлэн арагш дээш дагзны баруун дээд хэсэг рүү үргэлжилсэн шугаман шинэ хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрх цус хуралт, баруун духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсэгт цус хуралт няцрал, бага тархины баруун тал бөмбөлөгт цус хуралт няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Алтанбаярын “...хамаатны залуу Бямбадоржийн хамт “М” бааранд орж ганц хоёр пиво ууцгаасан, хажуугийн ширээнд сууж байсан хүмүүс шуугилдаад Бямбадоржтой бага зэрэг ам мурийгаад “...бид нар баян айлын хүүхдүүд араа даах чадал байна...” гэж хэлсэн, би тамхи татахаар баарны гадаа гарсан, тамхи татаад зогсож байтад гэнэт нэг хүн намайг цохисон, миний нүд харанхуйлаад ухаан алдаад унасан, өглөө ах Отгондоржийн гэрт сэрсэн, толгой ар дагзаараа өвдөөд ухаан санаа орж гараад байсан, ах Алтангэрэл рүү залгаад Төв аймгийн Чандмань сум руу ээжийнх рүү явсан, маргааш нь гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, үзээд хүнд гэмтэл

байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн, 11 хоног хэвтсэн, эмнэлгээс гараад хөдөө гэртээ хэвтрийн дэглэм сахисан, байдал хүнд байгаа, ар дагзаараа хэвтэхэд өвдөөд хэвтэж болдоггүй, байнга толгойны эм уудаг, эмчилгээ хийлгэсэн баримт тээврийн хэрэгслийн зардал нийлээд 4.748.620 төгрөг нэхэмжилж байна.”, “...ар тал дагз хэсэг их өвдөж байсан, миний ухаан санаа орж гараад байсан болохоор миний ар талаас цохисон юм байх гэж бодоод тийм мэдүүлэг өгсөн, одоо би байнга чацага алдаж доошоо цустай юм шиг зунгаг өтгөн гараад байгаа, ...толгойн ар тал руу хатгуулж өвддөг, эмчилгээгээ гүйцэд хийлгэмээр байна.” гэх мэдүүлэг /1-р хх-53-58, 61-62/, гэрч Б.Бямбадоржийн “...хажуугийн ширээнд сууж байсан хүмүүстэй ам мурийсан, Алтанбаярын араас дагаж гарсан залуу нь Анхбаяртай өөд өөдөөсөө хараад маргалдаж байснаа тэр залуу гэнэт нүүр рүү нэг удаа мөргөсөн, тэгтэл Алтанбаяр арагшаа дагзаараа бетонон зам дээр саваад уначихсан, түүнийг цохисон залуу болон түүнтэй хамт явсан хүмүүс зугтаасан, миний харснаар араас нь дагаж гарсан намхан залуу нь мөргөсөн, өөр хүн зодоонд оролцоогүй” гэх мэдүүлэг /1-р хх-64-65, 68/, гэрч Г.Баяраагийн “...манай эхнэр яриад хүү Алтанбаяр хүнд зодуулаад биеийн байдал хүнд байна гэж хэлсэн, очиход эмчилгээ хийлгэж байсан, эмч нар нь нилээд хүнд байна 2, 3 газар цус хуралттай гэсэн, гавлын яс цуурсан хүнд гэмтэлтэй гэсэн, эмнэлэгт 10 гаруй хоноод гараад гэртээ хэвтрийн дэглэм сахиж байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-70-71/, гэрч Ц.Пунцагдуламын “...Алтанбаяр яачаа вэ гэж Алтангэрэлээс асуухад мэдэхгүй хүнд толгой тархи руугаа цохиулсан юм шиг байна гэсэн, гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нь амь насанд аюултай гэмтэл, тархины гавлын яс цууралттай байсан байна, одоо яаралтай шууд эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн, нилээд их эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /1-р хх-72-73/, гэрч П.Алтангэрэлийн “...дүү Алтанбаяр над руу яриад хүнд толгой руугаа цохиулчихлаа, толгой өвдөөд байна, би машин барьж чадахгүй байна, хөдөө гэр рүүгээ явмаар байна гэсэн, тэгээд машиныг нь бариад Баянчандмань руу явсан, түүний толгой ар дагзаараа хавдсан байсан, толгой өвдөөд байна, хөдлөхөд хөндүүрлэж өвдөөд байна, нүд харанхуйлаад байна гэж байсан, миний дүүгийн бие сайжрахгүй хэцүү байна” гэх мэдүүлэг /1-р хх-74/, гэрч А.Алтантулгын “...нэг хүүхэд нь Гг гарья гээд тэгээд тэр хоёр гараад явсан, би араас нь удалгүй гарсан чинь нөгөө гарья гээд байсан залуу баарны үүдэн дээр ухаангүй хоёр гараа алдлаад ухаан алдсан юм шиг хэвтэж байсан, нэг найз нь ирээд хүн аллаа гээд орилсон, Г энэ үед хажууд нь зогсож байсан тэгээд бид 3 тэр баарнаас гараад зугтсан, Г ганцаараа чигээрээ гүйж байгаад баригдсан,” гэх мэдүүлэг /1-р хх-76/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10391 дугаартай шинжээчийн дүгнэлт “Б.Алтанбаярын биед дагз ясны баруун талд дагзны том нүхнээс эхлэн арагш дээш дагзны баруун дээд хэсэг рүү үргэлжилсэн шугаман шинэ хугарал, хугарлын харалдаа хатуу хальсан дээрхи цус хуралт, баруун духны дэлбэнгийн суурь хэсэг, зүүн духны  дэлбэнгийн суурь хэсэг, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн урд хэсэгт цус хуралт няцрал, бага тархины баруун тал бөмбөлөгт цус хуралт няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна.” гэх /1-р хх-93/, яллагдагч Э.Ггийн “...өөрийнхөө духаар хохирогч Алтанбаярын нүүрэн тус газарт нь нэг удаа мөргөсөн, тэгтэл хохирогч Алтанбаяр газарт ойчсон, ухаан алдсан, урьд нь шүүхээр ороод тэнсэн ял шийтгүүлсэн болохоор дахиад эрүүгийн хариуцлага хүлээн ял авна гэхээс айгаад зугтаасан миний буруу, /1-р 113/ болон шүүхийн

хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

-мөн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дрийм” үсчин дотор хохирогч Т.Анхмаагийн эзэмшлийн Самсунг эс-7 эджи загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч, залилан авч бусдад 567.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Б.Анхмаагийн “...манайхаар байнга орж ирдэг залуу утсаараа ганц яриулчих гэхээр нь би утсаа өгсөн, тэр залуу миний утсаар ярьж байгаад гадаа гараад ярихаар нь би 1-3 минутын дараа гараад харахад байхгүй болчихсон байсан, би тэр залууг хайгаад ажиллаж байсан Бест авто угаалгын газар очиход ажлаасаа гарчихсан байсан” /1-р хх-206, 208/, гэрч А.Алтанзулын “...цайзын автобусны буудал дээр байдаг ломбард дээр очиход Г халааснаасаа Самсунг галакси эс-7 эджи маркийн гар утас гаргаж ирсэн, ломбардны хүнээс гар утас авах уу гэхэд авахгүй гэсэн, ...Г энэ утсыг зарахад программ уншуулах шаардлагатай гэж хэлээд утас засвар дээр ирээд программ уншуулаад тэр утсыг ломбарданд 350.000 төгрөгөнд тавьсан, өөрийнхөө утсыг ломбарднаас 50.000 төгрөгөөр авсан,” гэх мэдүүлэг /1-р хх-216/, “Дамно” хөрөнгө үнэлгээний газрын үнэлгээ “576.000” төгрөгөөр үнэлэгдэв /1-р хх-219/, гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-226/, яллагдагчийн өгсөн “мөнгө олох арга хайж байгаа өмнө үсээ засуулдаг байсан Анхмаа гээд охин дээр очиж утсаараа нэг удаа яриулчих гээд утсыг нь аваад явсан, тэр утсыг ломбарданд барьцаанд тавьсан, өөрийн утсаа ломбарднаас авсан, бусад мөнгийг үрсэн” гэх мэдүүлэг /1-р хх-229-231/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Э.Ггийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч Э.Г болон өмгөөлөгч нараас нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

         Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Г хохирогч Б.Алтанбаярт 4.000.000 төгрөг өгсөн, хохирогчийн хувьд цаашид гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хоорондоо төлбөр барагдуулсан хэлцэл хийсэн байх тул, мөн хохирогч Б.Анхмаагийн гар утсыг буцааж өгсөн талаарх баримт хэрэгт авагдсан байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон нийт 86 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийтгэх тогтооол хүчин төгөлдөр болмогц цагдан хорих таслан сэрийлэх арга хэмжээ авахуулах, мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн шүүгдэгчид авагдсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгуулах саналыг шүүхэд гаргаж байна.” гэсэн саналыг,

Харин шүүгдэгч Э.Г болон өмгөөлөгч нараас “…анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3 дахь заалтад заасныг журамлан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Э.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, түүнчлэн хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Гд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт доод хэмжээний буюу 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар тогтоож, хөнгөн ялыг хүндэд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил, 7 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1709007790258 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж

 

ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.

Харин шүүгдэгч Э.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 86 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тэргүүн тайж овогт Энхбатын Гг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

-бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилж бусдад 576.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. шүүгдэгч Э.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ггийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч Э.Гд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлалт тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ИДЭР