Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 277

 

А.Охолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19ий өдрийн 368 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр магадлалтай, А.Охолбогдох 2106000000051 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 497 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3571 дугаар захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног хорих ялаар сольж, хорих ялыг биечлэн эдэлж суллагдсан,.

 

А.О нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод байрлах “Баян-Улаан” хүнсний дэлгүүрт иргэн Л.Нямцэрэнгийн эд хөрөнгийг авах зорилгоор “мөнгө өг” гэж чулуугаар цохих, шилээр зүсэх зэргээр хүч хэрэглэж, улмаар шилний хагархайг хохирогчийн хүзүүнд тулган биед нь гэмтэл учруулахаар заналхийлэн довтолж, дэлгүүрийн орлого 140.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

Дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогч Л.Нямцэрэнгийн толгой руу чулуугаар цохиж, шилэн лангуу руу түлхэж унагаан лангууны хагарсан шилээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-760а тоотод байрлах нийтийн байрны 14 тоот өрөө буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, иргэн Л.Энхчулууны эзэмшлийн 32 инчийн “Самсунг” загварын зурагтыг хулгайлж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-т зааснаар 5 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-д заасныг баримтлан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцон 2 сар хорих ялаар дүйцүүлэн тогтоож, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн А.Оын нийт эдлэх хорих ялыг 7 жил 2 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа гаргасан гомдолдоо “... шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх заалтыг хууль тогтоогч тайлбарлахдаа “иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно. Хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан” хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэсэн байхад анхан шатны шүүх А.Оын тухайн дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэсэн бөөрөнхий мөлгөр хэлбэртэй, байгалийн бүтцээр байгаа чулуу, хэрэг үйлдэгдэх явцад хагарсан дэлгүүрийн лангууны шилний хагархайг “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж үзсэн.

Анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт албан ёсны тайлбар хийсэн Улсын дээд шүүхийн 2006 оны 3 тоот тогтоолын 2 дахь хэсгийг шийдвэрийнхээ үндэслэл болгохдоо “... зэвсгийн чанартай бусад зүйл буюу хүний биед гэмтэл, эд хөрөнгөнд хохирол учруулж болох ... чулуу, шил гэх мэт эд зүйлийг тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан эсэх нь ... зүйлчлэхэд нөлөөлөхгүй гэжээ.

Өөрөөр хэлбэл байгальд ердийн бүтэц, шинжээрээ оршин байх эд зүйл, мөн тодорхой хүчний нөлөөллөөс хагарсан, хурц ирмэг бүхий шил зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд зайлшгүй засаж тохируулсан, эсхүл урьдаас бэлтгэгдсэн байхыг шаардахгүй бөгөөд нэгэнт байгалийн өвөрмөц шинжээрээ хүний оролцоотойгоор бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах чадвартай тул “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэх диспозицэд хамаарч дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл” гэж дүгнэсэн.

Хууль тогтоогч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заахдаа “зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж хуульчилсан байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж буюу “тусгайлан бэлтгэсэн” гэсэн үг оруулан тодотгон хуульчилсан.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн магадлалынхаа үндэслэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулан ойлгоно” заасан байх ба А.Оын дээрмийн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн толгой руу чулуугаар цохиж, улмаар ноцолдох явцад лангууны хагарсан шилийг ашиглан хохирогчийн хоолой, чих, хацрыг зүссэн үйлдлийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн  гэж дүгнэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь холбогдогч А.Оын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн бөөрөнхий хэлбэртэй, байгалийн бүтцээрээ байгаа чулуу, шилэн лангууны хагархайн аль аль нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш, А.О уг гэмт хэргийг үйлдэхийн тулд урьдаас байгалийн чулуу, шилний хагархайг тусгайлан бэлтгээгүй, засаж тохируулаагүй харин дэлгүүрийн шилэн лангуу унаж хагарснаас шилний хагархай бий болсон байдаг. Мөн байгалийн чулуу, шилэн лангууны хагархай нь үйлдвэрийн, гар хийцийн галт болон хүйтэн зэвсгийн алинд нь хамаарахгүй, харагдах байдал, бүтэц, хэлбэрийн хувьд ч галт болон хүйтэн зэвсэгтэй адил биш, хохирогч Л.Нямцэрэн ч чулуу, шилний хагархай байсныг харснаа тодорхой мэдүүлсэн байдаг.

Эдгээрээс дүгнэхэд А.О нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх үндэслэлгүй тул  зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч А.Охолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлуудыг бүрэн шалгасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалсан зөрчсөн, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоож, бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Учир нь шүүгдэгч А.О дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Л.Нямцэрэнгийн толгой руу чулуугаар цохих, шилний хагархай хэсгээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж эрүүл мэндэд нь санаатай хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдол гаргахдаа  чулуу, шилний хагархай нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл биш гэж үздэг.  Чулуу, шилний хагархайг тусгайлан бэлтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаагүй хэдий ч дээрэмдэх гэмт хэргийг үйлдэх явцдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаас шалтгаалан зэвсгийн чанартайгаар ашиглаж хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан. Чулуу, шилний хагархай нь нийгмийн хор аюулын хувьд тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлээс дутахааргүй учир шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй. Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэлтрүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар оногдуулсан ялаас Өршөөл үзүүлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг  баримтлан тус бүр 2 жилийг хасах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.О нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны орой Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 13 дугаар гудамжны 261 тоотод байрлах “Баян-Улаан” хүнсний дэлгүүрийн худалдагчийг “мөнгө өг” хэмээн гудамжнаас авч орж ирсэн чулуугаар толгой руу нь цохиж, шилэн лангуу руу түлхэж унагааж хагарсан лангууны шилээр хоолой, чих, хацар, шанаа, гарыг нь зүсэж, эрүүл мэндэд нь духны баруун, зүүн шанаа, хүзүү, зулай, дагзны хуйх, зүүн сарвууны зүсэгдсэн шарх, зулайн хуйхны зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учруулж, дэлгүүрийн орлого 140.000 төгрөгийг дээрэмдсэн,

 

мөн 2020 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 20-760а нийтийн байрны 14 тоотод хууль бусаар нэвтэрч, “Самсунг” загварын зурагт хулгайлж 192.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих асуудлыг хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан шалган тогтоохдоо хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. 

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэмжээ, хязгаарын дотор хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.  

 

Шүүгдэгч А.О нь гудамжнаас чулуу авч дэлгүүр рүү ороод уг чулуугаараа хохирогчийг айлган сүрдүүлж мөнгө өгөхийг шаардаж довтолсон үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба тухайн чулуугаар хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан нөхцөл байдлыг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” хэмээн хүндрүүлэн зүйлчилж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүгүй дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор зориуд урьдаас төлөвлөж тусгайлан олж авч бэлтгэсэн байгалийн гаралтай эсхүл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хатуу, шингэн төлөвийн аливаа эд зүйл, хэрэгсэл ашиглаж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг хууль тогтоогч дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцсон болно.

 

Гудамжны чулууг халдлагын хэрэгсэл болгон ашигласан дээрмийн гэмт хэрэг нь төгсөөгүй, үргэлжилж байх явцад шилний хагархайгаар хохирогчийг зүссэн нэг цаг хугацаа, орон зай, санаа зорилгоор үйлдэгдсэн гэмт үйлдлүүдийг салган зүйлчлэх ёсгүй учир “... чулуу, шилний хагархай нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл биш тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгчийн үйлдсэн зарим гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарах тул холбогдох өршөөлийг үзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19ий өдрийн 368 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 559 дүгээр магадлалд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

 

    1. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч А.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй”,

 

    1. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч А.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, уг ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай”,

 

    1. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ооногдуулсан хорих болон зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                                            Ч.ХОСБАЯР

 

                     ШҮҮГЧИД                                                Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                      С.БАТДЭЛГЭР

 

                                                                                      Б.ЦОГТ

 

                                                                                      Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН