Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2019/0484

 


Н.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гуравдагч этгээд Р.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0298 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Н.Д-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0298 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Д-оос гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжийн Р.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч 2004 оноос хойш одоог хүртэл гэр бүлийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны 9 дүгээр гудамжны үзүүрт дугуй засвар ажиллуулж ирсэн. 2004 онд дугуй засвар байгаа газрыг өөрийн хөрөнгөөр 30 машин шороогоор газрыг нь тэгшилж, 5 машин хог цэвэрлэж, 380В шугам /тог/ татан 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж дугуй засвар нээсэн. Тухайн үед газар эзэмших гэрчилгээ гаргуулан авах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч “...танай ашиглаж байгаа газар нь 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүс мөн үерийн шугамын хамгаалалтын зурваст байрлаж байгаа тул газар эзэмших гэрчилгээ олгох боломжгүй түр гэрээгээр ашиглах боломжтой” гэрээний хугацаа чинь сунгагдаад явж байгаа та санаа зоволтгүй” гэсэн хариуг өгдөг байсан.

Гэтэл уг газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжаар Р.О-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0298 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалт нь илт үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах 163 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 79 дүгээр захирамжаар[1] Ц.Мөнхбаярт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, улмаар Ц.Мөнхбаяр болон Д.Баатарзоригт нар “газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/99 дүгээр захирамжаар[2] уг газрын эзэмших эрхийг Д.Баатарзоригт /5 жилийн хугацаатай эзэмшихээр/ шилжүүлсэн байна.

Улмаар Д.Баатарзориг болон гуравдагч этгээд Р.О нар 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, хариуцагчид хүсэлт гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/48 дугаар захирамжаар[3] дээрх Д.Баатарзоригийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Р.О-д шилжүүлж, газар эзэмших эрхийн 000706962 дугаартай гэрчилгээг[4] 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр олгожээ.

Нэхэмжлэгчээс Д.Баатарзоригоос гуравдагч этгээд Р.О-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн хариуцагчийн 2017 оны А/48 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “2004 оноос хойш тухайн газар дээр дугуй засвар ажиллуулж ирсэн. Газар эзэмших хүсэлт гаргахад хариуцагч боломжгүй гэж хариуг өгч байсан атлаа Р.О-д Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолыг зөрчиж газар эзэмшүүлсэн” хэмээн тайлбарлан маргасан байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.  

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж тус тус заасан ба иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд уг хүсэлтийг дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хүсэлтийг шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Н.Д нь “газар эзэмших” тухай хүсэлтийг хариуцагчид гаргасан гэх боловч уг үйл баримт нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “...албан ёсоор газар эзэмших хүсэлт гаргаж байгаагүй гэдэгтэй маргаан байхгүй” гэж тайлбарласан байх тул хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, иргэнд тэгш бус хандсан гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн хүн уг эрхээ хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд захиргааны хэргийн шүүх хариуцагчийн гаргасан захиргааны акт нь хууль бус тохиолдолд тухайн актыг хүчингүй болгож шийдвэрлэх төдийгүй ийнхүү актыг хүчингүй болгож шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх тухай ойлголт юм.

Гэтэл нэхэмжлэгч маргаж буй газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхээс өмнө Ц.Мөнхбаяр, Д.Баатарзориг нарт эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжуудтай маргаагүй, хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй гэдгээ илэрхийлсэн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн хариуцагчийн А/48 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч Н.Д-ийн газар эзэмших эрх сэргэхээргүй байна.

Хавтаст хэрэгт маргаж буй газар нь “10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын бүс, үерийн шугамын хамгаалалтын зурваст байрлаж байгаа” талаарх баримт байхгүй бөгөөд тухайн баримтуудыг гаргуулж, хэрэгт хавсаргасан ч энэ нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байх тул энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх боломжгүй юм.

          Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2019/0298 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                                 Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэрэг 1-39 хуудас

[2] Хавтаст хэрэг 1-41 хуудас

[3] Хавтаст хэрэг 1-42 хуудас

[4] Хавтаст хэрэг 1-65 хуудас