Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2023/0004

 

Ж.З-ын нэхэмжлэлтэй,

Монгол Улсын Засгийн газарт

холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

 

            Даргалагч, шүүгч:                       Г.Банзрагч

            Шүүгчид:                                       Д.Батбаатар

                                                                      М.Батсуурь

                                                                      Х.Батсүрэн

            Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

            Нарийн бичгийн дарга:         Т.Даваажаргал

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, нэхэмжлэгч Ж.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж, Н.Г нарыг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага:Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсгийг хүчингүй болгуулах

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг үндэслэн, Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ”-г, 2 дугаар хавсралтаар “усны нөөц ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь, хэмжээ”-г тус тус тогтоосон, 2 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт “гадаргын болон газар доорх усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс 100 хувь хөнгөлөх”-өөр заажээ.

2.2. Нэхэмжпэгч Ж.З-аас “... Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг Засгийн газраас тогтоосон хувь, хэмжээгээр хөнгөлж болно гэж заасан ... /байхад/ Засгийн газар 2013 оны 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт гадаргын болон газар доорх усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс 100 хувь хөнгөлөхөөр зохицуулсан нь дээрх хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт болсон. 100 хувь хөнгөлөх гэдэг нь төлбөрөөс чөлөөлж буй тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасантай адил эрх зүйн үр дагавартай бөгөөд тус хуулийн 20.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн тодорхой хувь, хэмжээгээр хөнгөлөх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон бөгөөд 100 хувь хөнгөлсөн нь эрх зүйн үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ.

2.3. Хариуцагч Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Монгол Улсын Засгийн газар нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасан ус ашигласан төлбөр төлөгчийн төлбөрийг тогтоосон хувь, хэмжээгээр хөнгөлж болохоор заасны дагуу ... өөрийн бүрэн эрхийн хүрээнд ... хувь хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй” гэх агуулгатай тайлбарыг ирүүлэв.

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, “...  Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1-д зааснаар Монгол Улсын Засгийн газарт ус ашигласны төлбөрөөс хөнгөлөх хувь хэмжээг тогтоох эрхийг олгосон. Тогтоолын төслийн танилцуулгаас үзвэл ... дээрх хуулийн заалтын дагуу унд ахуйн хэрэглээнд усыг эрдэсжүүлж, цэнгэгжүүлэн хэрэглэсэн тохиолдолд 100 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг хуулийн 20.1.1-д хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигласан төлбөр төлөгчийг чөлөөлөхөөр заасан учраас унд, ахуйн зориулалтаар хэрэглэсэн усыг 100 хувь хөнгөлсөн гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

3.1. Нэг татвар ногдох зүйлийг хуулийн 2 өөр заалтаар ялгаатай зохицуулах боломжгүй буюу хүн амын унд, ахуйн хэрэгцээнд ашигласан усыг нэгэнт хуулиар чөлөөлсөн бол хөнгөлж болохоор өөр зохицуулалт байх боломжгүй. Хуулийн 20.1.1-д заасан зохицуулалт нь ямар нэгэн ашгийн төлөө хуулийн этгээдийн үйл ажиллагаатай хамааралгүй, хүн амын унд ахуйн анхдагч хэрэглээнд ашигласан усыг чөлөөлөхөөр, харин хуулийн 20.2.1-д заасан татвар ногдох зүйлд дээрхээс бусад байдлаар ашгийн төлөө хуулийн этгээдийн ажилчдын унд ахуйн хэрэглээнд ашиглаж буй ус хамаарах бөгөөд цэнгэгжүүлж, зөөлрүүлж ашигласан тохиолдолд хөнгөлж болохоор зохицуулсан.

3.2. Хөнгөлөх хувь хэмжээний тухайд нэгэнт хуулиар ямар нэгэн хязгаар тогтоогоогүй, Монгол Улсын Засгийн газарт сонгох боломж олгосон байх тул 100 хувь хөнгөлснийг хуулийн хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д заасны дагуу хуулиар тогтоосон сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлээгүй, буруу хэрэглэсэн нь тогтоогдохгүй байхад захиргааны байгууллагын сонголт хийх бүрэн эрхэд захиргааны хэргийн шүүхээс халдах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

4.1. “... Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд төлбөр төлөгчийн ус ашигласан зориулалтаас хамаарч “Усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх” талаар зохицуулсан бөгөөд 20.1-т заасан зориулалтаар ус ашигласан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхөөр, 20.2-т заасан зориулалтаар ус ашигласан тохиолдолд Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр хөнгөлж болохоор заажээ.

4.2. Хууль тогтоогчоос Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т Засгийн газар төлбөр төлөгчийн ус ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээний дээд, доод хязгаарын талаар тодорхой хувь хэмжээг тогтоогоогүй боловч тодорхой үндэслэлээр төлбөрөөс чөлөөлөх нөхцлүүдийг зохицуулсан (20.1) атлаа өөр зохицуулалтаар (20.2) 100 хувь хөнгөлөх (чөлөөлөх) боломжийг Засгийн газарт олгох нь логик зөрчил үүсгэх тул боломжгүй. Хууль тогтоогчоос Засгийн газраас төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээг 100 хувиас доош байх шаардлага тогтоосон гэж үзнэ.

4.3. Төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөх гэдэг нь хуульд заасан тохиолдолд төлбөр төлөхөөс бүрэн чөлөөлөхийг, төлбөрийг хөнгөлөх гэдэг нь төлөх ёстой төлбөрийг хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан үндэслэлээр тодорхой хувь, хэмжээгээр хөнгөлөх тухай ойлголт бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нь хоорондоо эрс ялгаатай.

4.4. Төлбөрийг 100 хувиар хөнгөлөх нь төлбөрөөс чөлөөлж буйтай адил үр дагавартай тул 100 хувь хөнгөлөх тухай ойлголт байх боломжгүй.

4.5. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20.1, 20.2-т зааснаас үзэхэд төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг Улсын Их Хурал тогтоосон бөгөөд хуульд заасан зориулалтаар ус ашигласан бол төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээг тогтоох бүрэн эрхийг Засгийн газарт олгосон буюу төлбөрөөс чөлөөлөх бүрэн эрхийг Засгийн газарт олгоогүй байна.

4.6. Хэрэв хууль тогтоогч гадаргын болон газрын доорх усыг унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан тохиолдолд төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөхөөр зохицуулах байсан бол Байгапийн нөөц ашигласны төлбөрийн 20.1-т уг үндэслэлийг хуульчлах байсан бөгөөд уг асуудлыг 20.2-т зохицуулснаас үзэхэд дээрх зориулалтаар ус ашигласны төлбөрөөс чөлөөлөх зорилго хууль тогтоогчид байгаагүй гэж үзнэ.

4.7. Гэвч Засгийн газар өөрт олгогдсон хуулийн боломжийг хэтрүүлэн ашиглаж маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актаар гадаргын болон газрын доорх усыг унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан тохиолдолд төлбөр төлөгчийн төлбөрийг 100 хувь хөнгөлсөн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “хөнгөлөх хувь хэмжээний тухайд нэгэнт хуулиар ямар нэгэн хязгаар тогтоогоогүй” гэж дүгнэсэн нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

4.8. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т “Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас апь нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ” гэж заажээ.

4.9. Маргаан бүхий актын 2 дугаар хавсралтын 2-т “Ан амьтан хамгаалах өсген үржүүлэх, нутагшуулах болон ургамал тарьж ургуулах замаар байгалийн баялгийг нөхөн сэргээх” зориулалтаар ус ашигласан тохиолдолд төлбөрийг 99 хувиар хөнгөлөхөөр, мөн хавсралтын 4-т “Цас, бороо, үерийн усыг хуримтлуулж мал аж ахуй, газар тариалангийн зориулалтаар ашигласан” тохиолдолд 99 хувиар хөнгөлөхөөр зохицуулсан атап хавсралтын 1-т “Унд, ахуйн зориулалтаар усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан" тохиолдолд 100 хувь хөнгөлөхөөр зохицуулсан нь Засгийн газар хуулийн зөвшөөрөгдсөн боломжит хувилбар болох 1-99 хүртэл хувиар хөнгөлөх боломжоо (хуулийн хязгаар)-ыг хэтрүүлсэн, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

4.10. Давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11-д “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасны дагуу хуулиар тогтоосон сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязаарыг хэтрүүлээгүй, буруу хэрэглэсэн нь тогтоогдохгүй байхад захиргааны байгууллагын “сонголт хийх” бүрэн эрхэд захиргааны хэргийн шүүхээс халдах боломжгүй” ... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Засгийн газар дээр дурдсанчлан хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, хуулийг буруу хэрэглэсэн байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Монгол Улсын Засгийн газарт сонгох боломж олгосон байх тул 100 хувь хөнгөлснийг хуулийн хязгаарыг хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна” гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7 дахь хэсэг, Байгалийн нөөц ашигласны нөөцийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн байна.

4.11. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 28 дугаартай шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг давж заалдах журмаар хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.З нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлийн шаардлагаар үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Нэхэмжлэгч Ж.З-аас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт “гадаргын болон газар доорх усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс 100 хувь хөнгөлөх”-өөр заасныг хүчингүй болгуулахаар шүүхэд маргахдаа, үндэслэлээ  “... төлбөр төлөгчийг төлбөрөөс чөлөөлөх гэдэг нь хуульд заасан тохиолдолд төлбөр төлөхөөс бүрэн чөлөөлөхийг, төлбөрийг хөнгөлөх гэдэг нь төлөх ёстой төлбөрийг хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан үндэслэлээр тодорхой хувь, хэмжээгээр хөнгөлөх тухай ойлголт бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх нь хоорондоо эрс ялгаатай. Төлбөрийг 100 хувиар хөнгөлөх нь төлбөрөөс чөлөөлж буйтай адил үр дагавартай тул 100 хувь хөнгөлөх тухай ойлголт байх боломжгүй, ... хууль тогтоогчоос Засгийн газраас төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээг 100 хувиас доош байх шаардлага тогтоосон ... /байхад/ 100 хувь хөнгөлнө гэж зааснаар ус ашигласны төлбөрөөс чөлөөлсөн нь ... хууль бус” гэх агуулгаар  тайлбарлажээ.

7. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “...би Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн бөгөөд  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Ханбогд сумаас сонгогдсон, ... мөн Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөгчөөр тус тус ажилладаг”, “... маргаан бүхий хэм хэмжээний актын үйлчлэлийн улмаас Оюутолгой төслийн 15000 орчим ажилтны унд ахуйн хэрэгцээнд ус ашигласны төлбөр нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төсвийн орлого болон байгалийн нөөцийг нөхөн сэргээх төлбөрийн орлогыг тус тус бууруулсан”, “... тус суманд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаа Ханбогд сумын харьяат иргэний хувьд маргаан бүхий хэм хэмжээний актын улмаас ... Үндсэн хуульд заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” болон сумын төсвийн орлогоос үр шим хүртэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна”, “... төсвийн хөрөнгө нэмэгдснээр миний болон гэр бүлийн минь амьдрах, сурах, боловсрох, худалдаа үйлчилгээ, хувийн аж ахуй эрхлэх зэрэг орчин нөхцөл сайжрах зэрэг олон талын үр шимийг хүртэх боломжтой боловч  төсөвт орох ёстой төлбөр хөрөнгө их хэмжээгээр тасалдаж байгаа нь миний дээрх боломж, ашиг сонирхлыг зөрчиж байгаа юм ... ” гэх зэргээр өөрийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо тодорхойлсон байна.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн ... /-ээс/ захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох ... нэхэмжлэлийн хувьд /тухайн/ этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” талаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлохоор тус тус заажээ.  

9. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлд төлбөр төлөгчийн ус ашигласан зориулалтаас хамаарч “усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх” талаар зохицуулсан бөгөөд уг хуулийн 20.1-д заасан зориулалтаар ус ашигласан тохиолдолд төлбөрөөс чөлөөлөхөөр, 20.2-т заасан зориулалтаар ус ашигласан тохиолдолд Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр хөнгөлж болохоор заасан, үүний дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 1 дэх хэсэгт “гадаргын болон газар доорх усны эрдэсжилт, хатуулгийг нь цэнгэгжүүлж зөөлрүүлэн ашигласан тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрөөс 100 хувь хөнгөлөх”-өөр заасан уг хэм хэмжээ нь нэхэмжлэгч иргэн Ж.З эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнд чиглээгүй, шууд болон шууд бусаар иргэн Ж.З эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байна.

10. Нэхэмжлэгч Ж.З-аас гаргасан “... Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн бөгөөд  Ханбогд сумын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажилладаг, уг хэм хэмжээний актын улмаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын төсвийн орлого болон байгалийн нөөцийг нөхөн сэргээх төлбөрийн орлогыг тус тус бууруулсан” гэх агуулга бүхий үндэслэл нь иргэн Ж.З субьектив эрхийн агуулгад хамаарахгүй, уг асуудлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлөн шүүхэд маргах эрхийг Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Ханбогд сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Ж.З-т олгосон талаарх баримт хэрэгт авагдаагүй.

11. Түүнчлэн, нэхэмжлэгчээс “... Үндсэн хуульд заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх” болон сумын төсвийн орлогоос үр шим хүртэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна” гэх боловч уг хэм хэмжээний актын улмаас Үндсэн хуульд заасан эрх нь хэрхэн зөрчигдсөн болон “сумын төсвийн орлогоос үр шим хүртэх” ашиг сонирхол нь хэрхэн ямар байдлаар хөндөгдөж болзошгүй байгаа талаар тодорхойлоогүй, түүний субьектив эрхийг зөрчсөн талаарх баримт, үндэслэл гаргаж шүүхэд маргаагүй байна.

12. Нэхэмжлэгчээс гаргаж буй “ ... төсөвт төвлөрөх ёстой усны нөөц ашигласны төлбөр болон усны нөөцийг нөхөн сэргээхэд зарцуулагдах ёстой төлбөр хуримтлагдахгүй байгаа” гэх тайлбар нь уг асуудлаар нэхэмжлэл гаргах субьектив эрхийн агуулгад хамааралгүй байна.

13. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан захиргааны хэрэг үүсгэх урьдчилсан нөхцлүүдийг бүрэн шалгаагүй, “нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж, хөндөгдсөн” нөхцөл байдал, маргаан бүхий хэм хэмжээний акт нь нэхэмжлэгчид чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа эсэх, уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзлээ.   

14. Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасны дагуу иргэн Ж.З нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ж.З нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАНЗРАГЧ          

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                  Д.БАТБААТАР

                                                                                                  М.БАТСУУРЬ

                                                                           Х.БАТСҮРЭН