Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 256

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар иргэн Б.Н , Ч.Б нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х ын өмгөөлөгч П.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х , гуравдагч этгээд Х.Д гийн өмгөөлөгч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж .. дугаар байр .. тоот, Ү-220601... дугаар улсын бүртгэлийн дугаартай, 00014... тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах тухай,

Б.Н нь Япон улсын иргэн Н Ё Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж .. дугаар байрны .. тоот, Ү-220601... дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг 01 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууцны төлбөр төлж дуусгах баталгааны гэрээ” нэртэй “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр 70.000.000 (далан сая) төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, төлбөрийг 2014 оны 1 сард хуваарийн дагуу төлж дуусахаар харилцан тохирч, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн болно. Гэрээний дагуу төлбөрийг манай нөхөр Б аар дамжуулан төлж байсан. 

Миний бие орон сууцны төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлж дуусгасан бөгөөд уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан боловч Х бны барьцаанд бариулсан гэх шалтгаанаар миний нэр дээр шилжүүлэхээс татгалзаж ирсэн.

Япон Улсын иргэн Н Ё нь Монгол Улс, Японы хооронд ирж очиж, бизнес хийдэг бөгөөд Монгол Улсад компани байгуулан ажилладаг байсан.

Уг орон сууцыг удаа дараа шилжүүлэхийг шаардаж, сүүлдээ аргаа барж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч Н д холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 

Гэтэл иргэн Х.Д нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж .. дугаар байр .. тоот, Ү-220601... дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас гаргах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг гаргахад миний бие Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж .. дугаар байр .. тоот, Ү-220601... дугаар улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг Япон Улсын иргэн Н Ё нь иргэн Х.Д д 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн болохыг мэдсэн.

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Уг шийдвэрийн эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн байна гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Бид Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргаж хандахад 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр бүртгэлийг хүлээн авахаас татгалзсан хариуг 1/11203 тоот албан бичгээр өгсөн болно.

Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж .. дугаар байр .. тоот, Ү-220601... дугаар улсын бүртгэлийн дугаартай, 00014... тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Япон улсын иргэн Н Ё Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, .. дугаар байр .. тоот 3 өрөө, 74.7 м.кв талбай бүхий байрыг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож, тухайн байрыг эзэмшилдээ авч амьдарч байсан. Гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлж барагдуулсан. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Төлбөрийг барагдуулж дууссанаас хойш Япон улсын иргэн Н Ёд хандаж тухайн орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн боловч орон сууцыг банкны барьцаанд тавьсан тул боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд нэхэмжлэгч тухайн байрандаа амьдарч байсан. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Н Ё нь иргэн Х.Д гэх хүнтэй тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрчилгээг түүний нэр дээр гаргуулсан байдаг. Х.Д нь өөрийн нэр дээр орон сууцыг бүртгүүлэх эрхгүй этгээд, бидний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэсэн үүднээс тухайн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулж, орон сууцыг нэхэмжлэгчдийн нэр дээр шилжүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. 

Нэхэмжлэлийн шаардлага дараах үндэслэлээр нотлогдож байна гэж үзэж байна. Үүнд нэхэмжлэгч Б.Н нь Иргэний хуулийн дагуу хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тухайн орон сууцыг хуулийн дагуу эзэмшилдээ авч, шударгаар эзэмшиж байсан. Япон улсын иргэн Н Ё байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т бичгээр хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд бичгээр байгуулсан гэрээнд талууд гарын үсэг зурснаар гэрээг байгуулагдсанд тооцно гэж заасан. Япон улсын иргэн Н Ё байгуулсан гэрээ одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Иймд иргэн Х.Д нь тухайн байрыг өөрийн нэр дээр шилжүүлэх эрхгүй этгээд байсан гэж үзэж байгаа. Мөн тухайн орон сууцыг худалдах худалдан авах гэрээг Н Ё нь Х.Д тай өөрөө байгуулаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан байгуулсан гэж байгаа боловч тухайн Л.А гэх хүнд олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. Нотариатын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д хуулийг дээдлэх зарчмыг зааж өгсөн. Мөн тус хуульд төлөөлөгч, төлөөлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох талаар дурдаж өгсөн. Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төлөөлөгч болон төлөөлүүлэгчийн хувийн байдал, овог, нэр, оршин суух хаягийг тодорхой бичнэ гэж зааж өгсөн. Гэтэл Л.А гэх хүнд олгосон 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлд төлөөлөгчийн хувийн байдлыг тогтоосон байдаг. Харин төлөөлүүлэгчийн байдлыг нарийвчлан тогтоогоогүй. Зөвхөн Япон улсын иргэн Н Ё гэсэн байдаг.  

Тэгэхээр хуулиар тогтоосон шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д хоёр ба түүнээс дээш талууд нотариатын үйлдэл хийлгэж байгаа тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа орчуулагч /хэлмэрч/-ийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно гэж заасан. Гэтэл байнга нэр нь дурдагдаж, итгэмжлэл олгогдсон н.О , М.А нар итгэмжлэл олгох болгондоо бие, биенээ орчуулагчаар оролцуулдаг. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Тухайн нотариатын үйлдлийн нэг тал болж оролцдог мөртлөө орчуулгын үйл ажиллагаа явуулаад байгаа учраас итгэмжлэлийг хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна. Хуульд нийцэхгүй итгэмжлэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас хуульд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан. Х.Д нь улсын бүртгэлд хандаж, мэдүүлэг гаргахад бүрдүүлэн өгсөн нотлох баримт хүчин төгөлдөр бус, хууль бус акт гэж үзэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т Улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 3.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх гэсэн зарчмыг зааж өгсөн. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т бүртгэл үнэн зөв байх, 7 дугаар зүйлийн 7.3-д Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайн этгээд өөрөө хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өөрчлөлт оруулж болно гэж заасан. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туулын гудамж, .. дугаар байрны .. тоот орон сууцны улсын бүртгэлийн Ү-220601... дугаартай, 000014... тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг нэхэмжлэгч Б.Н гийн нэр дээр бүртгэхийг хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү. 

Хариуцагчийн зүгээс Б.Н нь орон сууцны төлбөрийг төлж дуусаагүй гэж байна. Тухайн орон сууцны төлбөрүүдийг төлсөн баримт хавтаст хэрэгт авагдсан, төлбөрийг бүрэн барагдуулсан байгаа. Захиргааны хэргийн харьяаллын бус маргаан гэж байна. Улсын бүртгэлийн байгууллага нотлох баримтыг үнэн зөв, бодитой байдлыг үнэлж, нягтлан үзсэний үндсэн дээр улсын бүртгэлийг хийх ёстой. Шаардлагатай бол улсын бүртгэгч үл хөдлөх эд хөрөнгийн байгаа газар нь очиж үзэх үүрэгтэй гэж Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.15-д заасан байгаа. Мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв эсэхийг нягталж үзэлгүй бүртгэл хийсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Иргэн Б.Н , Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601... дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот орон сууцны анхны өмчлөгчөөр Япон улсын иргэн Н Ё бүртгэлтэй байсан.

2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Н Ё нь дээрх эд хөрөнгөө барьцаалж Х бтай байгуулсан зээл, барьцааны гэрээ бүртгэлтэй байсан бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 22-ны уг зээлээ төлсөн тул барьцааны гэрээг дуусгавар болсон бүртгэл хийгдсэн байна.

2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 317 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн уг орон сууцны өмчлөх эрхийг иргэн Х.Д гийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бөгөөд Х.Д д өмчлөх эрхийн 00048... дугаартай гэрчилгээ олгосон байна.

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Н нь дээрх орон сууцны бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн байна. 

Х.Д гийн нэхэмжлэлтэй Б.Н , Ч.Б нарт холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болно.

Дараах үндэслэлээр Б.Н г Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзаж байгаа болно.

1. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Н Ё, Б.Н нарын байгуулсан “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ”-нд зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлж дуусгамагц, Н Ё нь өөрийн өмчлөлд байгаа дээрх 3 өрөө байрыг Б.Н гийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. Гэтэл Б.Н нь орон сууцны төлбөрийг бүрэн төлснийг нотлох баримт байхгүй тул өмчлөгч гэдэг нь баттай нотлогдохгүй байна. Түүнчлэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 784 дүгээр магадлалд Б.Н г дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй болохыг дурдсан байна.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01972 дугаар шийдвэрээр “Гэрээний үүргээ биелүүлсэнд тооцож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгэхийг даалгах, илүү төлсөн 8000000 төгрөг гаргуулах тухай” Б.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ” гэж заасан. Гэтэл дээрх “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ”-г 138 дугаартай, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч П.Г 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрчилсэн байгаа нь Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн хэлцэл”, 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байна” гэж заасны дагуу уг “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ” нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Иймд уг хэлцлийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэлгүй болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Н г өмчлөгч гэдэг нь баттай нотлогдохгүй байна.

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д зааснаар улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно заасан, “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Эрхийн улсын бүртгэлийн Ү-220601... дугаартай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн Х.Д  бүртгэлтэй байгаа бөгөөд өмчлөх эрхийн 00048... дугаартай гэрчилгээ нь хүчинтэй байна. Х.Д нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 317 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээгээр уг орон сууцны өмчлөх эрхийг Н Ёгаас авсан бөгөөд уг худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хууль болон хуулийн дагуу хийгдсэн байна. “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.3-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгэгдэж Х.Д гийн өмчлөх эрх хүчин төгөлдөр болсон байна.

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу Н Ёгийн өмчлөх эрх дуусгавар болж, Х.Д гийн өмчлөх эрх хүчин төгөлдөр болж, баталгаажсан байна. Иймд Х.Д гийн өмчлөх эрх хүчинтэй байхад Б.Н г дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэх үндэслэлгүй байна.

Б.Н г өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуульд заасан үндэслэлийн дагуу байх тул Б.Н гийн нэхэмжлэлийн шаардлагаыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Түүнчлэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Н Ё, Б.Н нар байгуулсан “орон сууцны төлбөр төлж дуусгах тухай баталгааны гэрээ”-г байгуулсан байхад Ч.Б ийн эрх, ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй тул Ч.Б “өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэл гаргах эрхгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Н Ё нь “Х б” ХХК-тай уг үл хөдлөх хөрөнгө барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр барьцааны гэрээг дуусгавар болгон бүртгэгдсэн. 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 317 дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн орон сууцны өмчлөгчийг шилжүүлэхээр Х.Д нь мэдүүлэг гаргасан. Худалдах худалдан авах гэрээг үндэслэн Х.Д гийн өмчлөлд орон сууцыг бүртгэж 00485... дугаартай гэрчилгээг олгосон. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Б.Н нь дээрх орон сууцны улсын бүртгэлийг хийлгэсэн. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Х.Д гийн Б.Н , Ч.Б нарыг албадан гаргуулах нэхэмжлэлтэй хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа. Тэгэхээр .. дугаар байрны .. тоот орон сууцыг өмчлөгчөөр Б.Н г бүртгэхээс дараах үндэслэлээр татгалзаж байна. 

Үүнд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол мэдүүлгийг буцаана гэж заасан. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Н Ё, Б.Н нарын хооронд хийгдсэн 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орон сууцны төлбөр төлж барагдуулж, төлбөр төлж дуусах тухай баталгааны гэрээнд зааснаар Б.Н нь 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлбөрийг төлж дуусгахаар заасан боловч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримт байдаггүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 784 дүгээр магадлалаар Б.Н нь дээрх орон сууцны төлбөрийг төлөөгүй байна гэж дүгнэсэн байдаг. Ийнхүү өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Тэгэхээр нэхэмжлэгч Б.Н нь тухайн орон сууцны өмчлөгч гэдгийг тогтоох баттай нотлох баримт байхгүй гэж үзэж байна. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ гэж заасан. 

Гэтэл 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн баталгааны гэрээг Сүхбаатар дүүргийн нотариатч гэрчилсэн байдаг. Иймд уг гэрээг өмчлөх эрх шилжүүлж буй гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Тэгэхээр 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан баталгааны гэрээ нь дээрх хуулийн заалтад заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага бүртгэл хийх үндэслэл байхгүй. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгохыг хориглоно. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Маргаан бүхий орон сууц нь Х.Д гийн нэр дээр бүртгэгдсэн, олгосон гэрчилгээ нь хүчин төгөлдөр, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байгаа. Х.Д нь худалдах, худалдан авах гэрээг Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийн дагуу хийсэн байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, энэ хуулийн 3.2-т заасан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөрт тооцогдоно гэж заасан. Тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана гэж заасан. Х.Д гийн хэлцэл улсын бүртгэлд бүртгэгдсэн учраас тус хэлцэл нь хүчин төгөлдөр болсон байна. Дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг өөрчлөлтийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжиж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Тэгэхээр Н Ёгийн өмчлөх эрх дуусгавар болж, Х.Д гийн өмчлөх эрх хүчин төгөлдөр болж, баталгаажсан. Тэгэхээр Х.Д д олгосон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Мөн Б.Н гийн өмчлөх эрх баттай нотлогдохгүй байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж байна. Тэгэхээр итгэмжлэлийг хүчин төгөлдөр, хүчин төгөлдөр бус гэдгийг иргэний хэргийн журмаар шийдвэрлэх ёстой. Захиргааны байгууллага, албан тушаалтны ямар үйлдэл хууль бус болоод байгаа талаар л тус шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Тэгэхээр итгэмжлэлтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн журмаар шийдвэрлэнэ. Улсын бүртгэлийн байгууллага Н Ёгаас Х.Д нь үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан баримтыг үндэслэн бүртгэл үнэн зөв хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 

Б.Н нь өмчлөгч гэдэг нь баттай нотлогдохгүй байна гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Бүртгэлийг нотлох баримтад үндэслэн бүртгэл хийнэ гэж байна. Худалдах худалдан авах гэрээгээр Н Ё, Х.Д нар оролцоод бүртгэлийг хийлгэсэн. Б.Н нь би энэ орон сууцыг худалдан авсан гэсэн баримт байхгүй. Б.Н нь энэ байдлаар манайд огт хандаж байгаагүй. Талуудын байгуулсан хууль ёсны гэрээг үндэслэн бүртгэл хийгдсэн. Мөн газар дээр нь очиж үзэх үндэслэл байгаагүй. 2 хүн худалдах худалдан авах гэрээгээ байгуулсан. Тухайн эд хөрөнгийг ямар нэгэн маргаантай гэсэн мэдээлэл, тэмдэглэл байгаагүй. Б.Н манайд огт хандаж байгаагүй, мэдүүлэг гаргаагүй. 

Гуравдагч этгээд Х.Д шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж байгаа байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын утга нь нэгдүгээрт иргэний эрх зүйн гэрээтэй холбоотойгоор Япон улсын иргэн Н Ёг буруутгасан асуудал байгаа болохоос хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хууль тогтоомжинд заасан яг ямар үүргээ биелүүлээгүй, юуг зөрчсөн талаар тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь хууль тогтоомжинд заасан журмын дагуу Х.Д миний тус байрыг худалдан авсан гэрээг бүртгэж, тус үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн тгээдээс захиргааны хууль бус уйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг элнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон энэхүү хэрэгт цугларсан баримтуудаас харахад захиргааны хууль бус үйл ажиллагаа байгаа эсэх, түүнийг тогтоосон баримт нэгээхэн ч алга байна.

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас харахад Н Ёг буруутгаад, гэрээний үүрэг хэрэгжилтийн талаар тусгаад байгаа энэхүү үйл баримт нь өөрөө Захиргааны шүүхээр шийдвэрлэгдэх биш харин гэрээний дагуу иргэний шүүхэд хандах асуудал болно.

Х.Д миний бие тус үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан арга журмаар, гэрээний дагуу үүргээ биелүүлж олж авсан бөгөөд Иргэний хуульд зааснаар гуравдагч этгээд миний бие тус эд хөрөнгийн шударга өмчлөгч билээ. Гэтэл өнөөдөр шударгаар олж авсан хөрөнгийг маань хууль бус болохыг тогтоолгохоор мөн хууль тогтоомжинд заасан журмын дагуу үйл ажиллагаагаа хийсэн хариуцагчийг буруутгаж өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаж байгаа нь илт үндэслэлгүй бөгөөд шударга өмчлөгчийн эрхийг хөндөж буй асуудал болно. 

Х.Д би нь Б.Н , түүний төрсөн хүү болох Б.Г т холбогдуулан байр албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тусад нь гаргаж 2 иргэний хэрэг үүсгүүлээд явж байхад Япон улсын иргэн Н Ё нь мөн Б ийг хариуцагчаар татаж, “Төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 75 500 000 далан таван сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулах”-аар, тэдний төрсөн хүү Б ийн Г ийг мөн хариуцагчаар татаж “Нийтдээ Б.Г өөс 32.750.000 /Гучин хоёр сая долоон зуун тавин мянган/ төгрөг гаргуулах”-аар тус тус шаардсан  иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлдээ тусгасан шиг нөхөр Х.Б аар дамжуулан орон сууцны төлбөрийг бүрэн төлж дууссан гэх үндэслэл нь үгүйсгэгдэж байгаа юм. Х.Б нь төлж барагдуулсан юм бол өнөөдөр яагаад Н Ёд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 75 500 000 /Далан таван сая таван зуун мянган/ төгрөгийн асуудлаар иргэний хэрэгт хариуцагчаар татагдах билээ.

Тиймээс уг нэхэмжлэгч нарын дурдаад байгаа Япон улсын иргэн Н Ё холбоотой асуудлууд нь өөрөө иргэний шүүхээр шийдвэрлэгдэх, шийдвэрлэгдээд явж байгаа асуудлууд юм.

Харин тус миний нэхэмжлэлтэй 2 иргэний хэрэг, Н Ёгийн нэхэмжлэлтэй 2 иргэний хэрэгт Б.Н , Х.Б нарын төрсөн охин болох Б ийн Х нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байгаа бөгөөд иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, шүүх хуралдааныг хийлгүүлэхгүй байх аргаар ямар хууль бус үйл ажиллагаа явуулж хариуцагчийг татаж захиргааны хэрэг үүсгүүлж, Х.Д миний нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлсэн байгаа болно.

Мөн Б.Г , Х.Б нарыг хариуцагчаар татсан Н Ёгийн нэхэмжлэлтэй 2 иргэний хэргийг “Н Ёгаас олгосон итгэмжлэлд” нь холбогдуулж иргэний хэрэг үүсгүүлэн түдгэлзүүлэх хүсэлтүүдийг гаргаснаар Б.Г ийн нэхэмжлэлтэй хэрэг нь түдгэлзсэн, Х.Б т холбогдох хэрэг дээр гаргасан түдгэлзүүлэх хүсэлт гаргасан хүсэлтийг хангахаас атгалзсан болно.

Энэ бүхнийг нуршаад буй гол шалтгаан нь энэхүү гэр бүлийнхэний аль ч хэргийг шийдвэрлүүлэхгүй удаашруулах, гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх зэрэг арга болгож, шүүхийг ийнхүү ашиглаж, нэг шүүхээр нэгийг нь түдгэлзүүлэх, эсхүл шүүх хуралдааныг хийлгүүлэхгүй байх зэрэг үйлдэл хийгээд байгаа гэдгийг ойлгуулах гэсэн болно. Миний бие энэ хугацаанд маш их хохирч тус 2 байранд амьдрах ёстой хүмүүс амьдарч чадахгүй байр түрээсэлж, өмгөөлөгч хөлсөлж маш их зардал, цаг хугацаа, эдийн засгаар их хохирч байгаа тул хохирсон хохирлоо эдгээр хүмүүсээс нэхэмжлэх болно.

Иймд нэхэмжлэгч нарын маргаан нь өөрөө Захиргааны шүүхээр шийдвэрлэх харъяаллын маргаан биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах эхний нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Ийнхүү хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахын тулд захиргааны байгууллагын хууль бус ажиллагаа байх ёстой. Гэтэл нэхэмжлэгч талаас захиргааны байгууллагын аль үйл ажиллагаа хууль бус болохыг өнөөдрийг болтол тодорхойлж чадаагүй. Харин хүчингүй болгуулах үндэслэлээ гэрээ болон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа. Гэтэл захиргааны байгууллагын хууль бус ажиллагаа нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг зөрчөөд байгаа талаар ярих ёстой байтал гэрээг хууль бус гэж иргэний хэргийн шүүхийн харьяаллын асуудлыг тайлбарлаж байна. Захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны талаар тодорхой үндэслэл бүхий тайлбарыг хэлж чадаагүй. 

Б.Н гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ийнхүү даалгахын тулд нэхэмжлэгч нь маргаан бүхий байрны өмчлөгч гэдгээ нотолсон байх ёстой. Өнөөдрийг хүртэл Б.Н нь тухайн байрны өмчлөгч гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр болон бусад баримт байхгүй. Тэгэхээр даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй болж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч иргэний хэргийн шүүх шийдвэрлэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж байна. Тэгэхээр захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж үзэж байна. 

Х.Д нь үл хөдлөх хөрөнгийг хууль тогтоомжид заасан арга, хэлбэрийн дагуу худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлэн, хууль ёсоор шилжүүлэн авсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. 

   ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Н , Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х аас гаргасан “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот, Ү-220604... дугаар улсын бүртгэлийн дугаартай, 00014... тоот гэрчилгээ хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлагаар шүүхээс захиргааны хэрэг үүсгэжээ /хх 27-28/. 

Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот байрыг өмчлөгч Н Ё нь Х.Д тай өөрөө гэрээ байгуулаагүй, хууль бус итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нарын хооронд байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хуулийн хүчин төгөлдөр бус байхад уг байрыг Х.Д гийн өмчид бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон нь бидний үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад болж байгаа гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах, маргаан бүхий байрыг Н гийн нэр дээр шилжүүлэн бүртгээгүй захиргааны байгууллагын татгалзалтай тус тус маргасан байна. 

Маргааны үйл баримтын талаар:

Япон Улсын иргэн Н Ё нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, .. дугаар байрны .. тоот 74.7 мкв, 3 өрөө, .. тоот байрыг “Орон сууц захиалгаар бариулах” гэрээг 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулж, худалдан авчээ /хх 49-52/. 

Н Ё нь маргаан бүхий байрны өмчлөгчөөр 2011 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авчээ /хх 41-58, 66/. 

Нэхэмжлэгч Б.Н нь Япон Улсын иргэн Н Ё Ү-220601... эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 00014... тоот гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж .. дугаар байр, .. тоот, 74.7 мкв 3 өрөө байрыг “Орон сууцны төлбөр төлж  дуусгах тухай баталгааны гэрээ” /хх 112-114/-г 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулжээ. 

Уг гэрээний дагуу Б.Н нь маргаан бүхий орон сууцыг нийт 70,000,000 /далан сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, эхний урьдчилгаа төлбөр 14,000,000 /арван дөрөв сая/ төгрөгийг бэлнээр төлж, гэрээний төлбөрийг 2014 оны 01 дүгээр сар хүртэл төлж барагдуулахаар тохиролцсон.  Нэхэмжлэгч Б.Н , Ч.Б нараас  нийтдээ 64,000,000 сая төгрөгийг Н Ёгийн дансанд 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2013 он хүртэл төлсөн баримтууд /хх 15-22/  хавтаст хэрэгт авагджээ. 

Маргаан бүхий байрыг өмчлөгч Н Ёгийн хүсэлтээр барьцааны бүртгэлд 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр бүртгэж, улмаар уг барьцааны бүртгэлээс барьцааны гэрээ дуусгавар болсон үндэслэлээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр чөлөөлсөн гэдэг нь Н Ёгийн мэдүүлэг /хх 59/,  Х бтай байгууллсан №14/059 тоот Зээлийн гэрээ /хх 61-63/, №14/059 Барьцааны гэрээ /64-65/, мэдүүлэг, Х бны барьцаа хөрөнгө чөлөөлөх албан бичиг /72-73/, хариуцагч байгууллагын хариу тайлбар /хх 37/  зэргээр тогтоогдож байна. 

Маргаан бүхий байрыг гуравдагч этгээд Х.Д нь Н Ёгийн төлөөлөгч Л.А тай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хх 76/ 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулж 30, 000, 000 сая төгрөгөөр худалдан авсан байна. Х.Д нь 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр уг гэрээг үндэслэн өмчлөгчийг шилжүүлэн бүртгүүлэх мэдүүлэг /хх 74/-ийг гаргажээ.

Улмаар маргаан бүхий байрыг хууль ёсны өмчлөгч гэж үзэн Ү-220601... дугаар эрхийн бүртгэлийн дугаартай, 00048... тоот гэрчилгээ /хх 80/-г 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гуравдагч этгээд Х.Д д Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон байна. 

Нэхэмжлэгч талаас “...орон сууцны төлбөрийг 2013 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бүрэн төлж дуусгасан бөгөөд уг байрыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг шаардсан боловч Х бны барьцаанд байгаа гэх шалтгаанаар миний нэр дээр шилжүүлэхээс татгалзаж ирсэн..., 2013 оны 8 дугаар сард Н Ё Монгол ирэх үед холбогдон хамтдаа Хан-Уул дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст очиж, орон сууцны өмчлөлийг шилжүүлж өгөхийг хүсч байсанч Х бны барьцаанд байна гэх шалтгаанаар бүртгэж өгөхөөс татгалзсан билээ. Бүртгэлийн байгууллага цаанаа тэмдэглэгээ хийж авсан байх, ямар ч байсан бичиж авсан байсан. Бидэнд бол амаар боломжгүй гэдэг хариуг л өгсөн” гэж тайлбарлажээ /хх 1, 161, 162/.  Гэвч хариуцагч байгууллагаас энэ талаар шүүхээс тодруулахад нэхэмжлэгчийн зөвхөн 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандсан талаарх мэдээлэл ирүүлсэн /хх 151, 152/, мөн тухайн үед нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн энэхүү татгалзалтай маргаагүй зэргээс дүгнэхэд Х.Д гийн өмчлөлд бүртгэхээс өмнө нэхэмжлэгч нар нь хариуцагч улсын бүртгэлийн байгууллагад Н Ёгаас худалдан авсан гэх маргаан бүхий байрыг өөрийн өмчлөлд бүртгүүлэх талаар болон урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх талаар мэдүүлэг, хүсэлт гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. 

Мөн хавтаст хэрэгт цугларсан шүүхийн шийдвэрүүд, нэхэмжлэлүүд /хх 125-143/ болон талуудын тайлбараас нэхэмжлэгч, гуравдагч этгээд талуудын хооронд иргэний журмаар маргаж байгаа үндэслэлүүд байх боловч маргаан бүхий байрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэнтэй холбоотой итгэмжлэл, худалдах худалдан авах гэрээг хууль бус, хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр байхгүй байгаа нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Б.Н нь 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий байрыг өмчлөгч буюу худалдан авагчийн урьдчилсан тэмдэглэл хийлгүүлэхээр мэдүүлэг /хх 81-82/ гаргаж, улмаар 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр “...Миний зүгээс төлбөрийг гэрээний хугацанд бүрэн төлж барагдуулсан байтал Япон Улсын иргэн Н Ё нь байрны өмчлөх эрхийг надад шилжүүлэлгүй зугтаж явсаар 2016 оны 3 дугаар сард иргэн Х.Д д байрны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлсэн байна. Иймд дээрх бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж өгнө үү.” гэсэн өргөдөл /хх 83/-ийг Хан-Уул дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргажээ.

Нийслэлийн Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1051 дугаар албан бичгээр “...Н Ёгаас иргэн Х.Д д шилжүүлэн бүртгэгдэж гэрчилгээ олгогдсон байна. Иймд таны гаргасан өргөдлийн дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, таны нэр дээр шилжүүлэх боломжгүй.” гэсэн хариу /хх 9/-г нэхэмжлэгч Б.Н д хүргүүлжээ. 

Энэхүү Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1051 дугаар албан бичгийг эс зөвшөөрч 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 8404 дугаар захирамж /хх 10-11/-аар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй байгаа үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 

Нэхэмжлэгчээс Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргаж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1/11203 дугаар албан бичиг /хх 12/-ээр гомдлын хариуг өгч, уг хариуг эс зөвшөөрч тус шүүхэд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамж /хх 26-28/-аар 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ. 

Хууль зүйн үндэслэлийн талаар: 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д Эд хөрөнгийн улсын бүртгэл нь эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах, барьцааны эрхийн зэрэг төрөлтэй байхаар заажээ. Нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл буюу маргаан бүхий захиргааны акт нь маргаан бүхий байрыг гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйлдэлтэй холбоотой байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн Гуравдугаар бүлэгт үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэж баталгаажуулахтай холбоотой үүсэх харилцааг тусгайлан зохицуулжээ. Түүнчлэн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэгчийн эрх, үүрэгтэй холбоотой болон улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөх журам зэргийг баримтална. 

1.Гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох шаардлагын талаар:

Гуравдагч этгээд Х.Д нь маргаан бүхий байрыг Н Ёгийн төлөөлөгч Л.А тай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авч, уг гэрээг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд хэлцлийн эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана.” гэж заасны дагуу өмчлөгчийг шилжүүлэн бүртгүүлэх мэдүүлгийг  мөн хуулийн 13 дугаар зүйлд 13.1, 13.5 заасан шаардлагын дагуу гаргажээ. 

Улсын бүртгэгч нь дээр дурдсан хуулийн заалтын дагуу гуравдагч этгээдийн Х.Д гийн мэдүүлэг, хавсаргасан баримтыг хянан үзэж, “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, итгэмжлэл болон бусад баримтыг үндэслэн Япон Улсын иргэн Н Ёгийн өмчлөх эрхэд бүртгэлтэй маргаан бүхий байрыг гуравдагч этгээд Х.Д гийн нэр дээр шилжүүлэн өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж, гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ. Энэ нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасны дагуу маргаан бүхий байрны өмчлөх эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан үйлдэл байна.  

Нэхэмжлэгч талаас “...орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг Н Ё нь Х.Д тай өөрөө байгуулаагүй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан байгуулсан гэж байгаа боловч тухайн Л.А гэх хүнд олгосон итгэмжлэл нь хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байгаа, Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д төлөөлөгч болон төлөөлүүлэгчийн хувийн байдал, овог, нэр, оршин суух хаягийг тодорхой бичнэ гэж заасан. Гэтэл Л.А гэх хүнд олгосон 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлд төлөөлөгчийн хувийн байдлыг тогтоосон байдаг. Харин төлөөлүүлэгчийн байдлыг нарийвчлан тогтоогоогүй. Зөвхөн Япон улсын иргэн Н Ё гэсэн байдаг.” гэж маргажээ /хх 217/.

Гэвч Н Ё нь маргаан бүхий байрыг худалдах, холбогдох гэрээнд гарын үсэг зурах, лавлагаа авах бүрэн эрхийг Л.А д олгож, 1 жилийн хугацаатай итгэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр үйлдсэн, итгэмжлэлийг үйлдэх үед Н Ё өөрийн биеэр ирж хүсэл зоригоо илэрхийлсэн, мөн уг итгэмжлэлд төлөөлүүлэгч Н.Ё болон төлөөлөгч Л.А ийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдрийг бүрэн бичиж, иргэний үнэмлэх, паспортыг хуулбарлан авсан, нотариачийн тэмдэглэл үйлдсэн гэдэг нь итгэмжлэл /хх 788 167/, нотариатч Д.О ийн тус шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг /хх 186-187/, бичгээр гаргасан тайлбар /хх 164/, нотариатын үйлдэл хийхэд ашигласан баримтууд /хх 165-169/ зэргээр тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн маргаж байгаа итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй гэдэг нь маргааны үйл баримтаас тогтоогдож байна. Иймээс нэхэмжлэгчийн дээр дурдсан маргаж байгаа үндэслэлийг хүлээн авах үндэслэлгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч талаас “Нотариатын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “хоёр ба түүнээс дээш талууд нотариатын үйлдэл хийлгэж байгаа тохиолдолд нэг тал нь нөгөө талдаа орчуулагч /хэлмэрч/-ийн үүрэг гүйцэтгэхийг хориглоно.” гэж заасан Гэтэл байнга нэр нь дурдагдаж, итгэмжлэл олгогдсон н.О , Л.А нар итгэмжлэл олгох болгондоо бие биенээ орчуулагчаар оролцуулдаг. Энэ нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Тухайн нотариатын үйлдлийн нэг тал болж оролцдог мөртлөө орчуулгын үйл ажиллагаа явуулаад байгаа учраас итгэмжлэлийг хуулийн шаардлага хангахгүй гэж үзэж байна. Үнэн зөв эсэхэд эргэлзээ төрж байна. Хуульд нийцэхгүй итгэмжлэлийг үндэслэн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн учраас хуульд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.” гэж маргажээ /хх 217/. 

Гэтэл итгэмжлэлийг нэг талаас Н Ё нөгөө талаас Л.А нар хийсэн байх бөгөөд Ж.О нь орчуулагчаар оролцжээ. Энэ байдлаас үзэхэд итгэмжлэлийг үйлдэхэд оролцсон тал нь Н Ё болон Л.А байх бөгөөд Ж.О нь итгэмжлэлийг хийхэд оролцсон тал биш байх тул нэхэмжлэгчийн маргаж байгаа дээр дурдсан тайлбар  үгүйсгэгдэж байна.  

Эндээс дүгнэхэд гуравдагч этгээдээс маргаан бүхий байрыг өмчлөх эрхээ шилжүүлэх үедээ хийгдсэн хэлцэл буюу “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ болон итгэмжлэл хууль бус, хүчин төгөлдөр бус гэдэг нь тогтоогдоогүй байна. 

Үүний учир нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлд дурдсаны дагуу тодруулбал, “Улсын бүртгэлийн тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д заасан “Улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 17 дугаар зүйлийн 17.3-д заасан  “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй ”, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “бүртгэл үнэн зөв байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж улсын бүртгэгчийг буруутгах үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

2.Урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх, өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын талаар:

Нэхэмжлэгч нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, 21 дүгээр зүйлд зааснаар маргаан бүхий байрыг өөрийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийлгүүлэх, худалдан авсан байраа худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хийдэг урьдчилсан тэмдэглэлийг хийлгүүлэхээр хариуцагч байгууллагад хандан мэдүүлэг гаргажээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжүүлэх бүртгэлийг хийлгүүлэхээр нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад хандсан байна.

Гэтэл нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргасан 2016 оны 09 дүгээр сарын 27 өдөр мэдүүлэгт дурдсан байрыг гуравдагч этгээд Х.Д гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байжээ. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасны дагуу улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, татгалзсан үндэслэлийн хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана гэжээ. Энэ заалтын дагуу улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийн мэдүүлэгт дурдсан байр нь гуравдагч этгээд Х.Д гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлд нэхэмжлэгч мэдүүлэг гарахаас өмнө бүртгэгдсэн, уг бүртгэл нь хүчинтэй байгаа үндэслэлээр нэхэмжлэгчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий байрыг өмчлөгч буюу худалдан авагчийн урьдчилсан тэмдэглэл хийлгүүлэхээр хүсэлт мэдүүлэг гаргасан. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “..., худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно.”, 21.2-т “Урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад хамтран гаргах ба хүсэлтэд худалдан авагч болон өмчлөгчийн хооронд байгуулсан гэрээний эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хавсаргана.” гэжээ. 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий байрыг худалдан авагчийн хувьд урьдчилсан тэмдэглэл хийлгэх хүсэлтийг өмчлөгч, худалдан авагч эрхийн улсын бүртгэлийн байгууллагад хамтран гаргах шаардлага дээрх хуулийн заалтаар тавигдаж байна.

Энэ шаардлагын дагуу нэхэмжлэгчийн мэдүүлэг гаргах үед маргаан бүхий байрыг өмчлөгч нь Н Ё биш харин гуравдагч этгээд Х.Д байх тул гуравдагч этгээдийн хүсэлтийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага нэхэмжлэгчийн худалдан авагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор урьдчилсан тэмдэглэгээ хийнэ. 

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас нэхэмжлэгчийн урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг гуравдагч этгээд Х.Д гийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотойгоор бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Дээрхээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын бүртгэгч нь дараахь эрх, үүрэгтэй байна: 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийг хориглоно: 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох” гэж заасантай дээр дурдсан маргаан бүхий байрыг гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд бүртгэсэн улсын бүртгэл, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан хариуцагч бүртгэлийн байгууллагын  ажиллагаа нийцсэн байна. 

Нэхэмжлэгч нь итгэмжлэл, худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, маргаан бүхий байрыг өмчлөх эрхтэй гэдгээ тогтоолгох асуудлаа харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд орон сууц худалдах, худалдан авахтай холбоотой маргаан нь уг орон сууцны өмчлөгчийн эрхийг баталгаажуулсан улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дүгнэхэд, маргаан бүхий байрыг гуравдагч этгээдийн өмчлөх эрхэд бүртгэсэн улсын бүртгэл, нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шилжүүлэн бүртгэх, урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан хариуцагч бүртгэлийн байгууллагын үйлдлүүд нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч нарын худалдан авсан байрны өмчлөх эрхийг баталгаажуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдоогүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.3, 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.9, 15 дугаар зүйлийн 15.4,  19 дүгээр зүйлийн 19.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Н , Ч.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х аас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, .. дугаар байрны .. тоот, Ү-220601... дугаар улсын бүртгэлийн дугаартай, 00014... тоот гэрчилгээг хүчингүй болгож, уг орон сууцыг Б.Н гийн нэр дээр бүртгэхийг хариуцагчид даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

   ШҮҮГЧ              А.САРАНГЭРЭЛ