Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 00104

 

 

                               “Голден бүлли” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Голден бүлли” ХХК-ийн /захирал Э.Ууганцэцэг/ нэхэмжлэлтэй

Хариуцагч Н.Бүүвэйд холбогдох

2.913.300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч “Голден бүлли” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг

Нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Голден бүлли” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Бүүвэй нь 2015-11-16-ний өдөр 1.942.200 төгрөгийг 7 хоногоор нь хувааж төлөхөөр тохиролцож зээлээд гэрээ хийж гарын үсэг зурсан боловч зээлээ төлөлгүй өдийг хүрлээ. Ажил дээр нь очиход өнөөдөр, маргааш, орой гэх мэтээр хойшлуулсаар, сүүлдээ эхнэр нь уурлаж загнаад байгаа тул үндсэн зээл 1.942.200 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцсон 971.100 төгрөг нийт 2.913.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. 2014 оны 6 сард хүнээр зуучлуулж гуйж байж 2.000.000 төгрөг авсан.Эхлээд 14 хоногоор авсан боловч хүү төлөөд яваад байсан. 2014 оны 10 сарын 27-нд 1.360.400 төгрөг үлдсэн байсан төлнө гээд л яваад байсан.2015 оны 6 сард тооцоо хийгээд 1.785.000 төгрөгний баримтад гарын үсэг зуруулсан. Гэвч үндсэн зээлээ төлөхгүй 2015 оны 10 сард 200.000 төгрөг өгсөн тул 11 сард 6-11 сарын хүү тооцож үндсэн зээлийн хамт нийт 1.942.000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн.Үндсэн зээл нь 1.622.800 төгрөг байгаа. Иймд 1.942.000 төгрөг болон гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Бүүвэй шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Н.Бүүвэй миний бие 2014-06-13-нд Э.Ууганцэцэгээс 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлж авсан. Үндсэн мөнгөнөөс 2014 оны 10 сард 700.000 төгрөг төлсөн. Мөнгөний хүүд 2014-07-05-наас 2015-11-18 хүртэл нийт 1.880.000 төгрөгийг төлсөн. 2015-11-18-наас хойш мөнгө төлөөгүй. Гэтэл үндсэн мөнгөний үлдэгдэл болох 1.300.000 төгрөгийг 1.942.200 болгож, алданги тооцож 2.913.300 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн тооцсон үндсэн мөнгөний үлдэгдэл болох 1.300.000 төгрөгийг л төлнө гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул “Голден бүлли” ХХК-ийн 2.913.300 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 61.600 төгрөгийг төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Голден бүлли” ХХК-ийн захирал Э.Ууганцэцэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Э.Ууганцэцэг би барьцаалан зээлдүүлэх үйлчилгээгээр хэдэн төгрөг хүүтэй зээлдүүлэн , Голден бүлли компани байгуулан орлогынхоо ашгаас татвар төлдөг билээ. Энэ үйлчилгээг эрхлэхийн тулд байр түрээслэн ажилладаг. Манай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээнээс мөнгө зээлээч гэж хүмүүсийг гуйдаггүй. Хүмүүс өөрсдийнхээ хэрэгцээний мөнгийг зээлэхдээ барьцаа болгон эд зүйлээ өгч сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулдаг. Хариуцагч "Очир увидас" бариа заслын эмнэлгийн дарга ажилтай Н.Бүүвэй нь 2014 оны 06 дугээр сарын 13-ны өдөр намайг таньдаг хүнээр зуучлуулан гуйсаар байгаад 2 000 000 төгрөг барьцаагүйгээр зээлж авсан. Би ийм их хэмжээний зээлж байгаагүй ба барьцаагүй мөнгө бараг л өгдөггүй юм. Гэтэл Бүүвэй анх мөнгө авахдаа 14 хоногийн хугацаатай даруйхан буцаан өгнө гэсэн бөгөөд тэрээр Очир увидас нэртэй бариа заслын эмнэлэг ажиллуулдаг орлого сайтай гэсний үндсэн дээр итгэж мөнгөө ямар ч барьцаагүйгээр зээлдүүлсэн. Зээлсэн мөнгөний 14 хоногийн хугацаа болоход Бүүвэй ирээгүй утсаар ч яриагүй байж байгаад 2014-07-05-ны өдөр ирж хүүгээ төлж үндсэн зээлээсээ төлөөгүй. Хугацаагаа сунгаж явсаар 2014-09-11-ны өдөр мөн л хүү төлж үндсэн зээлээс төлөөгүй. 2014-10-27-ны өдөр хүү үндсэн зээлээс төлж үлдэгдэл 1.360.000төгрөг үндсэн зээлээс үлдсэн. Ингээд 2014 он дуусаж 2015 оны 02-16-ны өдөр 200.000 төгрөг өгсөн. Энэ хооронд Бүүвэйгийнн эмнэлэг дээр очиж уулзана, утсаар ярина гээд надад маш их чирэгдэл учруулсан. Анх би энэ хүнийг огт танихгүй байтлаа хийдэг ажлыг нь үнэлж түүнд итгэн мөнгөө зээлдүүлсэн. Бүүвэй ч гэсэн надаас ялгаагүй, бариа засал хийж эмчлүүлсэн хүмүүсээс мөнгө авч амьдралаа залгуулж, ажилчдаа цалинжуулж байгаа. Гэхдээ бариа засал хийлгүүлж байгаа өвчтөн “мөнгөө дараа өгье” гээд хэдэн сараар алга болдоггүй байлгүй, мөнгөө төлсөн тохиололд л эмчилгээгээ хийнэ. Хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй явсаар 1 жилийн хугацаа өнгөрөхөөр нь тооцоо нийлж дахин шинээр гэрээ хийж 2015-06-06-ны өдөр 1 622.800 төгрөгийг хариуцагч төлнө гэж зөвшөөрч гарын үсэг зурсан. Дахин гэрээ хийснээс хойш 400.000 төгрөгийг 2 удаа цувуулан өгсөн. Шүүхийн шийдвэрт бичсэн шиг нийт 1.532.933 төгрөг төлөөгүй. Хариуцагч Бүүвэй надаас мөнгө зээлсэнээс хойш 24 сар буюу 2 жил болж байна. Бүүвэйд зээлдүүлсэн 2.000.000 төгрөгийг би бусад хүмүүст хүүтэй зээлдүүлсэн бол өсөх байсан. Надад ингэж хохирол учруулсан. Бүүвэй ч гэсэн нэг удаа эмнлэгт хэвтсэн хүнийг дараа ирэхэд нь үнэгүй хэвтүүлэхгүй биздээ. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн зээлийн гэрээг бид харилцан тооцоо нийлж одоо 1 942 200 төгрөг төлөх юм байна гэж тохиролцож хийсэн гэрээ. Бүүвэйд би хүч хэрэглэн хийсэн гэрээ биш. Зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ. Зээлийн гэрээний хувьд хариуцагч Бүүвэй маргалдаагүй. Зээлдэгч 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний журмаар олгосон 2.000.000 төгрөгийг хариуцагч буцаан төлөлт хийгээгүй гэрээний үүргээгүй биелүүлээгүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийг баримтжуулахаар, бид харилцан субьектив санаа, хүсэл зоригоо илэрхийлэн гүйцэтгээгүй үүргийг тооцоо нийлэн тогтоож зээлийн гэрээг бичгээр байгуулж гарын зурсанаар энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээг Бүүвэй хэлбэрийн хувьд маргаан үүсгээгүй.

Харин тэрээр 2014 оны 10 дугаар сарын 11 -ны өдөр хүү төлж тооцоо нийлж үндсэн зээлийн үлдэгдэл 1360 400 төгрөг үлдсэн гэж байгааг үндэслэн одоо 1 300 000 төгрөг төлнө гэж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайбарлахдаа хэлсэн байтал шүүх хариуцагчийн зөвшөөрсөн үнийн дүнгийн хэмжээгээр ч шийдвэрлэсэнгүй. Шүүх 2014-06-27-ны өдрөөс хойш хүү тооцож авсан нь үндэслэлгүй хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан заалтад нийцээгүй байна гэжээ.

Иргэний хуулийн 222-р зүйлийн 222.5-д мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар Бүүвэй үүргээ биелүүлээгүй тул барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас 2190-д, 2889 дугаартай баримтууд дээр гарын үсэг зурж баталгаажуулан зээлийн хугацааг сунгаж өөрөө зөвшөөрсөнийг илтгэж байна. Гэтэл шүүх Бүүвэйгийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримтыг үнэлэхгүй байгааг ойлгохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Н.Бүүвэйгээс 2.913.300 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Голден Бүлли” ХХК-ийн захирал Х.Ууганцэцэг нь хариуцагч Н.Бүүвэйгээс зээлийн төлбөрт 2.913.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Н.Бүүвэй нь 2014 оны 06 сарын 13-ны өдөр “Голден Бүлли” ХХК-н захирал Х.Ууганцэцэгтэй барьцаалан зээлдүүлэх журмаар гэрээ хийж 2.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 14 хоногийн хугацаатай зээлдэж авсан. Уг зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлээ хүүгийн хамт тооцож 2015 оны 06 сарын 06-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 1.785.000 төгрөг төлөхөөр, мөн 2015 оны 11 сарын 16-ны өдөр 1.942.000 төгрөг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй төлөхөөр тус тус харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан барьцаалан зээлдүүлэх гэрээний хуудас (хх-2,3) зээлийн гэрээ (хх-.6) зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтуудад хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлт хийгээгүй.

Шүүх хариуцагчийг нийт 15.329.33 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй гэсэн хийсвэр дүгнэлт хийж үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийн үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч Н.Бүүвэй 1.942.200 төгрөгийг шилжүүлэн өөрийн өмчлөлд аваагүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Хариуцагч Н.Бүүвэй нь шүүх хуралдаанд нэхэмжлэлээс 1.300.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар өгч байснаас үзэхэд зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрч байгаа болохыг шүүх анхаараагүй нь буруу байна.

Хариуцагч Н.Бүүвэй зээлийн гэрээний үүрэгт 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Ууганцэцэгт төлөхөөс 1.880.000 төгрөгийг төлснийг хасч үлдэгдэл 1.120.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 623 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ”...Голден бүлли ХХК-ийн 2.913.300 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232.4-д зааснаар хариуцагч Н.Бүүвэйгээс 1.120.000 төгрөг гаргуулж Голден бүлли ХХК-ийн захирал Э.Ууганцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.793.300 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2.Шийдвэрийн 2 дахь заалтанд хариуцагч Н.Бүүвэйгээс улсын тэмдэгтийн хураамжид 31.430 төгрөг гаргуулж Голден бүлли ХХК-д олгож, нэхэмжлэгч Э.Ууганцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.600 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөлт оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Э.Ууганцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ҮҮРГИЙГ

                                  ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                               БАТТӨР

 

                                                              ШҮҮГЧИД                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                                             С.УРАНЧИМЭГ