Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00762/и |
Дугаар | 151/ШШ2016/00568 |
Огноо | 2016-06-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 151/ШШ2016/00568
2016 оны 06 сарын 02 өдөр | Дугаар 151/ШШ2016/00568 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргил,
хариуцагч: Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригт холбогдох,
32 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргил, хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, гэрч М.Эрдэнэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 5 дугаар сарын 20 өдөр хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяатай ярилцаж эвлэрлийн гэрээ байгуулъя гэж хэлсэн. Тэгээд өөрийн биеэр ирж Б.Энхзаяа, Ж.Ганзориг нартай уулзахад 190 000 ширхэг тоосгыг чинь бол өгнө. Тэгэхээр 32 300 000 төгрөг гэж байхгүй, алданги 16 150 000 төгрөгийг тооцохгүй гэхээр нь шүүх хуралдаанаар шийдүүлье гэж тохирсон. Миний тавьж буй шаардлага бол нэг ширхэг тоосгыг 170 төгрөгөөр үнэлсэн үнийг хүлээн зөвшөөрч 190 000 тоосгыг 32 300 000 төгрөг, алданги 16 150 000 төгрөг нийт 48.150.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Анх 2007 онд хариуцагч Хотол дэгжих компаниас тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжөө авъя гэж нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд бүх шатны шүүхээр ороод тоног төхөөрөмж өгөхгүй гэж шийдэгдсэн. 2009 онд дахин нэхэмжлэл гаргаж тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрмжийг буцаан олгох нь зүйтэй гэж шийдсэн. Тэр ондоо би авто аваарт ороод тоног төхөөрмжөө авч чадахгүй явж байгаад 2014оны 11 сарын 17-ны өдөр 02 тоот гэрээ байгуулсан. Гэрээнд 190.000 ширхэг тоосгыг 2015 оны 3 дугаар улиралд багтааж олгоно гэж тооцсон. 20 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 12 сарын 15 өдөр өдрийн дотор багтааж өгөхөөр, 2015 оны 9 сард багтааж 190.000 тоосгыг авахаар тохиролцсон.
Гэтэл хариуцагч нь мөнгөө төлөөгүй учраас тоосго авахаасаа өмнө мөнгө буцааж авъя гээд 2015 онд нэхэмжлэл гаргахад Л.Оюунцэцэг шүүгч 10 сарын 01 өдөр болоогүй байсан болохоор 20 000 000 төгрөгний алдангитай гаргуулахаар шийдвэр гаргасан.
Дараа нь 2015 оны 9 сарын 2-нд миний хүү Эрдэнэбаяр мааз шаланз гэх машиныг 500.000 төгрөгөөр хөлсөлж 10.000 тоосго авахаар очиход хариуцагч нь тоосго байхгүй гэж хэлээд өгөөгүй байсан. 2016 оны 4 сард миний хүү Эрдэнэбаяр жижиг машинтай ахиж очиход тоосго байхгүй гээд 120 маркийн тоосго өгнө гэж гэрээндээ заасан байсан.
Гэтэл улаан биш шар тоосго гаргаж үзүүлсэн байсан. Тэр нь 50 юм уу 60 маркын тоосго байсан. Тэгээд би Ганзоригтай ярихад 4 сард багтаагаад тоосго шатаана тэгээд аваарай гэхээр нь би бүтэхгүй юм байна гээд 190 000 тоосго авна гэж бүтэхгүй юм байна гээд 32 300 000 төгрөг авахаар дахиж нэхэмжлэл гаргасан. Гэрээний 2-т заасны дагуу иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 0.5 хувийн хүүтэйгээр алданги тооцож 16.150.000 төгрөгийн хүүг тооцож 48.150.000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай байгууллага Мон тоосго компанитай тоног төхөөрөмж өгч авалцахаар хуулиар шийдэгдсэн. Мон тоосго компанид тоног төхөөрөмж өгөх ёстой. Тэр нь тогтоогдохгүй байсан. 10 гаран жилийн өмнөх тоног төхөөрөмж байгаа тэр нь манай байгууллагад байдаг. Тэрийг авах боломжгүй үнэ тогтоогоогүй, зөвхөн тоног төхөөрөмжийн нэр бүхий шийдвэр 2009 онд гарсан. Шийдвэр гүйцэтгэл дээр очоод үнэлгээ байхгүй болохоор ажиллагаа хийгдэж болохгүй байсан болохоор 2014 оны 11 сард гэрээ байгуулсан.
Дээрх авлагандаа тоног төхөөрөмжийн оронд 20 сая төгрөг, 190 000 тоосгыг өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу 20 сая төгрөгийг 2014 оны 12 сарын 05 өдрийн дотор өгөх ёстой боловч өгч чадалгүй хугацаа алдаад 10 сая төгрөгийг 2015 оны 01 сарын дотор өгч, үлдсэн 10 сая төгрөгийг 2015 оны 04 сард өгч дуусгасан. Хугацаа хэтрүүлсэн болохоор алданги тооцно гэж 3 600 000 төгрөгийн алданги нэхсэн. Алдангийн мөнгийг тухай бүрт нь өгч байсан.
190 000 ширхэг тоосгыг өгөх ёстой боловч 2015 оны 5 сараас 2015 оны 9 сар хүртэл хугацаанд өгч дуусахаар тохиролцож гэрээ байгуулсан.
2015 оны 5 сард Мөнх-Оргил гуайтай утсаар холбогдож тоосго аваарай, хаана буулгах вэ гэж асуухад Амгаланд буулгах ёстой манайх гэж хэлээд өөр юм яриагүй. 2, 3 удаа залгахад буулгана авна гээд аваагүй. Манайх эхний удаад өөрийн тээврээр буулгах үүрэгтэй, Улаанбаатар хотод буулгаж өгөх ёстой байсан. 5-8 сарын хооронд өөрөө алга болсон. Манай ажил 5-9 сар хүртэл ажилладаг. 9 сар гээд үйлдвэрийн ажил зогсдог. 2015 оны 09 сарын 02 өдөр мааз шалаанзтай хүн ирж тоосго авъя гэхэд бэлэн тоосго байгаагүй. Манай ажил зогсчихсон байсан. Гэхдээ надтай ярьж урьдчилж хэлээгүй болохоор бэлэн тоосго байгаагүй.
Нэг тоосго шатааж дуусахаар 14-15 хоногт ахиж тоосго гардаг. Манайд нөөц тоосго байдаг. Тэр хооронд ирээд явсан шатаагаад гарахаар нь аваарай би бэлэн байлгаж байя гэсэн боловч түүнээс хойш эргэж очоогүй, 2016 оны 4 сард ирээгүй ирсэнийг нь би мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн дагуу тоосго өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэл дээр байгаа мөнгөн дүн бол надад хамаагүй. Бусад шаардлагын талаар өмгөөлөгч ярих байх гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хотол дэгжих ХХК-ийн 2016 оны 01 сарын 04 өдрийн тайлбар байна. Хавтас хэргийн 1 хуудсанд 2015 оны 11 сарын 09 өдрийн нэхэмжлэл, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж, хэлэлцүүлэгийн явцад шинжлэн судалсан нотлох баримт, төлбөр төлөх талаар талуудын хооронд байгуулсан гэрээ хавтаст хэргийн 4 хуудас.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн үндэслэл болсон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар компани хоорондын бие биедээ үүрэг хүлээсэн баримтыг хавсаргасан байна. Тэгэхлээр нэхэмжлэлийг иргэн Р.Мөнх-Оргил гаргаж байна уу, Мон тоосго компани нэхэмжлэл гаргасан уу гэдэг нь ойлгомжгүй байна.
Тэгэхээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна гэж үзэх боломжтой юм. Үүргийн гүйцэтгэл нь 190000 тоосгоны тухай асуудал яридаг болохоос мөнгө төгрөг яригдаагүй байна тэгэхээр үлдсэн 190000 тоосгоны л асуудал байна.
Тоосго хүлээлцэх талаар тохиролцсон боловч үүрэг гүйцэтгүүлэгчийг сольсон баримт хэрэгт авагдаагүй байна. Тэгэхээр үнийн дүнгээр буюу төгрөгөөр нэхэмжилж байгаа нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр тодорхойлох хуулийн шаардлагад нийцээгүй байна. 2016 оны 1 сарын 4-ний өдрийн гаргасан өдрийн гаргасан тайлбараа дэмжиж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. 190 000 тоосго болон 20 сая төгрөг өгөх тохиролцоог хйиж байх үедээ Р.Мөнх-Оргилыг бодож хийсэн. Нэхэмжлэгчийг бодож явсаар байгаад ийм байдалд өнөөдөр хүрч байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хэлцэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон. Энэ асуудлыг ч бид нар яриагүй. Нэхэмжлэлийг анх гаргахдаа ч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн харъялал дээр ч маргаан гаргаагүй энэ бүхнийг бид яриагүй, 190000 тоосгыг өгөх тал дээр ч бид маргаагүй. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхийн өмнө амлахад тоосго шатаагаад эхэлсэн одоо авая гэхэд буулга гэсэн газар чинь буулгаад өгье. Шүүхээр явахгүй байсан ч бид тоосго өгөхөд бэлэн байсан. Нэхэмжлэлийн шаардлага тоосгоор гаргасан бол өгөхөд бэлэн байна гэв.
Шүүх хуралдаан дээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагаас 190 000 ширхэг тоосго /үнэ 32 300 000 төгрөг/, алданги 850 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15 300 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргил нь хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригоос тоосгоны үнэ 32 300 000 төгрөг, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги 16 150 000 төгрөг, нийт 48 450 000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзориг нь Мон тоосго ХХК-ийн захирал Р.Мөнх-Оргил гэрээгээр тохирсоны дагуу гэрээнд заасан хугацаанд тоосгоо ирж аваагүй тул тоосгоны үнэ, алданги 48 450 000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, бидний байгуулсан гэрээнд тоосгоны үнэ төлнө гэж заагаагүй үндэслэлээр 190 000 ширхэг тоосго өгөхөд татгалзахгүй гэж мэтгэлцэж байна.
Зохигчид хооронд 2014 оны 11 сарын 17 өдөр байгуулсан 02 тоот гэрээгээр ... Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригоос Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргил нь 190 000 ширхэг тоосгыг 2015 оны 7, 8, 9 сард буюу 3 дугаар улиралд багтаан авахаар, эхний 1 удаагийн тээврийн зардлыг Хотол дэгжих ХХК, бусад тээвэрлэлтийн зардлыг Мон тоосго ХХК өөрөө хариуцахаар /хх 4/ талууд тохиролцсон байна.
Гэрээний талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж хуулийн хүрээнд гэрээ байгуулсан байх тул зохигчдын хооронд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэв.
Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх Иргэний хуулийн зарчим болон гэрээнд заасан үүргийг зохигчид хэрхэн яаж гүйцэтгэсэн талаар авч үзвэл:
-нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд тоосго авахаар нэг удаа буюу, 2015 оны 9 сард очиход тоосго байхгүй шалтгаанаар хариуцагч нь тоосго өгөх үүргээ биелүүлээгүй болох нь шүүх хуралдаан дээр гаргаж буй зохигчдын болон гэрчийн тайлбараар нотлогдож байх ба тэд энэ талаар маргаагүй болно.
-нэхэмжлэгч Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргил /үлдэх 180 000 ширхэг/ тоосгыг 2015 оны 7, 8, 9 сард буюу 3 дугаар улиралд багтааж өөрийн тээвэр, зардлаар хүлээн авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын хуралдаан дээр гаргаж буй тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ үүргээ биелүүлэхэд хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзориг саад учруулсан, үйлдвэрлэсэн тоосго байгаагүй гэдгийг нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй, энэ тухай нотлох баримт ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригийг /10 000 ширхэг тоосго ачих боломжтой шаланз мааз машин хөлсөлсөн байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн болно/ 10 000 ширхэг тоосгыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн гэж үзэх боломжтой тул нэг ширхэг тоосгоны үнийг 170 төгрөгөөр тооцож /170₮*10 000=1 700 000₮*50%/ алданги 850 000 төгрөгийг хууль, гэрээнд заасны дагуу хариуцагчаас гаруулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 180 000 ширхэг тоосгыг хүлээлгэн өгөөгүйн алданги /180 000*170₮*50%/ 15 300 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагчаас 32 300 000 төгрөгний үнэтэй 190 000 ширхэг тоосго гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь нэг ширхэг тоосгыг 170 төгрөгөөр үнэлж тооцсон байх энэ үнийг хариуцагч, түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй, тоосгоны үнэлгээ хийлгэх талаар зохигчид хүсэлт гаргаагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар нотлох баримт бүрдүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагчаас нэхэмжлэгч нь 190 000 ширхэг тоосгоны үнэ 32 300 000 төгрөг нэхэмжилсэн ба талуудын хооронд 2014 оны 11 сарын 17 өдөр байгуулсан 02 тоот гэрээгээр хүлээсэн тоосгыг өөрийн тээвэр, зардлаар хүлээн авах үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй нь тогтоогдсон тул шүүх хариуцагчаас төлбөрийг мөнгөн хэлбэрээр биш, гэрээний зүйл болох тоосгыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах заалт болон зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3-т заасны дагуу 10 000 ширхэг тоосгыг 2016 оны 08 сарын 01 өдрийн дотор өөрийн зардлаар Мон тоосго ХХК-д хүлээлгэж өгөхийг Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригт, үлдэх 180 000 ширхэг тоосгыг 2016 оны 09 сарын 30 өдрийн дотор өөрийн зардлаар хүлээн авахыг Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргилд тус тус хариуцуулж, шүүхээс тогтоосон хугацаанд тоосгыг хүлээлцэн өгч, авахыг зохигчдод даалгах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч тоосгыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх журмаар тоосгоны үнийг нэг ширхэгийг нь 170 төгрөгөөр тооцон гаргуулахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт зааснаар 10 000 ширхэг тоосгыг 2016 оны 08 сарын 01 өдрийн дотор өөрийн зардлаар Мон тоосго ХХК-д хүлээлгэж өгөхийг Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригт, үлдэх 180 000 ширхэг тоосгыг 2016 оны 09 сарын 30 өдрийн дотор өөрийн зардлаар хүлээн авахыг Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргилд тус тус даалгасугай.
3. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хотол дэгжих ХХК, захирал Ж.Ганзоригоос 850 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Мон тоосго ХХК, захирал Р.Мөнх-Оргилд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 15 300 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Хотол дэгжих ХХК-иас 323 700 төгрөг, нэхэмжлэгч Мон тоосго ХХК-иас 234 450 төгрөг тус тус гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АРИУНАА