Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

      2019       01          16                                  63

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

Улсын яллагч Г.Эсэн,

            Шүүгдэгч Э.Бтүүний өмгөөлөгч А.Ган-Эрдэнэ,

            Иргэний нэхэмжлэгч Ц.Энхзол нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эсэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Баянцагаа овогт Энхтайваны Бд холбогдох эрүүгийн 1810018620647 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Бнь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Эл Эн Ви” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа иргэн Г.Оюунчимэгээс “манай ээжийн бие муу, хагалгаанд орох шаардлагатай байна, таны байгууллагад төлөх мөнгийг би хувиасаа төлье” гэж 3.500.000 төгрөг,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр О.Гүндэгмаагаас “манай ээжийн бие муу, хагалгаанд орох шаардлагатай байна, таны байгууллагад төлөх мөнгийг би хувиасаа төлье” гэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нотариатад “Мөнгө хүлээлцсэн хэлцэл” хийж 3.000.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргахгүй зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 8-10,12-13,14-16,23-24,26,30,32-33,38,41,42,43-45,46-48,59-70,70-71,72-73,93-94 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцож, хавтаст хэргээс 78, 87 хуудсанд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинээр хохиролтой холбоотой 2 хуудас нотлох баримт шинээр гаргаж өгөв.

Иргэний нэхэмжлэгч: Төлбөр тооцоогоо төлж барагдуулсан тул шинээр гомдол санал байхгүй гэсэн баримтыг өгөв.

Шүүгдэгч Э.Б: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэснийг тогтоолд дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:      

            1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Э.Бнь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эс Эл Эн Ви” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа иргэн Г.Оюунчимэгээс “манай ээжийн бие муу, хагалгаанд орох шаардлагатай байна, таны байгууллагад төлөх мөнгийг би хувиасаа төлье” гэж 3.500.000 төгрөг,

-2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр О.Гүндэгмаагаас “манай ээжийн бие муу, хагалгаанд орох шаардлагатай байна, таны байгууллагад төлөх мөнгийг би хувиасаа төлье” гэж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нотариатад “Мөнгө хүлээлцсэн хэлцэл” хийж 3.000.000 төгрөгийг тус тус хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Г.Оюунчимэгийн “...Б гэх хүн EVapor 3000i гэсэн уурын аппаратыг танилцуулж манай гэрийн цонх, 00-н өрөө зэргийг цэвэрлэж өгсөн. Уг аппарат надад таалагдсан учир тус компанийн нягтлан Энхзол гэх хүн надтай худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг аппарат 6.5 сая төгрөгийн үнэтэй ба урьдчилгаа 1 сая төгрөг төлөөд үлдсэн төлбөрийг сар бүр 460.000 төгрөгийг 12 сарын хугацаатай төлхөөр гэрээнд тусгасан. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр

Б над руу залгаад татгалзахын аргагүй санал тавих гэсэн юм “манай ээжийн бие өвдөөд байгаа юм, гэрээний сар бүрийн төлөлтийг чинь би хувиасаа төлье” гэхээр нь үнэнээ хэлж байгаа юм байна гэж бодоод эд зүйлээ ломбарданд тавиад 3.5 сая төгрөгийг Бий данс руу шилжүүлсэн, гэхдээ одоо ломбарднаас авчихсан байгаа баримт нь байхгүй. Гэтэл 6 сарын 30-ны өдөр Энхзол над руу залгаад та сарын төлбөрөө хийнэ үү гэхээр нь би Б рүү залгахад хөдөө явж байна гэсэн мессеж ирүүлсэн байсан. 7 сарын 30-ны өдөр ахиад Энхзол над руу яриад төлбөрөө хийнэ үү гэхээр нь би Энхзол руу яриад уулзья гэхэд Б таниас мөнгө авсан юм биш биздээ гэсэн, тэгэхээр нь тийм гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-8-10/,

хохирогч О.Гүндэгмаагийн “...2018 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна, Италийн уурын аппарат танд танилцуулах гэсэн юм гэхээр нь би завтай өдрөө хэлсэн. Энэ өдрөөс хойш 1-2 хоногийн дараа борлуулагч Б гэх хүн манайд ирж танилцуулсан ба тэр аппарат надад таалагдсан учраас би шүүд авахаар шийдэж менежер Энхзол гэх хүнтэй ярьсан. Тэгээд Энхзол манай гэрт ирээд гэрээ хийж урьдчилгаа 1 сая төгрөг авч сар бүрийн 30-нд 550.000 төгрөг төлөхөөр  тохирсон. 07 дугаар сарын 19-ний өдөр Б над руу залгаад манай ээжийн бие муу хагалгаанд орох гэж байгаа юм би эмнэлэгт байна та надад 5 сая төгрөг өгөөч ээ би хангалттай цалин авдаг таны өмнөөс гэрээний чинь дагуу өмнөөс чинь төлөлтийг чинь хийгээд байя гээд гуйгаад байхаар нь өрөвдөөд зөвшөөрөөд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл хийе гээд Сүхбаатар дүүрэгт байдаг Спортын төв ордны нотариат орж Бд 3 сая төгрөг өгч мөнгөн дүнг бичиж гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /хх-12-13/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Энхзолын “...Оюунчимэгтэй 6.5 сая төгрөгийн үнэтэй уурын цэвэрлэгээний бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээ хийж урьдчилгаа 1 сая төгрөг авч үлдэгдэл төлбөрийг сар бүр 460.000 төгрөг төлөхөөр тусгасан юм. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б Оюунчимэг рүү яриад компанид өгөх 5.5 сая төгрөгийг өгөхгүйгээр 4 сая төгрөгийг надад өгчих би гэрээний чинь төлбөрийг дуусгавар болгоё, үлдсэн 1 сая төгрөгийг би өөрөө хувиараа төлөөд явчихья гэж хэлээд авчихсан байсан. Харин Оюунчимэг 4 сая төгрөг өгч чадахгүй 3.5 сая төгрөг өгье гээд Бий данс руу хийсэн байсан. Гүндэгмаа мөн адил Бээр танилцуулж 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэр ахуйн уурын цэвэрлэгээний аппаратыг худалдан авсан ба мөн урьдчилгаанд 1 сая төгрөг төлж сар бүрийн 30-нд 550.000 төгрөгийг 10 сарын хугацаанд хувааж төлөхөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Гүндэгмаагийн нөхөр Цагаанбаатартай холбогдоход Б чинь надтай гэрээ хийж 3 сая төгрөг авсан Бтэйгээ учраа ол гэж хэлсэн. Гүндэгмаа, Оюунчимэг 2 төлбөрөө төлөхгүй байгаа ба гэрээний дагуу бодож үзэхээр 4.570.000 төгрөгийг Бээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-14-16/,

гэрч Д.Шинэмандахын “...би компанийн нягтлан руу залгаад хүүгийнхээ юу болсон талаар тодруулахад 2 айлаас бүтээгдэхүүний мөнгийг та нарын урдаас сар сард нь төлнө гэж хэлээд 6.5 сая төгрөг авсан гэж хэлсэн. Б надад эм тариа авч өгсөнөөс хагалгаанд орох мөнгө өгөөгүй, мөнгөө юунд зарцуулсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-22/, гэрч Д.Дэлгэрнарангийн “Б нь 2 хүнээс өөрийнх нь өмнөөс компанид борлуулалтыг нь хийж өгнө” гэж хэлээд 6.5 сая төгрөг авчихсан

байсан.” /хх-23-24/, гэрч Х.Цагаанбаатарын “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Гүндэгмаа надад өмнө тоос сорогч авсан компанийн борлуулагч залуугийн ээжийнх нь бие муу хагалгаанд орох гэж байгаа юм байна,тоос сорогч авсан мөнгийг би өөрөө төлөөд явчихьяа надад харин тэр мөнгөө өгөөч ээ гэж байна. Ээжийнх нь бие муу байгаа юм чинь тусалья гэхээр нь би зөвшөөрөөд 7 дугаар сарын 19-ний өдөр манай эхнэр Бтэй гэрээ хийхээр нь 3 сая төгрөгийг 5174054756 тоот Б гэсэн данс руу 1 саяаар 1 удаа, 900.000 мянгаар 1 удаа, 800.000 төгрөгөөр 1 удаа, 290.000 төгрөгөөр 1 удаа тус тус хийсэн” гэх мэдүүлэг /хх-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-32-33/, хохирлын тооцоо /хх-38/, хохирогч О.Гүндэгмаа, Г.Оюунчимэг нарын “Эс Эл Эн Ви” ХХК-тай төхөөрөмжийн эргэн төлөлтийн талаарх нөхцөл байдал /хх-41, 42/, Зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-43-45, 46-48/, шүүгдэгч Э.Бий компанитай байгуулсан гэрээ, түүний Хаан банкны 5174054756 тоот дансны дэлгэрэнгүй /хх-49-50, 59-70/, Нотариатын бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-70-73/, шүүгдэгч Э.Бий яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

        

         Шүүгдэгч Э.Бболон өмгөөлөгч нар нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

         Мөн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Э.Бий хохирогч нар болон иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн саналыг гаргав.

Харин шүүгдэгч Э.Бболон өмгөөлөгч “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг бүрэн төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү…” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг

 

үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, түүнчлэн хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Бусад асуудлаар:

Эрүүгийн 1810018620647 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Бнь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянцагаа овогт Энхтайваны Бий хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

3. Шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.  

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэшт зааснаар Э.Бээс тус шүүхийн хохирлын дансанд байршуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хохирогч О.Гүндэгмаад олгосугай.

5. Шүүгдэгч Э.Бцагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ИДЭР