Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/00571

 

 

         2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2016/00571

                                  Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Зуунмод сум, Нацагдорж 5 дугаар баг, 7 дугаар гудамж, 13 тоотод оршин суух Б.Хуланд холбогдох,

гар утасны төлбөр 1 039 928 төгрөг гаргуулах тухай, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-47 тоотод үйл ажиллагаа явуулах Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 17 өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 23 өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.Хулан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн Баатар овогтой Хулан би Төв аймгийн Зуунмод сум, 5 дугаар баг 7-13 тоотод оршин суудаг. Мобиком корпораци ХХК-иас Samsung S6 утсыг зээлээр худалдан авсан бөгөөд тухайн үедээ барьцаа болох 100 000 төгрөгийг байршуулсан.

Уг төлбөр болох 1 039 000 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу сар бүр 173 320 төгрөгийг төлж барагдуулна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунтуяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Мобиком корпораци ХХК нь Б.Хуланд гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээлээр худалдаж авсан гар утасны төлбөрөө төлөөгүй тул 1 039 928 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Б.Хулан нь төлбөрийг хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлэхдээ 1 039 928 төгрөгийг сар бүр 173 320 төгрөгөөр төлж барагдуулна гэсэн байна. Манай байгууллагын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК,  хариуцагч Б.Хулангаас гар утасны төлбөр 1 039 928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Хулан нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 16/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжилж буй гар утасны төлбөр 1 039 928 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

 

1. Мобиком корпораци ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага гар утасны төлбөр 1 039 928 төгрөгийг хариуцагч Б.Хулан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29 508 төгрөгийн 50 хувь болох 14 754 төгрөгийг улсын орлогоос, 14 754 төгрөгийг хариуцагч Б.Хулангаас гаргуулж, нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-д буцаан олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                               Э.АРИУНАА