| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2019/0712/Э |
| Дугаар | 720 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 720
Mo
2019 05 06 2019/ШЦТ/720
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
шүүгдэгч Т.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Шаавай овогт Т.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01095 0777 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т.А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.А нь 2019 оны 02 дугаар сарын 03-ны орой Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир төвийн гадаа иргэн З.Баярхүүг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:
Шүүгдэгч Т.А нь хохирогч З.Баярхүүгийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан:
Хохирогч З.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Очир” төвд ганцаараа орж 2 шил пиво аваад ширээн дээр суугаад байж байхад хажуу талын ширээний 2 залуу намайг дуудахаар нь би очоогүй юм. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиж дуудаж цуг гарч тамхи татая гэхээр нь дагаад гарахад тэр 2 залуу тамхины өрөөрүү ороод надад хандаж ямар хэгжүүн пизда вэ? хүн дуудаж байхад ирдэггүй гээд туранхай хар куртиктай залуу нь эхэлж нүүрэн тус газар нэг удаа цохихоор нь би доошоо болоход толгойн хэсэгт нэг удаа өшиглөөд гараад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шижээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4002 дугаартай:
З.Баярхүүгийн биед баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. З.Баярхүүгийн биед учирсан 2 шүдний эмтрэл гэмтлийн үүссэн хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,
Шүүгдэгч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би найз Тайванжаргалтай Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Очир төвд орж пиво уусан. Бид хоёрыг пиво уугаад сууж байхад үл таних эрэгтэй хүн эсрэг талын ширээн дээр ганцаараа пиво уугаад сууж байсан. Уг залуу бид хоёртой хамт пиво уухаар болоод бид хоёрын ширээн дээр хүрээд ирсэн. Ингээд хамт суугаад юм ярьж сууж байгаад хоорондоо жаахан ам мурийж байгаад тамхилахаар тамхины өрөө рүү гурвуулаа орсон. Тамхины өрөөнд юм ярьж зогсож байгаад дахиад хоорондоо ярьж байгаа сэдвээс болж хоорондоо маргалдаж эхэлсэн. Уг залуу өөрөө надтай зодолдоно гэж хэлээд дээгүүрх хувцасаа тайлж эхэлхээр нь би бас хувцасаа тайлаад харилцан зодолдож эхэлсэн. Би уг залууг 2-3 удаа нүүр рүү цохисон. Надад гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
-Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал/,
-Цагдаагийн байгууллагад гаргасан хохирогчийн өргөдөл /хх-ийн 6 тал/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэргээс шүүгдэгч Т.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 14/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч Т.А иргэн З.Баярхүүгийн эрүүл мэндэд баруун зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 шүдний эмтрэл гэх хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нотлох баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч шүүгдэгч хохирол төлбөрт 350.000 төгрөг хүлээлгэж өгсөн баримт /хх-ийн 40 тал/ хавтаст хэрэгт авагдсан байна. Хохирогч үлдэгдэл 150.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон боловч энэ талаар хэрхэн ямар эмчилгээ хийлгэсэн талаар хэрэгт ямар нэгэн баримт байхгүй байх учир шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Хохирогч цаашид тухайн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролын талаархи нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь хохиролын талаарх бусад нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ