Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 226/МА2024/00012

 

 

 

 

 

 

 

2024 05 30 226/МА2024/00012

 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч *******, *******, *******

нарт холбогдох иргэний хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны Б танхимд,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* (цахимаар),

Хариуцагч ******* (цахимаар),

Хариуцагч бөгөөд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2024/00149 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 108,297,319 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр******* тоот зээлийн гэрээгээр *******д 80,000,000 төгрөгийг сарын 2,4% хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр *******, ******* нартай гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дуусах байсан. Гэвч 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

- *******,*******,*******,,

- ,,,,, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

Мөн фидуцийн гэрээний дагуу ,, Toyoto noah маркийн мөнгөлөг өнгөтэй автомашин зэргийг барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээл 78,312,110, үндсэн хүү 24,933,924, нэмэгдүүлсэн хүү 4,986,785, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 64,500, нийт 108,297,319 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурдсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, фидуцийн гэрээний зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ******* ББСБ ХХК-аас *******гийн авсан 80,000,000 төгрөгийн зээлд 3 дахь гарын үсэг зурсан. Би уг зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Тухайн үед ******* нь ...миний хүү оюутан болохоор Улаанбаатар хотоос ирж чадахгүй байна, заавал нэг хүнээр гарын үсэг зуруулах шаардлагатай гээд байна... гэж гуйгаад байхаар нь гарын үсэг зурсан. Би уг зээлээс авч хэрэглээгүй учир зээлийн төлөлт хийх боломжгүй. Би хоёр оюутан хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Би ******* ББСБ ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 80,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Миний бие эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадалгүй, хугацаа хэтрүүлсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нь миний хүсэлтийн дагуу гарын үсэг зурсан. Зээлээс нэг ч төгрөг аваагүй. ******* ББСБ-аас зээлийн хүүн дээр хөнгөлөлт үзүүлж өгнө үү гэж гуйж байна. Миний хүү ******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч зээлээс мөнгө авч хэрэглээгүй. Миний бие уг зээлээ дангаараа төлнө... гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-д зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 108,232,819 төгрөгийг хариуцагч *******, *******, ******* нараас гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй бол Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175.1-д зааснаар ,, үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 769,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 769,314 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ББСБ ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 80,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зээлээ хугацаанд нь төлөөгүй. Би ******* ББСБ ХХК-ийн хүү, алданги болох 4,989,0000 төгрөгийг сарын төлөлт өндөр, төлбөрийн чадваргүй зэрэг үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Би авсан зээлээ төлнө. Харин хариуцагчаар татагдсан ******* болон хүү ******* нарыг энэхүү зээлээс чөлөөлж өгнө үү. Зээл төлөхөд зээлийн хүү, төлөлт нь өндөр байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч *******гийн нэмэгдүүлсэн хүү болох 4,986,785 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай гаргасан давж заалдах гомдол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь үндсэн зээлийн хүүн дээр бодсон 24,933,923 төгрөгт маргаан байгаа эсэх талаар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдаагүй учраас энэхүү мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Иргэний хууль болон Эрдэнэсийн сангийн тухай хууль, Банкин дахь мөнгөн хадгаламжийн тухай хуульд нэмэгдүүлсэн хүүг гэрээнд заасан болон үндсэн хүүгийн 20 хувиар тооцож олгох тухай хуулийн зохицуулалт байдаг. Зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 4,986,785 төгрөгийг хуульд заасны дагуу үндсэн хүүгийн 20 хувиар тооцож авахаар нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул хэвээр үлдээж өгнө үү... гэв.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

2. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108,297,319 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* ...биеийн эрүүл мэндийн болон тодорхой шалтгааны улмаас зээлээ төлж чадалгүй хугацаа хэтрүүлсэн. ******* болон ******* миний хүсэлтийн дагуу зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлээс нэг ч төгрөг аваагүй тул чөлөөлж өгнө үү. Би зээлээ ганцаараа төлнө. Зээл төлөхөд зээлийн хүү, төлөлт нь өндөр байна... гэж,

- хариуцагч ******* ...би *******гийн гуйлтаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, зээлээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул төлөхгүй... гэж тус тус маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК, хариуцагч *******, *******, ******* нар нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр******* дугаартай 80,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, сарын 2,4 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан болох нь зээлийн гэрээ (хх-н 6-8), зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байх тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр хэлцэл буюу зээлийн гэрээ хуульд заасан хэлбэр, агуулгаар байгуулагдсан байна.

 

4. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж тус тус хуульчилжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2-д зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 108,232,819 төгрөгийг хариуцагч *******, *******, ******* нараас гаргуулж, ******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 64,500 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

 

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэг Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн хуулийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан бөгөөд хариуцагч *******, ******* нарыг үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК болон хариуцагч *******, *******, ******* нарын хооронд хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******, *******, ******* нар нь хариуцах үндэслэлтэй, мөн нэхэмжлэгч тал хариуцагчаа нэрлэн зааж хариуцагч *******, ******* нарыг хамтран үүрэг гүйцэтгэгч болон хамтран хариуцагчаас гаргах үндэслэлгүй гэж үзсэн байх тул хариуцагч *******, ******* нарыг үүргээс чөлөөлөх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

6. Хариуцагч *******гийн гаргасан нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд:

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно... гэж заасан бөгөөд талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан******* дугаартай зээлийн гэрээний 3.1.9 дэх заалтад Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна гэж, 3.5.4 дэх заалтад зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасны дагуу зээлийн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хэтэрсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүүг үндсэн зээл дээр нэмж төлнө гэж, 4.3.3 дэх хэсэгт Зээлийн төлбөрийг Зээл эргэн төлөх хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх гэж тус тус заасан байх тул хариуцагч нар нь зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Иймд хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

8. Хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангаагүй тул түүний гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 156/ШШ2024/00149 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,592 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БОЛОРМАА

 

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

 

Д.ГАНЗОРИГ