Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 240

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Р.Батнасан,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

Шүүгдэгч Б.Н /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хутаг өндөр овогт Б.Н холбогдох эрүүгийн 1809054170176 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 17-ны Орхон аймаг              Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэр экологи мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, гавъяа шагналгүй,   Хутаг өндөр овогт Б.Н

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд Б.Загджүсүмийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Загджүсүм /хх-ийн 3/, яллагдагч Б.Н /хх-ийн 76-77/ нарын өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 14283 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/, шүүгдэгч Б.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд хохирогч Б.Загджүсүмийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:       

 

Хохирогч Б.Загджүсүм мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн орой найз Төмөрчөдөр бид хоёр 10 дугаар хороололд байдаг Стелла нэртэй бааранд хоёулаа сууж байгаад тус бүр 5 шил пиво уусан. Ингээд сууж байхад гаднаас урьдын танил Хуншагай, Наранбаатар хоёр тааралдаад тэр хоёр хүмүүстэй явж байна гээд эхлээд салсан. ...Төмөрчөдөр хүрч ирээд надад утсаа өгөхөөр нь утсыг нь авахад орой 10 дугаар хороололд тааралдсан Наранбаатар байсан. Тэгээд юунаас ч болсон юм хоорондоо маргаж хэрэлдэж байгаад утсаа салгасан. Тэрнээс хойш би өөрийнхөө 88071848 дугаараас Наранбаатар руу залгаж ахин хоорондоо маргаж маргаж 4 дүгээр дэлгүүрийн үүдэнд уулзахаар болсон. Тэгээд би шууд тэндээсээ rapaaд Наранбаатарын заасан газарт очиход  ...Наранбаатар нь шууд намайг барьж аваад цохиж унагаад дээрээс баахан өшиглөсөн би толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/,

 

Яллагдагч Б.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...замын цаанаас Загджүсүм гартаа нилээн том хутга барьчихсан өөрөөсөө нилээн өндөр биерхүү залууг дагуулаад бидэн дээр ирсэн. ...Загджүсүм хутгаа бариад гүйгээд ирсэн чинь Оюунболд очоод гарнаас нь хутгыг нь булааж холдуултал босч ирээд над руу дайрахаар нь би очоод газарт унагаж байгаад дээрээс нь толгой руу нь хэд хэд өшиглөж цохиж гайгүй болгосон. ...дээрээс нь дарж унагаад л толгой руу нь нилээн хэд цохиж, өшиглөсөн, тэгээд өндийгөөд хутга руугаа дайраад байхаар нь толгойг нь цастай газар нүүрээр нь нилээн хэд хүчтэй дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №14283 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Б.Загджүсэмийн биед тархи доргилт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн зовхи, хоёр чамархай, чих, шанаа, зүүн хацар, дээд уруул, зүүн тохойн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн дээд 3-р шүдний эмтрэл, дух, зүүн нүдний гадна булан, хамрын нуруу, зүүн хацар, баруун чамархай, цээжинд зулгаралт, дээд уруул дотор салстын цус хуралт, язрал, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт /хх-ийн 36/, гэрч Э. Оюунболдын мэдүүлэг /хх-ийн 7-8х/, гэрч Б. Эрдэнэбуудайгийн мэдүүлэг /хх-ийн 55-56х/, гэрч        А. Хуншагайгийн мэдүүлэг /хх-ийн 57-59х/, гэрч Б. Төмөрчөдөрийн мэдүүлэг /хх-ийн 60-62х/, гэрч Э. Мөнхсоёлын мэдүүлэг /хх-ийн 63-65х/, гэрч Б. Гантулгын мэдүүлэг /хх-ийн 66-67х/, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хохирогч          Б. Загджүсүмийн барьсан гэх шаргал өнгийн бариултай, ажлын хэсэг нь 19,5 см урттай хутга 1ш/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хувьд аль аль нь архидан согтуурч нийгэмд тогтсон зан заншил, ард иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах, аж төрөх хэв ёсыг ноцтой зөрчиж, ичгүүр сонжуургүй аашилж, дээрэлхүү, хэт түрэмгий, хэрцгий зан авир гаргаж, хүмүүс хоорондын харилцааны наад захын ёс суртахууны хэм хэмжээг баримтлаагүй байдал нөлөөлсөн байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Н /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.         

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Б.Загджүсүм нь “...Хохирлын мөнгө 1 сая төгрөгийг Б. Наранбаатараас авсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл одоо байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 82/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээрх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ныг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, согтуурсан үедээ үйлдсэн болно.

 

Хэдийгээр шүүгдэгч Б. Наранбаатар нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр улсын яллагчтай тохирсон боловч шүүхээс түүний үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн тухайн гэмт хэрэг болох үед хохирогч Б. Загджүсүмийн барьсан гэх шаргал өнгийн бариултай, ажлын хэсэг нь 19,5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй болно.