Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00991

 

 

 

 

 

2024 05 10 210/МА2024/00991

 

 

ХХХХийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/00801 дугаар шийдвэртэй,

 

ХХХХийн нэхэмжлэлтэй,

ХХХХ-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах, 2020 оны 9, 10, 11, 12 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ, С.Сэргэлэн, хариуцагчийн өмгөөлөгчХХХ, ХХХа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ХХХХ-ийн аялалын хэлтэст 2002 оны 09 дүгээр сараас 2007 оны 02 дугаар сар хүртэл аялал зохицуулагчаар, 2010 оны 05 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ХХХХ-д А зохицуулагчаар ажилласан. Би Монгол Улсын нэр хүндтэй төсөлд 2002 оноос хойш ажиллаж байгаадаа бахархдаг. Ажиллах хугацаандаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж ирсэн. Миний ажиллаж байсан Улаанбаатар хот дахь Тээврийн хэсэг нь ХХХХ-ийн төв оффисын байрнаас удирдагдан ажилладаг бөгөөд манай хэсэгт 4 тээврийн зохицуулагч, 25 жолооч, 2 механик, 2 харуул, нийт 8 ажилтантай. ХХХХ нь үндсэн үйл ажиллагаагаа эрхлэхэд А зохицуулалтын хэсэг-ийн үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай юм.

1.2. Гэтэл ХХХХ-аас надад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан ажлын байр байхгүй болсон гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хүлээлгэн өгч, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн.

1.3. ХХХХ миний бие нь Монгол Улсын Засгийн газар болон G ХХК, ХХХХ, ХХХХйн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээ-ний 16.35, 8.12, 8.13-д тус тус зааснаар G ХХК байгуулагдах үеэс буюу 2002-2007 онд Оюу толгой төслийн эхний үе шатанд ажиллаж байсан анхдагч ажилтнуудын нэг бөгөөд зохион байгуулагдаж байсан бүх сургалтад хамрагдаж ирсэн, мэргэшсэн ажилтан юм.

Гэтэл ХХХХ-аас 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 241/НК дугаартай Улаанбаатар хотын тээврийн багийн холбогдох ажилтнуудад гэх албан бичгээр Хөрөнгө оруулалтын гэрээний 4.11-д зааснаар Өмнөговь аймгийн иргэдийг сургах, ажлын байраар хангах, ажиллуулахад тэргүүн ээлжинд анхаарна гэсэн үүрэгтэй бөгөөд Улаанбаатар хот дахь тээврийн үйлчилгээг гэрээт компаниар гүйцэтгүүлэхэд... жилийн зардал хэмнэлт 0,25 сая ам.доллар гэж тооцоолон гарсан. ... Улаанбаатар хот дахь А зохицуулагчийн ажлын байранд хамаарах ажил, үйлчилгээ болон бусад нэмэлт үйлчилгээг гэрээт компаниар гүйцэтгүүлэхээр болсон... Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж ажлын байрыг булаасан асуудал байхгүй болно. гэх хариуг имэйлээр ирүүлсэн.

Цар тахлын үед ХХХХ нь зэсийн баяжмалын экспортыг нэг ч өдөр тасалдуулаагүй бөгөөд дэлхийн зэсийн ханш хамгийн өндөр болсон энэ үед ажилтнуудынхаа ажлын байрыг хасч байгаад туйлын харамсалтай байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд Өмнөговь аймгийн хөгжлийг дэмжинэ гэж заасныг ойлгож байгаа ч тухайн аймгийн иргэдээр ажиллах хүчээр хангахын тулд маш их хөрөнгө зарцуулан бий болгосон хүний нөөцийн бодлогоо алдагдуулж, нөгөө талаар цар тахлын үед хүнд хэцүү нөхцөлд бидний гэр бүлийг санхүүгийн болон сэтгэл зүйн хүнд дарамтанд оруулж, улмаар ядуурал руу түлхэж байгаа нь ёс зүйгүй, нийгмийн хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 8.16-д Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлахыг заасан болохоос тус гэрээнд заасан бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлогодоо Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж болно гэдгийг заагаагүй байх гэж үзэж байна.

1.4. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан ХХХХ-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаартай тушаалыг хүчингүй болгон, ХХХХ-ийн Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн А зохицуулагч-ийн ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, 2002 оны 9, 10, 11, 12 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. ХХХХ-ийн гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ХХХХ-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай 53/20 дугаартай хамтарсан тушаалаар ХХХХ-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталсан.

2.2. Дээрх тушаалаар компанийн Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн "Тээврийн зохицуулагч"-ийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч ХХХХд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд Хөдөлмөрийн гэрээ-г цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б57 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

2.3. Иймд нэхэмжлэгч ХХХХийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан ХХХХ-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б57 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч ХХХХийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 2002 оны 9, 10, 11, 12 саруудын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дахин, зөв тайлагнах-ыг хариуцагч ХХХХ-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ХХХХ нь ХХХХийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасныг зөрчсөн. Учир нь, ажил олгогчийн зүгээс надад 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэл өгч, хөдөлмөрийн харилцааг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болно гэж мэдэгдсэн. Үүний дараа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тухайн мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг хүргүүлээд, дараагийн мэдэгдэл өгснөөсөө хойш 15 хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр надад танилцуулсан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэлд өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл нь бие даасан ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл юм. Энэхүү мэдэгдлийг өгсний дараа хуулийн нэг сарын хугацаа гэж заасан шаардлага, зохицуулалтыг зөрчиж 15 хоногийн дараа ажлаас чөлөөлсөн.

4.2. Орон тоо хасагдсан шийдвэр 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хамтарсан тушаалаар гарсан ба энэ өдрөөс эхлэн орон тоо хасагдсан гэж үзэх ёстой. Улсын дээд шүүхээс 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2.1-д аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан гэдэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэл хамаарна гэжээ. Энэхүү 5 үндэслэл нь тухайн хуулийн этгээдийг татан буулгах эрх бүхий этгээдийн шийдвэр эцэслэн гарсан байх тухай зохицуулжээ. Хуулийн уг заалтаар мөн орон тоо хасагдах нөхцөлийг тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг гэж тодорхойлсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 хэсэгт заасан нөхцөл нь нэг ижил утгаар буюу хуулийн этгээд албан ёсоор зохих шийдвэрийн дагуу татан буугдсан, орон тоо албан ёсоор зохих шийдвэрийн дагуу хасагдсан, цөөрсөн байх тохиолдолд хангагдана гэж хууль тогтоогч үзсэн болно. Улсын дээд шүүхийн зөвлөмжийн мөн хэсэгт ажлаас халах тухай ажилтанд 45 хоногийн өмнө мэдэгдэнэ... гэснийг шүүх анхаараагүй. Ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөнгүүтээ ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4/-д заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх энэ үйлдлийг олж тогтоогоогүйд гомдолтой байна. Ажлаас халах тухай мэдэгдэл өгсөн даруйдаа ажлын байранд нэвтрэх цахим картыг хураан аваад, шууд ажлын байрнаас чөлөөлөн, цахимаар ажиллах боломжийг хааж миний ажлын аккаунтыг устгасныг мэдэгдэл өгмөгцөө ажлаас чөлөөлсөн, халах тушаалыг хойшлуулан гаргасан гэж үзэх үндэслэл болж байна. Б/57 дугаар тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ миний ажлын байр яг хэзээ, ямар шийдвэрийн дагуу цомхотгогдсоныг нягтлан тал бүрээс судлаагүйд гомдолтой байна. Мөн энэ талаар ажил олгогчийн зүгээс баримттайгаар нотлох шийдвзр тушаалыг надад танилцуулаагүй асуудлыг шүүх анхаарч авч үзээгүй. Тухалбал миний ажиллаж байсан орон тоо 2020 оны12 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан Тушаалд өөрчлөлт оруулах тухай 67/20 тоот тушаалаар цомхотгосныг шүүгч үл анхаарсан.

4.3. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын үндэслэх хэсэгт ХХХХ-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ХХХХ-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай 53/20 дугаар хамтарсан тушаал, түүний хавсралт, Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 30-ны 67/20 дугаар хамтарсан тушаалыг ... үндэслэсэн гэсэн атлаа, 12 дугаар сарын 30-ны шийдвэр гарснаас хойш нэг сарын хугацаа өнгөрөөгүй байхад буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль бус үйлдэл юм.

4.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг (7 дугаар тал)-ийн 8.4-д 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлүүдийг тус тус нэхэмжлэгчид танилцуулж, хүргүүлсэнд маргаагүй гэж заасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхэд уг асуудал дээр маргаан өрнөсөн болно.

4.5. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 226 дугаар тогтоолын дагуу ажил олгогч ХХХХ нь ажлаас 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр чөлөөлөх хугацааг хойшлуулсныг тэмдэглэсэн байна. Засгийн газрын энэхүү тогтоол нь зөвхөн бэлэн байдлын зэргийг л тогтоосон шийдвэр болохоос компанийн хүний нөөцийн үйл ажиллагаанд ямар нэгэн үйлчлэл үзүүлэхэд чиглэгдээгүйг шүүх анхаараагүй. Түүнчлэн шүүх миний зүгээс гаргасан Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д тусгасан хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах, 13.2.9-д заасан цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах гэсэн хуулийн заалтыг зөрчиж тушаал гаргасан гэсэн үндэслэлийг Ажил олгогч ХХХХ нь ажилтны тоог хасах, цөөрүүлэх шийдвэрийн хугацааг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлттэй уялдуулан 2020 оны 12 дугаар сарын З0-ны өдрөөр хасах эсхүл цөөрүүлэх гэснийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр хасах эсхүл цөөрүүлэх гэж өөрчилсөн байх тул дээрх нөхцөл байдлыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж хууль бусаар дүгнэсэн. Миний бие 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацааг хойшлуулах ямар ч үндэслэл, хүсэлт, шаардлага тавиагүй. Зөвхөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүх дээр маргасан болно.

4.6. Компанийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийх эрхийг ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс огт олгоогүй. Хавтаст хэрэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн нэг ч тогтоол байхгүй гэдийг дурдах зүйтэй. Гүйцэтгэх удирдлага эрх хэмжээгээ хэтрүүлсэн эсэх асуудал дээр анхан шатны шүүх тал бүрээс нь үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар уг хэргийг бүхэлд нь хянан үзэж, Б/57 дугаартай тушаалыг шүүхийн журмаар хүчингүй болгож, энэхүү гомдолд заасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

5.2. Хавтаст хэрэгт ХХХХ-ийн гүйцэтгэх захирал Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээ авагдсан. Гүйцэтгэх удирдлага тухайн гэрээний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн ямар эрх, үүргийг хэрэгжүүлэх талаарх зохицуулалт байгаа ба тэрхүү зохицуулалтын буюу тухайн гэрээний 3.3.g хэсэгт гүйцэтгэх удирдлага компанийн бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж заасан. Тус эрхийн хэмжээнд ХХХХ-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний Уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн "ХХХХ-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай" 53/20 дугаар хамтарсан тушаалаар ХХХХ-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн баталсан. Тус тушаалаар компанийн Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн "Тээврийн зохицуулагч"-ийн орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч ХХХХд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэх..." гэж заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлж, 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б57 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

5.3. Нэхэмжлэгч тал Ковид-19 цар тахлын тухай хууль үйлчилж байх хугацаанд хариуцагч талыг ажлын байрыг нь хэвээр хадгалах ёстой гэж маргадаг. Гэтэл Ковид-19 цар тахлын тухай хуульд тухайн гамшгийн хөл хорио тогтоосон хугацаанд ажлын байр хэвээр хадгалагдах ёстой, харин гамшгийн хөл хорио цуцалсан тохиолдолд тухайн хуулийн зүйл заалт үйлчлэхгүй байхаар заасан.

5.4. Мөн мэдэгдэл өгсөн хугацаатай холбоотой асуудлаар нэхэмжлэгч тал маргадаг. ХХХХ-ийн зүгээс 12 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх мэдэгдлийн хуудсаа өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн бүтэц, орон тоо батлах тушаалыг хүчингүй болгуулах, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийн хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болгон сунгасан. Өөрөөр хэлбэл 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөл хорио тогтоосон хугацаа дуусгавар болсон боловч 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 9 хоногийн хугацаа үлдсэн нь бидний зүгээс Ковид-19 цар тахлын хуулийг хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

5.5. Кемп, уурхайн талбарын орон тоо хасагдсан эсэх талаар тушаал дээр ойлгомжгүй байна гэж нэхэмжлэгч тал маргадаг. Гэтэл дээрх 2020 оны 09 дүгээр сарын 28, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлүүд дээр орон тоо хасагдсан талаарх бүх мэдээлэл, мөн тушаалын хавсарлтууд дээр А зохицуулагч гэх 4 орон тоо хасагдсан талаар тодорхой байх тул нэхэмжлэгч талын гаргасан тушаал ойлгомжгүй байна гэх тайлбар үндэслэлгүй. Хавтаст хэргийн 30 дахь талд гүйцэтгэх удирдлагаас тухайн компанийн хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэнд итгэмжлэл олгосон баримт авагдсан байгаа бөгөөд тухайн итгэмжлэлд 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосон байхад итгэмжлэлийг зөрүүтэй олгосон байна гэх тайлбар мөн үндэслэлгүй. Хамтын гэрээтэй холбоотой хамтын гэрээний 2.2.1.Б-д заасан заалтыг ХХХХ нь хэрэгжүүлсэн буюу орон тоо хасагдсан ажилтанд холбогдох тэтгэмжийг олгоно гэх тэтгэмжийг нэхэмжлэгч авахгүй, өөр ажлын байр санал болгож тэрийгээ хэрэгжүүлээгүй гэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь холбогдох 105 хоногийн дотор ХХХХ-ийн бүх ажлын байран дээр ажиллах эрх нь нээлттэй байсан ба нэхэмжлэгч нь тодорхой ажлын байран дээр ажиллах хүсэлтээ илэрхийлсэн ба ХХХХ тэдгээр ажлын байрнууд дээр сонгон шалгаруулалт явуулсан. А зохицуулагч гэх ажлын байр нь ХХХХ-ийн зайлшгүй шаардлагатай ажлын байр мөн эсэх талаар гэрч н.С хэлэхэд нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлэгт маргаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үйл баримт маргаантай холбоотой асуудлаар үнэн зөв дүгнэлт гарган шийдвэрлэсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн зөвлөмжийг анхаараагүй гэж мөн нэхэмжлэгч тал тайлбарладаг.

5.6. Бидний зүгээс мэдэгдлийг өгөхдөө та ажиллаж ч болно, ажиллахгүй ч байж болно, үүнтэй холбоотой ажиллаагүй хөлсийг бид олгоно хэмээн тайлбарласан нь Улсын дээд шүүхийн зөвлөмж болон Хөдөлмөрийн тухай хууль, дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, 2020 оны 9, 10, 11, 12 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар ХХХХ нь ХХХХ-ийн аялалын хэлтэст 2002 оны 09 дүгээр сараас 2007 оны 02 дугаар сар дуустал хугацаанд аялал зохицуулагчаар, 2010 оны 05 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ХХХХ-д А зохицуулагчийн ажлын байранд тус тус ажилласан үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Түүнчлэн, ХХХХ нь хожим 2009 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн нэрээ ХХХХ болгон өөрчилсөн болох нь тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай холбоотой маргаанд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэсэн нь зөв байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5. ХХХХ-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/57 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар тус компанийн Кемп, уурхайн талбарын үйлчилгээний хэлтсийн А зохицуулагч ХХХХтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1, 55 дугаар зүйл, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын Ээлжийн амралт олгох заавар-ын 15 дугаар зүйлийн 15б, ХХХХ-ийн Гүйцэтгэх захирал болон Гүний уурхайн төслийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ХХХХ-ийн бүтэц, зохион байгуулалт, нийт ажлын байрны тоог шинэчлэн батлах тухай 53/20 дугаар хамтарсан тушаал, түүний хавсралт, Тушаалын хавсралтанд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67/20 дугаар хамтарсан тушаал, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдэл, ХХХХ болон ХХХХ-ийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хорооны 2018-2023 оны Хамтын гэрээний 2.20 дахь заалтыг тус тус үндэслэжээ. /1хх -11, 50-51/

 

5.1. Ийнхүү хөдөлмөрийн гэрээг цуцлахаас өмнө ХХХХ буюу ажил олгогчийн зүгээс ажилтан ХХХХд 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн байна. /1хх 52-53, 54-55/ Нэхэмжлэгч нь тухайн мэдэгдлүүдтэй танилцсан үйл баримт болон ажил олгогчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 3140/21 дугаар урамшуулал олгох тухай тушаалаар 2,242 ам.доллартай тэнцэх хэмжээний нэг удаагийн урамшуулал хүлээн авсан эсэх үйл баримтуудын талаар маргаагүй.

 

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2020 оны 9, 10, 11, 12 сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

5.3. Тодруулбал, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь заалтыг зөрчөөгүй буюу нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж, тэрээр орон тооны цомхотголд орсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ажил олгогчийн зүгээс орон тоо цөөрүүлэх тухай шийдвэр гаргахдаа ажилтанд мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, орон тооны цомхотголд орж буй ажилтанд цалин болон ажлаас халагдсаны тэтгэмжийг олгох зэрэг ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд заасан ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан хугацааг баримтлаагүй, орон тоо цомхотгосон үндэслэлээр ажлаас чөлөөлөхдөө хуульд заасан журмыг баримтлаагүй гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй болно.

 

5.4. Түүнчлэн, ХХХХ-ийн гүйцэтгэх захирал нь ХХХХ-тай байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Гүйцэтгэх удирдлагын гэрээний 3.3 дахь заалтын (g)-д зааснаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг батлах бүрэн эрх олгогдсон байх бөгөөд тодорхой нөхцөл, шалтгааны улмаас ажил олгогч өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар шийдвэр гаргах эрхтэй байна. /1хх 194-201/ Иймд гүйцэтгэх захирал эрхээ хэтрүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5.5. Ажил олгогч ХХХХ-ийн зүгээс ХХХХтэй байгуулсан гэрээг дуусгавар болгох өдрийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болгож өөрчилсөн үйл баримтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид түүний ажлын байр хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөхийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлээр мэдэгдсэн, гагцхүү тухайн мэдэгдэлд заасан хугацааг өөрчилсөн талаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах өдөрт өөрчлөлт оруулах тухай мэдэгдлээр мэдэгдсэн байна. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5.6. Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлүүлээгүй гэж гомдолдоо дурдах боловч тухайн хугацааны цалин, хөлсийг ажил олгогчийн зүгээс олгосон байна. Иймд түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/00801 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Мөнхгэрэлийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЗОЛЗАЯА