Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2016/00586

 

 

2016 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 151/ШШ2016/00586

Төв аймаг

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: “Хас банк” Зуунмод салбарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймгийн Зуунмод сум, Нацагдорж 6 дугаар баг, 8В байрны 8 тоотод оршин суух Д.Бурамсүрэн, Б.Ундрах нарт холбогдох,

зээл, хүү 2 512 724.77 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хас банк Зуунмод салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямхүү, хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах, нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” Зуунмод салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“2015 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 10 000 төгрөг төлөх ч сэтгэл гаргаагүй. Ямар нэгэн байдлаар энэ зээлийг төлөх санаа, санаачлага гаргахгүй байгаа учраас энэ зээл бол яах аргагүй чанаргүй зээлийн ангилалд орсон. Бид шүүхэд өгч байна гэдэг чинь гэрээнд зааснаар шүүхэд өгсөн өдрөөс хүү зогсчихсон байгаа. Тиймээс бид аль болох богино хугацаанд зээлээ төлүүлэхийг эрмэлздэг. Тиймээс оны сүүл хүртэл харах хугацаа бол байхгүй. Харин  7 юм уу 8 сарын сүүлд төлөх хугацааг өгч болно. Тэгэхлээр би гэрээгээ нэгэнт цуцлаад, барьцаагаар хангуулах төлөх саналтай байна. Хариуцагч нар ямар нэгэн санаачлага гарахгүй байгаа учраас  шүүхэд хандсан. Тиймээс бид нэгэнт барьцаа хөрөнгө нь манайд байгаа учраас барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрөө хангуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна... Би хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах нарын 2016 оны 09 дүгээр сарын 15 өдрийн дотор төлнө гэсэн хугацааг хүлээн зөвшөөрч байна” гэВ жээ.

 

Хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Би өрх толгойлсон эмэгтэй, охин маань багш. Би өөрөө наадам, баяр ёслолоор дээл хувцас оёдог. Энэ жил мөнгө муутай гээд хүмүүс оёуулахгүй байна. Би арай ч ийм мөнгөгүй байдаггүй байсан. Сүүлд өгсөн 440 000 төгрөгийг охин маань төлсөн. Охин маань нэг дүүгээ ч гэсэн тусдаа гаргаж биеийг нь даалгая гээд цалингийн зээл тултал нь аваад, нэг дүүгээ тусад нь гаргасан. Одоо цалингийн зээл авсан учраас дахин зээл авах боломжгүй. Би 7 сар хүртэл ямар ч байсан 500 000 төгрөгийг нь төлнө” гэВ. жээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хас банк” Зуунмод салбар нь хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах нараас 2 512 724.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Хас банк” Зуунмод салбарын нэхэмжилж буй зээл, зээлийн хүү 2 512 724.77  төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч “Хас банк” Зуунмод салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нямхүү нь хариуцагч нарын шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. “Хас банк” Зуунмод салбарын нэхэмжлэлийн шаардлага 2 512 724.77 төгрөгийг хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ““Хас банк” Зуунмод салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 153.60 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Бурамсүрэн, Б.Ундрах нараас 55 153.60 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ““Хас банк” Зуунмод салбарт олгосугай.

                                                                                                      

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.АРИУНАА