Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00992

 

 

 

 

 

2024 05 10 210/МА2024/00992

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00884 дугаар шийдвэртэй,

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй,

ХХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ нарт холбогдох,

 

ХХХХ-аас баталгааны гэрээний үүрэгт 612,296,030 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг баталгаа болон барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72,023,210 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, хариуцагч нарын өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХХХ нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ББ/814DOUPF150074 тоот Банкны баталгааны гэрэээгээр ХХХХ болон ХХХХ-ийн хооронд байгуулагдсан CW2066288/S-947 тоот Оюутолгойгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээнд 2,359,944,472.51 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг жилийн 4,5 хувийн хүүтэйгээр гаргасан. Тус банкны баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож дор дурьдсан барьцаа хөрөнгийг гэрээний үндсэн дээр барьцаалсан болно. Үүнд:

1.1.а. 35/814DOUPF150074 тоот Ипотекийн гэрээгээр ХХХ-ийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ХХХХ дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 24 дүгээр байрын урд байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2101003392 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө; Улсын бүртгэлийн Ү-2101003391 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

1.1.б. 35/814DOUPF150074-А тоот Ипотекийн гэрээгээр ХХХ, ХХХХ нарын өмчлөлий, Улсын бүртгэлийн Ү-2204018657 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын 22 дугаар гудамж, 101 дүгээр байр, 701 тоотод байрлах, 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц,

1.1.в. БГ/814DOUPF150074 тоот Барьцааны гэрээгээр ХХХ-ийн эзэмшлийн Богд хан уулын Жаргалантын ам нэртэй газрын 6,5 га талбайг аялал жуучлалын зорилгоор ашиглах эрх,

1.1.г. БГ/814DOUPF150074-А тоот Барьцааны гэрээгээр ХХХХ-ийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан машин тоног төхөөрөмж,

1.1.д. БГ/814 DOUPF150074-Б тоот Барьцааны гэрээгээр ХХХХ-ийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан машин тоног төхөөрөмж,

1.1.е. БГ/814 DOUPF150074-Г тоот Барьцааны гэрээгээр ХХХ-ийн өмчлөлийн Говил тос ХХК-ийн 100 хувь хувьцаа,

1.1.ё. БГ/814DOUPF150074-Д тоот Барьцааны гэрээгээр ХХХын эзэмшлийн Очир төв холдинг ХХК-ийн 100 хувь хувьцаа, ХХХ-ийн 100 хувь хувьцаа,

1.1.ж. БГ/814DOUPF150074-Е тоот Гэрээний орлого барьцаалах гэрээгээр ХХХХ болон ХХХХ-ийн хооронд байгуулагдсан CW2066288/S-947 тоот ХХХХгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх" гэрээний орлого,

1.1.з. БД/814DOUPF150074 тоот Батлан даалтын гэрээгээр ХХХ нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн,

1.1.и. БД/814DOUPF150074-А тоот Батлан даалтын гэрээгээр ХХХ нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн.

1.2.ХХХХ нь ХХХХ-тай байгуулсан гэрээт ажлаа гүйцэтгэсэн боловч банктай байгуулсан баталгааны гэрээний дагуу 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 612,296,030.11 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй банкны эрх ашгийг хохироож байна.

Иймд ХХХХ-иас ББ/814DOUPF150074 тоот баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулж ХХХХ-д олгож өгнө үү. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд барьцааны гэрээнд заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцтгэлийг хангуулж өгнө үү.

1.3. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Банкны баталгааны гэрээний дагуу төлсөн төлбөр тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

2. Хариуцагч ХХХын итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ, хариуцагч ХХХХийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа бол ямар хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа, түүнээс ямар хэмжээний үүргийг шаардаж байгаа нь тодорхой байх учиртай. Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгаас харвал ямар хариуцагчид ямар хэмжээний үүргийг хариуцуулж нэхэмжлэл гаргасан нь тодорхой бус, хариуцагч нь ямар үүргийг гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тогтоогдохгүй, ойлгогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус тул хариуцагч зохих журмын дагуу хариу тайлбар гаргаж мэтгэлцэх боломжгүй байна. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн шаардсан гэх барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, зохих хэлбэрээр хийгдээгүй, бүртгэгдээгүй. Иймээс шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй болно гэжээ.

3. Хариуцагч ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбарын агуулга: ХХХХ-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1491 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичгээр "...Голомт банкнаас тухайн баталгааны дүнг бүрэн эсхүл хэсэгчлэн ХХХХ-ийн дансанд байршуулж байгаагүй болно..." гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох банкны баталгаа гаргах үүргээ биелүүлээгүй атал манай компаниас үндсэн зээл 2,359,944,472.51 төгрөг олгосон гээд зээлийн хүүнд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 22,694,260.54 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 23,725,169.96 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 25,603,780.40 төгрөг, нийт 72,023,210 төгрөг данснаас татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд манай компаниас зээлийн хүү гэж авсан мөнгөн хөрөнгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд ХХХХ-иас 72,023,210 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 457 дугаар зүйлийн 457.1, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХХХХ болон ХХХ, ХХХХ, ХХХ, ХХХХ нарт холбогдуулан гаргасан ХХХХ-иас баталгааны гэрээний үүрэгт 612.296.030,11 төгрөгийг гаргуулах, зээлдэгч нар баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тохиолдолд баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон барьцаанд бариулсан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ХХХХ-д холбогдуулан гаргасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72.023.210 төгрөг гаргуулах тухай хариуцагч ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.289.631 төгрөгийг, хариуцагч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 518.067 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХХХХгийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хэргийг шийдвэрлэсэн шүүгч Банкны баталгааны огтоос ойлголтгүй буюу буруу ойлголттой байгаа явдал нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон алдаатай шийдвэрийг гаргах нөхцөл болжээ. Тодруулбал:

Шүүх Иргэний хуйлийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх заалтын ...банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн .. .шаардлагаар үүрэг гүйцэггэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх ...үүрэг ... хүлээнэ гэснийг буруу ойлгосон болох шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д хуулийг ишлэж буй байдлаас шууд харагдана. Угтаа банк баталгаа гаргана гэдэг нь тодорхой ажил гүйцэтгэх гэрээ байгуулах урьдчилсан нөхцөлийн нэг болдог шинж чанартай ба хуулийн дээрх томъёолол нь тэрхүү ажил гүйцэтгэх гэрээ болон баталгааны гэрээнд шууд тодорхойлж заасан нөхцөл бий болох үед үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан анхны шаардлагаар, тэрхүү шаардлагын эсрэг ямарваа нэг тайлбар, татгалзал гаргах эрхгүйгээр шууд төлбөрийг гүйцэтгэх тэрхүү үүрэг, амлалтыг баталгаа гаргагч банк өөртөө хүлээж байгаа хэрэг юм. Түүнээс бус ямар нэг байдлаар ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчийн дансанд мөнгөн хөрөнгө байршуулах үүрэг хүлээж буй харилцаа огтоос биш. Тийм ч учраас банкны баталгааны гэрээ байгуулсан даруйдаа банк өөрийн баталгаа гаргаж буй тухай мэдэгдэлийг үйлдэж, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчид хүргүүлснээр энэ гэрээ байгуулагдсан, мөн хэрэгжсэнд тооцдог учиртай. Энэ харилцааг ойлгодоггүй шүүгчийн алдаатай шийдвэрийн улмаас нэхэмжлэгч гэрээний дагуу баталгаа гаргах үйлчилгээг үзүүлж, баталгааг дуусгавар болгох тухай үүрэг гүйцэтгүүлэгч ХХХХ-иас мэдэгдэл ирүүлсэн 2022 оны 2 сарын 25-ны өдрийг хүртэлх даруй 6 жил гаруйн хугацаанд банк баталгааны үүргээ биелүүлж ирсний төлөө авбал зохих, гэрээгээр нэгэнт тохиролцсон төлбөрөө авч чадахгүйд хүрлээ.

Иймд энэхүү илт үндэслэлгүй, алдаатай шүүхийн алдааг залруулж шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгч ХХХХын хариу тайлбарын агуулга: Зохигчийн хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлд заасан баталгааны гэрээ байгуулагдсан ба энэхүү гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч ХХХХ баталгаат төлбөрийг банкнаас шаардахаар буюу ХХХХ нь ажлаа чанаргүй хийсэн учир баталгаа мөнгийг манайд байршуулаарай гэх байдлаар, банк баталгаат төлбөрийг ХХХХ-д төлсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгчээс буюу ХХХХ хамаарал бүхий эдгээр 6 хариуцагч болох 4 компани 2 иргэнээс тухайн төлбөрийг шаардах улмаар шаардсан хугацаанд төлөөгүй тохиолдолд 10,000,000,000 орчим төгрөгийн хэмжээтэй барьцаалсан барьцаа хөрөнгөөс гаргуулах, тухайн хөрөнгийг гаргасан тохиолдолд хүү авах эрхтэйгээр тохиролцсон.

Энэ нь баталгааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 3.1 дэх хэсэгт банк нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлж баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд баталгаа гаргуулагч ийнхүү төлсөн тухай мэдэгдсэнээс хойш 3 хоногийн дотор уг төлбөрийг банкинд төлөх үүрэгтэй гэж заасан байдаг.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийг огт олгоогүй, мөн хуулийн 457 дугаар зүйлд хүүгийн талаар ямар нэгэн заасан зохицуулалт байхгүй, ХХХХ-ийн төлбөрийг байршуулаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогддог. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан болзол нь дурдсан хугацаанд бий болоогүй учраас хүчин төгөлдөр бус байна гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Банк баталгаат төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчид огт төлөөгүй, банкнаас тухайн мөнгө бодитоор гараагүй, гүйлгээ хийгдээгүй атлаа хүү шаардаж, 10,000,000,000 орчим төгрөгийн барьцаа хөрөнгийг өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагч нь баталгааны гэрээгээр баталгаа гаргагч банкинд төлөх 2,300,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгэхийг шаардаж үүргээ биелүүлээгүй нөхцөлд батлан даагч буюу бусад этгээдүүдээс шаардлага гаргахаар заасан. Гэтэл өнөөдрийн хувьд нэхэмжлэгч нь 6 хариуцагчийн хэнээс, хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхойгүй.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4 дэх хэсэгт гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл үндсэн ХХХХ-аас шаардаад төлөөгүй тохиолдолд нөхөх хариуцлага буюу дараагийн арга хэмжээ бусад этгээдүүдээс авах, хэнээс хэдэн төгрөг шаардах талаар тодорхой заасан. Гэтэл нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүйн улмаас Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй болж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан

7.Хариуцагч ХХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь тухайн гэрээнд заагдсан ажлыг манай компаний зүгээс бүрэн гүйцэт дуусгаагүй буюу дундаас нь ХХХХ-ийн саналаар гэрээ хаагдсан учир гэрээ бүрэн хэрэгжээгүй гэх утгаар Голомт банкны гэрээ мөн бүрэн хэрэгжээгүй гэв.

8. Давж заалдах гомдолд хариуцагч ХХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХын хариу тайлбарын агуулга:

Гэрээг ХХХХ-ийн санаачлагаар цуцалсан тул тухайн ХХХХ-аас ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн гомдол гаргасан гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХХ, ХХХ, ХХХХ болон иргэн ХХХ, ХХХХ нарт холбогдуулан ХХХХ-иас баталгааны гэрээний үүрэгт 612,296,030 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ХХХХ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 72,023,210 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3. ХХХХ болон ХХХХ-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ББ/814DOUPF150074 тоот Банкны баталгааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ББ/814DOUPF150074-A тоот Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээгээр ХХХХ болон ХХХХ-ийн хооронд байгуулагдсан CW2066288/S-947 тоот Оюутолгойгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх гэрээнд 2,359,944,472.51 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээн авах хүртэл хугацаанд жилийн 4,5 хувийн хүүтэй, улсын комисс хүлээн авснаас хойш 12 сар хүртэл хугацаанд жилийн 5,5 хувийн хүүтэй байх, мөн баталгааны хугацааг улсын комисс хүлээн авснаас хойш 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар тус тус тохиролцсон талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.1. Харин анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т Энэ гэрээний зорилго нь банк ХХХХ-ийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн нэрийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь банкинд төлбөр төлөх харилцааг ... тодорхойлоход оршино гэж, 3.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардсанаар банк үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс төлбөр төлсөн тохиолдолд уг төлбөрийг үүрэг гүйцэтгэгч 3 хоногийн дотор банкинд төлөх үүрэгтэй. гэж тохиролцсон нь хуульд нийцсэн байна.

Харин үүрэг гүйцэтгүүлэгч ХХХХ-аас шаардлага ирсэн тохиолдолд ХХХХ баталгааны гэрээний үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд буюу үүрэг гүйцэтгэгч ХХХХ-ийн өмнөөс төлбөр төлсөн тохиолдолд гэрээ хүчинтэй болох агуулгаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж дүгнэнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 457 дугар зүйлийн 457.5 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөр төлөхийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр шаардана гэж, 457.6 дахь хэсэгт Энэ хуулийн 457.5-д заасан шаардлагыг банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргана гэж тус тус заасан нөхцөл бүрдээгүй буюу энэ маргаанд хамааралгүй зохицуулалтыг анхан шатны шүүх хэрэглэх шаардлагагүй байжээ.

3.2. Харин ХХХХ-ийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Leg/1491 дүгээр албан бичигт ... Тус баталгааны гэрээний дагуу ХХХХ-аас бичгээр шаардсан тохиолдолд л баталгааны дүнг Голомт банкнаас ХХХХ-д шилжүүлэхээр тохиролцсон. Голомт банкнаас тухайн баталгааны дүнг бүрэн, эсхүл хэсэгчлэн тус компанийн дансанд байршуулж байгаагүй гэсэн нөхцөл байдал нь дээр дурдсан банкны баталгааны гэрээг хэрэгжээгүй гэж дүгнэх үндэслэлгүй, банкны баталгааны мөнгөн хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч /ХХХХ/-ийн дансанд байршуулсан байхыг шаардахгүй юм. Иймд банкны баталгааны гэрээний зорилго бодит байдал дээр биелэгдээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан тооцох зохицуулалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл банкны баталгааны гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд энэ гэрээг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан болзол тавьж хийсэн хэлцэлд хамааруулан дүгнэхгүй юм.

3.3. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасан банкны баталгааны гэрээ хүчин төгөлдөр байна.

4. Гэрээний дагуу ХХХХ нь банкны баталгааг гаргасан нь тус банкнаас ХХХХ-д 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 81DOUPF150074 тоот Гүйцэтгэлийн аюулгүй байдал гэх албан бичигт ХХХХ /хүсэлт гаргагч/ ... гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй ... тухай мэдэгдсэн хүлээн авагч / ХХХХ/-ийн эхний шаарддлагыг бичгээр хүлээн авмагч ... нийт 2,359,944,472.51 /баталгааны дүн .../ төгрөгөөс хэтрэхгүй дүнг хүлээн авагчид төлөх үүргийг үүгээр мэдэгдэж байна гэж, ХХХХ-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Leg/1491 тоот албан бичигт ХХХХ, ХХХХ-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан GW2066288/S-947 дугаартай гэрээний дагуу ХХХХ нь 2,359,944,472.51 төгрөгийн дүн бүхий гэрээний гүйцэтгэлийн баталгааг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Голомт банкнаас гаргуулсан гэсэн байдлаар тус тус тогтоогджээ.

Иймд ХХХХ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт заасан үүргээ гүйцэтгэжээ.

5. Гэрээний 1.3-т тохиролцсон баталгааны жилийн хүү 5 хувь, баталгааны хугацаа 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл байх нөхцөлийг талууд 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр баталгааны жилийн хүүг улсын комисс авах хүртэл 4,5 хувь, улсын комисс хүлээн авснаас хойш 12 сар хүртэл 5,5 хувь, баталгааны хугацааг улсын комисс хүлээн авснаас хойш 12 сарын хугацаанд хүчинтэй байна гэж тус тус өөрчилсөн байна.

6. Нэхэмжлэгч ХХХХ нь нэхэмжлэлдээ гэрээний төлбөрийг шаардахдаа хугацааг 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тодорхойлж 2,359,944,472.51 төгрөгийг сарын 4,5 хувиар тооцож 612,296,030 төгрөгөөр тодорхойлж хариуцагч ХХХХ-иас шаардсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байна. Иймд хариуцагч ХХХХ-ийн гаргасан тайлбараар гаргасан нэхэмжлэгч хэнээс ямар үүрэг шаардаж буй нь тодорхойгүй гэсэн байр суурь ойлгомжгүй болжээ.

6.1. Нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотойгоор хариуцагчийн өмгөөлөгч ХХХХаас анхан шатны шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Х/13 тоот албан бичгээр ХХХХ болон ХХХХ-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ 2016 онд цуцлагдсан. Улмаар гэрээ цуцлагдсанаар дээрх баталгааны гэрээ 2017 онд дуусгавар болсон. Иймээс 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Оюутолгой ХХК-иас ХХХХ-д гэрээ цуцалсантай холбоотой албан бичгийг и-мэйл хаягаар ирүүлж байсан ба уг баримтаар гэрээ цуцлагдсан болохыг нотлох ач холбогдолтой ба ... эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй тул ... ХХХХ-иас гаргуулж өгнө үү, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшингээс мөн анхан шатны шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ... талууд улсын комисс ажлын хүлээн авснаар гэрээг дуусгавар болгохоор тохиролцосон. ... гэрээний ... үйлчлэл хэзээ дуусгавар болж байгааг тогтоох нь чухал ач холбогдолтой байна. ..Иймээс ... ХХХХ, ХХХХ-ийн ... ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн баримтыг ХХХХ-иас гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтүүдийг гаргажээ.

6.2. Анхан шатны шүүх дээрх хүсэлтүүдийг хангаж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 183/ШЗ2023/08025 дугаар захирамжаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн. Уг захирамжийн дагуу ХХХХ-иас 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн leg/1491 албан бичгээр дараахь баримтуудыг ирүүлжээ. Үүнд 1.ХХХХ-иас 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ХХХХ-д хүргүүлсэн албан бичигт гэрээ цуцлагдсан талаар дурдсан. 2. 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт, уг дүгнэлтэд захиалагч байгууллагыг ХХХХ, гүйцэтгэгч байгууллагыг Заг инженеринг ХХК, ЭСТО ХХК гэж тус тус тусгажээ.

6.3. Шүүгчийн захирамжийн дагуу ирсэн баримттай хариуцагч тал танилцаад захирамжийн биелэлтэй холбоотой хүсэлт, гомдол гаргаагүй тул энэ баримтыг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг зөрчөөгүй гэж дүгнэнэ.

6.4. Хариуцагч талаас баримтаар гаргаж өгсөн Оюу толгойХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 814DOUPF150074 дугаартай банкны баталгааг чөлөөлөх тухай албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримт нь эх хувиар эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүйгээс мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэс болохгүй байгааг анхан шатны шүүх зөрчжээ.

6.5. Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх тул шүүхээс мөн хуульд заасан журмыг сануулах үүрэггүй гэж дүгнэлээ.

7. Хариуцагч ХХХХ гэрээний дагуу 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2,359,944,472.51 төгрөгийг жилийн 4,5 хувиар тооцвол 690,283,757 /6 жил 6 сар/ төгрөг байх бөгөөд үүнээс хариуцагчийн төлсөн 72,023,210 төгрөгийг хасч тооцвол 618,260,547 төгрөг болж байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасан хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хязгаарлаж шийдвэрлэнэ. Иймд хариуцагч ХХХХ-иас Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт 612,296,030 төгрөг гаргуулж ХХХХ-д олгоно.

8. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд ХХХХ-д холбогдох Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 72,023,210 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

9. Банкны баталгааны гэрээний үүргийг гүйцэтгэлийн хангуулахаар нэхэмжлэгч нь доор дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээг холбогдох этгээдүүтэй байгуулжээ. Үүнд:

9.1. ХХХ-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3Б/814DOUPF150074 тоот Ипотекийн гэрээ-ээр тус компанийн өмчлөлийн улсын бүртгэлийн ХХХХ дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 24 дүгээр байрын урд байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-2101003392 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-2101003391 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

9.2. ХХХ, ХХХХтай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 3Б/814DOUPF150074-А тоот Ипотекийн гэрээ-ээр тэдний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204018657 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын 22 дугаар гудамж, 101 дүгээр байр, 701 тоотод байрлах, 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлйн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй.

10. Нэхэмжлэгч нь доор дурдсан хөдлөх эд хөрөнгө, эрх барьцаалсан гэрээг холбогдох этгээдүүдтэй байгуулж, хөрөнгийг барьцаалжээ. Үүнд:

10.1. ХХХ-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074 тоот Барьцааны гэрээ-ээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд Хан уулын Жаргалантын ам нэртэй газрын 6,5 га талбай бүхий аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрх,

10.2. ХХХХ-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-А тоот Барьцааны гэрээ-ээр тус компанийн өмчлөлийн, гэрээний хавсралтад дурдсан 74 төрлийн машин, тоног төхөөрөмж,

10.3. ХХХХ-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-Б тоот Барьцааны гэрээ-ээр тус компанийн өмчлөлийн гэрээний хавсралтад дурдсан 103 төрлийн машин, тоног төхөөрөмж,

10.4. ХХХ-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-Г тоот Барьцааны гэрээ-ээр тус компанийн эзэмшлийн Говил тос ХХК-ийн 100 хувь хувьцаа,

10.5. ХХХтой байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-Д тоот Барьцааны гэрээ-ээр түүний эзэмшлийн Очир төв холдинг ХХК-ийн 100 хувь хувьцаа, ХХХ-ийн 100 хувь хувьцаа,

10.6.ХХХХ-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-Е тоот Гэрээний орлого барьцаалах гэрээ-ээр ХХХХ болон ХХХХ-ийн хооронд байгуулагдсан CW2066288/S-947 тоот ХХХХгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх" гэрээний орлого тус тус барьцаалжээ.

Эдгээр гэрээ нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийгн 154.1 дэх хэсэгт зааснаар бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар худалдан борлуулах журмыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрааг гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй.

11. Нэхэмжлэгч нь доор дурдсан батлан даалтын гэрээг холбогдох этгээдүүдтэй байгуулжээ. Үүнд:

11.1. ХХХтой байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БД/814DOUPF150074 тоот Батлан даалтын гэрээ-ээр иргэн ХХХ нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээсэн,

11.2. 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БД/814DOUPF150074-А тоот Батлан даалтын гэрээ-ээр ХХХ нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс баталгааны гэрээний дагуу төлөх төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ гэдгийг баталж батлан даалтын үүрэг хүлээжээ.

Талуудын хооронд байгуулагдсан батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Дээрх 2 гэрээнд Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар заагаагүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулсны дараа батлан даалтын гэрээний үүргийг шаардах эрхтэй гэсэн дарааллыг тогтоох нь зүйтэй.

Аль аль гэрээний 3.4.2-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг Батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан тохиолдолд Үүүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаан нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үзрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг Батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасныг хамтран хариуцлага хүлээсэн гэж дүгнэхгүй болно.

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/00884 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХХХ-иас 612,296,030 төгрөг гаргуулж ХХХХ-д олгож, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ХХХХ-иас 72,023,210 төгрөг гаргуулах тухай ХХХХ-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисугай.

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт зааснаар ХХХ-ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ХХХХ дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3 дугаар баг, Уурхайчин 24 дүгээр байрын урд байрлах, 1.596 м.кв талбайтай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-2101003392 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

улсын бүртгэлийн Ү-2101003391 дугаартай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил багт байрлах, 126 м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

ХХХ, ХХХХ нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204018657 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын 22 дугаар гудамж, 101 дүгээр байр, 701 тоотод байрлах, 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

ХХХ-ийн, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богд Хан уулын Жаргалантын ам нэртэй газрын 6,5 га талбай бүхий аялал жуучлалын зориулалтаар ашиглах эрх,

ХХХХ компанийн өмчлөлийн, гэрээний хавсралтад дурдсан 74 төрлийн машин, тоног төхөөрөмж,

ХХХХ-ийн өмчлөлийн, 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-Б тоот барьцааны гэрээний хавсралтад дурдсан 103 төрлийн машин, тоног төхөөрөмж,

ХХХ-ийн эзэмшлийн Говил тос ХХК-ийн 100 хувь хувьцаа,

ХХХын эзэмшлийн Очир төв холдинг ХХК-ийн 100 хувь хувьцаа, ХХХ-ийн 100 хувь хувьцаа,

2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БГ/814DOUPF150074-Е тоот Гэрээний орлого барьцаалах гэрээ-ээр ХХХХ болон ХХХХ-ийн хооронд байгуулагдсан CW2066288/S-947 тоот ХХХХгоос Гашуут сухайт чиглэлийн авто замын ажлын 3 ба 5 хэсгийн гүйцэтгэх" гэрээний орлогыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай,

Тогтоох хэсгийн 3 дахь заалт болгон Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулснаар үүрэг дуусгавар болохгүй бол батлан даагч ХХХ, ХХХ-иас баталгааны гэрээний үүргийг гүйцэтгэлийг гаргуулсугай гэж тус тус өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч ХХХХ-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,289,631 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХХХ-д олгосугай гэж тус тус өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 5 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Э.ЗОЛЗАЯА