Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

 

 

   2019         05          06                                  2018/ШЦТ/723     

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч М.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1906 02037 0888 тоот хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Бөхийн өргөөний орчим 46-92 УБН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан иргэн С.Батсүрэнгийн цэнэглээд үлдээсэн байсан Ай фоне плас-7 маркийн гар утсыг түүнийг тамхи авахаар буугаад ирэхэд нь тээврийн хэрэгсэлд байсан гар утсыг нь авч явж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.              /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Б.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч С.Батсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 24-ний шөнийн 02:00 цагийн үед дэлгүүр орохоор 10 дугаар хорооллын урд талын автобусны буудлын тэндээс такси барих гээд гар өргөхөд нэг приус 20 маркийн автомашин зогссон. Би уг машинд суугаад уг машины жолоочид "онгорхой дэлгүүр хаана байдгийг мэдэх үү? Бөхийн өргөөний тэнд нэг шөнийн цагаар ажилладаг дэлгүүр байдаг гэсэн уг дэлгүүр рүү явъя" гэж хэлсэн. Ингээд би уг машинд сууж явж байхдаа "ай фоне утасны цэнэглэгч байна уу утсаа жоохон цэнэглэх хэрэгтэй байна" гэж асуухад уг машины жолооч "цэнэглэгч байгаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би машины жолоочоос цэнэглэгчийг нь аваад өөрийн хар өнгийн ай фоне 7 плас маркийн гар утсаа голынх нь хайрцган дээр цэнэглээд тавьчихсан юм. Ингэж явсаар байгаад Бөхийн өргөөний автобусны буудал дээр ирээд уг машины жолоочид түцнээс тамхи аваад ирье гэж хэлээд буугаад ойролцоогоор 2-3 түц орчиход 3-4 минутын дараа буцаад буусан газраа ирсэн чинь нөгөө машин алга болчихсон байсан. Тэгээд би тэр хавиар нэлээн хайсан. Нөгөө машин байхгүй намайг хаяад явчихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

Гэрч Х.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 03 сарын 26-ны орой 21-22 цагийн үед эгч Мөөнөө гэх найзтайгаа утсаар ярьж байхад нь би Мөөнөөд дээрх утас байгааг мэдсэн. Тэгээд би маргааш нь залгаад айфоне 7 плас байгаа гэсэн үү? тэр утсыг чинь үзэж болох уу гэж ярихад болно болно яармагт байрлах манай гэрт хүрээд ир гэсэн. Очиход хар өнгийн айфоне 7 маркийн дэлгэц нь цуурсан гар утас гаргаж ирсэн. Тэгээд би барьж үзээд хаанаас авсан юм бэ хулгайн утас биш биз дээ гэж асуутал таксинд явж байгаад хүн орхиод буусан юм. Мөнгө болгоно гээд надад зармаар байна гэсэн. Тэгээд би өөрийн данснаас Мөөнөөгийн данс руу 200.000 төгрөгийг шилжүүлээд гар утсаа аваад би гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-107/

 

Гэрч П.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... манай нөхөр халтууранд явж байгаад гэртээ орж ирэхдээ дэлгэц нь хагарчихсан ай фоне 7 плас маркийн гар утас бариад орж ирсэн. нөхрөөсөө уг утсыг ямар учиртай хэний утас болохыг асуухад шөнө таксийгаар үйлчлүүлсэн нэг муухай үнэртэй залуу үлдээчихсэн байсан. Би уг залууг муухай үнэртээд яваад байхаар нь машинаас буухаар нь шууд хөдлөөд явчихсан гэж ярьж байсан. Манай нөхөр хөдөө Өмнөговь аймагруу ажлаар явахдаа үлдээгээд явахаар нь би уг утсыг нь найзын дүү болох Даваадоржид 200.000 төгрөгөөр зарчихсан гэх мэдүүлэг хх-ийн 18-20/

 

"Дамно" ХХК-ийн хохирлын үнэлгээ тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Б32-19-277 дугаартай:

Ай фоне 7 плас маркийн гар утас 901.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 26-27/

 

-гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 2-3/

-гэрчид төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 4/

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 5-6/

-хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/

-эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-9/

-гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10/

-утасны хохирол төлсөн баримт /хх-ийн 11/

-Б.Бгийн дансны хуулга /хх-ийн 42-43/

-хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хх-ийн 62-63/

 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 24-ний орой шөнийн 02:00 цагийн үед 10 дугаар хороололын ойролцоо халтууранд явж байтал зам дээр хохирогч С.Батсүрэн нь гар өргөөд зогсож байсан. Машиндаа суулгахад Бөхийн өргөө явъя гэж хэлсэн ба надаас ай фоне маркийн гар утасны цэнэглэгч байна уу утсаа цэнэглэх гэсэн юм гэхээр нь байгаа гээд утсыг нь аваад машиныхаа голд цэнэглэсэн. Тэгээд бид хоёр явсаар байгаад Бөхийн өргөөний автобусны буудал дээр очиход хохирогч С.Батсүрэн нь ТҮЦ-нээс тамхи авна гээд машинаас буухаар нь би хөдлөөд явчихсан. Учруулсан  хохиролоо  бүрэн  төлж барагдуулсан байгаа. Би түүнд гар утсыг нь буцааж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 55/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, жолоочийн лавлагаа, хувийн байдлыг тогтоох бусад баримт /хх-ийн 30-41/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэж байхдаа өөрийнх нь автомашинд С.Батсүрэн нь гар утасаа цэнэглээд үлдээсэн байхад авч яван хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүндэрүүлэх нөхцөлгүй үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлсэнээр төгссөнд тооцогддог. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь өөрийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Б.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Б.Бг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Бд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Хохирогчийн алдсан гар утсыг буцаан өгсөн. Гар утсны дэлгэц хагарсан байсан учир учирсан хохиролыг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо хүсэлт гаргаж илэрхийлсэн /хх-ийн 63/ байх тул Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.

 

Шүүхээс ял шийтгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохирол төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж үлдээж, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн флаш дискийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болно. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ