| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувьтөгөлдөрийн Идэр |
| Хэргийн индекс | 185/2019/0061/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2019-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Лхасүрэнгийн Бт холбогдох эрүүгийн 1809042921138 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний бүртгэлийн газрын орчимд иргэн Г.Батхүүтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож,
хавтаст хэргийн хохирогчийн мэдүүлэг /хх-12, 16/, шүүгдэгч Л.Бын
гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-2-4, 18/, шинжээчийн дүгнэлт /хх-19/, гэрч А.Өэлүнзаяагийн мэдүүлэг /хх-55-57, хохирлын баримт /хх-62-66/, шүүгдэгч Л.Бын хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримтууд /хх-25-43/ зэрэг нотлох баримтуудыг,
шүүгдэгч Л.Б болон өмгөөлөгчийн “...гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргахгүй, хавтаст хэргийн 19, 25, 60, 64, 67, 68, 69, 71...” эдгээр нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянавал:
1. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Иргэний бүртгэлийн газрын орчимд иргэн Г.Батхүүтэй маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,
хохирогч Г.Батхүүгийн “...араас Бүрнээ гэх таньдаг ах Батхүү гээд араас дуудсан. ...хүрээд ирэхэд нь таньтай уулзах гээд гэж хэлээд л хэлэх гэж байсан үгээ дуусгаж амжаагүй байхад үгийн зөрүүгүй намайг толгой руу цохисон, бараг 10 удаа цохисон, хөл рүү 5-6 удаа өшиглөсөн, ...би энэ хүнд зодуулаад гэмтэл аваад түүндээ эмчлүүлсэн зардлын мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-12, 16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11419 дүгээр шинжээчийн дүгнэлт: “Г.Батхүүгийн биед зүүн чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний дэлбэнгийн нугалаасанд шарх, баруун чихний дэлбэнд цус хуралт, зүүн гарын савруу, зүүн өвдөгт цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-19/, гэрч А.Өэлүнзаяагийн “...цонхоор хартал манай нөхөр Б гээд байгаа хүнд зодуулж байсан. ...зодоон дууссаны дараа бичлэг, зураг авсан, ...тэгээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-54-57/, шүүгдэгч Л.Б гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ “...би нөгөө мөнгө, төгрөг, автомат тоглоомын асуудлаа яриад уурлаад хэлсэн чинь Батхүү та намайг цагдаад өгөөд дэмий шүү дээ, цагдаа нар намайг яаж ч чадахгүй, та хараа биздээ гэж хэлэхээр нь би өөрийнхөө чаддагаар арга хэмжээ авна гээд эхлээд өшиглөсөн дараа нь гараараа цохисон. ...зүйл ангийн хүлээн зөвшөөрч байна...” гэх /хх-4, 18/, хохирлын талаарх баримт /хх-62-66/, хохиролын 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч нарын харилцан тохиролцож гарын үсэг зурж шүүхэд өгсөн баримт зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, шүүгдэгч Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Б болон өмгөөлөгч нар нь улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдаж, шүүх хуралдаан дээр хохирлын мөнгө болох 120.000 төгрөгийг бэлнээр авчирсан бөгөөд шүүх хуралдаан дээр улсын яллагч, шүүгдэгч өмгөөлөгч нар гарын үсэг зурж өгсөн тул тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Баас гаргаж өгсөн хохирлын 120.000 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дугаартай дансанд байршуулж, хохирогч Г.Батхүүд олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн саналыг гаргав.
Харин шүүгдэгч Л.Б болон өмгөөлөгчийн зүгээс “…эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйлгүй…” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, түүнчлэн хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр тогтоов.
Түүнчлэн шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 1 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж шийдвэрлэлээ.
3. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1809042921138 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Лхасүрэнгийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Б нь 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 сарын дотор төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ИДЭР