Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00529/и |
Дугаар | 151/ШШ2016/00767 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2016/00767
2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2016/00767 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага нарангийн 2-2-2 тоотод оршин суух Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Бүрэн сум, Монгол хороолол, 6 дугаар гудамжны 17 тоотод оршин суух М.Алтанцэцэгт холбогдох, 20 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар А.Солонго оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“Иргэн Б.Наранцэцэг миний бие нь 2011 онд М.Алтанцэцэг болон түүний хүү Эрдэнэбаяр нарт 10 000 000 төгрөг зээлдүүсэн бөгөөд одоо хүртэл зээлдүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа болно. Зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд мөнгө тушаасан тухай баримтууд байгаа
Анх 2011 оны 5 дугаар сарын 16 өдөр Хаан банкны 5011092733 дугаар данс руу буюу М.Алтанцэцэгийн бэр болох Дамдинсүрэн овогтой Баасандолгорт 2 000 000 төгрөг
2011 оны 05 сарын 30 өдөр Хаан банкны 5737038747 дугаар данс руу буюу М.Алтанцэцэгт 2 000 000 төгрөг
2011 оны 06 сарын 13 өдөр Хаан банкны 5737038747 дугаар данс руу буюу М.Алтанцэцэгт 4 000 000 төгрөг
2011 оны 6 сарын сүүлээр М.Алтанцэцэгийн хүү лам Эрдэнэбаярт 2 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн болно. 1 жилийн дотор төлж хохирол барагдуулж өгнө гэсэн боловч одоо хүртэл дээрх мөнгийг төлөөгүй намайг хохироосоор байна.
М.Алтанцэцэгийн хүү Эрдэнэбаяр нь лам гэдгээрээ түрий барин намайг маш их дарамталж хэл амаар доромжилж байгаа бөгөөд 2011 оноос хойш зээлсэн мөнгөө өгөлгүй гар утсаа байн байн сольж зугтаасаар өдий хүрсэн юм. Мөнгөө төл гэхэд урдаас хэл амаар дарамталж сэтгэл санааны хүнд байдалдд оруулсаар бүтэн 4 жил болсон.
М.Алтанцэцэг нь хүүгийн хамт 2011 оноос хойш зээлссэн мөнгөө өнөөдөр төлнө, маргааш төлна гэж намайг хуурч, мэхэлсээр өдийг хүрсэн бөгөөд 2014 оны 9, 10, 11, 12 дугаар сард 500 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сард тус тус 350 000 төгрөг нийт миний дансанд 2 350 000 төгрөг хийсэн бөгөөд 10 000 000 төгрөгөөс 7 650 000 төгрөг үлдсэн.
4 жилийн өмнөх үеийн байдлаар бодоход 10 сая төгрөг бол их мөнгө байсан. Тухайлбал би дээрх мөнгийг доод тал нь 3 хувийн хүүтэйгээр хүнд зээлдүүлсэн бол сард 300 000 төгрөг 1 жилд 3 600 000 төгрөг 4 жил болоход 7 200 00 төгрөг үндсэн зээлтэйгээ 17 200 000 төгрөг болох байсан.
Иймд 2011 оны 06 дугаар сарын 13 өдрөөс 2015 оны 12 дугаар сар хүртэл 4 жил 6 сарын хугацаа өнгөрсөн тул үндсэн мөнгө 7 650 000 төгрөг, хохирол 12 350 000 төгрөг нийт 20 000 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч М.Алтанцэцэг шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
“...2011 онд хүү Б.Эрдэнэбаяр таньд хэдэн төгрөг явуулъя. Энэ мөнгөөр төлөг аваад жаахан өсгөмөөр байна гээд 2011 оны 5 сарын 30 өдөр 20 сая, 6 сарын 13 өдөр 4 сая төгрөг нийт 6 сая төгрөг Наранцэцэг нэрнээс миний дансанд орж ирсэн. Би тэр мөнгөөр төлөг аваад хийж, борлуулахаар хүүхдээ аваачиж өгсөн. Наранцэцэг буюу Төмөрөө гэдэг хүүхэн манай хүүтэй цуг тосож авсан.
Энэ мөнгийг анх зээлдүүлээч гэж гуйж аваагүй манай энэ хүн хоёрын хооронд ярилцаж тохирч авсан мөнгө юм...Иймд хүнээс авсан мөнгөө өгөх ётой байх. Гэхдээ Төмөрөө буюу Наранцэцэг гэдэг хүн мөнгөөр залуу хүнийг урхидаж буруу санаа өвөрлөж явж гэр бүл салгасан хэргээ хариуцах хэрэгтэй.
Миний хүүгийн хувьд үлдсэн 7 сая гаран төгрөгөө төлөхөд боломж муутай ажилгүй төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, орлогогүй хүн. Би хүүгийнхээ өмнөөс төлнө гэхэд цалингийн зээлтэй, зарах хөрөнгө муутай. Төмрөө өөрөө хэзээ ч хамаагүй бололцоотой үедээ авна гэсэн бол өөрийн тэтгэлгээс л төлөх боломжтой. Түүнээс хүү төлөх боломжгүй ” гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
“1. Учруулсан гэм хорын нэр төрөл, хэр хэмжээ: Зээлийн төлбөр болох 7 650 000 төгрөг...
2. Учруулсан хохирлыг арилгах талаар тохиролцоо, төлбөрийн дүн, төлөх журам, барагдуулах хугацаа: Дээрх 7 650 000 төгрөгийг 2017 оны 04 сарын дотор бүрэн төлж барагдуулна
3. Хариуцагч эь гэрээний 2-т заасан үүргээ биелүүлээгүйгээс хоногийн алданги эсвэл торгууль тооцох талаархи тохиролцоо: Хариуцагч нь дээрх төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүрийн үнийн дүнгийн 0,4%-иар алданги тооцон нэхэмжлэгчид төлнө.
4. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно.
5. Талууд эвлэрлийн гэрээг байгуулсанаар эвлэрлийг баталгаажуулах энэ гэрээнд заасан асуудлаар дахин арбитрт болон шүүхэд маргаан гаргах эрхгүй бөгөөд нэхэмжлэгч тал үл маргах журмаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэр биелүүлэх газраар албадан гүйцэтгүүлэх эрхтэй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь хариуцагч М.Алтанцэцэгээс нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 12 350 000 төгрөгөөр багасгаж, 7 650 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь зээлийн төлбөрөө 2017 оны 04 сарын дотор төлж дуусгахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Алтанцэцэгээс 7 650 000 төгрөгийн нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 137 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Алтанцэцэгт холбогдох иргэний хэргийн зохигчид 7 650 000 /долоон сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг 2017 оны 04 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Алтанцэцэгээс 137 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Наранцэцэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА