Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00997

 

 

 

 

 

2024 05 10 210/МА2024/00997

 

 

ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын

хязгаарлагдмал компанийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаар шийдвэртэй,

 

ХХХХХ-ын хуулийн этгээд ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компанийн нэхэмжлэлтэй,

Монгол Улсын хуулийн этгээд ХХХХ, Монгол Улсын иргэн ХХХХ, ХХХХ нарт тус тус холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах, ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани"-ийн нэр "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн,

Хариуцагч ХХХХ-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ, хариуцагч ХХХХ, ХХХХ, хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани /2003 оны 10 сарын 19-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэрээр хувьцаа эзэмшигч ХХХХ-ийг ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани" болгон өөрчилсөн/ болон Монгол Улсын хуулийн этгээд ХХХХ нь хамтран 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол-Хятадын хамтарсан ХХХХ-ийг үүсгэн байгуулсан билээ. Талууд "Монгол-Хятадын хамтарсан ХХХХ байгуулах тухай гэрээ"-г 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулж, компанийн 70 хувьтай тэнцэх 23,287 ширхэг хувьцааг Монсоник" ХХК-иас эзэмшихдээ Өөрийн эзэмшиж буй хувьцааны хэмжээнд байшин барилга, тоног төхөөрөмж, бэлэн мөнгө зэргийг, харин тус компанийн 30 хувьтай тэнцэх 9,980 ширхэг хувьцааг ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани эзэмшихдээ "Тоног төхөөрөмж, бэлэн мөнгө зэргийн хөрөнгө оруулахаар шийдвэрлэж, ХХХХ компанийг 3,326,700 ам.долларын дүрмийн сантайгаар үүсгэн байгуулсан.

ХХХХ-ийн компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр болон талуудын хооронд 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ-ийн гэрээ болон тус компанийн байр суурийн анхны өөрчлөлтийг баталсан бөгөөд хувьцаа эзэмшигч ХХХХ нь 60 хувь буюу 14,970 ширхэг хувьцааг, одоогийн ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани 40 хувь буюу 9,980 ширхэг хувьцаатай болсон.

Байгуулагдсан цагаас хойш ХХХХ нь тогтвортойгоор үйл ажиллагаа явуулсаар 2009 оноос санхүүгийн хямрал, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг 3-4 үйлдвэр гарч ирсэнээс бүтээгдэхүүний Монгол Улсад эзлэх хувь хэмжээ багасаж, 2012 оныг хүртэл хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгоогүй. 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр компанийн дүрмийн сан болон Монгол талын хувьцаа эзэмшигчид өөрчлөлт орж, ХХХХ-ийн эзэмшдэг ХХХХ-ийн хувьцааг иргэн ХХХХ 51 хувийг, ХХХХ 9 хувийг, ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани 40 хувийг тус тус эзэмшихээр өөрчлөлт орсон.

2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийн үйл ажиллагааны хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчид хоорондоо харилцан тохиролцож, ХХХХ, ХХХХ нар болон ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанитай Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ"-г байгуулсан. Тухайн гэрээгээр Хятад талын хувьцаа эзэмшигч ХХХХхөрөнгийн менежментийн компани нь ХХХХ-иас авах ногдол ашгийг 2012 оноос 2021 оны хооронд 10 жилийн хугацаанд тогтмол байдлаар тооцож, нийт 400,000 ам.долларыг хуваарийн дагуу авахаар тохиролцсон.

Гэрээ байгуулагдсанаас хойш ХХХХ-иас 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.долларыг шилжүүлж, үүнээс хойш ямар ч ногдол ашиг өгөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдийг хүрсэн билээ.

ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчид болох ХХХХ, ХХХХ нартай утсаар холбогдож энэхүү асуудлыг нааштай шийдэх гэсэн боловч ямар ч хариу өгөөгүй, мөн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр тус тус гэрээний үүргээ биелүүлэх тухай албан бичгийг илгээсэн боловч албан ёсоор амаар болон бичгээр хариу өгөөгүй, гэрээний үүргээ биеүүлэхээс зайлсхийсээр байна.

Иймд 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн "Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ-ний 3-т заасны дагуу ХХХХ болон түүний хувьцаа эзэмшигч ХХХХ, ХХХХ нараас 370,000 ам.доллар буюу 1,052,494,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 21/17 дугаар албан бичгээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг яаралтай хуралдуулж, уг хурлаар шүүхдэх асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч талд мэдэгдсэн. Уг албан бичгийг хүлээн авснаас хойш ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ, ХХХХ нар хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй өдий хүрсэн. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 -д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болохоор зохицуулсан. Мөн Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасны дагуу хариуцагч ХХХХ нь 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах үүргээ биелүүлээгүй байна. Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлыг дээр дурдсан хугацаанд хуралдуулаагүй тохиолдолд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болох ба ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлага ХХХХийн бүрэн эрх дуусгавар болсон нөхцөл байдал үүссэн болно.

ХХХХ-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийг байгуулж, хуралдуулах, тус компанийн гүйцэтгэх удирдлагыг нэн даруй томилох шаардлагатай байна. Одоогийн явуулж буй үйл ажиллагаа хууль зөрчиж байна. Мөн дээрх нөхцөл байдлаас үүдэн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.7-д зааснаар итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж буй өмгөөлөгч Э.Энх-Эрдэнийн ХХХХ-ийг төлөөлөх бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирал ХХХХийн бүрэн эрх тус тус дуусгавар болсныг тогтоож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар ХХХХ-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг тус компанид даалгаж өгнө үү.

1.3. ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанийн Хувьцаа эзэмшигчийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрээр ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанийн нэрийг ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани болгон өөрчлөхөөр шийдвэрлэж, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ХХХ дүүргийн зах зээлийн хяналтын удирдлагын газар (Хятад улсын хуулийн этгээдийн мэдээлэл бүртгэдэг төрийн байгууллага)-аас 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэрийн өөрчлөлтийг бүртгэсэн тухай мэдэгдэх хуудсыг "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" (компанийн өмнөх нэршил нь ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани")-д албан ёсоор мэдэгдэж, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийг баталсан билээ.

Тус компанийн нэрийн өөрчлөлттэй холбоотойгоор ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчийн нэг болох ХХХХтэй утсаар холбогдож энэ тухай тайлбарлаж хэлсэн боловч, хувьцаа эзэмшигчийн нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй гэсэн ба хүсэлтийг албан бичгээр 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ХХХХ-д шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариу өгөхгүй, Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хангахгүй зөрчиж байна. Энэ санаатай үйлдлийн улмаас нэр өөрчлөгдсөн хувьцаа эзэмшигчийн хувьд хуулийн этгээдийн бүртгэлээр эрхээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани"-ийн нэр "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болж өөрчлөгдснийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг ХХХХ болон хувьцаа эзэмшигч ХХХХ ХХХХ нарт даалгаж өгнө үү.

1.4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчөөгүй. Учир нь хамтарсан компани байгуулагдсан цагаас хойш ХХХХ-ийн гүйцэтгэх удирдлагыг Монгол талаас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа нь тогтвортой явуулсаар байсан хэдий ч хувьцаа эзэмшигч ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанидаа нэг ч төгрөг өгөөгүй 2012 оныг хүрсэн. Үүнээс үүдэн Хятад талын хувьцаа эзэмшигчдээс оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах талаар мэдэгдэхэд Монгол талын хувьцаа эзэмшигчдээс ирэх 10 жилийн хугацаанд тогтмол мөнгийг өгөхөөр тохиролцож, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийн үйл ажиллагааны хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан хувьцаа эзэмшигч ХХХХ, ХХХХ нар болон ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани харилцан тохиролцож, Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ"-г байгуулсан. Гэрээгээр ХХХХ нь Хятад талын хувьцаа эзэмшигч ХХХХхөрөнгийн менежментийн компанид 2012 оноос 2021 оны хооронд 10 жилийн хугацаанд тогтмол байдлаар 400,000 ам.долларыг хуваарийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсоноос хойш ХХХХ-иас 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.долларыг шилжүүлж, үүнээс хойш мөнгө төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн байдаг.

Тухайн гэрээг ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчид болох ХХХХ, ХХХХ нар болон ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани хооронд байгуулснаараа Компанийн тухай хуульд зааснаар шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тус гэрээгээр компани ногдол ашиг хуваарилах бус, харин компани ашигтай байхаас үл хамаарч компанийн ашиг, орлогоос жил бүрийн 9 сараас өмнө гэрээний 3 дугаар зүйлд заасан тогтмол ашиг, орлогыг өгөхөөр талууд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байна. Уг гэрээг хувьцаа эзэмшигчид байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д "Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж, мөн зүйлийн 189.5-д "Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэж заасантай нийцэж байгаа бөгөөд үүнийг компанийн удирдлагын зүгээс хүлээн зөвшөөрч 2012, 2013 онуудын ашиг, орлогоос төлбөрийг төлсөн.

Компанийн 2003-2020 оны II улирын санхүүгийн тайлан болон Татварын ерөнхий газрын 2003-2006, 2007-2009, 2014-2018 оны татварын улсын байцаагчийн актыг нотлох баримтуудаас 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Улсын төсвийн орлого, хянлтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Отгонбаяр, Б.Төгсжаргал нарын 210300302 дугаартай зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд: 2015 онд 101,116,468 төгрөгийн, 2016 онд 110,099,558 төгрөгийн, 2017 онд 107,793,158 төгрөгийн, 2018 онд 146,790,664 төгрөгийн ХХХХ-ийн ашиглалтын зардалд төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварыг өөрийн компанийн нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган, төлбөл зохих татварыг бууруулсан зөрчил, 2017 онд 18,116,580 төгрөгийн ундаа, шүүс борлуулсаны орлогыг нэмэн өртөгийн албан татварын тайланд тусгаагүй зөрчил, 2018 онд 51,769,248 төгрөгийн ундаа, ус, шүүс борлуулсаны орлогыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй зөрчил гэх мэт хэд хэдэн зөрчлүүдийг илрүүлсэн ба 803,520,808 төгрөгийн зөрчилд 56,251,384 төгрөгийн нөхөн татвар, 45,889,940 төгрөгийн торгууль, 26,336,304 төгрөгийн алданги, нийт 931,998,436 төгрөгийн акт тавигдсан байна.

Татварын шалгалтаар илэрсэн зөрчлүүдээс харахад компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын буруутай шийдвэрээс шалтгаалаагүй, харин гүйцэтгэх удирдлага, ерөнхий нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан компани жил бүр алдагдалтай ажилладаг, мөн татвар дээр ихээхэн өр төлбөр тавигдсан гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудаар хариуцагч ХХХХ-ийн 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ХХХХ-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэл үндэслэлгүй байна. Монгол Улсын Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д "Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ" гэж, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д "Хувыдаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ" гэж тус тус тодорхойлсон байх бөгөөд компани нь "ашгийн төлөө" ажиллахаас гадна Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д "Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ" гэж хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлж, компанийн ногдол ашгийг хуваарилахад Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д "ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх гэж, 46 дугаар зүйлийн 46.1-д "Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана" гэж, 46.8-д "Ногдол ашгийг компанийн татвар төлсний дараах цэвэр ашгаас хуваарилна" гэж, 46.10-д "Компани нь ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн бол уг шийдвэрт заасан хугацаанд ногдол ашгийг хуваарилна" гэж хуулиар зохицуулжээ.

Мөн ХХХХ-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 -д "Компанийн эрх барих дээд байгууллага нь Компанийн тухай хуулийн 59.1 дэхь хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал байна" гэж баталгаажуулсан байх тул "нэхэмжлэлийн шаардлага" нь урьдчилж компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэгдэх ёстой, бүрэн боломжтой асуудал юм. ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчид нь хамгийн сүүлд 2017 онд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж байсан. Үүнээс хойш хурлаа хийж чадаагүй шалтгаан нь Хятадын хөрөнгө оруулагч нар нь дахин Монголд ирээгүй, утсаар болон мэйлээр харьцах боломжгүй, ямар ч сураг чимээгүй алга болсонтой холбоотой.

 

2.2. 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай, ХХХХ-ийн "Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ нь агуулгаараа бүхэлдээ Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар "хууль зөрчсөн...." хэлцэл гэж үзнэ. "Хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Жишээ нь: дээр дурдсанчлан Компанийн тухай хууль болон дүрмийг зөрчсөн, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг, цаашид компани нь хуулийн этгээдийн чадамжийн хувьд оршин тогтножчадах эсэх асуудлыг хөндсөн, хэт нэг талыг барьсан хэлцэл болжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх...үүрэгтэй" байхад нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ зарим зүйлийг бодит байдлаас хол зөрүүтэй, худал мэдээллийг дурджээ. Тухайлбал: ...тоног төхөөрөмж, бэлэн мөнгө зэргийн хөрөнгө оруулахаар шийдвэрлэж..." гэж бичсэн байх боловч ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани ньтоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулсанаас бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт огт хийж байгаагүй. Хятадын талын хөрөнгө оруулалтаар орж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмж нь стандартын бус, эвдрэл гэмтэл ихтэй байсан тул Монголд ирсэн цагаас нь хойш байнгын, өндөр өртөгөөр засвар, үйлчилгээ хийлгэж, төлөвлөгдөөгүй зардлууд их гарсаны дээр Монгол Улсад үүссэн санхүүгийн хямрал, адил төрлийн үйлдвэрүүд хэд хэдээр байгуулагдсанаас бараа бүтээгдэхүүний борлуулалт муудаж, компани ашиггүй ажиллаж байсан. Компани байгуулагдсан цагаас хойш Татварын ерөнхий газраас хэд хэдэн удаагийн татварын хяналт-шалгалт орж, нийт 445,907,700 төгрөгийн акт тогтоож, төлж барагдуулсан зэрэг санхүүгийн хүндрэлтэй асуудлууд үүсэж, компанийн хувьцаа эзэмшигч нарын ногдол ашгийн асуудлыг шийдэх ямар ч боломжгүй явсаар ирсэн. Энэ бүх асуудлыг Хятадын талын хувьцаа эзэмшигч- хөрөнгө оруулагч нарт тухай бүрт нь мэдэгдэж, компанийн нөхцөл байдлыг танилцуулж байсан билээ. Одоо ч тус компани санхүүгийн хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байна.

ХХХХ-ийн ногдол ашиг хуваарилах асуудал нь зөвхөн нэхэмжлэгчид хамаатай бус компанийн хувьцаа эзэмшигчийн хувьд ХХХХ, ХХХХ нарт ч хамааралтай. Эдгээр хүмүүс нь компаниас ялгаагүй хувь хүртэх эрхтэй хүмүүс юм. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8-д заасан "хууль зөрчсөн" үндэслэлээр, 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Монгол-Хятадын хамтарсан ХХХХ-ийн Хятадын талын хувыдаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцохоор шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 56 дугаар зүйлийн 56.1.1, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 59.5-д заасныг баримтлан хариуцагч ХХХХ, ХХХХ, ХХХХ нарт холбогдох Гэрээний үүрэгт 1.052.494.600 төгрөг гаргуулах, ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, ХХХХ-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани"-ийн нэр "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болж өөрчлөгдснийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компанийн нэхэмжлэлийн шаардлага, ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанид холбогдох ХХХХ-ийн Хятадын талын хувыдаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ХХХХ-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, ХХХ нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.560.823 төгрөг, хариуцагч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5.420.423 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компанийн нэр 4 өөрөөр тэмдэглэгдсэн байх ба Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн, ХХХХ-ийн 41 хувийн хувьцаа эзэмшигч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдов гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие ХХХХХ-д бүртгэлтэй хуулийн этгээд болох ХХХХХөрөнгийн Менежментийн Ерөнхий компани"-ийг төлөөлөн тус шүүхэд анх 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Тус компани нь Хятад улсад үйл ажиллагаа явуулдаг, хятад хэл дээрх баримт бичгүүдийг хадгалж архивладаг бөгөөд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бүхий л баримт бичгийг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулан хятад хэл дээрх эх хувь дээрх баримт бичиг, түүний орчуулгын хамт хавсарган шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд тус баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2020/11014 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 омы 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаартай шийдвэр гарах хүртэл явагдсан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаруй хугацаанд явагдахад хариуцагч талаас гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудад ХХХХ Хөрөнгийн Менежментийн ерөнхий компани" хэмээх нэрээр тайлбар болно сөрөг нэхэмжлэл гаргадаг. Компанийн хувьцаа эзэмшигч мөн эсэх дээр талууд ямар нэгэн байдлаар маргадаггүй байхад монгол хэл дээрх нэрийн орчуулгыг үндэслэж шүүгч шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн ХХХХ Хөрөнгийн Менежментийн Ерөнхий компани нь өөрийн 91110101741590319G дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг, улмаар нэхэмжлэгч компанийн нэр өөрчлөгдсөнийг бүртгүүлсэн шинэ гэрчилгээг тус тус шүүхэд гаргаж өгсөн байдаг. Эдгээр гэрчилгээнүүд дээрх нэр болон компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл өөрчлөгдсөнөөс биш 91110101741590319G дугаар огт өөрчлөгдөөгүй болохыг иргэний хэрэгт авагдсан баримтуудаас харж болно.

4.1.2. Нэхэмжлэгч нь ХХХХХ-ын улсын бүртгэлд бүртгэгдсэн гадаадын хуулийн этгээд тул гэрчилгээ нь хятад хэл дээр байсныг бид мэргэжлийн орчуулагчаар орчуулга хийлгэж, ноариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Нотлох баримтаар гаргаж өгсөн хятад хэл дээрх хуулийн этгээдийн гэрчилгээ болон маргаж буй гэрээнд бичигдсэн нэхэмжлэгчийн нэр нь нэг үг, үсэг, тэмдэгтийн зөрүүгүй ижил байдаг. Харин монгол хэл рүү хийсэн орчуулгын хувьд өөр цаг хугацаанд, өөр орчуулагч орчуулсны улмаас ХХХ эсхүл Дунфан гэж бичигдсэн байдаг.

4.1.3. Нэхэмжлэгчийн нэрийн орчуулгын өөр өөр хувилбарыг хариуцагч нар урьд өмнөх харилцаанд хүлээн зөвшөөрөн харилцаж байсныг нэхэмжлэлийг гардан авч гаргасан хариу тайлбар, 2015, 2016 онд хуралдаж байсан хувьцаа эзэмшигчдийн болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээс харж болно.

4.1.4. Аливаа хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт ороход улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр тухайн өөрчлөлт нь хүчин төгөлдөр болж, цаашид шинэчлэгдсэн мэдээллэзр эрх зүйн харилцаанд оролцох үндэслэл бүрддэг. Харии улсын бүртгэлд бүртгэгдсэн дугаар өөрчлөгдөхгүй буюу тус хуулийн этгээдийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа болох нь энэ дугаар нотолдог.

4.1.5. Нэхэмжлэгчийн нэр нь ХХХХ /ХХХ/ шинда хөрөнгө оруулалтын менежментийн компани байсныг Бзэжин ХХХ дүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болгож нэрийг өөрчилсөн боловч 91110101741590319G бүртгэлийн дугаарт огт өөрчлөлт ороогүй байдаг нь энэ компани шинээр байгуулагдаагүй болохыг нотлох ба "ХХХХ /ХХХ/ шинда хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаа шинэ нэрээр хэвийн үргэлжилж, бусдын өмнө хүлээсэн үүрэг, бусдаас шаардах эрхэд өөрчлөлт ороогүй болох нь нотлогдоно.

4.1.6. Нэхэмжлэгчээс нэрийн өөрчлөлттэй холбоотойгоор 1) компанийн хувьцаа зззмшигчдийн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хурлын шийдвэр 2) ХХХХ хотын ХХХ дүүргийн зах зээлийн хяналтын удирдлагын газраас Нэрийн өөрчлөлтийг бүрэн эсэх тухай мэдэгдэх хуудас, 3) ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани нэрээр олгосон улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгснийг шүүх нотлох баримтаар үнэлж дүгнэхгүйгзэр монгол хэл дээрх орчуулгад хятад үгийг кириллээр галиглан бичсэн үсгийн зөрүүгээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна.

4.2. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

4.2.1. Маргаж буй гэрээг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, хятад тал буюу нэхэмжлэгч нь өөрийн хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрхээс татгалзсаны хариу төлбөр болгож монгол тал буюу хариуцагч нар нь 400,000 ам.долларыг хятад талд төлөх үүргийг хүлээж, энэхүү үүргээ 10 жилийн хугацаанд хэсэгчлэн гүйцэтгэхээр тохиролцсон байдаг. Эндээс харахад хариуцагч нарын гэрээгээр хүлээсэн үүрэг нь 400,000 ам.долларыг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх ба энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх буюу хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр байна.

4.2.3. Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хэсэгчлэн төлөх хугацаагаа хожимдуулж төлөхөөр амлалт өгч, хойшлуулсан хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1- т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

4.2.4. Анхан шатны шүүх шийдвэртээ гэрээний хугацаа хэзээ дуусах, шаардах эрхээ гэрээний хугацаа дууссанаас эхлэх үү, эсвэл үүргийг хэсэгчлэн гүйцэтгэх хугацаанаас тухайлан тооцох талаар дүгнэлт хийгээгүй байна.

4.2.5. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлуулж, нэмэлт тайлбартаа мөн дурдаж өгсөн боловч шүүх үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасантай нийцэхгүй байна. Хэрэв нэхэмжлэгчийн шинжлэн судлуулсан дээрх баримтуудыг үнэлэх боломжгүй гэж байгаа бол түүнийг үгүйсгэх үндэслэл, эсрэг нотлох баримтын талаар дурдах ёстой байтал огт дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-т заасныг хангахгүй ба 116.2-т заасан шийдвэр үндэслэл бүхий байх, 116.3-т заасан шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчиж байна.

4.3. Шүүх компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

4.3.1 Нэхэмжлэгч нь хариуцагч нарын санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хувьцааг нь эзэмшдэг ХХХХ-ийн үйл ажиллагаанд Компанийн тухай хууль болон тус компанийн дүрэмд заасан хувьцаа эзэмшигчийн эрхээ эдэлж чадахгүйд хүрч эрх нь зөрчигдсөн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрхээ хамгаалуулах этгээдийг хуульд заасны дагуу сонгох эрхтэй" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.3.2. Нэхэмжлэгчээс ХХХХ-ийн Төлеөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани-ийн нэр ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, хувьцаа эзэмшигчдийн тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргах болсон шалтгаан нь шууд хариуцагч нараас хамааралтай юм. Хариуцагч нар нэхэмжлэгчийг компанийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх ямар ч нөхцөл боломжгүй болгох Компанийн тухай хуулийн 59, 61 дүгээр зүйлийг шууд зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг байнга гаргаж, хясан боогдуулах замаар компанийн хяналтыг өөрсдөө дур мэдэн хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгосон нь нэхэмжлэгчийг зөрчигдсөн эрхээ шүүхэд хандаж сэргээлгэхээс өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.

4.3.3. Шүүхээс компанийн хувьцаа эзэмшигчийн зрх ашгийг хамгаалж, бүрэн эрх нь дуусгавар болсон этгээдүүд хууль бусаар компанийн засаглалыг хэрэгжүүлсний улмаас гаргасан шийдвэр, хийсэн гэрээ хэлцлүүд нь хүчин төгөлдөр бусад тооцогдох эрх зүйн үр дагаврыг арилгаж, компанийн үйл ажиллагааг цаашид хууль ёсны дагуу хүчин төгөлдөр бүрэн эрх, баримт бичгийн үндсэн дээр эрхлэн явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм.

4.3.4. Хариуцагч нарын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг таслан зогсоож, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-т заасан иргэний эрхийг хамгаалах аргад шууд хамаарч байгаа шүүхээр шийдвэрлэх боломжтой нэхэмжлэл байтал шүүхээс Хувьцаа эзэмшигч нарын компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэл, тайлбар, нотлох баримтуудыг анхан шатны шүүхээс бүрэн хэмжээнд тал бүрээс нь үнэлж, хууль зүйн дүгнэлт хийлгүй үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд тус хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах боломжтой байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

5.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани-ийн нэр ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани болж өөрдөгдсөн. Компанийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4 удаа итгэмжлэл авчирч өгсөн. Тус 4 удаагийн итгэмжлэлд нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ алдаатай, ойлгомжгүй, эргэлзээтэй байсан. Хариуцагч тал дээрх нөхцөл байдалтай холбоотой хүсэлт гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс орчуулагч томилж тухайн 4 итгэмжлэлд шүүхийн журмаар орчуулга хийсэн. Үүнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсан нөхцөл байдал арилаагүй хэвээр байсан. Дээрх илэрхий үйл баримтад нэхэмжлэгч талаас ямар нэгэн нэмэлт нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн учраас хариуцагч талаас тухайн үйл баримтыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан, энэ талаарх баримт хэрэгт авагдсан.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 15 дугаартай дүгнэлтээр тухайн итгэмжлэл хуурамч байна гэх баримт илэрсэн. Эдгээр баримтуудыг нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар няцаасан, үгүйсгэсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй.

Мөн улсын бүртгэлийн газраас ирсэн ХХХХ-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан. Энэ лавлагаагаар ХХХХ гэх нэрээр бүртгэж баталгаажуулсан байсан. Үүнээс үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл үүссэн учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш байна гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг үндэслэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Мөн нэхэмжлэгч талаас дээрх үйл баримттай холбоотой баримтуудыг анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгснийг үнэлж дүгнэхгүйгээр монгол хэл дээрх орчуулгад хятад үсгийг кириллээр галгилж, үсгийн зөрүү үүссэн гэх гомдлын үндэслэл ойлгомжгүй. Үүнд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөх талаар хуульд заасан. Энэ талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбартаа дурдсан. Учир нь нэхэмжлэгч ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани нь анх нэхэмжлэл гаргахдаа ХХХХ ашиг хуваах гэрээгээр 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.долларыг шилжүүлснээс хойш ямар ч ногдол ашиг өгөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2020 оны 03 дугаар сарын 10, 18, 25-ны өдрүүдэд гэрээний үүргээ биелүүлэх тухай албан бичгийг илгээсэн талаар дурдсан. Дээрх байдлыг хариуцагч тал Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасантай уялдуулж үзсэн. Хэрэв хөөн хэлэлцэх хугацааг шаардлага гаргах үеэс тоолбол 2014 он байх бөгөөд сүүлд гаргаж өгсөн 2015 оны Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гэж үзвэл 2018 оны 08 дугаар сард шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзнэ. Иймд гомдолд дурдсан хөөн хэлэлцэх хугацааны талаар асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэгч талаас маргаагүй атлаа давж заалдах гомдолд маргасан мэт агуулгыг дурдсан нь ойлгомжгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор ашиг хуваах гэрээ, Өмгөөллийн зуун эрхэс консалтинг XXК-аас ХХХХ-д хүргүүлсэн 3 албан бичиг, талуудын хооронд уулзсан уулзалтын тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан бөгөөд анхан шатны шүүх нэг бүрчлэн судалсан. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой өөр баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн тайлбар гаргаагүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.3. Мөн шүүх компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй гэх агуулгыг гомдолд дурдсан. Маргаан үүссэн цагаас буюу 2018 оноос хойш дээрх асуудал үүссэн. Тухайн үед ажиллаж байсан ХХХХ, н.Жамц нартай уулзаж эрх бүхий хүмүүсийг авчирч албан ёсоор уулзах талаар ярилцсан боловч хүлээж аваагүй. Мөн ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани нь ХХХХ-ийн 40 хувийн хувьцаа эзэмшигч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн эсэх нь ойлгомжгүй. Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйл болон 86 дугаар зүйлд хувьцаа эзэмшигчдийн хувьд ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргах талаар заасан.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-д заасан эрх нь хэрхэн зөрчигдсөн талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нотлоогүй. Нэхэмжлэгч тал нь ашиг хуваах гэрээтэй учраас мөнгөө авна гэж тайлбарладаг боловч хариуцагч талаас ХХХХ-ийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан талаар бүх баримтыг гаргаж өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд халдаж, тухайн хурлаар хэлэлцэх асуудлын талаар шийдвэр гаргах, улмаар Төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоох, хувьцаа эзэмшигчийн нэрийн өөрчлөлтийг улсын бүртгэл болон дүрэмд тусган, бүртгүүлэхийг даалгах зэргээр шийдвэр гаргах зохимжгүй, ийм эрхгүй болно. Гагцхүү тус компанийн хувьцаа эзэмшигч нар бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж, энэ талаар шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэхүү шийдвэр үүнд саад болохгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч тал энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор давж заалдах гомдол гаргаагүй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт, зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн судалж, хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хуульд заасан эрхийг бүрэн хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ХХХХгийн гаргасан тайлбар: Манайх хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг 30 жилийн хугацаанд явуулсан. Өдөр болгон хөрөнгө оруулах талаар санал ирдэг. Нэхэмжлэл гаргасан компанийн хятад иргэд 2012 онд хамтран ажиллах санал тавиад хамтарсан компани бүртгүүлээд тоног төхөөрөмж, мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон боловч нэг ч төгрөг орж ирээгүй. Хөрөнгө оруулсан тоног төхөөрөмжүүд нь 1988 онд үйлдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч тал 9 жилийн хугацаанд холбоо бариагүй бөгөөд тухайн хүмүүсийг олох боломжгүй, утас, нэр, хаяг байхгүй. Тухайлбал, 9 жилийн өмнө нэхэмжлэгч талаас ирээд бид нараас мөнгө аваад явсан, энэ талаар баримт хэрэгт авагдсан. Тухайн мөнгийг буцааж авахаар нэхэмжлэх гэсэн боловч сураггүй алга болсон. Гэтэл гэнэт шүүхийн маргаан үүсгэсэн бөгөөд ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанийн нэрээр итгэмжлэл авчирсан. Үүнд манайх видео бичлэг хийгээд протокол хөтөлсөн баримт хэрэгт авагдсан. Тухайн үед энэ хүмүүсийг олохгүй байгаа учраас хаана байгаа эсэхийг тодруулж, итгэмжлэл эргэлзээтэй байсан учраас үнэн эсэхийг асуухад үнэн гэж хэлсэн.

Уг итгэмжлэлийг шалгуулахаар хүсэлт гаргаж шалгуулахад өнгөт принтерээр хэвлэсэн хуурамч итгэмжлэл гэдгийг шинжээчийн дүгнэлт гарсан. Дахин хүсэлт гаргаснаар шүүгчийн захирамжаар Гадаад хэргийн яамаар дамжуулж ХХХХ хотод байдаг Монголын элчин сайдын яамнаас хуулийн этгээдийн лавлагаа гаргуулахад ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани Хятад улсад байхгүй талаар лавлагаа ирсэн. Гэтэл ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани болж өөрчлөгдсөн гэж хэлээд баримт авчирсан. Үүнд шүүгчийн захирамжаар улсын бүртгэлийн газраас дахин лавлагаа гаргуулж гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь хэн болохыг тодруулахад ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани гэх хариу ирсэн. Дээрх компанийн алиных нь асуудлыг шийдвэрлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй. ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани нь өөр байгууллага учраас дахин шүүхээр явах асуудал үүснэ. Итгэмжлэлд Финшан гэх хүний нэр бичигдсэн, гарыг үсэг зурагдсан. Улсын бүртгэлээс ирсэн лавлагаагаар эрх бүхий гарын үсэг нь Ши Жиан Пинг байсан. Бодит байдалд 9 жил сураггүй алга болсон хүмүүс бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн итгэмжлэлээр олон улсын баталгаат буухиа шуудангаар уулзъя, хаягаа явуулаач яваад очъё гэх агуулгатай шуудан явуулахад тухайн хаяг нэхэмжлэгч компанийг байхгүй гэх хариу ирсэн. Олон улсын баталгаат шуудан нь заавал очиж тухайн компанийн хүнд иргэний бүртгэлээр нь мэдээллийг хүргэдэг. Итгэмжлэл олгосон хүнээс нэхэмжлэгч хаана байгаа эсэхийг тодруулж, хэрхэн уулзсаныг асуусан. Манай талаас мөнгөө шилжүүлсэн боловч нэхэмжлэгч компани хөрөнгө оруулалт хийгээгүй, хуучин тоног төхөөрөмж өгөөд явсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч компанийн хүмүүстэй уулзсан бол гэрээгээ үзүүлээч хаанаас итгэмжлэл олгосон бэ гэж асуухад хэлдэггүй, тухайн хүмүүс байгаа үгүй нь мэдэгдэхгүй. Миний дансыг битүүмжилсэн бөгөөд татвар, өр зээлээ төлж чадахгүй өнөөдрийг хүртэл хохирч байна. Манайхаас мөнгө аваад хуучин төхөөрөмж өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзаж, хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ХХХХийн гаргасан тайлбар: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч ХХХХХ-ын хуулийн этгээд ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани нь хариуцагч Монгол Улсын хуулийн этгээд ХХХХ болон Монгол Улсын иргэн ХХХХ, ХХХХ нарт холбогдуулан гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах, ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, ХХХХ-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани"-ийн нэр "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ. / 4хх 28-29/

3. Анхан шатны шүүх дараахь үйл баримтыг зөв тогтоожээ.

3.1. ХХХХХ-ын хуулийн этгээд ХХХ компани болон Монгол Улсын хуулийн этгээд ХХХХ хамтран 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол-Хятадын хамтарсан ХХХХ байгуулах тухай гэрээ"-г байгуулсан. /1хх 23-36/

3.2. Уг гэрээгээр ХХХХ-ийн 70 хувьтай тэнцэх 23,287 ширхэг хувьцааг Монсоник" ХХК, 30 хувьтай тэнцэх 9,980 ширхэг хувьцааг ХХХ компани тус тус эзэмшихээр болсон.

3.3. ХХХХ-ийн 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Компанийн дүрмээр тус компанийн дүрмийн сан 3,326,700 ам.долларын хэмжээтэй байхаар болсон. /1хх 110-118/

3.4. 2002 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр гарч, талуудын эзэмшлийн хувьцаанд өөрчлөлт оруулж ХХХХ нь 60 хувь буюу 14,970 ширхэг хувьцааг, ХХХ компани 40 хувь буюу 9,980 ширхэг хувьцаатай болсон. /1хх 100-101/

3.5. Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2003 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр Хятад талын ХХХ компанийг ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компаниар сольжээ. /1хх 161/

3.6. 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн компанийн үүсгэн байгуулах дүрмээр Монгол талын хувьцаа эзэмшигчид өөрчлөлт орж, ХХХХ-ийн эзэмшдэг ХХХХ-ийн хувьцааг иргэн ХХХХ 51 хувийг, ХХХХ 9 хувийг, ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани 40 хувийг тус тус эзэмшихээр болж, дүрмийн сан 2,529,000 ам.доллар байхаар тогтжээ. /1хх 125-134, 143-152/

3.7. 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчид Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ-ийн Хятад талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашиг төлөх гэрээ"-г байгуулсан ба уг гэрээгээр Хятад талын хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн компани нь ХХХХ-ийн ногдол ашгийг 2012 оноос 2021 оны хооронд 10 жилийн хугацаанд тогтмол байдлаар тооцож, нийт 400,000 ам.долларыг хуваарийн дагуу авахаар тохиролцсон. / 3хх 64-65/

3.8. ХХХХ-иас 2012 онд 20,000 ам.доллар, 2013 онд 10,000 ам.долларыг тус тус ХХХХ хөрөнгийн менежментийн компанид шилжүүлсэн.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж алдаатай дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

4.1.а. ХХХХ-ийг 2002 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэн байгуулсан Хятад талын хуулийн этгээд болох ХХХ компани байсан. ХХХХ-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2003 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрээр Хятад талын ХХХХ И Кан Хуа Бэй ундаа компанийг ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компаниар сольсон талаар талууд маргаагүй. ХХХХ-ийн төлөөлөн удирдах зөвлөл 2003 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрт Хятад талын компанийн нэрийг ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани гэж галиглан бичсэн боловч хуулийн этгээдийн улсын бүртгэлд ХХХХ ХХХ Шинда хөрөнгө эрхлэлтийн ерөнхий компани гэсэн нэрээр 2005, 2008, 2016 онд тус тус бүртгэжээ. /1хх 197/

4.1.б. ХХХХ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн компани байгуулах тухай гэрээнд Хятад талыг ХХХХ ХХХ Шинда компани, мөн өдрөөр огноолсон компанийн дүрэмд ХХХХ ХХХ Шинда хөрөнгө зохицуулалтын компани гэж 2 өөрөөр тодорхойлсон бөгөөд уг гэрээ болон компанийн дүрэмд ХХХХ, ХХХХ, Ши Жиан Пинг нар гарын үсэг зурж, гэрээ, компанийн дүрмийг тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хүргүүлсэн, уг байгууллага хүлээж авчээ. / 1хх 229-240/

4.1.в. Түүнээс гадна ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай ХХХХ хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах тухай мөн өдрөөр огноолсон гэрээ, ХХХХ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мөн өдрөөр огноолсон дүрэмд тус тус Хятад талын хувьцаа эзэмшигчийн нэрийг ХХХХ ХХХ Шинда хөрөнгө зохицуулалтын компани гэж тодорхойлж, уг баримт бичгүүдэд ХХХХ, ХХХХ, Ши Жиан Пинг нар гарын үсэг зурж, тэмдэглэл, гэрээ, компанийн дүрмийг тус тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар хүргүүлсэн, уг байгууллага хүлээж авсан байна. /1хх 202-216/

4.1.г. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 2008 оны 01 дүгээр сарын 31, 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрчилгээнд Монгол Улсын иргэн ХХХХ -51 хувь, ХХХХ -9 хувь, ХХХХХ-ын ХХХХ ХХХ Шинда компани 40 хувийн хувьцаа эзэмшдэг гэж тэмдэглэжээ. /1хх 225-226, 2хх 27/

4.1.д. ХХХХ-иас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж байсан 2003 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс -2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах албан бичиг, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, компани байгуулах тухай гэрээ, компанийн дүрэм зэрэг баримтуудад ХХХХ-ийн хөрөнгө оруулагч дэд захирлыг Ши Жиан Пин /Shi Jian Ping, паспортын дугаар G219115436/, хөрөнгө оруулагчийн төлөөлөгчийг Жан Хан /ХХХХ/ гэж тус тус тодорхойлж, тэдгээр нь холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурж байсныг анхан шатны шүүх анхаараагүй байна. /1хх 129- 250, 2хх 1-61/

4.1.е. Дээрхээс дүгнэвэл ХХХХ-ийн баримт бичгүүдэд өөрсдөө Хятад талын хувьцаа эзэмшигч компанийн нэрийг 4 өөр байдлаар тодорхойлсон нь уг компанийг өөр өөр хуулийн этгээд гэж дүгнэхгүй юм.

Түүнээс гадна Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд ХХХХ ХХХ Шинда хөрөнгө эрхлэлтийн ерөнхий компани гэж бүртгэсэн атлаа Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн гэрчилгээнд ХХХХ ХХХ Шинда компани гэж мөн өөрөөр тусгаж байгаагаас дүгнэвэл улсын бүртгэлийг нэг мөр хөтлөхгүй байгаа байдал тогтоогдож байна.

Хариуцагч ХХХХ, ХХХХ, ХХХХ-иуд дээрх бичиг баримтыг үйлдэхэд оролцсон бөгөөд дээр дурдсан хугацаанд Хятад талын хувьцаа эзэмшигч компанийг хувьцаа эзэмших эрхгүй гэж маргаж байгаагүй.

4.1.ж. Мөн ХХХХ хотын ХХХ дүүргийн зах зээлийн хяналтын удирдлагын газар 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компанийг /бүртгэлийн дугаар 91110101741590319G/ бүртгэж Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосноор уг компанийн нэрийг өөрчлөгдсөн гэж дүгнэнэ. /5хх77-105/

4.2. Нэхэмжлэгч талаас олгосон итгэмжлэл хууль зөрчөөгүй байна.

4.2.1. Нэхэмжлэгч талаас дараахь итгэмжлэлүүдийг олгожээ. Үүнд:

а. ХХХХ Asset Managment Corporation гэж тодорхойлж орчуулсан байгууллагаас 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн ХХХХ, ХХХ нарт,/ 1хх 9-10/

б. ХХХХ ХХХ Шинда хөрөнгө эрхлэлтийн ерөнхий компани гэж орчуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр ХХХ-ийн хуульч ХХХ, ХХХХ нарт /4хх 34-39, 87-89/

в. Хятад үсэгтэй албан бичгийн бланк дээр огноогүй, хаана үйлдсэн нь тодорхойгүй итгэмжлэлийг ХХХ-д / 4хх 40, 156/

г. ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компаниас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсы хуулийн этгээд болох ХХХ-ийн хуульч ХХХХд /5 хх 85-87/ тус тус олгожээ.

4.2.1.а. ХХХХ Asset Managment Corporation гэж тодорхойлж орчуулсан байгууллагаас 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсын иргэн ХХХХ, ХХХ нарт итгэмжлэл олгож, байгууллагын бүртгэлийн дугаарыг 91110101741590319G гэж тэмдэглэж, итгэмжлэлд Пэн Сян гарын үсэг зурж, ХХХХХ-ын ХХХХ хот дахь Фаньюань нотариатын товчооноос 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Нотариатын гэрчилгээ /(2020) J.F.Y.W.Z.Zi 00072 гэсэн дугаартай/-нд итгэмжлэл дээрх тус компанийн нэр ХХХХ Asset Managment Corporation болон хууль ёсны төлөөлөгч Пэн Сянгийн гарын үсэг үнэн зөв болохыг баталсан байна. /1хх 5-11/

Итгэмжлэл хятад хэл дээр үйлдэгдсэн байх ба монгол хэлээр орчуулсан бичмэл баримт хуулбараар хэрэгт авагдсан /1хх 9-10/. Харин Нотариатын гэрчилгээг ХХХХ хотод Монгол Улсын элчин сайд гэрчлэх үйлдэл хийсэн нь Монгол Улсын Нотариатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт Хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нь нотариатын үйлдэл, баримт бичгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд үйлчлүүлэгчийн хүсэлтээр холбогдох баримт бичгийг орчуулан өгч болно гэж заасантай нийцжээ.

Түүнээс гадна БНМАУ, ХХХХХ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно., 2 дахь хэсэгт Хэлэлцэн тохирогч нэг Талын эрх бүхий байгууллагын үйлдсэн албан ёсны баримт бичиг нь Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт энэ Талын эрх бүхий байгууллагаас үйлдсэн адилтгах баримт бичгийн нэг адил хүчин төгөлдөр байна гэж зааснаар ХХХХХ-ын ХХХХ хот дахь Фаньюань нотариатын товчооноос 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Нотариатын гэрчилгээ /(2020) J.F.Y.W.Z.Zi 00072 гэсэн дугаартай/-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж дүгнэнэ.

Итгэмжлэлийн орчуулга Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж заасныг зөрчиж байхад уг зөрчлийг арилгуулахыг шүүх шаардах ёстой. Учир нь энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг тодорхойлсон баримт бөгөөд талуудын хоорондын маргааны үйл баримтад хамаарахгүй тул шүүх маргаанд хөндлөнгөөс оролцож буй явдал биш болно./ 1хх 9-10/

Нэхэмжлэгч талаар уг итгэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсны орчуулагчаар орчуулуулан шүүхэд өгсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа залруулагдсан байна. /4 хх 83-85/

4.2.1.б. ХХХХ ХХХ Шинда хөрөнгө эрхлэлтийн ерөнхий компани гэж орчуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Өмгөөллийг ХХХХ-ийн хуульч ХХХ, ХХХХ нарт /4 хх 37-39/ олгосон итгэмжлэлийг ХХХХ хотод хятад болон монгол хэлээр үйлдэж, компанийн хууль ёсны төлөөлөгчийг Peng Xiang гэж гарын үсэг зурсан байх тул энэ итгэмжлэл хуулийн шаардлага хангахгүй байна.

Учир нь уг итгэмжлэл нь БНМАУ, ХХХХХ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно. гэсэн зохицуулалтад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл нотариатын гэрчилгээ аваагүй тул эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу үйлдэгдсэн буюу гэрчлэгдсэн байх шаардлагад нийцээгүй.

Түүнээс гадна компанийн хууль ёсны төлөөлөгчийг Peng Xiang нь монгол хэл мэддэг байдал тогтоогдохгүй байх тул монгол хэлээр үйлдэгдсэн бичиг баримтыг үнэн зөв гэж дүгнэхгүй.

Энэ итгэмжлэл гадаад улсын нутаг дэвсгэр дээр үйлдэгдсэн, дээр дурдсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд нийцэхгүй тул хүчин төгөлдөр бус байна.

4.2.1.в. Хятад үсэгтэй албан бичгийн бланк дээр огноогүй, үйлдсэн газар нь тодорхой бус, монгол хэлээр бичсэн итгэмжлэлийг ХХХ-д олгосон байх ба ТУЗ-ийн дарга Peng Xiang гэж гарын үсэг зурсан /4 хх 40, 156/

Энэ итгэмжлэл нь БНМАУ, ХХХХХ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно. гэсэн зохицуулалтад хамаарахгүй, огноо болон үйлдсэн газар нь тодорхойгүй тул хүчин төгөлдөр бус болно.

4.2.1.г. ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компаниас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох ХХХ-ийн хуульч ХХХХд /5 хх 85-87/ тус тус олгожээ.

Уг итгэмжлэлийг ХХХХ хотод хятад хэлээр үйлдсэн, компанийн нэр, компанийн хууль ёсны төлөөлөгчийг Зөү И Фан /ХХХХ/ гэж бичигдсэн, компанийн тамга дарсан гэсэн тодорхойлолтыг ХХХХХ-ын ХХХХ хотын Фаньюань нотариатын газраас 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон Нотариатын гэрчилгээ /(2023) Жин Фан Юань Вай Жин Зи №2506/олгожээ. Итгэмжлэл БНМАУ, ХХХХХ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэлэлцэн тохирогч Талын эрх бүхий байгууллагаас өөрийн улсын хууль тогтоомжийн дагуу үйлдсэн буюу гэрчилсэн баримт бичгийг Хэлэлцэн тохирогч нөгөө Талын нутаг дэвсгэрт өөр ямар нэгэн баталгаагүйгээр хэрэглэж болно. гэсэн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр байна.

4.2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөл хэрэгжүүлэх итгэмжлэл нь материаллаг эрх зүйн хүрээнд төлөөлөх бүрэн эрх олгох итгэмжлэлээс ялгаатай. Иргэний процессийн эрх зүйн хүрээнд үүсдэг нэг харилцаа нь зохигч болон шүүхийн хоорондын харилцаа юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч болон бусад төлөөлөх эрхийг олгосон баримт бичгийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд хуульд нийцсэн эсэхийг шалгана. Шүүх процессийн төлөөлөх эрх эргэлзээтэй бол уг алдааг залруулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хэргийн бусад оролцогчоос зөвшөөрөл авахгүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШЗ2021/13971 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар ХХХХХ-ын элчин сайдын яамнаас нэхэмжлэгч талаас хэзээ хэдэн удаа итгэмжлэл гаргасан талаар тодруулга болон холбогдох баримтыг гаргуулахаар шийдвэрлэж, уг захирамжийг /4 хх 62-63/ 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/АБ2021/03276 тоот албан бичгээр Монгол Улсын гадаад харилцааны яаманд илгээжээ.

Харин Гадаад харилцааны яам нь Монгол Улсаас ХХХХХ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан талаар 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 тоот албан бичгээр анхан шатны шүүхэд хариу хүргүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хилийн чанадад бүрдүүлэх ажиллагааг хийхэд тухайн улстай байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байгаа эсэхийг шүүх шалгах учиртай. БНМАУ, ХХХХХ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ хоёр улсын хооронд 1989 оны 8 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан ба одоо хүртэл хүчинтэй үйлчилж байна.

Энэ гэрээний 3 дугаар зүйлд Харилцах журам-ыг тогтоохдоо гэрээний 1 дэх заалтад Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Хэлэлцэн тохирогч хоёр Талын эрх бүхий байгууллага бие биедээ хүсэлт тавих буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэхдээ өөрийн зохих төв байгууллагаар дамжуулан харилцаж байна, 2 дахь заалтад Энэ зүйлийн 1-д заасан төв байгууллага гэж БНМАУ-ын хувьд БНМАУ-ын Хууль зүй, арбитрын Яам, БНМАУ-ын Дээд шүүхийг; ХХХХХ-ын хувьд ХХХХХ-ын Шүүх Яам, ХХХХХ-ын Ардын дээд шүүхийг тус тус хэлнэ гэж заажээ.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2021/13971 дүгээр захирамжийн 2 дахь заалтаар ХХХХХ-ын элчин сайдын яамнаас лавлагаа, баримт шаардсан нь БНМАУ, ХХХХХ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний 3 дахь заалт буюу харилцах журам-ыг зөрчсөн алдаа гаргажээ.

Уг захирамжийг хүлээн авсан Гадаад харилцааны яам нь Монгол Улсаас ХХХХХ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл авсан нь шүүгчийн захирамжийг 2 дахь заалтад ХХХХХ-ын элчин сайдын яамнаас лавлагаа, тодруулга, баримт авах даалгавар биш байна.

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох ноцтой алдаа биш гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Гадаад харилцааны яамны 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 08/5557 тоот албан бичигт: Монгол Улсаас ХХХХХ-д суугаа Элчин сайдын яамнаас дараах мэдээллийг ирүүлснийг хүргүүлж байна. 1. ХХХХХ-ын Зах зээлийн хяналтын шалгалтын ерөнхий газрын албан ёсны цахим хуудаснаас ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанийг ХХХХХ-д үйл ажиллагаа явуулдаг болон албан ёсны бүртгэлтэй эсэхийг шалгахад 1994 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр байгуулагдсан албан ёсны бүртгэлтэй аж ахуйн нэгж байна. Түүнчлэн тус компанийн албан ёсны хуулийн этгээдийн итгэмжлэл олгох эрх бүхий албан тушаалтан нь Пөн Шян ... гэдэг хүн байна. 2. ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанийн хувьцаа эзэмшигчдийн албаны дарга Жао Ший-гийн Монгол Улсаас ХХХХХ-д суугаа Элчин сайдын яаманд өгсөн мэдээллээр тус компани нь ХХХХХ-ын ХХХХ хот, Дүнчэн дүүрэг, Андингмэнвай гудамж-136, Хаунчэнгийн Олон улсын дунд хэсэг, 5 дугаар давхарт байрлах бөгөөд 2020.07.09-ний өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үнэн байна. Түүнчлэн албаны дарга Жао Ший нь Монгол Улсын өмгөөллийн Зуун эрхэс ХХН болон иргэн ХХХ, ХХХХ нарт 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр, 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр, 9 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаа итгэмжлэл олгосон болохыг нотлов зэрэг болно гэжээ. Энэ баримтыг шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй ч шууд бус нотлох баримтаар үнэлэхэд хууль зөрчихгүй болно гэж дүгнэлээ.

4.2.3. Дээрхээс дүгнэвэл нэхэмжжлэгч талаас 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр, 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр тус тус олгосон итгэмжлэл хүчинтэй байна.

ХХХХХ-ын Худалдааны яамнаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ХХХХ Asset Managment Corporation олгосон Аж ахуй нэгжийн гадаадын хөрөнгө оруулалтын 1100201200376 тоот гэрчилгээг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулахдаа компанийн нэрийг англи хэлээр буулгасан. ХХХХХ-ын ХХХХ хот дахь Фаньюань нотариатын товчооны нотариатын 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчилгээг монгол хэл рүү хөрвүүлэхэд уг компанийн нэрийг англи хэлээр тэмдэглэжээ. /1хх 37-48/

4.3. ХХХХ Asset Managment Corporation /бүртгэлийн дугаар 91110101741590319G/ 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлийг уг байгууллагаас Монгол Улсын иргэн ХХХХ, ХХХ нарт олгожээ. Орчуулагч уг компанийн нэрийн монгол хэл дээр галиглаагүй байна. Нотариатын /2020/ 00072 гэж дугаарласан гэрчилгээнд ХХХХ хот дахь Монгол улсын элчин сайдын яам 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр нотариатын үйлдэл хийжээ. / 1хх 11/

ХХХХ ХХХ Шинда хөрөнгө эрхлэлтийн ерөнхий компаниас /хуулийн этгээдийн регистрийн дугаарыг 91110101741590319G гэж тэмдэглэггдсэн/ 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын иргэн, ХХХ-ийн хуульч ХХХХ, ХХХ нарт итгэмжлэл олгожээ. / 4хх 37-40,

ХХХХ Дунфанг Шиньда хөрөнгийн менежментийн корпораци /ХХХХ Asset Managment Corporation/-аас 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Shui Jianping -ийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар тус компанийг төлөөлөн ХХХХ-ийн төлөөлөгчийн албан үүргийг гүйцэтгүүлэх итгэмжлэлийг олгожээ.

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэр солигдсонтой холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийгээгүй байна.

5.1. Нэхэмжлэгч тал 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэрээ ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компани гэж тодорхойлж баримтаар өгсөн итгэмжлэл, нотариатын гэрчилгээ, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг монгол хэл дээр орчуулсан бичмэл баримтад ХХХХ Asset Managment Corporation гэж тэмдэглэгдсэн байдлыг анхан шатны шүүх тодруулалгүйгээр иргэний хэргийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн ХХХХ-ийн дэлгэрэнгүй лавлагаа болон 130 хуудас баримт бичгүүдэд нэхэмжлэгч талын нэрийг өөр өөрөөр бичсэн байдал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн баримт бичгүүдэд мөн өөрөөр тусгасан байдлуудаас нэхэмжлэгчийн нэрийг тодруулах ажиллагаа хийгээгүй, /1хх 196-250, 2хх 1-180/ Монгол хэл дээр үйлдсэн орчуулгын баримтуудад өөр өөрөөр тусгасныг нягтлаагүй байна.

5.2. Улмаар нэхэмжлэгч тал ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани нэрээр 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж баримтаар ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компанийн дүрмийг шүүхэд өгснийг шүүх хүлээн авчээ /5хх 108-128/

5.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын нэр өөрчлөгдсөн байдалтай холбоотойгоор нэхэмжлэгчийг солих ажиллагаа хийгээгүй боловч 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/19692 дугаар захирамжаас хойшхи ажиллагааг нэхэмжлэгчийн өөрчлөгдсөн нэр явуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан ноцтой зөрчил гэж дүгнээгүй болно. / 5 хх 174-178/

6. Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээг 2012 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бичгээр байгуулж, гэрээнд ХХХХ, ХХХХ, ХХХХшинда хөрөнгийн менежментийн ерөнхий компани-г /компанийн нэрийг гэрээний орчуулгын дагуу бичив/ төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зуржээ. / 1 хх 104-108/

Гэрээний 3 дахь заалтад Ирэх 10 жил үйл ажиллагаагаа явуулж байх хугацаанд Хятадын талын хувьцаа эзэмшигч ХХХХшинда хөрөнгийн менежментийн ерөнхий компанид тогтмол орлого төлөхөөр ... талууд ярилцан тохиролцсон. Үүнээс хойш хамтарсан компанийн ногдол ашиг хуваарилалтад оролцохгүй болно. ... гэж тохиролцож 400,000 ам.долларыг 10 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хуваарийг баталжээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэх уг гэрээний харилцаа нь Иргэний болон Компанийн тухай хуулиар зохицуулагдахаар байхад анхан шатны шүүх Компанийн тухай хууль хамаарахгүй гэж дүгнэсэн нь алдаатай болжээ.

Учир нь гэрээний тохиролцооноос дүгнэвэл Хятадын талын хувьцаа эзэмшигч ХХХХшинда хөрөнгийн менежментийн ерөнхий компани /гэрээнд заасан нэрээр бичив/ нь ХХХХ-д хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшдэг бөгөөд компанийн ногдол ашиг авахгүйгээр 10 жилийн хугацаанд оруулсан хөрөнгөөс 400,000 ам.долларыг хэсэгчлэн буцаан авахаар тохиролцжээ. Гэрээний уг тохиролцоо хуульд нийцэх учиртай.

Талуудын үүсгэн байгуулсан ХХХХ нь Монгол Улсын хуулийн этгээд байх тул Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх компани өмчийн хэлбэр, эд хөрөнгийн болон үйлдвэрлэлийн хэмжээ, дотоод зохион байгуулалтаас үл хамааран энэ хуулийг дагаж мөрдөнө гэж зааснаар хувьцаа эзэмшигчдийн хоорондын харилцаанд мөн хуулийн зохицуулалтыг баримтална.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг ... тул Хятадын талын хувьцаа эзэмшигч ХХХХшинда хөрөнгийн менежментийн ерөнхий компани нь оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа авчээ. Өөрөөр хэлбэл оруулсан хөрөнгийг хувьцаа болгож авснаас өөр байдлаар буцаан шаардах эрхтэй хөрөнгө оруулалт хийгээгүй байна.

Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ гэж, компанийн энгийн хувьцаа эзэмшигч мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-т давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах эрхтэй байна.

Хятадын талын хувьцаа эзэмшигч ХХХХшинда хөрөнгийн менежментийн ерөнхий компани нь ХХХХ-ийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Компанийн дүрмээр компанид оруулсан 1,011,600 ам.долларын хөрөнгө оруулалтдаа 1,011,600 ширхэг хувьцаа эзэмшдэг гэж заасан боловч уг дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.9 дэх хэсэгт Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, шинэчлэн найруулсан дүрэм нь улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэсэн шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр болоогүй байна. /1 хх 143-151/ Иймд ХХХХ-ийн 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Компанийн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул уг хугацаанаас өмнө бүртгүүлсэн Компанийн дүрэмд хувьцаа эзэмшигч нараас компанид оруулсан хөрөнгөтэй холбоотой бусад эрх байгааг шалгах учиртай.

ХХХХ-ийн 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн Компанийн дүрэм /1хх 229-240/-ийн Зургадугаар зүйлийн 1-д Хамтарсан компанийн хувьцаа гэдэг нь хамтарсан компаниас Талуудад хамтарсан компани байгуудагдах үед талуудаас дүрмийн санд оруулсан хувь хөрөнгийн хэмжээг нотолсон, мөн оруулсан хөрөнгөнөөс ашгийн хувь хүртэх эрхтэй гэрчилгээ буюу үнэт цаасыг хэлнэ гэж, Есдүгээр зүйлийн 13-т Хамтарсан компанийн дүрмийн санд оролцогч талуудаас оруулсан хувь хөрөнгийн хэмжээгээр ашгаа жилд нэг удаа хуваарилуулж авна. Ашгийг олсон тухайн валютаар хуваарилж оролцогч талуудад өгнө. Хэрэв хамтрасан компани алдагдалтай ажилласан бол түүнийг нөхөж дуустал ашгийн хуваарилалт хийхгүй байж болно гэж заажээ. Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч нар оруулсан хөрөнгийг хувьцаа болгосноос өөр хөрөнгө оруулалтын талаар болон хувьцааны ногдол ашгаас өөрөөр компанийн хөрөнгийг хуваарилах талаар тохиролцоогүй байна .

Гэтэл Хятадын талын хувьцаа эзэмшигчийн тогтмол ашгийг төлөх гэрээ нь Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т заасныг зөрчиж байгуулагдснаар хувьцаа эзэмшигчид тогтмол ашиг төлөхөөр тохиролцсон нь буруу болжээ. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь алдаатай болсон тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

Түүнээс гадна хариуцагч тал уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэлээр гаргасныг анхан шатны шүүх хүлээн авсан нь буруу болжээ. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар нь нэхэмжлэлийн шаардлага болох бөгөөд түүний үндэслэл нь хэлцэл хүчин төгөлдөр бус байх байдал юм. Гэтэл анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлд хамаарах байдлыг анхааралгүйгээр шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан, давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх боломжтой. Иймд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гэж тодорхойлсныг тайлбар гэж дүгнэлээ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шаардах эрхгүй юм. Иймд хариуцагч нарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 1,052,494,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгчээс ХХХХ-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх болон гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох, ХХХХ-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахыг даалгах, тус компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал 2017-2021 онуудад хуралдаагүйг тогтоолгох, ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани"-ийн нэр "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болж өөрчлөгдсөнийг компанийн дүрэмд өөрчлөлт оруулан тусгаж, Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол гаргах, дүрэмд орсон өөрчлөлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч компанийн дотоод үйл ажиллагаанд шүүх оролцох боломжгүй гэсэн дүгнэлтийг залруулна.

7.1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна. ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10/16 тоот шийдвэрээр батлагдсан ХХХХ-ийн дүрэм болон мөн өдрөөр огноолсон компани байгуулах гэрээг тус тус улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх 212-216/

Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар компани үүсгэн байгуулах хурлаар шийдвэрлэх асуудалд компани үүсгэн байгуулах тухай, компанийн дүрэм орсон бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт компанийн дүрэм нь компанийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг болохыг заажээ. Иймд компанийн дүрмийг үндэслэж маргааныг шийдвэрлэнэ. Харин компани байгуулах гэрээ нь Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан баримт бичигт хамаарахгүй байна.

Компанийн дүрмийн 6.1-д зааснаар компанийн эрх барих байгууллагыг хувьцаа эзэмшигчдийн хурал байна гэж заасан нь дээр дурдсан хуулийн зохицуулалттай нийцсэн байна. Уг дүрэм тус компани төлөөлөн удирдах зөвлөлтэй байна гэж заагаагүй тул төлөөлөн удирдан зөвлөлийн бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэл үндэслэлгүй болжээ.

7.2. Компанийн дүрмийн 8.1-т компанийн гүйцэтгэх удирдлага нь компанийн гүйцэтгэх захирал байх, 8.2-т гүйцэтгэх захирал нь хувьцаа эзэмшигчтэй гэрээ байгуулах, уг гэрээний үндсэн дээр үйл ажиллага явуулахаар тус тус заажээ.

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасныг компанийн дүрэм болон бусад баримт бичгээр өөрчлөх боломжгүй.

ХХХХ-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хамгийн сүүлд 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хуралдсан /1хх 203-204/

Үүнээс хойш Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заасныг ХХХХ-ийн гүйцэтгэх удирдлага зөрчиж хурлыг зарлаагүй байна. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Энэ хуулийн 59.4-т заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулаагүй тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулахаас бусад энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх дуусгавар болно гэж зааснаар ХХХХ-ийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон бөгөөд үүнийг шүүхийн шийдвэрээр дахин тогтоох шаардлагагүй. Иймд ХХХХ-ийн гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.

7.3. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт Хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ энэ хуулийн 59.4-т заасан хугацааны дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэр гаргаагүй бол Санхүүгийн зохицуулах хороо тухайн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсныг нийтэд мэдээлнэ. гэж заасан ажиллагаа хийгдсэн талаар баримтгүй байна. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдуулахыг шаардах эрхийг хуулиар олгоогүй. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаарх зохицуулалт нь хуульд заасан хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг явуулаагүй бол компанийг эрх зүйн аливаа хэлцэлд оролцох боломжгүй болгох байдлаар хариуцлагыг тооцжээ.

Түүнээс гадна хувьцаа эзэмшигч нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаардах эрхтэй. Энэ эрхээ хэрэгжүүлэхийн тулд мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-д гаргах ёстой.

ХХХ 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ХХХХ-д Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай мэдэгдлийг /3хх 231-232/ гаргасан бөгөөд уг мэдэгдэл гаргах эрхийг 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд үндэслэсэн байна. Хэрэгт нэхэмжлэгч талаас уг огноогоор олгосон итгэмжлэл байхгүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал худалдуулах алаар санал, шаардлагыг гаргасан гэж дүгнэхгүй юм.

7.4. ХХХХ нь 2017-2021 онуудад хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулаагүй болох нь улсын бүртгэлийн газарт холбогдох баримтуудыг хүргүүлээгүй байдлаар тогтоогдож байна. Харин энэ шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөрчигдсөн эрх сэргээх зорилготой иргэний эрх зүйн хамгаалалтад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл шүүх зөрчигдсөн эрх сэргээх үүрэгтэй бөгөөд харин хэрэг хянан шийдвэрлэх ердийн ажиллагаагаар аливаа үйл явдлыг эрх зүйн ач холбогдолтой гэж үзэж тогтоох учиргүй.

7.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ХХХХ-ийн хувьцаа эзэмшигч ХХХХ хөрөнгийн менежментийн ерөнхий компани"-ийн нэр "ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компани" болж өөрчлөгдсөн. Уг өөрчлөлтийг компаний дүрэмд оруулах, бүртгүүлэх талаар хувьцаа эзэмшигчийн хурал шийдвэрлэх эрхтэй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан журмын дагуу явагдаагүй байхад шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул холбогдох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

8. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно. .

9. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсэг буюу дүгнэлттэй холбоотой хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/00902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 189 дүгээр зүйлийн 189.5 гэснийг хасч, ...ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компанийн нэхэмжлэлийн шаардлага, ХХХХхөрөнгийн менежментийн ерөнхий компанид холбогдох ХХХХ-ийн Хятадын талын хувыдаа эзэмшигчийн тогтмол ногдол ашгийг төлөх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай хариуцагч ХХХХ-ийн сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...ХХХХХдүүргийн төрийн өмчийн удирдлагын хязгаарлагдмал компанийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 60 дугаар зүйлийн 60.1 гэсний дараа 59 дүгээр зүйлийн 59.1 гэж нэмж, ...хариуцагч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,420,423 төгрөгийг тус тус гэснийг хасч үлдээсүгэй гэснийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,420,423 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж ХХХХ-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,560,823 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА