Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уранбилэг,

          Улсын яллагч Г.Сундуй,

          Өсвөр насны шүүгдэгч А.Э,

          Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Мөнгөншагай,

          Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Чинбаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Э холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905002490206 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 10-ны Завхан аймагт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт , ял шийтгэлгүй, А.Э/регистрийн дугаар,

         

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

       Өсвөр насны яллагдагч А.Э нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурийн театрын орчимд хохирогч С.Анударьтай маргалдаж улмаар нүүрийг маажиж, өвдгийг хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүх хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч А.Э нь согтуурсан үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурийн театрын орчимд хохирогч С.Анударьтай маргалдаж улмаар нүүрийг маажиж, өвдгийг хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

          Шүүх өсвөр насны шүүгдэгч А.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

        Өсвөр насны шүүгдэгч А.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дуурийн театрын орчимд хохирогч С.Анударьтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар нүүрийг маажиж, өвдгийг хазах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Анударийн “...би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн орчим дотуур байрандаа амарч байтал Хулан, А.Э хоёр 4 шил пиво бариад орж ирсэн. Би халуураад байна гээд уугаагүй, А.Э, Хулан нар уугаад нэг шил пиво үлдсэн. Заяа, Баярцэцэг нар орж ирсэн. Бид нар сургуулийн урдаас такси бариад талбайн баруун талд байрлах “Меетинг” бааранд орсон. А.Э нэг залууг үсдээд орилоод байсан бөгөөд баарны хамгаалагч бид нарыг эндээс гарч зодолд гээд гаргасан. Тэгтэл Зулаа "энэ машины урд зам дээр манай ахын машин ирчихсэн байгаа бүгдээрээ сууя" гээд би машины урд талд суугаад бусад нь арын суудалд суусан. А.Э арын суудал дээр орилж чарлаад хөл гараа сарвалзуулаад байсан бөгөөд эргээд хартал миний нүүр рүү өшиглөсөн. Би уг машины арын суудал дээрээс цүнхээ авах гээд хаалгыг нь онгойлготол өмнөөс А.Э бууж ирээд “ална” гээд дайрахаар нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд тэд нараас холдон өөр такси барихаар гүйтэл миний араас А.Э хөөж Дуурийн театрын өмнөх шатан дээр хальтраад унасан. Тэгээд бичлэг хийхээ больж А.Эд больё гэхэд над руу бага багаар дөхөж ирснээ цамцнаас заамдаад сэгсрээд “ална шүү” гээд орилоод байсан. Би А.Эгийн гарыг тавиулах гээд ноцолдож байтал хоёулаа хальтраад газар унасан, унахдаа би толгойгоороо газар мөргөсөн. Энэ үед Номин араас ирээд бид хоёрыг салгах гэхэд А.Э миний өвдөгнөөс хазсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/, мөн А.Эд зодуулсны улмаас 228.500 төгрөгний зардал гарсан гэх мэдүүлэг /хх-н 38-39/,

            Гэрч Б.Баярцэцэгийн “...Анударь, Э, Хулан, Зулаа, Номио бид нар 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр талбайн орчим уулзахаар болоод би Зулаагийн хамт уг газар очиход Анударь, Энхжин хоёр согтчихсон хоорондоо маргалдаад байж байсан. Дуурийн театрын урд талд л зодолдсон, өөр газар зодолдоогүй. А.Э Анударийн өөдөөс сарвалзаж байхдаа нүүрийг нь маажчихсан юм шиг байна лээ, тэр үед харахад Анударийн зүүн нүдний доод хэсэгт маажсан юм шиг зулгарсан байсан. Мөн Анударийн амнаас нь зулгаасан..." гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Гэрч Д.Номингийн "...Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө оюутны дотуур байрны гадаа ахтайгаа уулзаж байх үед найз Баярцэцэг над руу залгаж хороололд хүрээд ирээч гэсэн. Хорооллын Алтантөгрөг төвийн гадаа очиход Э, Анударь, Баярцэцэг, Мөнхзул, Хулан нар байсан. Бид нар тэндээсээ Сүхбаатарын талбайн зүүн талд очсон. Замдаа явж байхад Э, Анударь хоёр маргасан. Юунаас болж маргасныг мэдэхгүй байна. Машин дотор Анударь урд сууж явсан. Анударь Э.г үгээр идээд байсан. Э Анударийг араас нь өшиглөх гэж оролдсон. Тэгсэн чинь Анударь машинаас буугаад Э рүү орилоод чи гараад ир чамайг би цустай нь холино, чи ёстой намайг хэн гэдгийг мэдэхгүй байна чамайг алж өгнө" гэх зэргээр орилсон. Э машинаас буухад би араас нь буусан. Э, Анударь хоёр зууралдаад Анударь, Эг газар унагаасан... зүүн нүдний орчим шалбарсан байсан. Хамар орчим бас маажуулсан юм шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-н 34/,

 

Гэрч М.Мөнхзулын "... 2019 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө найз Номин, Баярцэцэг бид гурав Э, Хулан, Анударь нартай уулзсан. Мийтинг баарны гадаа уулзсан. Э, Анударь хоёр согтуу байсан. Тэгээд би танил ах Алтангэрэл рүү залгаж байр луу хүргээд өгөөч гэж гуйсан. Энхжин, Анударь хоёр хоорондоо зодолдсон... Гэтэл Анударь, Э хоёр машинд хэрэлдээд байсан. Анударь урд суудалд сууж явсан. Э арын суудалд сууж явсан. Гэтэл Анударь "бууя би буумаар байна" гэсэн чинь машин зогссон. Анударь нь Эг буугаад ир гээд буулгаад хоорондоо зодолдсон. Тэгээд Баярцэцэг, Номин хоёр араас нь бууж тэр хоёрыг салгахыг оролдсон гэх мэдүүлэг /хх-н 40/,

 

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 931 дугаартай дүгнэлт "... С.Анударийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, хамрын угалж, хүзүү, зүүн бугуйнд зулгаралт, баруун өвдөгт шарх, баруун бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. б.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой..." /хх-н 17/,

 

Өсвөр насны шүүгдэгч А.Эгийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн... 2019 оны 01 дүгээр сарын 02-03-ны шилжих шөнө Анударь, Хулан бид гурав байрнаасаа гарч 3, 4 дүгээр хороололд орох газар хайж явсан. Ингээд суух газар хайгаад явж байтал араас 11 цаг 20 минутын орчимд Номин Баярцэцэг, Мөнхзул нар ирсэн... Бид бааранд ороод ширээ захиалан суусан ба Анударь, Хулан бид гурав хүний 2 лааз 0.5 л Сэнгүр нэртэй пиво авч уусан. Тэгээд бүжиглэж байгаад Мөнхзулын ах Алтангэрэл гадаа ирсэн гэхээр нь гарсан. Гараад машинд суух гэж яваад би танил болох Э гэх залуутай тааралдсан ба түүнийг энд яваа талаар Анударьд хэлэхэд Анударь “байхгүй, чи буруу харсан байх” гээд намайг үгүйсгээд бид хоёр маргалдах болсон. Тэгээд би шаралхаад бид хоёр муудалцахад Анударь намайг хараагаад байхаар нь уур хүрч толгойноос нь үсдэж доош дараад хамар болон зүүн нүднийх нь зовхи хэсэгт нэг удаа самардчихсан... Бид хоёр талбайн хажуу талд дуурийн театрын орчимд машинаас буусан байсан ба түүнээс хойш юу болсныг санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-н 46-47/ гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд өсвөр насны шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Өсвөр насны шүүгдэгч А.Э анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршгийг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

          Өсвөр насны шүүгдэгч А.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна өсвөр  насны шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг өсвөр насны яллагдагч А.Эд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Иймд өсвөр насны шүүгдэгч А.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

          Шүүх өсвөр насны шүүгдэгч А.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар, нийт 120 цаг /нэг зуун хорин/ нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9,

36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Өсвөр насны шүүгдэгч А.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Эг 120 цаг /нэг зуун хорин/ нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан А.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ