Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 241

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

            Шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Бат-Очир овогт Б.А холбогдох эрүүгийн 1909004340186 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, гавъяа шагналгүй, Бат-Очир овогт Б.А

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 30Б байрны 2 тоотод Д.Магсартай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Магсаржав /хх-ийн 22-23/, гэрч Г.Бат-Эрдэнэ /хх-ийн 34/, яллагдагч Б.А /хх-ийн 4-5/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 699 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36/, шүүгдэгч Б.Аы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.        

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.А нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 30Б байрны 2 тоотод хохирогч Доржхандын Магсарын гэрт түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас үг сөрж маргалдан улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Магсарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр найз Алтайсайханы дугаар руу залгаж мэнд мэдсэн. ...Тэгээд бид тамхи татахаар болж Алтайсайхан манай гадаа ирж бид уулзаж тамхи татаж ойр зуурын сонин сайхан ярилцсан юм. Би манай эхнэр хадмынд хонож байгаа гэж хэлэхэд Алтайсайхан тэгвэл ганц шил юм уух уу гэсэн. Би тэгье гэж хэлэхэд манай гэрт очоод архи хувааж ууж ойрд уулзаагүй байсан учраас сэтгэл хөөрцгөөж юм ярьж суусан. Энэ үед Алтайсайхан чи эхнэр аваад их өөр болсон байна хуучныхаа амьдралаар амьдраач, энэ амьдрал чинь надад таалагдахгүй байна гэж хэлсэн. Би хариуд нь миний найз битгий ийм юм яриач, чи ч гэсэн сайн хүнтэй нийлж амьдраач, бас чи шатахуун бага зарцуулдаг машин авсан байна амьдралд хэрэгтэй сайн юм болжээ гэж хэлсэн. Гэтэл хариуд нь би удахгүй гадагшаа явах гэж байгаа. Тэндээ эхнэр авна гэж хэлсэн. Би Алтайсайханы авсан машиныг нь сонирхож асуутал би бэлэн мөнгөөр худалдаж авсан юм гэж хариулсан. Үүнээс хойш бид ойр зуурын зүйл ярилцаж байтал гэнэт Алтайсайхан нилээд согтсон бололтой над руу “муу гуйлгачин” гэж орилоод босож ирж намайг цохиод би газар унахад дээрээс цохиод байсан. Тэгээд би түлхээд босох гэтэл зүүн гарын хуруу Алтайсайханы ам руу орж миний хурууг хоёр удаа зажилсан юм. Тэгээд миний гарнаас нэлээд цус гарч би Алтансайханыг арай гэж холдуулаад хажуу айлын хаалгыг цохиж тусламж гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Гэрч Г.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 23-ны шөнө 04 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 30Б байрны 4 тоотод манай хаалгыг нүдэх чимээ гарсан. Би босож хаалгаа онгойлгоход хажуу айлын хөрш Магсар гэх залуу миний гарыг тас хазчихлаа, цагдаа дуудаад өгөөч гэж хэлэхээр нь тэдний гэр рүү орсон юм. Тэгээд ороход бөөн цус нөж болсон хоорондоо баян ядуу гэх мэтээр хэрэлдэж байсан. Би гэртээ буцаж ороод утсаа аваад цагдаа дуудсан. Тухайн үед намайг ороход зүс таних Алтайсайхан орон дээр сууж байсан, өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

 

Шүүгдэгч Б.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шөнийн 02 цаг 30 минутын үед хуучин танил Магсар гэх залуу залгаад ойрд уулзаагүй гээд тэдний байрны гадаа очоод залгатал Магсар халамцуу гарч ирсэн. Бид миний машинд юм ярьж сууж байгаад Магсарын хамтран амьдрагч эмэгтэй байхгүй байгаа гэхээр нь тэднийд хонохоор болж Магсар архи зардаг, шөнө ажилладаг дэлгүүр байгаа гээд 32-н тойргийн хажууд байрлах дэлгүүрээс 0,5 литрийн Хараа гэх архи нэг ширхэг, мөн 0,5 литрийн пиво хоёр шилийг авч тэднийд очсон юм. Тэднийд очоод Магсар чи эрүүл байгаа учир эхлээд 3 хундага тат гээд би 3 хундага татаж тэгээд архийг хувааж уугаад юм ярьж суусан. Тэгээд бид юм ярьж байгаад муудалцаад харилцан зууралдаж нэгнийгээ харилцан цохиж энэ үед Магсар миний хоолой хэсэг рүү гараараа боох шиг болсон. Энэ үед би өөрийн мэдэлгүй зүүн гарын чигчий хурууг нь хазсан. Магсар чи миний гарыг хазчихлаа гээд хажуу айлаас хоёр хүн дуудаад тэр хоёр хүн цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 699 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Магсарын биед зүүн гарын чигчий хурууны шарх, баруун хацар, зүүн тохойд зулгаралт, хүзүү, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй

Шинжээч эмч М.Аригуунтөгс гэсэн дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.Магсар нь “...Надад гомдол санал байхгүй, хохирлын талаар маргахгүй, Б. Алтайсайханаас        3 621 000 төгрөг хохиролд авсан тул энэ хэргийг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 74/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Аы хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Ад торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр, прокурорын саналын дагуу ял оногдуулах бүрэн боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Аы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоох  өгөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.