Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 204/МА2024/00015

 

2024 оны 05 сарын 31-ний өдөр         Дугаар 204/МА2024/00015         Өвөрхангай аймаг

 

Т.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 145/ШШ2024/00169 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Х-д холбогдох,

Нийт 2,075,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч А.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.М, хариуцагч А.Х, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би анхнаасаа Ш.Б гэдэг хүнтэй ярьж 5 тонн цемент өгөөгүй, А.Х надтай ярьж энэ цементийг авсан. Тиймээс нэхэмжлэлээ гаргаж хариуцагчаар А.Х-г татсан.

Хэрвээ Ш.Б-тай анхнаасаа ярьж тохиролцсон байсан бол хариуцагчаар хамт татах байсан. Би Ш.Б-тай 2 удаа л ярьсан байх. Бас 4 мессеж бичсэн. Тэгээд мессеж бичихээр ерөөсөө хариу бичдэггүй. А.Х-ийн дүүтэй нь хамт хот хооронд тээвэрт явдаг байсан. Дүү нь над руу яриад А.Х эгч яриад байна, чи 5 тонн цемент зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь найдвартай юм бол тэгье гэж А.Х эгчтэй ярьсан. Тэрнээс цаад Ш.Б гэдэг хүн надтай яриагүй.

Тухайн үед цемент авах хүн байна гэж яриад ачаад явсан. Тэр үеэр би эзгүй байсан. Эхнэр маань цемент өгсөн. Тэгээд хоёр хоногийн дараа мөнгөө яасан бэ? гээд А.Х рүү залгахад *** гэсэн дугаар руу залгаад мөнгөө авчих гэж хэлсэн. Тэр дугаар руу нь залгаад цементийн мөнгөө хийх үү? гэсэн Улаанбаатар хот ороод 3 хоногийн дараа гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр хийчихье гэж хэлсэн. Тэгэхээр тэрүүхэн үедээ хийчих байх гэж бодоод орхичихсон байсан. 3 хоног өнгөрсний дараа мөнгөө өгөхгүй байсан тул А.Х рүү залгатал утсаа авахгүй байхаар нь ажил дээр нь очсон. Очоод нөгөө хүн чинь мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй байна гэж хэлтэл А.Х би залгая гээд залгаад утсаа авахгүй байсан. Мессеж бичээд одоо орчих байх гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу явах ажилтай байсан учраас орхичхоод явсан. Би өөрөө ажил ихтэй байдаг тул хааяа санахаараа залгаж нэхдэг. Нөгөө хүн нь ч утсаа авахгүй мессеж бичихээр хариу өгөхгүй явсаар шинэ жил болсон.

Оны өмнө мөнгөө өгчих байлгүй дээ гээд дахиад залгаад утсаа аваагүй. Би ч гэсэн адилхан бизнес хийдэг хүн учраас нөгөө гүйцэтгэлийн мөнгө нь үнэхээр орж ирэхгүй байгаа юм болов уу?, оноос өмнө орчих байлгүй дээ гэж он гарах хүртэл хүлээсэн. 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр юм уу, 28-ны өдөр А.Х эгч дээр очсон. Одоо өгчих байхаа л гэж хэлсэн. Шинэ жилээр өгчих юм болов уу? гэтэл өгөөгүй. Гэтэл Ш.Б-аас шинэ жилээр мөнгийг чинь өгч чадахгүй нь ээ, гүйцэтгэлийн мөнгө орж ирсэнгүй. Чамд цагаан сараар мөнгө хэрэг болох байх, тэр үед яаж ийж байгаад мөнгийг чинь өгнө гэсэн мессеж ирсэн байсан. Шинэ жил өнгөрөөд цагаан сарын өмнөхөн дахиад мөнгө юу болж байна? гэж мессеж бичсэн. Утсаар залгахаар ерөөсөө авдаггүй. А.Х рүү залгахаар Ш.Б руу залга л гэж хэлдэг. Тэгсээр яваад цагаан сар болсон.

Цагаан сарын баярыг яг тулгаж 2, 3 удаа мессеж бичсэн. Надад огт хариу өгөөгүй. Тэгэхээр нь А.Х эгч рүү залгаж та авснаараа мөнгөө өг өө, хөдөө мал маань төллөх гээд өвс тэжээлийг нь авч өгөх хэрэгтэй байна, та утсаар тэр хүнтэйгээ яриад аваад өгчих гэж хэлсэн. Тэгэхэд А.Х эгч чимээгүй утсаа салгасан. Тэгэхээр таныг шүүхэд өглөө гэж хэлсэн. Тэгээд нэхэмжлэл гаргасан. Ер нь бол ийм зүйл болсон. Анх ярьж надаас цемент авсан хүн бол А.Х. Ш.Б гэдэг хүнийг би танихгүй. Танихгүй хүнд би цементээ зарахгүй шүү дээ. А.Х надад манай дүү зам ангид ажилладаг юм, цемент нь дуусаад ажил нь зогсох гээд байна. 2 хоногийн дараа мөнгийг нь өгнө гэсэн. Болохгүй бол би өөрөө хийчихье гэж өөрийн амаар утсаар ярихдаа хэлж байсан. Тэгэхээр нь итгээд би өгсөн. Өмнө нь А.Х эгчийг таньдаггүй байсан. Н.Б гэдэг хүний өвсийг татаж явахдаа А.Х эгчтэй таарч анх танилцаж байсан гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Дахин хүсэлт гаргана. Ямар л арга зам байна тэр бүх замаар явмаар байна. Энэ мөнгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ш.Б бид хоёр олон жил бизнес хийж хамтран ажиллаж байгаа.

Надад 62,000,000 төгрөгийн өртэй нь үнэн. Гэхдээ юмаа өгч авалцаад ингээд л явдаг. Энэ бол хувь хүмүүсийн асуудал биз дээ. Харин Т.М-ын нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх гэж байдаг бол тэр шүүхээр нь явъя. Арга замыг нь заагаад өгчих.

Тухайн үед ачсан жолооч, грушик нь байна. Авсан эзэн нь тодорхой байхад ингэж болохгүй. Хүн алаагүй байхад алсан гэж шоронд явуулж байгаатай адилхан байна шүү дээ. Хүмүүс хилс хэргээр явсан гэж ярьдаг л юм. Энэтэй яг адилхан байна. Би өчнөөн жил наймаа хийж байна. Ш.Б-тай наймаа хийгээд гүйцэтгэлийн мөнгө нь орж ирэхээр мөнгөө төлөөд л явдаг байсан. Би 62,000,000 төгрөгөө авна л даа. Энэ асуудал хувь хүмүүсийн асуудал. Ер нь бол гүйцэтгэл удаан байдаг. Би ажлыг нь ойлгож байна. Зарим сард гүйцэтгэлийн мөнгө нь орж ирдэггүй юм шиг байна лээ. Би энэ мөнгийг төлөхгүй. Явдаг газраар нь явна. Шүүхэд хүсэлт гаргаж өгнө. Үүнийг хариуцахгүй гэдгээ тодорхой хэлж байна.

Иргэн хүний хувьд шүүх хуралд хүсэлт гаргах эрхтэй байдаг учраас хүсэлтээ гаргана. Ш.Бг дагуулаад ирсэн ч болно. Та нар уулзаарай. Хүнд туслах гэж явж байгаад л ийм зүйл боллоо. Би төлөх ёстой байсан бол аль хэдийн төлчих байсан гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Х-ээс 2,075,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-т олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Х-ээс 46,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-т олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч А.Х-ийн давж заалдах гомдлын агуулга: Миний бие шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 145/ШШ2024/00169 дүгээр шийдвэрийг 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гардан аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир гомдол гаргаж байна.

5 тонн цементийг авч хэрэглэсэн хариуцагч Ш.Б-г хуралд оролцуулж 2,075,000 төгрөгийг төлүүлмээр байна. Мөн нэхэмжлэл гаргасан Т.М гэдэг хүнтэй би 5 тонн цементны гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан гэж үзээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2,075,000 төгрөгийг төлөх үүрэг хариуцсаныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би хүнд тус болох гээд Т.М, Ш.Б хоёрыг хооронд нь утсаар холбож өгсөн. Тэгээд тэр хоёр наймаа хийсэн байсан. 5 тонн цемент өгсөн Ш.Б Өвөрхангай аймгийн *** сумын *** гэх газар зам тавьж байгаа гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Т.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гомдолтой холбоотой тайлбаргүй. Анх А.Х эгч над руу утсаар ярихдаа дүүдээ цемент авч байгаа гэж байсан. Би тухайн үед эзгүй байсан болохоор манай гаднаас цементийг ачаад явсан байсан. Ачиж явсан машины жолоочийг гэрчээр асууж болно. Цементийн үнийн тухайд 400,000 төгрөгөөр өгье гэж ярилцахад А.Х эгч тэгье гэсэн. Анх 415,000 төгрөгөөр өгөхөөр ярьж байсан болохоор тэр үнээрээ бодож нэхэмжлэлээ гаргасан. Би Ш.Б-тай хот хоорондын нийтийн тээвэрт хамт явдаг бөгөөд 1 удаа ярьсан. Ш.Б цементийн төлбөрийг би өгнө гэдэг. А.Х эгчид итгэж л цементийг өгсөн гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1. Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч А.Х-д холбогдуулан нийт 2,075,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

3. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 145/ШШ2024/00169 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хариуцагч А.Х-ээс 2,075,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.М-т олгохоор шийдвэрлэсэн.

4. Хариуцагч А.Х “...Т.М гэдэг хүнтэй би 5 тонн цементны гэрээ байгуулаагүй байхад гэрээ байгуулсан гэж үзээд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2,075,000 төгрөгийг төлөх үүрэг хариуцсаныг би хүлээн зөвшөөрөхгүй...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

5. Хариуцагч А.Х анхан шатны шүүх хуралдааны явцад “хэрэв Ш.Б-г аваагүй гэж үгүйсгэж байгаа бол цемент ачиж явсан жолооч болон манай грушик байгаа. Ш.Б-г өөрийг нь байцуулаад эдгээр хүмүүсийг гэрчээр дуудаж дахин шүүх хуралдаан хиймээр байна” гэж тайлбар гаргахад /хх-ийн 24/ шүүгчээс “гэрчээр асуулгамаар байна гэж ойлгоод байгаа зөв үү” гэж тайлбарыг тодруулан, хариуцагч А.Х “гэрчээр асуулгамаар байна” /хх-ийн 28/ гэж хүсэлтээ тодорхой илэрхийлсэн.

Гэтэл хариуцагч А.Х-ийн тухайн хэргийн хариуцагч хэн болохыг тодруулахаар гэрчээс мэдүүлэг авах хүсэлтийг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн талаар тэмдэглэлд тодорхой тусгаагүй буюу шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Дээрх хүсэлтийг хангасан эсэхийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн байна. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, дутуу шийдвэрлэсэн байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

6. Иймд давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг зөвтгөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 145/ШШ2024/00169 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

           ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА

  Л.НЯМДОРЖ