Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 03

 

Р.Батмөнхийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн
 давж заалдах шатны шүүхийн шүүх
                   хуралдааны бүрэлдэхүүнд:    
                                                                         Даргалагч шүүгч: Т.Жаргалсайхан
                                                                    Шүүгчид: Л.Уламбаяр, Л.Нямдорж                     
                                                                     Оролцогчид:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:
                                                                                                                 Ж.Мөнхнасан            
                                                                                                   Нарийн бичгийн дарга: Л.Отгонбаяр

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Үйтүмэнгийн даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 164 дугаар  шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Р.Батмөнхийн давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг давж заалдах шатны шүүх 2016 оны 6 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: 
    
    Нэхэмжлэгч Р.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгал, бусад хохирол зардлыг нэхэмжилж байна. Аймгийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 143 дугаар захирамжаар намайг аймгийн Боловсрол соёлын газрын даргаар томилсон. Мөн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Б/144 тоот захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн байгаа. Ингээд 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/144 тоот захирамжийг үндэслэлтэй гарсан эсэхийг шалгуулахаар аймгийн хууль хяналтын байгууллагад өргөдөл гаргаж Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан 2015 оны 03 дугаар сарын 13- ны өдөр хуралдаж 10 дугаар шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрээр 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/144 тоот захирамжийг хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31 тоот шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн  Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үүний дагуу аймгийн Захиргааны хэргийн шүүхээс ажилд эгүүлэн тогтоолгохоор гүйцэтгэх хуудас бичүүлж аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 тоот захирамжаар аймгийн Боловсрол соёлын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон. Гэтэл ажил хүлээлцэлгүй байж байгаад 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/57 тоот захирамжаар дахин ажлаас чөлөөлсөн. Үүний дагуу хууль хяналтын байгууллагад хандан анхан шатны шүүхийн шийдвэрээр аймгийн Боловсрол соёлын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон. Мөн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж миний бие 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 2016 оны 4 дүгээр сарын 7-ныг хүртэл ажилгүй байсан. Ингээд ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байна. Миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 143 тоот захирамжаар аймгийн Боловсрол соёлын газрын албан тушаалд томилогдсон учраас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү буюу  төрийн албан хаагчдын цалинг Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 тоот тогтоолын дагуу нэмэгдсэн байсан. Тийм учраас 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1-8 сар хүртэлх хугацааны цалингийн нэмэгдлийг мэргэжлийн нягтлан бодогчоор тооцуулж гаргасан тооцооны дагуу цалингийн зөрүү 1.623.211 төгрөгийн цалингийн нэмэгдлээ мөн нэхэмжилж байна. Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/55 тоот захирамжийн 3 дугаарт заасны дагуу албан тушаалын сарын үндсэн цалинг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 332 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу ТЗ-9-5-аар буюу 5 дугаар шатлалаар 864.211 төгрөгөөр тогтоосон. Би өөрөө төрийн албанд 30 жил 6 сар тасралтгүй ажилласан, төрийн албаны удаан жилийн 20 хувиар, мөн аймгийн Засаг даргын захирамжаар зэрэг дэвийн 22 хувийн нэмэгдэл авахаар шийдвэр гарсан учраас 22 хувийн нэмэгдэл авах болсон. Миний 1 сарын үндсэн цалин 1.227.179,6 төгрөг байгаа. Үүнийг 2015 оны 9-12 сар, 2016 оны 1-3 сарын цалин нийт 1.227.179,6 төгрөгийг 7 сараар тооцоход 8.590.257,20 төгрөг гарсан. Энэ дээр цалингийн нэмэгдэл 1.623.211 төгрөгийг нэмэхэд нийт 10.213.468 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин, цалингийн нэмэгдлийг нэхэмжилж байна. Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх цалингаас суутгуулахаар тооцоолж нэхэмжилж байгаа. 2013 онд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны чиглэлийн дагуу Баян-Өлгий, Өмнөговь, Нийслэлийн боловсролын газрын дарга нарыг намайг ажиллаж байх хугацаанд Франц улсын соёлын тогтолцоо, Герман улсын боловсролын тогтолцоотой танилцуулах сургалт семинарыг зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасны дагуу “TUVD” гэх газрын 2013 оны 11 дүгээр сарын 14-ны 40 тоот албан бичиг, мөн одоо үйлчилж Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 180 тоот тушаалын дагуу баримтаар энэ сургалт семинарт 3.662.970 төгрөгийн баримт гарсан. Энэ зардлыг тухайн үед Засаг дарга байсан хүмүүс сургалт семинартаа хамрагдаад ирсний дараа төсвөөс мөнгийг нь шийдэж өгнө гээд явуулсан. Явж ирээд зардлаа аваагүй байхад 2014 онд ажлаас халсан. Ажлаас халагдаагүй байсан бол шийдчих байсан байх. Энэ мөнгийг зээлээд явчихсан учраас энэ зардлыг нэхэмжилж байна. Мөн дээр нь давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардалд 187.200 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд нийт 14.033.638 төгрөг нэхэмжилж байгаа болно.  Өмнө нь шүүхэд хандаад 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байсан. Ингэж нэхэмжлэхдээ үндсэн цалингаа нэхэмжилсэн. Цалингийн нэмэгдлийг мэдээгүй байсан.  Шүүхээс замын зардал болон гадаадад сургалтад хамрагдахад гарсан зардал зэргийг нотлох баримт дутуу байна гээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Би аймгийн Боловсрол соёлын газраас цалингаа авдаг. Гэхдээ аймгийн Засаг даргын захирамжаар шийдэгдэж байгаа учраас аймгийн Засаг дарга, тамгын газраас хамт нэхэмжил гэж хуулийн зөвлөх А.Баасандаш хэлж байсан. Би тэр үед нэхэмжлэлийн шаардлагаа бичээд оруулчихсан байсан учраас нэмж бичээгүй. Иймээс 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2016 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалинд 8.590.257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сарууд, 2015 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн нэмэгдэлд 1.623.211 төгрөг, Холбооны бүгд найрамдах герман, Франц улсуудад болсон сургалт семинарт хамрагдахад гарсан зардалд 3.632.970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардалд 187.200 төгрөг, нийт 14.033.638 төгрөгийг Говь-Алтай аймгийн Засаг даргаас гаргуулж өгнө үү гэжээ.   
    

Шүүх:  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2016 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалинд 8.590.257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сарууд, 2015 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн нэмэгдэлд 1.623.211 төгрөг, Холбооны бүгд найрамдах Герман, Франц улсуудад болсон сургалт семинарт хамрагдахад гарсан зардалд 3.632.970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардалд 187.200 төгрөг, нийт 14.033.638 төгрөгийг гаргуулахыг шаардсан нэхэмжлэгч Р.Батмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгчийн 2015 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал, 2016 оны 01 дүгээр сараас 03 дугаар сарыг дуустал ажилгүй байсан хугацааны цалинд 8.590.257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сарууд, 2015 оны 01 дүгээр сараас 8 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн нэмэгдэлд 1.623.211 төгрөг, нийт 10.213.468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Герман, Франц улсуудад болсон сургалт семинарт хамрагдахад гарсан зардалд 3.632.970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардалд 187.200 төгрөг, нийт 3.820.170 төгрөг гаргуулах тухайн нэхэмжлэлийн шаардлагынхаа  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  76.073 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
 
Нэхэмжлэгч Р.Батмөнх шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны 164 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдол гаргаж байна.    Үүнд: Говь-Алтай аймгийн Засаг дарга шалтгаангүй ажлаас чөлөөлж, томилж, ажил хийгээгүйгээс үүссэн ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, цалингийн нэмэгдэл бусад зардлыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц. Үйтүмэн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгоод байна. Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга миний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй хариу өгөөгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй болно. Говь-Алтай аймгийн Засаг дарга нь миний нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч биш гэдгээ нотлоогүй, тайлбар ч ирүүлээгүй байхад шүүх нь хэтэрхий нэг талыг барьж, миний эсрэг шийдвэр гаргасан.
Захиргааны хэргиин анхан шатны шүүхиин шиидвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн тогтоолоор удаа дараа Боловсрол, соёлын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон хугацааны ажилгүй байх үеийн шалтгаанаас үүссэн цалин, цалингийн зөрүү, бусад зардал нэхэмжилсэн юм. Миний биеийг аймгийн боловсрол, соёлын газрын даргын албан тушаалаас шалтгаангүйгээр 2014 оны 02 дугаар сарын 20-нд чөлөөлсөнөөс хойш, 2 удаа, нийт 3 удаа хууль бус чөлөөлж, албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг нь шат шатны шүүхийн шийдвэрээр нотлогдсон. Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн тогтоолоор миний биеийг аймгийн боловсрол, соёлын газрын даргаар эгүүлэн тогтоосон албан баримт байхад шүүх санаачлагаараа хариуцагч биш гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үндэслэлгүй, хууль бус гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, бодитойгоор үнэлж, дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. 

Нэхэмжлэгч Р.Батмөнх нь Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан удаа дараа ажлаас чөлөөлж, томилж, үүний улмаас ажилгүй байсан хугацааны цалин, Герман, Франц улсуудад болсон сургалт семинарт хамрагдахад гарсан зардал, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардал нийт 14.033.638 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тус аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Р.Батмөнхийг 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр б/55 дугаар захирамжаараа аймгийн Боловсрол, соёлын газрын даргаар томилоод, 2015 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн б/57 дугаар захирамжаараа дахин чөлөөлснийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлсөн захирамжийг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн бөгөөд Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 94 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно...” гэж заажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар “...ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах...” үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Р.Батмөнх нь эрх зүйн үр дагаврыг нэхэмжлэх эрхтэй байна гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Аймгийн Засаг дарга нь аймгийн Боловсрол, соёлын газрын даргыг томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн байх тул Р.Батмөнхийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар олгох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн Холбооны бүгд найрамдах герман, Франц улсуудад болсон сургалт семинарт хамрагдахад гарсан зардал 3.632.970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардал 187.200 төгрөг нийт 3.820.170 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нотлох баримт байхгүй, өмнө шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэгдсэн байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Батмөнхийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгож, түүний нэхэмжлэлээс ХБНГУ, Франц улсуудад сургалтанд хамрагдахад болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдаанд очиж оролцоход гарсан зардал нийт 3.820.170 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчид дээрх олговрыг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж зохих сан, дансанд шилжүүлэхийг ажил олгогчид даалгах нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 164 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-д зааснаар Р.Батмөнхийн ажилгүй байсан 2015 оны 9, 10, 11, 12 дугаар сар, 2016 оны 1, 2, 3 дугаар сарын цалин 8.590.257 төгрөг, 2014 оны 11, 12 дугаар сар, 2015 оны 1-8 дугаар сарын цалингийн нэмэгдэл 1.623.211 төгрөг нийт 10.213.463 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс ХБНГУ, Франц улсуудад сургалтад хамрагдахад гарсан зардал 3.632.970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал 187.200 төгрөг нийт 3.820.170 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж 

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн ХБНГУ, Франц улсуудад сургалтад хамрагдахад гарсан зардал 3.632.970 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан зардал 187.200 төгрөг нийт 3.820.170 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.073 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний ажилгүй байсан хугацааны цалин 10.213.463 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 178.365 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч Р.Батмөнхийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 76.100 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

    
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Т.ЖАРГАЛСАЙХАН
                          ШҮҮГЧИД                                          Л.НЯМДОРЖ
                                                                                     Л.УЛАМБАЯР 
                           Л.УЛАМБАЯР