Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0778/з |
Дугаар | 001/ХТ2023/0020 |
Огноо | 2023-04-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2023 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 001/ХТ2023/0020
“С л” ХХК-ийн
гомдолтой, Шударга өрсөлдөөн,
хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
шүүгчид: Г.Банзрагч
М.Батсуурь
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Д.Батбаатар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0908 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0096 дугаар магадлалтай,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Л-г оролцуулан гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах;
2.Хэргийн нөхцөл байдал: “С л” ХХК тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалаа борлуулахдаа хэрэглэгчийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай дугаарт мессеж илгээх төлбөрийн мэдээллээр хангаж ажиллагаагүй гэх зөрчилд 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.
3.Гомдол гаргагчаас “ ... иргэд, хэрэглэгчдэд мессежний үнийг цахим хаяг болон шууд нэвтрүүлгээр мэдээлсэн, мессеж нэг бүрд мэдээлэх талаар хууль, журмаар зохицуулаагүй” гэж, хариуцагчаас “ ... мессежний үнийг мэдээлээгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж тус тус маргажээ.
4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0908 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “С л” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О-д холбогдох зөрчлийн хэргийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О-ы 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0096 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0908 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “С л” ХХК-аас гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Х.О-ы 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 0003091 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Гомдол гаргагч “С л” ХХК-ийн төлөөлөгч Б.А гомдолдоо:
6.1.Бид “Харилцаа холбоо зохицуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтад орсон холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журам”-ын заалтыг үндэслэн олон нийтийн хэрэгсэл болох телевиз болон сошиалаар иргэд, хэрэглэгчдэд үнэ, тарифын талаар мэдээллээ тухай бүр олон нийтэд хүргэж байгаа болно. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлагын дагуу бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус газраас зөрчилгүй гэсэн хариу мэдэгдэл ирүүлсэн байдаг.
6.2.Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй юм. Тодруулбал, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 74 дүгээр тогтоолоор баталсан Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэхтэй холбогдсон журмын 5.4.10 дахь хэсэгт “Өөрийн үйлчилгээний үнэ тарифыг ойлгомжтой хэлбэрээр нийтэд ил тод сурталчилна” гэж заасан. Энэ зохицуулалтад илгээж буй мессеж бүрд тусгах зохицуулалт байхгүй атал давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, бид үнийн талаарх мэдээллийг нууж хаасан, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үйлдэл огтоос гаргаагүй юм.
6.3.Хүссэн хэрэглэгч бүр энэ талаарх мэдээллийг манай фейсбүүк пейж хуудас, шууд тохирол нэвтрүүлж буй нэвтрүүлгүүд, мөн манай 1900-0000 дугаар зэрэг бүх сувгаас ил тод, нээлттэй авах боломж бүрэн байгаа билээ.
6.4.Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
7.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолоор гомдол гаргагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
8.Хариуцагчаас гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
9.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдол гаргагчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэв.
10.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч “тусгай дугаараар эд мөнгөний хонжворт сугалааг худалдан борлуулахдаа хэрэглэгчийг байгууллагын болон бүтээгдэхүүний үнэ, тарифын мэдээллээр хангаагүй” нь Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-ийг зөрчсөн гэх үндэслэлээр “С л” ХХК-д 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
11.Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4-д үйлдвэрлэгч хэрэглэгчид “барааны нэр төрөл, үнэ;”-ийн талаар мэдээллийг өгөхөөр, Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 1.1-д Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль зөрчиж “үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч барааны талаар үнэн зөв, бодит мэдээллээр хэрэглэгчийг хангах;” үүргээ биелүүлээгүй хуулийн этгээдийг торгохоор тус тус хуульчилсан байна.
12.Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “С л” ХХК тусгай зөвшөөрлийн хүрээнд эд мөнгөний хонжворт сугалаа худалдан борлуулах үйл ажиллагаа явуулахдаа Үндэсний сугалаа 19000000 фэйсбүүк хаяг, SBN телевизийн шууд нэвтрүүлгээр “мессеж илгээх үнэ 550 төгрөг” болох талаар мэдээлж байсан нь тогтоогдсон талаар дүгнэжээ.
13.Энэ тохиолдолд гомдол гаргагчийг үүрэн холбооны хэрэглэгч нарт “сугалааны болон урамшууллын эрх 19000000 тусгай дугаарт хариу мессеж илгээснээр идэвхжих” талаар мессеж илгээхдээ “хариу мессеж илгээхэд төлөгдөх үнийн талаар мэдээлээгүй” нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан хэрэглэгчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэх хариуцагчийн дүгнэлтийг зөвтгөх боломжгүй.
14.Тодруулбал, “С л” ХХК эд мөнгөний хонжворт сугалааг борлуулахдаа нийтийн сүлжээний хуудас болон телевизийн шууд нэвтрүүлэг, банкны онлайн гүйлгээ, харилцаа холбооны сүлжээний тусгай дугаар зэргийг ашигладаг.
15.Тийнхүү эд мөнгөний хонжворт сугалааг худалдах явцдаа телевизийн шууд нэвтрүүлэг, фэйсбүүкийн “Үндэсний сугалаа 19000000” хаягийн аль алинаар нь тусгай дугаар /19000000/-ын талаар болон тухайн тусгай дугаарт “мессеж илгээх үнэ 550 төгрөг” болох талаар мэдээлэл өгсөн нь тогтоогдсон тохиолдолд худалдан борлуулах үйл ажиллагааны нэг хэсэг үүрэн холбооны хэрэглэгч нарт урамшууллын талаар мэдээлэхдээ “хариу мессеж илгээхэд төлөгдөх үнийг мэдэгдээгүй”-г Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.4 дэх заалтыг буюу хэрэглэгчийн “үнэ”-ийн талаар мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй.
16.Шүүх хэргийн оролцогчдын маргасан захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгөхөөс бус тусгагдаагүй хууль зүйн үндэслэлийг нэмж дэлгэрүүлэх байдлаар захиргааны актыг зөвтгөх боломжгүй.
17.Гэтэл давж заалдах шатны шүүх захиргааны актад тусгагдаагүй үндэслэл, тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019, 2021 оны тогтоолуудын заалтуудыг хэрэглэн гомдол гаргагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцэхгүй.
18.Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, “С л” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.
19.Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт хуулийн нэрийг алдаатай бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2023/0096 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2022/0908 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх хэсгийн “эрх ашгийг” гэснийг “эрхийг” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “С л” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагч “С л” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
М.БАТСУУРЬ
Ц.ЦОГТ
Д.БАТБААТАР