Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 285

 

Г.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Д.Энхжаргал, Ж.Эрдэнэчимэг /цахимаар/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалтай, Г.Нхолбогдох 1936003110254 дугаартай хэргийг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй,.

 

Шүүгдэгч Г.Н нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” загварын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн иргэн Б.Хашжавд 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 2 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 1.500.000 төгрөгийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Г.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболд бичсэн эсэргүүцэлдээ “... Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Г.Ныг өөрийн албан ажлын хэрэгцээнд нь зориулан өгсөн мотоциклийг ажил олгогч Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын зөвшөөрөлгүйгээр бусдад 1.500.000 төгрөгөөр зарж борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан нотлох баримтуудаар Г.Н нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн улаан өнгийн мотоциклийг хариуцвал зохих субъект мөн боловч уг мотоциклийг өөртөө завших шунахайн сэдэлттэйгээр худалдан борлуулсан, түүний үнийг буцааж төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан болох нь тогтоогдохгүй, шүүгдэгч Г.Нын үйлдэлд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй...” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн анхан шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан шүүгдэгч Г.Нын үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан хэмээн дүгнэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг давж заалдах шатны шүүх ямар нотлох баримтаар хэрхэн няцаан үгүйсгэж байгаагаа тодорхой дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна.

Тодруулбал шүүгдэгч Г.Н нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг даргын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 9 дүгээр сард өөрт нь хариуцуулж олгосон Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 2018 онд үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн LTDPCML8J8631572, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631572 дугаар бүхий улаан өнгөтэй мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багийн иргэн Б.Хашжавд 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдэж, улсад 2.235.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байхад давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж буйгаа магадлалд дурдаж, тусгахгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Н нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Б/30 дугаартай “Г.Ныг Баатархайрхан багийн Засаг даргаар томилох тухай” захирамжаар Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байсан ба 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгуулагдсан Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг даргад мотоцикл гардуулан өгөх ажиллагаанд оролцож Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн “Chongoing Hongli” маркийн LTDPCML8J8631572, хөдөлгүүрийн номер 163 FMLJ8631572 дугаар бүхий улаан өнгийн мотоциклийг гардан авсан, мөн Жаргалант сумын Тамгын газраас 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 35 км-ийн гүйлт бүхий заалттай мотоциклийг Ховд аймгийн Жаргалант сумын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэн хөрөнгийн орлогын СТS гэх программд бүртгэж, улмаар эд хариуцагч болох Г.Наар гарын үсэг зуруулан мотоциклийг хүлээлгэн өгсөн ба 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Дуут сумын иргэн Б.Хашжавд 1.500.000 төгрөгөөр худалдан борлуулсан, уг 1.500.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан, Ховд аймаг дахь Цагдаагийн газраас 193600311 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээр Цагдаагийн газар тухайн мотоциклийг хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт тогтоогдсон байхад дээрх үйл баримтыг хэрхэн үгүйсгэж буйгаа давж заалдах шатны шүүх магадлалдаа тусгаагүй байна.

Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхжаргал хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй. Ховд аймгийн Жаргалант суманд 12 багийн засаг дарга байдаг бөгөөд 4 багийн засаг дарга өнөөдрийн байдлаар татагдсан нөхцөл байдал бий. Мотоцикл нь улирлын чанартай ба хадгалах сав, граш байхгүй гэдэг үндэслэлээр багийн засаг дарга нарт хүлээлгэн өгсөн байдаг. Тухайн мотоцикл нь улсын бүртгэлийн гэрчилгээ, дугаар байхгүй. Г.Нын хувьд шунахайн сэдэлтээр тухайн эд хөрөнгийг өөрөө авах, захиран зарцуулах сэдэлт, зорилго байгаагүй. Прокурор хэт нэг талыг барьж хэргийг шалгасан. 12 багийн засаг дарга нараас гэрчийн мэдүүлэг авахгүй хязгаарладаг. Мөрдөн шалгах ажиллагаанд яллах талын нотлох баримтуудыг цуглуулсан, зарим баримтууд нь хууль зөрчдөг, ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас харагддаг. Нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар энэ хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэчимэг хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангасан, хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Г.Нхолбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн нотлоогүй, субъектив санаа зорилго, сэдэлтийг тогтоогоогүй. Эдгээр байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Учир нь шүүгдэгч Г.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн Засаг даргаар ажиллаж байхдаа Жаргалант сумын Тамгын газраас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Бүгд Найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн “Хонгли” загварын мотоциклыг завшсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд тулгуурлан  шүүгдэгч Г.Нын үйлдэл нь “бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэн Эрүүгийн хуульд заасан төрөл хэмжээ дотор ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Нхолбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Н нь өөрт нь хариуцуулсан хөрөнгийг завших гэсэн шунахай сэдэлт, зорилго, шууд санаа байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу худалдан борлуулсан, мотоциклын үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклыг худалдан борлуулсан хүнээс буцаан авч хүлээлгэн өгсөн байна. Энэ нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд гэрч Ц.Даваасамбуу, Б.Өлзийсайхан, Ц.Ганданповрон, Ц.Өсөхбаяр нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үгүйсгэгдэж байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг танилцуулж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцлээр Г.Нхолбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Н нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн засаг даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор хүлээлгэн өгч хариуцуулсан, Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын эд хөрөнгөд бүртгэлтэй 2.235.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл болох мотоциклийг бусдад худалдан борлуулж завшсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан бүх нотлох баримтад бус зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурлан “... мотоциклийг хариуцвал зохих субъект мөн боловч өөртөө завших шунахай сэдэлтээр, үнийг буцааж төлөхгүй гэсэн санаа зорилгоор бусдад борлуулсан нь тогтоогдоогүй, мотоциклийн үнийг өөртөө завшаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад мотоциклийг худалдан авсан хүнээс буцаан авч хүлээлгэн өгсөн, гэм буруугийн шууд санаатай үйлдэл байхгүй учир гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй” гэсэн дүгнэлт хийж Г.Нхолбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийн илт буруу хэрэглээ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор тогтоов.

 

Өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын өмчлөлийн эд зүйлийг хувьдаа захиран зарцуулсан үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж болно.

 

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодит байдлаар төлөгдсөн гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2-т заасан үндэслэлээр мотоциклийг бусдад худалдсан үнэ болох 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул уг заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, хуулийг илт буруу хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн үйлчлэлд хамаарах тул холбогдох өршөөл үзүүлсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

2. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 27ы өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолд:

“2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Г.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                          Б.БАТЦЭРЭН

                             ШҮҮГЧИД                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН