| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0703/Э |
| Дугаар | 710 |
| Огноо | 2019-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 710
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц овогт Д.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 02111 0895 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Утэй маргалдаж, түүний толгой болон гарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Г.Уээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 4-6/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4109 дүгээр дүгнэлт /хх-н 9/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Оы өгсөн мэдүүлэг /хх-н 12-13/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 15/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 14/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Д.О нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчим Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жулиа” нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Утэй маргалдаж, түүний толгой болон гарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Оыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 02 цагийн орчим “Жулиа” нэртэй зочид буудлын 401 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Утэй маргалдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Уийн хохирогчоор өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 02 цагийн үед “Жулиа” төвийн 4 давхарт 401 тоот өрөөнд 5уулаа хамт 1 шил 0.75 грамм архи хувааж уусан. Тэгээд хоорондоо юм ярьж сууж байтал Д.О агсам тавьж эхэлсэн. Д.О Батхүү рүү ууж байсан ундаагаа цацсан. Тэгээд хэсэг хугацааны дараа архины шилээр миний толгой руу болон гар руу цохисон." гэх мэдүүлэг /хх-н 5-6/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4109 дугаартай дүгнэлт
1. Г.Уийн биед зулайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, сарвуунд зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ,
3. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой,” гэх дүгнэлт /хх-н 9/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Д.Оы өгсөн: "... Намайг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байтал миний багын найз Г.У 15.00-16.00 цагийн үед манай гэрт ирсэн. Тэгж байтал удалгүй манай үеэл дүү Д.Осарнай манай гэрт ирээд бид гурав хоол хийж идсэн. Манай гэрт байж байгаад Г.У бид хоёр гадагшаа гарч кино театрт кино үзэх гээд Тэнгис кино театрын тийшээ яваад Тэнгис кино театрын урд талд байрлах “Викториа” центр руу 22.30 цагийн үед орж 3-4 шил “Tiger” нэртэй пиво хувааж уусан. Г.У бид хоёрыг “Викториа” центрт байж байтал манай үеэл дүү Д.Осарнай бид хоёрын араас хүрч ирсэн. Бид гурав тэнд сууж байтал манай найз Зол-Эрдэнэ над руу утасдаад би Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах “Жулиа” зочид буудалд өрөө авчихсан байна гэхээр нь бид гурав тэндээс 00.00 цаг өнгөрч байхад “Жулиа” зочид буудал руу яваад 01.00 цагийн үед “Жулиа” зочид буудалд ирсэн. Бид гурвыг зочид буудлын 401 тоот өрөөнд ороход Зол-Эрдэнэ найз Батхүүгийн хамт байсан. Бид гурвыг тэр өрөөнд ороход Зол-Эрдэнэ, Батхүү хоёр 1 литрийн Чингис нэртэй архи хуваагаад ууж байсан. Бид гурав тэр архинаас мөн хувааж уусан бөгөөд архиа ууж байтал Г.У намайг ёожолж надтай хэрүүл хийж намайг хэл амаар доромжилж эхэлсэн. Тэгээд бид хоёр муудалцаж эхэлсэн бөгөөд Г.Утэй муудалцаж байхдаа би ууж байсан архиныхаа шилээр толгой руу нь цохих гэж байтал Г.У баруун талын гараараа хаагаад баруун талын гарыг нь зүссэн.." гэх мэдүүлэг /хх-н 23-25/
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, эвлэрсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Од ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Хохирогч “...хохирол төлбөрөө авсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 19/ гэх хүсэлтээ бичгээр өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.