Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/01041

 

 

 

 

 

2024 05 17 210/МА2024/01041

 

 

ХХХХийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01322 дугаар шийдвэртэй,

 

ХХХХийн нэхэмжлэлтэй,

ХХХт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 152,047,182 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ХХХтай зээлийн гэрээ байгуулж, 115,383,920 төгрөгийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаатай 5 хувийн хүүтэй зээлсэн.

Гэтэл ХХХ нь тухайн зээл болон зээлийн хүүгээ төлөөгүй. Гэрээний 3.3-д зааснаар зээлийн хүүнд 5,769,196 төгрөг, гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алдангийг 51 хоногоор тооцож 30,894,066 төгрөг, нийт 152,047,182 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагчаас хэрэгт гаргаж өгсөн хамтран ажиллах гэрээний нэг тал буюу манай талын гарын үсэг зурагдаагүй байсан. Мөн хариуцагч ХХХХ-тай гэрээ байгуулаагүй. Хариуцагч Д.ХХХХ гэж хүнтэй гэрээ байгуулсан гэх боловч баримтаар нотлогддоггүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөхгүй.

2.1. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ХХХ миний бие ХХХХ-тай вакуум цонх хийж өгөх ажлын гэрээ байгуулсан. ХХХХийн нөхөр н.ХХХХ гэх хүнтэй өмнө нь хэд хэдэн ажил дээр хамтарч ажилласан. Ажлаа хийсний хариуд авсан 2 орон сууцыг Д.ХХХХ авсан. Би өртэй үлдсэн

2.2. Д.ХХХХ ах надад би хүнээс мөнгө авчихсан юм. Тэр хүн маань мөнгөө нэхээд болохгүй байна. Чи манай эхнэртэй нэг зээлийн гэрээ байгуулчих гэхээр нь 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. ХХХХ-тай байгуулсан гэрээ ХХХХт байгаа. Орлого зарлагыг гаргана гээд бүх баримтыг авсан. Би худалдаж авсан бараа материалынхаа баримтыг ХХХХ эгчид өгдөг байсан. Энэ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ би мөнгө зээлээгүй. Иймд нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХаас 152,047,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХХХийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч талаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжпэгч ХХХХийн нөхөр болох Д.ХХХХтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх боловч энэ талаар нотлох баримтаар нотлож чадаагүй, харин түүнээс мөнгө авсан, тухайн мөнгөндөө зээлийн гэрээ байгуулсан гэдэг асуудал дээр маргадаггүй хүлээн зөвшөөрдөг. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангагүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 115,383,920 төгрөг, хүү 5,769,196 төгрөг, алданги 30,894,066 төгрөг, нийт 152,047,182 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3.1. ХХХХ болон ХХХ нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан гэх зээлийн гэрээ баримтаар хэрэгт авагдсан байх бөгөөд гэрээний 3.1-т 2023.03.14-ний өдрөөс 2023.04.14-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар олгов, 3.2-т 115,383,920 төгрөг, 3.4-т бэлэн бусаар Хаан банкны 5333021936 тоот дансанд 2022.10.12-ны өдөр шилжүүлсэн болно гэж тус тус заажээ. /хх 4/

3.2. Хариуцагч дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан талаар маргаагүй, харин мөнгийг аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэдгээ нотлох үүрэгтэй.

3.3. Нэхэмжлэгч ХХХХээс хариуцагч ХХХт зээлийн гэрээний дагуу 115,383,920 төгрөгийг шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэснийг үндэслэн зээлдүүлэгч ХХХХ нь зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч ХХХт шилжүүлэн өгөөгүй тул уг зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь зөв болсон байна.

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/01322 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 918,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА