Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01025

 

 

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01025

 

 

М.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01021 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Л, Ц.О нарт холбогдох, хашаа, байшингийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Л.У, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний аав Н.М хүнд өвчний улмаас 2012 оны 08 сарын 26-ны өдөр нас барсан. Аав Н.М БНСУ-д хөдөлмөр эрхэлж, хуримтлуулсан мөнгөөрөө 2004 онд Хан-Уул дүүргийн **-р хороо, А-ын **-р гудамжны *** тоот хашаа, байшинг Ц.О, түүний нөхөр Ч.Л нараас 3,300,000 төгрөгөөр худалдан авсан. Ч.Л-тэй бичгээр байгуулсан гэрээнд "...Л миний бие хашаа, байшингаа М-д 3,300,000 төгрөгөөр худалдаад 3,300,000 төгрөгийг хүлээн авлаа. 14 хоногийн дараа газрын бичгийг М-ны нэр дээр шилжүүлэхээр тохиролцов. Мөнгийг хүлээн авсан Л, хүлээлгэн өгсөн М гэж гарын үсгээ зурсан байдаг. Гэрээний хамт улсын бүртгэлийн Г-********** дугаартай газар өмчлөх эрхийн ногоон гэрчилгээ, улсын бүртгэлийн Ү-********** дугаартай 85 м.кв 2 ширхэг өвлийн сууцны өмчлөх эрхийн ягаан гэрчилгээ зэргийг эх хувиар нь аавд өгсөн. 14 хоногийн дараа Ч.Л-гээс хашаа, байшингийн бичиг баримтаа шилжүүлж авахаар хөөцөлдсөн боловч олдоогүй, аргаа бараад эхнэр Ц.О-тэй нь холбогдоход ...нөхөр Ч.Л хүн амины хэргээр шоронд орчихсон, наад хашаа, байшинг чинь та нарт зарчихсан биз дээ, яах гэж над руу яриад байдаг юм, надад одоо хамаагүй... гэж хэлсэн байдаг. Түүнээс хойш аав бид хоёр нэг байшиндаа амьдраад нөгөө байшингаа түрээсэлж байсан. Удалгүй аав өвдөж, элэгний церрозоор өвчлөн эмчилгээгүй гэснээр эмнэлэгт хэвтэж Ч.Л-гийн хойноос бичиг баримт хөөцөлдөж чадахгүй болсон. Удаан хугацаанд өвчтэй байсаар 2012 оны 08 сарын 26-ны өдөр аав нас барж, А-ын **-р гудамжны *** тоотод М.Т нь хойд эх С.Б болон дүү М.С нарын хамт өнөөдрийг хүртэл 16 жил амьдарч байна. Би Н.М-ны төрсөн хүү буюу хууль ёсны өв залгамжлагчийн хувьд Н.М болон Ч.Л, Ц.О нарын хооронд хашаа байшин, газрын өмчлөх эрхийг худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн болохыг тогтоолгож, өмчлөх эрхийг өвлөгч надад шилжүүлэн өгөхийг хариуцагч Ч.Л, Ц.О нарт даалгаж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Ц.О, Ч.Л нар Иргэний хуулийн холбогдох заалтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хашаа, байшинг хуулийн шаардлагыг хангаж худалдсан үйл баримт байхгүй. Учир нь, хариуцагчаар оролцож буй Ч.Л миний бие Н.М-тай худалдах худалдан авах гэрээ хийгээгүй. Өөрөөр хэлбэл, Н.М тухайн үед миний хашаа, байшингийн үнийг надад төлөөгүй, улмаар бид гэрээ хийж улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй өдийг хүрсэн. Хариуцагч миний бие 2008 оноос эхлэн Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж улмаар шүүхээс 11 жилийн хорих ялаар шийтгүүлж хорих ял эдлээд гарч ирсэн. Иймд нэхэмжлэгч гэх М.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т-ийн хариуцагч Ч.Л, Ц.О нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох, өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн атлаа гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, зохих этгээдийн зөвшөөрлийг аваагүй гэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар гэрээг тухайн үед нотариатаар гэрчлүүлээгүй үйлдэлд нэхэмжлэгчийг дангаар буруутгах боломжгүй, үнийг төлөх үүргээ худалдан авагч биелүүлсэн. Худалдагч худалдсан эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлээгүй нь хариуцагчийн эд хөрөнгөө худалдах хүсэл зоригийг үгүйсгэхгүй юм. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг дан ганц худалдан авагч Н.М-ны хүсэл зоригоор шилжүүлэх боломжгүй бөгөөд талууд нэгэнт гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул тэрээр үл хөдлөх эд хөрөнгийн газарт хандах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс Ч.Л-гийн араас хөөцөлдөөд шилжүүлж чадаагүй. Хариуцагч Ч.Л нь 2004 оны 08 сарын 10-ны өдөр Н.М-д хашаа байшингаа худалдсан ба 2004 оны 09 сарын 27-ны өдөр "Т" ББСБ-ын зээлээс үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж, 2004 оны 09 сарын 28-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн газарт мэдүүлэг гарган барьцааны гэрээг дуусгавар болгож байсан. Мөн 2018 оны 01 сарын 04-ний өдөр улсын бүртгэлд хандан гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн хэмээн мэдүүлэг гаргаж сонинд зарлуулж шинээр гэрчилгээ гаргуулсан нь Улсын бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д зааснаар худалдан авагч Н.М гэрээний үнийг төлсөн, худалдагч Ч.Л үл хөдлөх эд хөрөнгийг 2004 онд худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн, үүнээс хойших худалдан авагч уг үл хөдлөх эд хөрөнгийг бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа, худалдагч үүнээс хойш ямар нэгэн шаардлага гаргаагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж гэрээ байгуулагдсаныг тогтоож, хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.

4.2.   2004 онд гэрээ байгуулагдах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 4 иргэн бүртгэлтэй байсан бөгөөд гэрээ байгуулагдах үед Л.С 6 настай, Л.Э 2 настай буюу эрх зүйн чадамжгүй байсан. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасны дагуу эцэг Ч.Л хэлцэл хийсэн нь хуульд нийцсэн, тэдний хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзнэ. Хариуцагч Ч.Л 2008 оноос эрүүгийн хэрэгт шалгагдаж эхэлсэн талаар хариу тайлбартаа бичсэн ба түүний эхнэр Ц.О 2004 онд хашаа байшингаас нүүсэн, 2004-2024 он хүртэл Н.М болон М.Т нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шаардаж байгаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүйг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хариуцагч Ч.Л хашаа байшинг бусдад худалдсаныг Ц.О 20 жилийн хугацаанд мэдээгүй байх боломжгүй бөгөөд гэрээ байгуулагдсаныг мэдэж хүүхдүүдийн хамт хашаа байшинг суллаж өгөөд нүүснээс хойш болон 2018 онд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шинээр авсан ч шаардлага гаргаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 сарын 22-ны өдрийн 17-р тогтоолын 2.6-д зааснаар хариуцагч нар хашаа байшингаа суллаж, нүүснээрээ 2004 оноос хойш өмчлөх эрх зөрчигдсөн талаар ямар нэг шаардлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн нь хүсэл зоригийн илэрхийллийг өөрийн бодит үйлдлээрээ зөвшөөрч, хүлээн авсан гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэн гэрээ байгуулагдсан болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын гаргасан тайлбар, шүүхийн дүгнэлтэд заасны дагуу хэлцэл нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.2, 128.3-т заасны дагуу хамтран өмчлөх этгээдүүдийн бичгээр олгосон нотариатаар гэрчлүүлсэн захиран зарцуулах эрхийг олгосон зөвшөөрөл авагдаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн үед маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр насанд хүрсэн 2 этгээд бүртгэгдсэн байсан бөгөөд одоо насанд хүрсэн 4 этгээд бүртгэгдсэн. Энэ үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн дундын эд хөрөнгө учраас бусад этгээдүүдийн хуульд заасны дагуу зөвшөөрөл авч, нотариатаар гэрчлэгдэж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, дээрх маргаан бүхий асуудлаар шаардах эрх гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасны дагуу шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ямар бичгийн баримтуудаар тогтоогдож байгаа нь харагддаггүй. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ хэрэгт бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Учир нь, маргаан бүхий асуудлаар нэхэмжлэлийн 3 шаардлагатай холбоотойгоор хариуцагч нарын улсын бүртгэлд бүртгэлтэй 2 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд тус өмчлөх эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангав.

2.   Нэхэмжлэгч М.Т нь хариуцагч Ч.Л, Ц.О нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн **-р хороо, А ** гудамж, *** тоот хаягт байршилтай 85 м.кв талбайтай 2 ширхэг өвлийн сууц, 395.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар ...нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй, гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох гэж томъёолсон шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин өвлийн сууц, газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байна.

3.   Ч.Л, Н.М нар 2004 оны 08 сарын 10-ны өдрийн гар бичмэл үйлдэж, уг гар бичмэлд Л миний бие хашаа, байшингаа М-д 3,300,000 төгрөгөөр худалдаад 3,300,000 төгрөгийг хүлээн авлаа. 14 хоногийн дараа газрын бичгийг М-ны нэр дээр шилжүүлэхээр тохиролцов гэж бичиж, гарын үсгээ тус тус зурсан байна.

Хариуцагч Ч.Л нь дээрх гар бичмэлд гарын үсэг зураагүй гэж маргасан боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 сарын 10-ны өдрийн 3033 дугаартай дүгнэлтээр 2004 оны 08 сарын 10-ны өдрийн хэлцлийн мөнгийг хүлээн авсан гэсний доор зурагдсан Л гэсэн дармал бичвэр нь архивд хадгалагдаж буй Ч.Л-гийн гэх дармал бичвэрийн загваруудтай тохирч байгааг тогтоосон байна.

4. Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан бодит үйлдлээр хийгдсэн хэлцэлд хамаарч байна.

Учир нь, хэргийн баримт, зохигчдын тайлбараар маргаан бүхий хашаа, байшинг нэхэмжлэгч М.Т, түүний эцэг Н.М нар 2004 онд эзэмшил, ашиглалтдаа хүлээн авсан, үүнээс хойш одоог хүртэл уг хашаа, байшинд амьдарч байгаа, мөн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед өвлийн сууц болон газрын өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувийг худалдан авагч талд хүлээлгэн өгсөн буюу нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн үйл баримт тогтоогдсон байна.

5.  Хариуцагчийн тайлбар, татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

5.1.  Хэлцлийн нэг тал болох Н.М нь 2012 оны 08 сарын 26-ны өдөр эмнэлэгт өвчний улмаас нас барсан ба Хан-Уул дүүргийн нотариатчаас 2020 оны 06 сарын 26-ны өдөр олгосон Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр өвлийн сууц, газрын өмчлөх эрхийг шаардах эрхийг М.Т-д өвлүүлсэн байна.

Иймд ...нэхэмжлэгч нь шаардах эрхгүй... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.2.  Өмнө дурдсан гар бичмэлд ...3,300,000 төгрөгийг хүлээн авлаа... гэж дурдсан байх тул ...гэрээний дагуу мөнгө хүлээж аваагүй... гэх хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.

5.3.  Хэлцэл хийгдэх үед улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн Л.С, Л.Э нар насанд хүрээгүй байсан тул Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар тэдгээрийн нэрийн өмнөөс түүний хууль ёсны төлөөлөгч Ч.Л хэлцэл хийсэн гэж үзнэ.

Харин хариуцагч Ц.О-ийн хувьд хэлцлийг хүлээн зөвшөөрч, маргаан бүхий хашаа, байшинг нэхэмжлэгч М.Т, түүний эцэг Н.М-ны эзэмшил, ашиглалтад сайн дураар шилжүүлэн өгсөн байх тул түүнийг Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д зааснаар хожим дэмжин зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд ...гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.4.  Худалдах, худалдан авах хэлцлийг нотариатаар гэрчлээгүй байхад Н.М нь гэрээний үнийг төлж үүргээ бүрэн гүйцэтгэсэн, үүнийг Ч.Л хүлээн зөвшөөрч, хэлцлийг нотариатаар гэрчлүүлээгүй байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д зааснаар шүүх уг хэлцлийг хийсэнд тооцох үндэслэлтэй.

Иймд ...гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

5.5.  Хэлцлийн нэг тал болох Н.М нь өвчний улмаас 2012 оны 08 сарын 26-ны өдөр нас барсан, хариуцагч Ч.Л нь 2010 оны 08 сарын 11-ний өдрөөс 2017 оны 08 сарын 23-ны өдөр хүртэлх хугацаанд хорих ял эдэлсэн, хариуцагч Ч.Л-г эрх бүхий байгууллага эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоосон, нэхэмжлэгч М.Т-д 2020 оны 06 сарын 26-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсоноор шүүхэд анх 2020 оны 07 сард хандаж нэхэмжлэл гаргасан зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан хэргийн баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасны дагуу сэргээснийг буруутгах үндэслэлгүй.

Иймд ...хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/01021 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Хан-Уул дүүргийн **-р хороо, А ** гудамж, *** тоот хаягт байршилтай 85 м.кв талбайтай 2 ширхэг өвлийн сууц, 395.5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч М.Т-ийн нэр дээр тус тус бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 67,950 төгрөг, хариуцагч Ч.Л, Ц.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Тэмүүжинд буцаан олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч М.Тэмүүжингээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 137,950 төгрөгийг

шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР