Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 261

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: С.Оюунжаргал,

Нарийн бичгийн дарга: Л.Ундармаа,

            Шүүгдэгч Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар     

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржгон овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1903001030124 дугаартай 185/2019/0268/Э индекстэй хэргийг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, мэргэжилтэй, хувиараа таксинд явдаг гэх, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржгон овогт Б.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Миний захын урд талын замд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд Hyundai Sonata маркийн 27-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Гэрэлмааг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв. 

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д. Гэрэлмаа /хх-ийн 16-18/, яллагдагч Б.Б /хх-ийн 50-51/ нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1914 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.        

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Миний захын урд талын замд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 40 минутын орчимд Hyundai Sonata маркийн 27-43 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Доржпаламын Гэрэлмааг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.Гэрэлмаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14-15 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Миний зах дэлгүүрийн урд талын замд ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаа чиглэлд явган хүний замаар явж автобусны буудал руу алхаж явтал Миний зах дэлгүүрийн урд талын гарцан дээр саарал өнгийн Сонота-6 маркийн автомашин миний араас зүүн хөлийн өвдөг рүү мөргөөд буруу талын урд дугуй нь миний зүүн хөлийн шагайн дээгүүр гарч, арын дугуй нь баруун хөлөн дээгүүр гарах гэхэд нь баруун хөлөө татаж аваад унахдаа арын дугуйнд цээжний баруун хэсэг шүргэгдсэн. Тухайн үед би газар яаж унаснаа сайн санахгүй байна би ертөнцийн зүгээр зүүн урагшаа чиглэлд хараад явж байтал тэр автомашин араас ирж мөргөсөн. Тухайн автомашиныг Миний захын урд талын гарц руу зүүн эргэж орж ирснийг мэдэхгүй, ямар ч байсан миний араас ирж мөргөсөн болохоор баруун гар эргэж хойноос орж ирсэн гэж бодсон. Тэгтэл намайг мөргөж, дайрсан жолоочийг танихгүй эмэгтэй “чи хүн дайраад мөргөчихлөө шүү дээ” гэж хэлэхэд намайг дайрсан жолооч машинаа зогсоож бууж ирэхээр нь чи яагаад намайг дайрч байгаа юм бэ гэж хэлэхэд тэр жолооч намайг мөргөж дайрснаа сайн мэдэхгүй “дугуйнд юм тээглэхээр нь кардон чирэгдэж байгаа гэж бодсон” гэж хэлээд намайг сугадаад өргөж босгох гэхээр нь би арайхийж босоод машинд суухад миний зүүн хөл, цээжний баруун хэсгээрээ өвдөлт маш ихтэй байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг рүү авч очиж зүүн хөл, цээжний зураг авахуулахад баруун талын 10 дугаар хавирга хугарсан, зүүн хөлийн шилбэ цуурсан, тавхайн дээгүүр хугарсан байна гээд зүүн хөлийг гипсдэн эм, тариа бичиж өгсөн. Тэгээд би мөргөсөн жолоочтой буцаад ослын газар руу явж байхдаа цагдаад дуудлага өгч замын цагдаагийн бүрэлдэхүүнд осол болсон газрыг зааж өгөөд үзлэг, хэмжилт хийлгүүлсэн. Буруу талын урд гуферээрээ мөргөж, газар унасны дараа зүүн хөлийн шагайн дээгүүр буруу талын урд дугуйгаар дайрч, арын дугуй нь баруун хөл дээгүүр гарах гэж байхад нь баруун хөлөө татаж аваад унахдаа цээжний баруун хэсгийг арын дугуй нь шүргэсэн. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Ослоос хойш зүүн хөл, цээжний баруун хэсэг маш их өвдөлттэй байсан ба зүүн хөлийн өвдөг хавдаж өвдөөд байхаар нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмчид үзүүлэн зүүн хөлийнхөө өвдөгний зургийг авахуулахад зүүн өвдөгний яс дотор талдаа цуурсан байна гэж хэлсэн. Тухайн үед өдөр гэгээтэй байсан ба замын хөдөлгөөн сийрэг байсан. Хюньдай Сонота-6 маркийн автомашины жолооч ямар учраас намайг араас ирж мөргөснийг мэдэхгүй байна. Автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй. Намайг мөргөж унагаагаад дугуй нь хөлөн дээгүүр гарсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний зүгээс гомдолтой байна. Намайг мөргөж, дайрсан жолооч осол гаргасан өдөр эм тарианы мөнгө гэж 60.000 төгрөг өгсөн. Тэрнээс хойш дахиж нэг ч удаа холбогдож яриагүй, осол гаргасан жолооч миний эмчилгээний төлбөр болон ажилгүй байх хугацааны цалин гээд 1.060.000 төгрөг бэлнээр өгсөн, осолд орсон өдөр 16.000 төгрөгний эм авч өгсөн, нийтдээ 1.076.000 төгрөг өгсөн болохоор миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18/,                

 

Яллагдагч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн Хьюндай Сонота-6 маркийн 27-43 УБУ улсын дугаартай автомашинтайгаа 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 14 цаг өнгөрчихсөн байсан яг цагийг тодорхой санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Миний дэлгүүрийн зүүн урд талын гарцаар эргэж орохоор эсрэг урсгалын тээврийн хэрэгслийг харж байгаад зүүн гар тийш эргэж ороход машины урд салхины шилний зөв талын багананы араас харагдахгүй байсан ба машины зүүн талын урд дугуй руу юм цохих  шиг болохоор нь кордонон цаас хийсээд машин руу цохилоо гэж бодоод авто машинаа зогсоогоод машинаас буугаад иртэл 40 гаран насны эмэгтэй авто машины буруу талын хойд хаалганы ойролцоо газар уначихсан хэвтэж байсан. ...Хохирогчид эмчилгээний төлбөр болон эм тарианы мөнгө гэж нийтдээ 1.076.000 төгрөг бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Би ослын талаар өөрийгөө бурууг ойлгож маш их гэмшиж байгаа тул хуулийн дагуу хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1914 тоот шинжээчийн дүгнэлтэд:

  1. Д.Гэрэлмаагийн биед тахилзуур ясны далд хугарал, баруун 10 дугаар хавирганы далд хугарал, баруун гарын ядам хурууны 2 дугаар үений цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  
  5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-ийн 27/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 02 дугаар сарын 19-ний  шинжээчийн №134 дугаартай дүгнэлтэд:      

  1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1914 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 5465 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Хьюндай Сонота-6 маркийн 27-43 УНУ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Д.Гэрэлмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний журмын ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл болон бусад байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

Шинжээч, Цагдаагийн хошууч В.Балжинням гэсэн дүгнэлт /хх-ийн 41/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд замын хөдөлгөөний дүрмийг бүрэн баримтлах соёл дутмаг, замын хөдөлгөөнд анхаарал богоомжгүй оролцсон нөхцөл байдал тус тус нөлөөлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.Гэрэлмаа нь “...Эмчилгээний төлбөр болон эм тарианы мөнгийг бүрэн барагдуулсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 70/ гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчид хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Б.Бад торгуулийн ял оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд ял оногдуулах боломжтой байна. 

 

Шүүгдэгч Б.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.