Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00803/и |
Дугаар | 151/ШШ2016/00790 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2016/00790
2016 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2016/00790 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1987 оны 08 дугаар сарын 25 өдөр төрсөн, эмэгтэй, 29 настай, Төв аймаг, Жаргалант сум, 1 дүгээр баг, Буурал 2 дугаар гудамж, 03 тоотод оршин суудаг, Борлууд овогтой Энхтүвшингийн Энхтуяа РД:/НМ87082508, утас:88870544/-гийн нэхэмжлэлтэй “Хорлоожамцын Мөнхзулыг эрэн сурвалжлуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Энхтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Х.Мөнхзулын төрсөн дүү Х.Батдоржтой манай дүү сууж байсан. Ингээд Х.Мөнхзулыг таньдаг болсон. Х.Мөнхзул анх барааны лангуу ажиллуулдаг байсан. Бараа татах мөнгө байхгүй гээд 10 сарын дотор эргүүлэн өгнө гэж хэлээд
2 000 000 төгрөгийг зээлсэн боловч авсан мөнгөө эргэж төлөөгүй. Тухайн үед амьдарч байсан газраасаа явчихсан байсан учраас одоо олдохгүй байгаа. Мөнгөө авах гэж олон удаа залгасан боловч утасны дугаар холбогдохгүй болсноос зээлсэн мөнгөө авч чадахгүй байгаа. Х.Мөнхзул нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дунд Дарь-Эхийн 24-1531 тоот хаягтай боловч хаяг дээрээ байдаггүй гэсэн. Х.Мөнхзулын төрсөн дүү Х.Батдорж 88862893 гэсэн дугаартай байгаа. Мөн Х.Мөнхзул хамгийн сүүлд 80330054 гэсэн дугаар дээр байсан” гэв.
Шүүх нэхэмжлэгч Э.Энхтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох 2015 оны 04 дүгээр сарын 30 өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /хх 4/, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 25 өдрийн тодорхойлолт /хх 11/ зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Х.Мөнхзулын оршин суугаа газар тодорхойгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжлуулахаар гаргасан Э.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар Долоон гөрөөчин овогт Хорлоожамцын Мөнхзулыг эрэн сурвалжилсугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Төв аймгийн Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА