Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00979

 

 

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00979

 

М Сангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00893 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М Сангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Л-д холбогдох, сангийн 2015-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, сангийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, 2015-2023 оны удирдах зөвлөлийн тогтоол, сангийн тамга, тэмдэг зэргийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Л.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: М ТББ нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэй анх 2001 оны 04 сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2001 оны 04 сарын 30-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн. "М ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүдээр Англи Улсын иргэн X.Х, Э.Х, Монгол Улсын иргэн Ч.А, Л.Л , Б.Н нар ажиллаж байсан. 2004 онд Э.Х эмч нас барж, 2013 онд Х.Х эх орондоо буцаж нас барж, 2016 онд Б.Н Удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзан гарч, удирдах зөвлөлийн гишүүнээр Ч.А, Л.Л нар үлдэн ажилласан. Өнгөрсөн хугацаанд хариуцагч Л.Л албан тушаал, өөрт байгаа давуу байдлаа урвуулан ашиглаж, сангийн дансыг дур мэдэн хааж өөрийн хамаарал бүхий хүмүүсийн хувийн дансаар сангийн орлогыг авч, үүнийгээ нууцлан тайлан тооцоог хуурамчаар гаргах, энэ талаарх мэдээллээ өгөхгүй байх зэргээр хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байсны дотор Л.Л нь 2005 оны 03 сарын 22-ны өдөр хуурамч баримт үйлдэн сангийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, өөрийн хамаарал бүхий Д.О, С.Э, Д.Х нарыг нэмж бүртгүүлэн өөрийгөө М ТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх гүйцэтгэх захирлаар томилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Тэрээр 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр тогтоолыг хуурамчаар үйлдэж, сангийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүдээс Х.Х, Э.Х, Ч.А, Б.Н нарыг хасч өөрийгөө үүсгэн байгуулагчаар, удирдах зөвлөлийн гишүүнээр Б.Н, Л.О, С.П, К.Ж нарыг томилон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгүүлсэн байсан. Сангийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ч.А нь гүйцэтгэх захирал Л.Л-гийн хууль бус дээрхи үйлдлүүдийн талаар архивын лавлагаанаас мэдээд уг асуудлыг шалгуулахаар улсын бүртгэлийн ерөнхий газар, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хандан гомдол гаргасан. Дээрх байгууллагууд Л.Л-д холбогдох асуудлыг шалгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2021 оны 07 сарын 21-ний өдрийн 3701 тоот, 2021 оны 12 сарын 31-ний өдрийн 7904 тоот дүгнэлтээр Л.Л-г Улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг ноцтой зөрчсөн болохыг тогтоосон. Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 1571 тоот тогтоолоор Л.Л г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн үндэслэлээр Л.Л-д холбогдох хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т зааснаар М ТББ-ын үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүн Ч.А би хариуцагч Л.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн байдал, санд хамаарах бусад нөхцөл байдлыг авч үзээд 2021 оны 09 сарын 01-ний өдрийн шийдвэрээр М ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүнээр X.О, Г.М, Ч.Ж нарыг томилсон. Удирдах зөвлөлийн шинээр томилогдсон гишүүд мөн өдөр буюу 2021 оны 09 сарын 01-ний өдөр хуралдаж гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан Л.Л-гийн гэмт хэрэг үйлдсэн байдал, Улсын байцаагчийн дүгнэлт зэргийг үндэслэн удирдах зөвлөлийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн хурлын тогтоолоор Л.Л-г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Хурлын зарыг Л.Л-д явуулсан боловч хуралд ирээгүй Гэвч Л.Л нь удирдах зөвлөлийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 01 дугаартай тогтоолын дагуу санхүүгийн тайлан, бусад бичиг баримт, тамга тэмдэгийг Удирдах зөвлөлд хүлээлгэж өгөх байтал хүлээлгэж өгөхгүй өдийг хүрсэн. Өнөөдөр тамга байхгүйгээс сангийн улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр авах, шинэчлэн найруулсан дүрэм болон шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүдийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгүүлэх боломжгүй болсон нь М ТББ-ын хэвийн үйл ажиллагаа цаашид алдагдахад хүрч, сан дүрэмд заасан зорилго, чиг үүргээ хэрэгжүүлэхэд бодитой хүндрэл учраад байна. Анх санг 2001 онд 5 хүн байгуулсан. 2005 онд шинэчилсэн бүртгэл явагдаад үүсгэн байгуулагчаар бүртгэгдсэн. Хариуцагч нь удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзаад өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилж өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг нэмж бүртгэлд өөрчлөлт оруулсан. Хоёр удаа баримт бичгийг хуурамчаар бүрдүүлж бүртгэлд өөрчлөлт оруулсныг бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон. Одоогийн байдлаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүнээр 2 иргэн бүртгэлтэй байгаа. Түүнээс удирдах зөвлөлийн нэг гишүүн нас барсан, нөгөөх нь Ч.А юм. Иймд М-гийн 2015-2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, бусад бичиг баримтад сангийн нэр дээрх бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг эх хувиар, удирдах зөвлөлийн хурлын тогтоол, сангийн тамга тэмдэг зэргийг удирдах зөвлөлд хүлээлгэж өгөхийг хариуцагч Л.Л-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь санг төлөөлж байгаа гэх боловч тус байгууллагаас олгосон эрх байхгүй юм. Учир нь Удирдах зөвлөл бүрдүүлсэн гэх боловч эдгээр иргэдийг тус сангийн Удирдах зөвлөлд бүртгэсэн, эрх олгосон тэмдэглэл байхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасан. Гэтэл улсын бүртгэлийн лавлагаанаас эдгээр гишүүдийг сонгосон, өөрчилсөн тухай улсын бүртгэлийн тэмдэглэгээ алга байна. Улсын бүртгэл хийлгэсэн байх мөн улсын бүртгэл хийлгэснээр хүчин төгөлдөр болох хуулийн шаардлага байхад Удирдах зөвлөл гэх хуулийн этгээдийн эрх байхгүй хувь хүмүүс нийлж М-г төлөөлөх эрх байхгүй. Ийм учраас уг Удирдах зөвлөлийн шийдвэр нь хуулийн хүчингүй, Удирдах зөвлөл хуулийн этгээдийн эрхгүй тул тус санг төлөөлөх эрхгүй бөгөөд сангийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй юм. Одоогийн байдлаар тус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх зөвхөн Л.Л надад байгаа. Ч.А өөрийгөө сангийн үүсгэн байгуулагчаар бүртгүүлсэн нь үнэнд нийцэхгүй, тус сангийн үүсгэн байгуулагч болох Д.Х, С.Э, Д.О, Ч.А нар 2005 онд тухайн үед сангийн бүртгэл хариуцаж байсан. Хууль зүйн яаманд бүртгүүлсэн байдаг. Эдгээр бүртгэлийг 2021 оны 12 сарын 30-ны өдөр Улсын байцаагч Д.Ч 7904 тоот дүгнэлтээр үүсгэн байгуулагчдын жагсаалтыг хүчингүй болгож Ч.А-ийг үүсгэн байгуулагчаар дур мэдэн үлдээсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул Ч.А нь нэхэмжлэл гаргах этгээд биш болно. Мөн 2021 оны 09 сард Удирдах зөвлөл хуралдсан талаарх баримтыг авчирсан байна. Гэвч өмнөх Удирдах зөвлөл хуралдаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой, сүүлд хуралдсан гэх Удирдах зөвлөлийн шийдвэр улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Мөн гүйцэтгэх удирдлага санг төлөөлөх эрхтэй, харин Удирдах зөвлөл өөрөө хуулийн этгээдийн чадваргүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Мөн намайг сангийн гүйцэтгэх захирлаар томилсон бүртгэл хэвээр байгаа талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгасан. Анх 2001 онд 5 хүнтэй нийлж үүсгэн байгуулсан тул тэр 5 хүн дахин хуралдах ёстой. Хэрэв үүсгэн байгуулсан 5 иргэнээс 2 нь нас барсан бол тэдний өв залгамжлагч төлөөлж орж ирэх ёстой. Хуралдсан тохиолдолд би хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцохгүй байж байгаад одоо энэ байгууллагын нэр дээрх хоёр үл хөдлөх эд хөрөнгөөс авах санаархлаар гарч ирээд хөөцөлдөөд байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.4-д заасныг баримтлан Л.Л гээс М Сангийн 2015-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, сангийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, 2015-2023 оны удирдах зөвлөлийн хурлын тогтоол, сангийн тамга, тэмдэг зэргийг гаргуулж удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг ноцтой алдаатай гэж үзэн давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Тус шүүхийн шүүгчийн захирамжаар М ТББ гэх 5 иргэн, иргэн Ч.А-ийг байгууллагын төлөөлөгчөөр томилж гаргасан нэхэмжпэлийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчин хуулийн этгээд биш, түүнийг төлөөлөх эрхгүй 5 иргэний нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.12-т заасныг зөрчин удирдах зөвлөл гэж өөрсдийгөө нэрлэсэн хуулийн этгээдийг төлөөлөх эрхгүй хүмүүс нийлж М-г төлөөлж байгаа мэт ойлголт шүүхэд өгсөн байна. Иймд энд процессын ноцтой алдаа гарч хуулийн этгээд нэхэмжлэгч биш, эдгээр иргэд нийлж нэхэмжлэл гаргах нь хуулийн заалтад нийцэх байжээ.

4.2.  Тус М ТББ-ын үүсгэн байгуулах баримт бичигт үүсгэн байгуулагч 5 иргэн өөрсдийгөө уг байгууллагын байнгын удирдах зөвлөлөөр томилсон байдаг. Энэ нь Иргэний хуулийн сангийн тухай зохицуулалттай уялдуулж удирдах зөвлөлийг санд дэмжигч, хандивлагчийн төлөөллийг оруулж байх үзэл санаанд нийцүүлсэн болно. Иймээс ч байгууллагын дүрмээр удирдах зөвлөлийн гишүүний ээлжит хугацааг зориудаар оруулж өгөөгүй. Нэхэмжлэл гаргасан 5 иргэн өөрсдийгөө удирдах зөвлөл гэж байгаа нь эргэлзээтэй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан үндэслэлээр хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хэрэгт нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэдгийг тайлбарласан ямар ч баримт байхгүй. М ТББ нь 2001 онд 5 гишүүнтэй үүсгэн байгуулагдсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Тус бүртгэлийн лавлагаанд үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүнээр Умард Ирланд улсын иргэн Х.Х /H.H/, гишүүн Ч.А, гүйцэтгэх захирал Л.Л бүртгэлтэй. Л.Л хуурамч бичиг баримт үйлдсэн нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч нарын дүгнэлт, прокурорын тогтоолоор тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Удирдах зөвлөлийн хуралдаан болоход Л.Л-г 2 удаа дуудаж, мэдэгдэл хүргүүлсэн боловч хуралдаа ирээгүй. 2021 оны сүүлийн бүртгэлээр Ч.А, Х.Х /H.H/ нар байгаа. Талууд Х.Х /H.H/-ыг нас барсан гэдэгт маргадаггүй. Шинэчилсэн бүртгэлээ хийлгэхийн тулд нэр бүхий 3 гишүүн болон Л.Л нарыг дуудсан боловч ирээгүй тул хурлаа хийж Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон. Ч.А нь 2001 оноос Удирдах зөвлөлийн гишүүнээр явж байгаа, бүртгэлээс хасагдсан зүйл байхгүй. Л.Л нь 2005, 2017 онуудад Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, гарын үсгүүдийг нь хуурамчаар үйлдэж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг Удирдах зөвлөлд гишүүнээр оруулсан. Эрх бүхий байгууллагын дүгнэлтээр хуурамч бичиг баримт үйлдэж, удирдах зөвлөлийн гишүүдийг томилсон гэж тогтоосон. 2001, 2005, 2017 оны бүртгэлээр Ч.А нь бүртгэлээс хасагдаагүй, тус байгууллагын эрх бүхий этгээд юм. Анхан шатны шүүх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.   Нэхэмжлэгч М Сан нь хариуцагч Л.Л-д холбогдуулан сангийн 2015-2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, сангийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, 2015-2023 оны удирдах зөвлөлийн тогтоол, сангийн тамга, тэмдэг зэргийг удирдах зөвлөлд хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...Ч.А нь тус санг төлөөлөх эрхгүй, сангийн гүйцэтгэх захирлаар Л.Л миний бие бүртгэлтэй байгаа... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-4, 50-51/

3.   Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 сарын 16-ны өдрийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа-гаар М Сангийн хувьцаа эзэмшигч, гишүүн, үүсгэн байгуулагчаар Х.Х /H.H/, Ч.А нар бүртгэлтэй болох нь тогтоогдсон, уг бүртгэл хүчинтэй байна. /хх 28-29/

Сангийн хувьцаа эзэмшигч, гишүүн, үүсгэн байгуулагч Х.Х /H.H/ 2013 онд нас барсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон, уг тайлбартай хариуцагч тал маргаагүй. /хх 97-114/

Иймд М Сангийн цорын ганц хувьцаа эзэмшигч, гишүүн, үүсгэн байгуулагчаар бүртгэлтэй Ч.А нь 2021 оны 09 сарын 01-ний өдөр Сангийн удирдах зөвлөлийг хуралдуулж, тус Сангийн удирдах зөвлөлийн гишүүн Э.Х 2004 онд нас барсан, Х.Х 2013 онд нас барсан, Б.Н удирдах зөвлөлийн гишүүнээс татгалзсан үндэслэлээр тэдгээрийг удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Сангийн удирдах зөвлөлийн даргаар Ч.А-ийг сонгож, Сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр Х.О, Ч.Ж, Г.М нарыг томилж, Сангийн гүйцэтгэх захирал Л.Л-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, Сангийн гүйцэтгэх захирлаар Х.О-ыг томилж шийдвэрлэсэн нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 7, Сангийн дүрмийн 6 дугаар зүйлийн 1, 7-д заасантай тус тус нийцсэн гэж үзнэ. /хх 37-43, 87-94/

Удирдах зөвлөлийн хуралдааны товыг хариуцагчид хүргүүлсэн боловч товлосон хуралд хариуцагч Л.Л оролцоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. /хх 59-65/

4.  Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар удирдах зөвлөлийн дарга нь төрийн бус байгууллагыг гадаад, дотоодод төлөөлөх эрхтэй тул М Санг төлөөлөн Ч.А шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ талаарх хариуцагч Л.Л-гийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.   Мн Сангийн удирдах зөвлөл нь тус Сангийн тамга, тэмдэг хариуцагч Л.Л-гийн эзэмшилд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Сангийн удирдах зөвлөлийн даргыг сонгосон, Сангийн удирдах зөвлөлийн гишүүдийг чөлөөлж, томилсон, Сангийн гүйцэтгэх захирлыг чөлөөлж, томилсонтой холбоотой холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй явдлыг буруутгах боломжгүй. /хх 83/

Иймд ...тус Сангийн гүйцэтгэх захирлаар Л.Л бүртгэлтэй байгаа, Л.Л тус Санг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй... гэх хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.

6.   Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 10 сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 1571 дугаар тогтоолд ...Л.Л нь үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр, тогтоолгүйгээр С.Э, Д.О, Д.Х нарыг М ТББ-ын үүсгэн байгуулагчаар нэмж бүртгүүлсэн бүртгэл, мөн эрх олгосон, үүргээс чөлөөлсөн 2017 оны 10 сарын 01-ний өдрийн Үүсгэн байгуулагчдын хурал-ын тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн, ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнээд, уг тогтоолоор хэрэг бүртгэлийн ********* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх 11/

7. Анхан шатны шүүх ...Л.Л-г сангийн гүйцэтгэх захирлаас чөлөөлсөн байх тул тэрээр Сангийн тамга тэмдэг, санхүүгийн баримт бичиг зэргийг гаргуулах үндэслэлтэй... гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч маргааныг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зохицуулалт нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүхээс холбогдох өөрчлөлтийг шийдвэрт оруулна.

Мөн анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан журмын дагуу хуваарилаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

8.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/00893 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 37 дугаар зүйлийн 37.2... гэснийг ...Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2... гэж, ...Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1.4-т... гэснийг ...Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д... гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг ...үлдээж, хариуцагч Л.Л-гээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М Санд буцаан олгосугай гэж өөрчилж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Л.Л-гээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 сарын 18-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.НЯМБАЗАР