Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/01031

 

  

2024 оны 05 сарын 15 өдөр Д 210/МА2024/01031

 Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/00277 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Н-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 69,882,144 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Ц.Н нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн **-р хороо, **-р ** мянгат гудамж, **-р байрны ** тоотод байрлах 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, 40,000,000 төгрөгийг 1 сарын 4.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан. Зээлийн гэрээнд 2019 оны 10 сарын 13-ны өдөр, 2021 оны 01 сарын 28-ны өдөр, 2021 оны 12 сарын 01-ний өдрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн гэрээний хугацааг 2022 оны 08 сарын 04-ний өдрийг хүртэл сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчилсэн. Хариуцагч Ц.Н нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 12,218,889 төгрөг, хүүд 42,889,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,597,847 төгрөг, нийт 57,706,457 төгрөгийг төлсөн. Нэгэнт гэрээгээр тохиролцсон хүүг бууруулах боломжгүй. Гэхдээ гэрээнд заасан тодорхой нөхцөл биелсэн үед 1 хувийн хүүгийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой байсан. Зээл төлүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хариуцагчид шаардлага хүргүүлж, утсаар холбогдож байсны дүнд тэрээр 2022 оны 02 сард 25,000,000 төгрөг, 04 сард 1,000,000 төгрөг төлсөн, өөр төлөлт хийгээгүй. Уг мөнгийг гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн байдлаар тооцон авсан, бүхэлд нь үндсэн зээлээс хасах хууль зүйн үндэслэлгүй. 2023 оны 11 сарын 06-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27,781,110 төгрөг, хүү 33,167,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,933,109 төгрөг, нийт 69,882,144 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Ц.Н нь 2019 оны 05 сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, барьцаанд Чингэлтэй дүүргийн **-р хороо, **-р ** мянгат гудамж, **-р байрны ** тоотод байрлах, 50 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, 40,000,000 төгрөгийг 1 сарын 4.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байгуулсан нь үнэн. Зээлийн тодорхой хэсгийг төлсөн боловч ковидын нөхцөл байдлаас шалтгаалж төлбөр төлөх боломжгүй болсон. Хариуцагч Ц.Н нь 2022 оны 04 сард АНУ руу явсан, зээлийн төлөлт хийгдэхгүй байхад зээлийн гэрээг цуцлах эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй, санаатай удааж хүүгийн хэмжээг ихэсгэсэн. Миний бие 2022 оны 02 сарын 28-ны өдөр 25,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг зээлд төлөхөд уг мөнгийг үндсэн зээлээс хасаагүй, нэмэгдүүлсэн хүү, хүү, зээл гэсэн байдлаар суутгасныг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар үндсэн зээлээс хасах байсан. Мөн нэхэмжлэгч байгууллагын зээлийн хүүгийн хэмжээ их байна. Жилийн 50.4 хувь, 2 жилийн 100.8 хувийн хүү тооцогдохоор нэхэмжлэгч өөрт ашигтай гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, 4.2 хувийн хүү нь бусад банк, банк бус байгууллагаас нийтэд зарласан хэмжээнээс давсан байх ба хүү 2.5 хувь байна. Бид нэхэмжлэгч талын санал болгосон гэрээнд гарын үсэг зурсан болохоос харилцан тохиролцсон зүйл байхгүй. Иймд 26,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж, зээлийн хүүг бууруулан тооцож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Б.Э өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон нь үнэн боловч Ц.Н-ийг өндөр хүүтэй зээл авч байгааг мэдээгүй. Зээлийн төлбөрийг мөнгөөр төлөх тул өмчлөлийн хөрөнгөөс зээлийн төлбөр барагдуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Н-ээс 46,680,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,202,140 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.Н нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгч Б ХХК-ийн барьцааны зүйл болох хариуцагч Ц.Н, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Э нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-******** дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн **-р хороо, **-р ** мянгат гудамж, **-р байрны ** тоотод байрлах 50 м.кв гурван өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц.Н-т холбогдох хохиролд 6,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 678,868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Н-ээс 461,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Шүүх үндсэн зээлийн төлбөрт төлөгдсөн 26,000,000 төгрөгийг бүхэлд нь үндсэн зээлээс хасалгүй, ихэнх хэсгийг хүүнд тооцон суутгаж авсан Б-ын үйлдлийг зөвтгөж, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасныг тайлбарласан тогтоолыг шийдвэр гаргахдаа хэрэглэсэнгүй.

5.2.  Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-д Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалт буюу үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхой хөдөлшгүй байдлаар тайлбарлахдаа: ...төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний уулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүү төлүүлнэ гэж тайлбарласан байдаг. Хэрэв шүүгч, Иргэний хууль тайлбарласан Дээд шүүхийн тогтоолыг шийдвэр гаргахдаа хэрэглэсэн бол хариуцагчаас зээлд төлөгдсөн 26,000,000 төгрөгийг үндсэн зээлээс хасах байсан юм.

Иймд үндсэн зээлээс 26,000,000 төгрөгийг хассан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

6.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 3 удаа сунгасан бөгөөд сүүлд гэрээний хугацааг 2022 оны 08 сар хүртэл сунгасан. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 25,000,000 төгрөгийн төлөлт нь эцсийн хугацаа болохоос өмнө төлөгдсөн байдаг. Уг зээл төлөх хугацаа дуусаагүй байсан тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасны дагуу хугацаа болсон өрийг төлүүлэх асуудал яригдаж байна. Гэвч тухайн үед зээлийн хугацаа болоогүй байсан бөгөөд 02 сард 25,000,000 төгрөг, 03 сард 1,000,000 төгрөг шилжүүлсэн нь зээлийн хугацааг сунгаснаас хойш төлөгдсөн учраас гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээлээс өмнө хүүгийн төлбөрийг төлөхөөр зохицуулсан. Зээлийн гэрээний хугацаа болоогүй учраас зээлийн хүүг тооцож, үлдэгдлийг үндсэн зээлээс хассан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ц.Н-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,781,110 төгрөг, зээлийн хүү 33,167,925 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,933,109 төгрөг, нийт 69,882,144 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /1хх 1, 37, 197-198, 246, 2хх 1-19/

Гуравдагч этгээд Б.Э нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг эс зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг гаргажээ. /2хх 4/

3.   Талууд 2019 оны 05 сарын 01-ний өдөр ЗГ****** дугаартай Зээлийн гэрээ байгуулж, Б ХХК нь 40,000,000 төгрөгийг нэг сарын 4.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэх, Ц.Н нь уг зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /1хх 12/

Талууд мөн өдөр ЗГ***** дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Ц.Н, Б.Э нарын өмчлөлийн, Чингэлтэй дүүргийн **-р хороо, **-р ** мянгат гудамж, **-р байрны ** тоот хаягт байршилтай 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх 13, 21-22/

Талууд дээрх Зээлийн гэрээ-нд 2019 оны 10 сарын 13-ны өдөр, 2021 оны 01 сарын 28-ны өдөр, 2021 оны 12 сарын 01-ний өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар сунгаж, үүнтэй холбоотойгоор зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчилжээ. /1хх 14-18/

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

5.   Зээлдүүлэгч Б ХХК нь гэрээний үүргээ биелүүлж 2019 оны 05 сарын 01-ний өдөр 40,000,000 төгрөгийг Ц.Н-ийн эзэмшлийн Х банк дахь ********5 тоот данс руу шилжүүлсэн, зээлдэгч Ц.Н нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,218,889 төгрөг, зээлийн хүү 42,189,721 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,597,847 төгрөг, нийт 57,706,457 төгрөгийг төлсөн байна. /1хх 11, 42/

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хариуцагч тал өөрийн тооцооллоор няцаагаагүй. /1хх 11/

6.   Анхан шатны шүүх хариуцагч Ц.Н-ээс 46,680,004 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгож, үлдэх 23,202,140 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

7.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ...2022 оны 02 сарын 28-ны өдөр төлсөн 25,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 02-ны өдөр төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус үндсэн зээлээс хасч тооцох ёстой байсан... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Учир нь, Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д заасан үүрэг гүйцэтгэх дараалал нь үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон өр төлбөр-т хэрэглэгдэх зохицуулалт бөгөөд өмнө дурдсанчлан талууд Зээлийн гэрээ-ний хугацааг 2022 оны 08 сарын 01-ний өдөр хүртэл сунгасан байх тул уг хугацаанаас өмнө төлсөн 25,000,000 төгрөг болон 1,000,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцох боломжгүй. /1хх 14-18/

8.   Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 182/ШШ2024/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Ц.Н-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 03 сарын 28-ны өдөр урьдчилан төлсөн 461,550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Д.НЯМБАЗАР