Шүүх | Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
Хэргийн индекс | 151/2016/00540/и |
Дугаар | 151/ШШ2016/00792 |
Огноо | 2016-07-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 151/ШШ2016/00792
2016 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 151/ШШ2016/00792 | Төв аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Алтантуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод 5 дугаар баг, Усны аж ахуйн 15 дугаар гудамжны 2 тоотод оршин суудаг, Боржигон овогтой Чүлтэмийн Гантөмөр /РД:НС64041578/-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 21-15 тоотод оршин суудаг, Мэжи овогтой Жигмэдийн Эрдэнэбат /РД:ЗД64072911/-д холбогдох,
гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа, гэрч Г.Баярсайхан, нарийн бичгийн даргаар А.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гантөмөр нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“2016 оны 3 дугаар сарын 24 өдөр 100 гаран тооны хонь, ямаагаа Өндөр довын баруун талд нь хариулаад явж байсан. Тухайн үед хонио орхиод уулан дээр гараад түр зүүрмэглэсэн байсан. Гэнэт хонь хуйлраад байхаар нь харсан чинь нэг шар зүсмийн нохой манай ямааг гуяных нь дээд талаас нь зулгаагаад зогсож байсан. Тэгээд тэр нохойг араас нь хөөсөн, тэгсэн чинь тэр нохой хариуцагч Ж.Эрдэнэбатын фермийн хашаа руу орсон. Тухайн өдөр тэр айлд хүн байхгүй байсан. Хашаанд нь нэг гэр байсан. Ямаагаа тэнд нь орхиод эхнэрээ дуудаад ирэхээр нь яг дээрээс нь гар утсаараа зургийг нь авчихсан. Дараа нь нохой алдаг хүн дагуулаад очтол эдний нохойг алж болохгүй, үнэтэй нохой гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа очсон боловч хүн байхгүй байсан. Ишиглэсэн ямаа байсан учраас ишиг нь бас үхсэн. Иймээс ямааны үнэ болох 130 000 төгрөгийг нэхэмжилж байна...нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 80 000 төгрөг болгох боломжтой” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Манайх 3 нохойтой, гэхдээ манайх бас бог малтай байсан. Манайх өдөр нь хашаандаа хүнгүй, бүгд ажилтай учраас нохойнуудаа сул тавьчихдаг. Нэг алаг, нэг нь бор шар, нөгөөдөх нь шар зүсмийн нохойтой. Гэтэл нэг өдөр цагдаа дээр дуудсан. Малаа хариулаад явж байсан бол яагаад цаашаа явчихдаг юм бэ. Тухайн үед 3 сар байсан ба цастай байсан үе байсан. Тухайн үед хүн унтах боломжгүй үе байсан. Мөн шууд нохой дайраад, мал барихаар байсан гэдэг нь тодорхойгүй. Үнэхээр тухайн үед нохойны зураг авах боломжгүй гэсэн байсан. Үүнээс үзэхэд нотлох баримт нь дутуу байгаа учраас манай нохой гэх баталгаа байхгүй. Тухайн үед тоосгоны зургийг оруулж зургаа авахгүй яасан юм. Нэхэмжлэлийн шаардлага дээр 130 000 төгрөг нэхэмжилж байгаа. Хаврын ямаа хэзээ ч 130 000 төгрөг хүрэхгүй. Тиймээс эдгээр шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Нотлох баримт муу байсан учраас би төлөхөд хэцүү байна. Би тэр гэрч Г.Баярсайхан гэдэг хүнийг бараг танина. Манай тэр хавиар зэрлэг болчихсон нохойнууд зөндөө байдаг. Манайх хүртэл 10-аад малаа зэрлэг нохойнд бариулж байсан. Оройн цагаар манайд очсон бол манайх хүнтэй байдаг... Тухайн үед би хараагүй, яг манай нохой мөн, биш гэдгийг нотлох баримт байхгүй байгаа боловч би өөрөө адилхан малтай хүн учраас 40 000 төгрөг л төлье.” гэв.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд:
“Нэхэмжлэгч Ч.Гантөмөр нэхэмжилсэн 130 000 төгрөгөө багасгаж 80 000 болгосон. Хариуцагч 40 000 төгрөг төлнө гэдгийг зөвшөөрч энэ хэргийг дуусгахаар шийдлээ. Хоёр тал энэ асуудлаа эвийн журмаар шийдсэн учраас дахин шүүхэд хандахгүй, давж заалдахгүй болохоор тохиролцов. 40 000 төгрөгийг бэлнээр төлнө. 4 550 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Гантөмөр нь хариуцагч Ж.Эрдэнэбатаас нэхэмжилсэн гэм хорын хохирол 130 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 80 000 төгрөгөөр багасгаж, 40 000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь “... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” ба 74 дүгээр зүйлийн 74.6-д “... Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасныг зохигчидын шүүх хуралдаан дээр байгуулсан эвлэрлийн гэрээ нь зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ч.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэбатаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Гэм хорын хохиролд 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Гантөмөрийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Эрдэнэбатад холбогдох иргэний хэргийн зохигчид 40 000 /дөчин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Эрдэнэбатаас 4 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Гантөмөрт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АРИУНАА
ШҮҮГЧИД Л.МӨНХЦЭЦЭГ
Д.АЛТАНТУУЛ