Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2016/00793

 

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 151/ШШ2016/00793

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Ариунаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1961 оны 11 дүгээр сарын 24 өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн 3 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжны 6 тоот хаягтай, Төв аймаг, Зуунмод сумын  Номт багийн 18 дугаар байрны оршин суудаг, Огтор дүрвэд овогтой Гүрбазарын Дагийдаа РД:/НЮ61112409/-гийн нэхэмжлэлтэй,

хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээрс тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн даргаар А.Солонго, нэхэмжлэгч Г.Дагийдаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Дагийдаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 

“...Миний бие 2016 оны 11 дүгээр сарын 24 өдөр 55 нас хүрсэн. Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн чинь 1979 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэрт миний өвөг эцэг болох Дэмид гэсэн нэрээр овоглосон байна. Бусад бичиг баримт  болох иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, нийгмийн даатгалын дэвтэр гээд бүгд миний эцгийн нэр болох Д.Гүрбазарын нэрээр бичигдсэн байгаа. Иймд  1979 оны 06 дугаар сарын 25 өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр Гүрбазарын Дагийдаа намайг мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан /хх 2, 6-12, 1-19, 21-22/ бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаж үнэлээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Дагийдаа нь 1979 оны 06 сарын 25 өдөр Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлаас олгосон Дэмэдийн Дагийдаа гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гүрбазарын Дагийдаа мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар бичиг баримтийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор Г.Дагийдаа нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

 

1979 оны 06 сарын 25 өдөр Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлаас олгосон хөдөлмөрийн дэвтэр дээр Дэмэдийн Дагийдаа гэж дурдсан нь Г.Дагийдаагийн иргэний үнэмлэхэд Гүрбазарын Дагийдаа гэж бичигдсэнтэй тохирохгүй болох нь 2012 оны 07 сарын 30 өдөр олгосон Г.Дагийдаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/, Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлаас 1979 оны 06 сарын 25 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 3/, №0000658024 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх 7/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлаас 1979 оны 06 сарын 25 өдөр олгосон Дэмэдийн Дагийдаа гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Гүрбазарын Дагийдаа мөн болох нь

1.      Иргэний хэрэг шүүхэд Г.Дагийдаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 2/,

2.       Гэрч Д.Даваасүрэнгийн бичсэн тодорхойлолт түүний  иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, гэрч Д.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх 21/,

3.      Г.Дагийдаагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7/,

4.       1979 оны 06 сарын 25 өдөр Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлаас олгосон Дэмэдийн Дагийдаа гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх 8/, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Дагийдаад олгосон 160161 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 9/,

5.      2005 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Дагийдаад олгосон 196806 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 10/,

6.      2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г.Дагийдаад олгосон 43656 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 11/,

7.      Г.Дагийдаагийн 00962184 дугаартай эрүүл мэндийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 12/,

8.      Гэрч Н.Нэргүйгийн бичсэн тодорхойлолт /хх 18/, Төв аймгийн Заамар нэгдлийн зөвлөлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 26 өдрийн хашааны сахиул томилох тухай 75 дугаартай тушаал /хх 19/, түүний шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 22/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Иргэний хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасны дагуу Дэмэдийн Дагийдаад 1979 оны 06 сарын 25 өдөр Төв аймгийн Заамар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлаас олгосон   хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Огтордүрвэд овогт Гүрбазарын Дагийдаа мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Г.Дагийдаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Э.АРИУНАА