Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 204/МА2024/00016

 

2024 оны 06 сарын 05-ны өдөр         Дугаар 204/МА2024/00016          Өвөрхангай аймаг

 

 

Г.Б, Э.У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00165 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б, Э.У нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А-т холбогдох,

Гэм хорын хохирол 908,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Э.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, Э.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Б-ийн гэрт нохойдоо хоол өгөх гээд ирсэн байсан. Тэгсэн гэнэт хаалга нүдээд байхаар хартал С.А байсан. Бүр их нүдээд, мөн цонх нүдээд байхаар нь хоёулаа хүн дуудах уу гэхэд Г.Б чи байж бай гээд доошоо бууж хаалгаа онгойлгосон. Тэгсэн С.А аймар орилоод, түс тас гэсэн чимээ гараад, хаана байна гээд байсан. Тэр үед би жижиг өрөөндөө байсан. С.А хаалганаас татаад, бид 2 хаалганы 2 талаас таталцаж, үстэлцээд, намайг эхэлж алагдсанаар зодоон эхэлсэн. Г.Б ирж биднийг салгаж, С.А-ийг хорьж, чи явж бай гэсэн. Би гараад доошоо буугаад явах гэсэн Г.Б-д миний машины түлхүүр байсан учраас явж чадаагүй. Машинаа асаах гэтэл машин асаагүй. Тэгсэн С.А гарч ирээд чи муу гараад ир гээд ногоон өнгийн заазуураар машины шил рүү цохиод, хаалгыг нь хөшөөд, урд гупер, толь руу цохихоор нь хаалгаа жоохон онгойлгосон. Тэгсэн хаалгаар намайг татаж машинаас буулгаад өшиглөөд, үсдэж чирсэн. Тэрнээс болоод годон гутлын үс нь халзарч, заазуураар куртик зүссэн. Тэгээд Г.Б ирээд салгаад би явсан. Дараа нь Г.Б байранд цустай холилдчихсон орж ирсэн. Би яасан бэ гэхэд барьж байсан заазуураараа миний хоолой, гарыг зүсчихлээ гээд өмссөн цамц, хүзүү, гарыг нь зүсэж, цус нь гарчихсан байсан. С.А ирээд намайг эвгүй байдалд оруулж, эд зүйлийг эвдсэнд гомдолтой байна.

Тухайн үед хийлгэсэн үнэлгээний дагуу машины эвдрэлийн төлбөр 580,000 төгрөг, куртик, годон гутлын мөнгө 80,000 төгрөг, үнэлгээний хураамж 90,000 төгрөг нийт 750,000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Би С.А-тэй өмнө хамтран амьдарч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 5 дугаар багаас 2-34-01 тоотод нохойдоо хоол өгөх гээд ирсэн. Тэгсэн хаалга түс тас гээд байхаар нь цонхоор хартал С.А ирсэн байсан. 30 минут шахам хаалгаа онгойлгоогүй. Тэгсэн өшиглөөд, цонх юмаар нүдээд байсан. Тэгээд би У-г бөөн юм болж магадгүй өрөөндөө ороод байж бай гэж хэлээд доошоо буугаад хаалгаа онгойлгосон. С.А гэрт дайрч орж ирээд дэргэд нь байсан сандал ширээг бүгдийг нь өшиглөж, хаана байна би алаад өгье хэнтэй харьцаад байгаа юм гээд байсан. Тухайн үед би чамаас салчихсан юм чинь яах гээд байгаа юм, чи манай гэрээс яв гэж хэлсэн. Тэгсэн орилоод дээшээ гараад 2 давхарт унтлагын өрөөнд ороод шкафны хаалгыг цохиж, нэг гүйдэг хаалгыг нь эвдэлсэн. Тэгээд тэр хоёр 2 талаасаа хаалга таталцаж байгаад хаалга руу хөлөөрөө жийгээд хүүхдийн өрөөний хаалгыг өшиглөсөн. С.А гараа зангидаад У-г цохих гэхээр нь би дундуур нь орж С.А-ийг бүсэлхийнээс нь бариад, У чи яв гээд доош нь буулгасан. Намайг самардаад алагдаад байхаар нь С.А-ийг тавьсан. Тэгсэн шатан дээр дахин тааралдаж, барилцаад авсан. С.А-ийг дахин барьж аваад, машинаа бариад ерөөсөө яв гэсэн. У-г явсан байх гэж бодоод С.А-ийг тавьсан. Тэгсэн У-ийн машины түлхүүр надад байсан болохоор У яваагүй байсан. Би машиныг асааж өгөх гэсэн машин нь асахгүй аккумляторын утас салсан байсан. Тэгээд залгачихаад машиндаа буцаж суугаад машинаа асаасан. Тэгэхэд С.А машины цонхыг юмаар зураад байсан. Тухайн үед гэрээс заазуур аваад ирсэн байсан. Тэгээд У-ийн хөлийг татаад машинаас чирч буулгаад дахиад барилцаад авсан. С.А заазуур бариад алнаа гээд байсан.

Тэр үед машины зүүн талын толь, урд гупер, хойд хаалга зэргийг заазуураар зохисон ул мөртэй, энэ нь нотлох баримттай. Цагдаа нар шалгасан нэлээд удаан шалгаж, шүүх хэргээс тусгаарласан. Тэгээд би хэрэг юу болсон бэ, хугацаа нь дуусаж байгаа юм биш үү гэхэд годон гутлаа аваад ир гэсэн. Очиход зүгээр нэг баримт бичгийг гаргаж ирээд энэ байна, би ингэж байгаад шалгана даа гээд байсан. Тэр бичиг баримтыг тэр цагдаа хадгалсаар байгаад хэрэгсэх хугацааг дуусгасан.

С.А Э.У-ийг явсны дараа намайг заазуурдсан. Гар болон хүзүүн дээр сорви нь байгаа. Иймд гэм хорынхоо хохирлоо гаргуулмаар байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Адъяатогтохын тайлбарын агуулга: С.А-ээс нэхэмжлэгч Э.У, Г.Б нар нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр болсон маргааны улмаас эд зүйл эвдэлсэн талаарх хохирлоо нэхэмжилсэн. Хохирол учирсан байдлын талаар бүх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн.

С.А нь 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Г.Б-ийн гэрт хэрүүл маргаан үүсгэж, бие биедээ харилцан гэмтэл хохирол санаатай учруулсан хэрэгт эрүүгийн журмаар шийдвэрлэгдээд тогтоол нь хүчин төгөлдөр болсон.

Иймд Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

4. Хариуцагч С.А-ийн татгалзал, тайлбарын агуулга: Би Г.Б-той 2018 онд танилцаад 2022 оны 6 дугаар сар хүртэл хамт амьдарсан.

Тухайн үед маргааш өглөө нь хуралтай болохоор жигдэрдэг хувцсаа авах гэж байшинд очсон. Тэгэхэд гэрийн гадаа танихгүй машин байсан. Тэгээд хаалгаа нүдсэн чинь онгойлгож өгөхгүй, 2 давхрын гэрэл асуулттай байсан. Надад гадна талын түлхүүр байсан ч дотроосоо түгжсэн болохоор онгойлгож болохгүй байсан. Тэгээд байж байтал 2 давхраас хөлийн чимээ гараад Г.Б царай нь улаан болчихсон, хөлс нь гарчихсан, сандарсан байдалтай хаалгаа онгойлгосон. Гадаа байсан машиныг хэнийх вэ гэж асуухад манай ажлын газрын хүний машин, миний машин эвдрээд би дуудлагад явж байгаа гэсэн. Тэгээд чи ямар хүнтэй байгаа юм гэхэд чинь жижиг өрөөнд Э.У гэх хүүхнийг нуусан, хэнтэй ч байгаагүй гээд намайг хэл амаар доромжилсон. Жижиг өрөөний хаалгыг татсан чинь цаанаас нь татаад байсан. Тэгээд зөрүүлээд татсан чинь дотроос нь Э.У гараад ирсэн. Тэгээд намайг самардсан. Тэгэхээр нь би зөрүүлээд алгадсан. Тэгсэн Г.Б боль гээд намайг дарж, Э.У нь намайг нэмж цохиод элдвээр хэлээд байсан. Тэгсэн Г.Б намайг багалзуурдаж авсан. Тэгээд Э.У-ийг яваач гээд муухай орилоод байсан. Би тэр үед гэр бүлийн гадуурх харилцаатайг нь мэдсэн. Э.У гараад явахаар нь би араас гараад ярилцъя гэхэд машины хаалга онгорхой руллийн хажуу талд сууж байсан. Э.У нь миний нүүр рүү өшиглөхөөр нь би хөлөөс нь татаад буулгахад чулуу шидсэн. Тэгээд Г.Б би ингээд хүүхэдтэй болсон, гэр бүлээ гадуур харилцаатай болсон гээд намайг хэл амаар доромжлоод, хөл, гар руу цохиод надад гэмтэл учруулсан.

Тухайн үед Э.У-ийг годон гутал, тийм куртик өмссөн байсныг мэдээгүй. Энэ хоёрын тавилга ганцхан гэмтээд байгаа биш тухайн үед гурвуулаа бие биедээ гар хүрсэн, ноцолдож байх нөхцөл байдалд эвдрэл үүссэн байх ч магадлалтай. Тэрнээс биш би оронгуутаа тавилгыг эвдээд агсам согтуу тавиагүй. Г.Б, Э.У нарыг амьдарч байсан бол танихгүй айлд очоод хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийхгүй.

Иймд үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийнямын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Г.Б 150,000 төгрөгийн хохирол, нэхэмжлэгч Э.У 750,000 төгрөгийн хохирлыг С.А-ээс нэхэмжилсэн байгаа. Э.У-ийн эд зүйлийг эвдсэн гэдэг нь зөрчлийн болон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.А-ийг үйлдлээр дээрх гэмтэл нь үүссэн байна гэдэг нь тогтоогдохгүй байгаа учир Цагдаагийн байгууллагад буцааж дахин шалгаад дээрх эд зүйлсийг С.А эвдсэн гэдэг нь нотлогдохгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр Э.У-ийн эд зүйлийг эвдсэн гэх хэрэг хэрэгсэхгүй болсон.

Г.Б-ийн эд зүйлийг эвдсэн талаарх асуудлыг зөрчлийн хэрэг нээн шалгаж эрх бүхий албан тушаалтан Г.Б-ийн эд зүйлд 150,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоон С.А-ийг 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Иймд нэхэмжлэгч Э.У-ийн гэм хорын хохирол 750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497, дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.А-ээс 158,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, хариуцагч С.А-ээс 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.А-ээс 5,390 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэгч Г.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,390 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,850 төгрөгийг орон нутгийн орлогын /100100000941/ тоот данснаас буцаан олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгч Э.У-ийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Э.У миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 165 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

С.А 2022 оны 11 дүгээр сарын 27-ны орой гэрт ирж танхайрч, бидний амгалан тайван байдлыг алдагдуулан хүч хэрэглэн зодож миний биед хөнгөн хохирол, миний эзэмшлийн “Хонда инсайт” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гадна хэсгийг заазуураар зурж, чулуугаар цохиж эвдсэн.

Эд хөрөнгөд хохирол учруулсан нь хөрөнгийн үнэлгээний 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01/03, 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 63 дугаар тайлангуудаар нотлогдсон.  

Миний бие С.А-ээс “Хонда инсайт” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн хохирол 580.000 төгрөг, куртик, годон гутлын хохирлын 80,000 төгрөг, үнэлгээний хураамж 90,000 төгрөг, нийт 750,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

С.А нь бидний гэрт ирж нэхэмжлэлд дурдсан эд зүйлийг эвдэж хохирол учруулсан нь 2023 дүгээр сарын 1 дүгээр сарын 25-ны өдрийн 26 дугаар яллах дүгнэлтэд миний эд хөрөнгөд учирсан хохирлыг эрүүгийн хэргийн хохиролд хүрэхгүй, зөрчлийн шинжтэй гэж тусгаарлахаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолд эд мөрийн баримтаар хураагдсан заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, С.Аийн зөрчлийн үйлдлийг анх шийдсэн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ЗШ/395 дугаар шийтгэврийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023/ДШМЗ/13 дугаар магадлалаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ЗШ/739 дүгээр шийтгэврээр С.А нь Э.У-ийг зодож годон гутлыг урж куртикийг заазуураар зүсэж, мөн Хондо инсайт маркийн *** улсын дугаартай суудлын авто машиныг эвдэлж гэмтээсэн хохирол Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон тул нотлох баримтыг хуулбарлан авч цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж хяналтын прокурор Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд санал гаргаж шүүхээс дээрх зөрчлийн талаар эцэслэн хариуцлага тооцсон шийдэл гараагүй талаар тус тус заасан.

2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр прокурорын мэдэгдэх хуудсаар С.А-ийг яллагдагчаар татах хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэрэг хаагдсан, иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй талаар хариу ирсэн.

Гэтэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтойг тал бүрээс нь бодитойгоор судалж харьцуулан дүгнэхгүй С.А нь гэм хор учруулсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хаагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид явагдах боломжгүй хууль зүйн үндэслэлийг прокуророос тодорхой тайлбарлаж, хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх талаар өгсөн хариуг судалж дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хохирлыг гаргуулж шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тухайн үед С.А-ээс салаад 7, 8-н сар болсон байсан. Би байранд амьдардаг, хашаа байшин руугаа нохойдоо хоол өгөх гээд очсон байхад С.А согтуу орж ирээд энэ үйл явдал болсон. Тэгээд миний эд зүйлийг эвдэлж, гэмтээсэн. Би үнэхээр гомдолтой байна гэв.

 

9. Нэхэмжлэгч Э.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй байна гэж үзсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын мэдэгдэх хуудсанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд С.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй. Намайг эвдэрсэн эд хөрөнгийнхөө хохирлыг иргэний журмаар авах боломжтой гэсэн тайлбар өгсөн учраас би хохирлоо гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан.

Тухайн үед хэргээ шийдүүлээд хаагдаад дуусчихсан байхад чинь дахин дахин хүний нэр хүндэд удаа дараагаар халдаад байна. Би маш их гомдолтой байна. С.А миний машин тэрэг эвдсэн нь үнэн. Энэ талаарх нотлох баримт хангалттай авагдсан байхад анхан шатны шүүх хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

10. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. С.А нь Э.У-т тухайн хохирлыг учруулаагүй гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн шийтгэвэр, прокурорын мэдэгдэл, давж заалдах шатны шүүхийн магадлал гэсэн нотлох баримтуудаас үзэхэд Г.Б, Э.У нарын эд хөрөнгийг эвдэж, хохироосон үйлдэл нь нотлогдсон. С.А нь Г.Б-ийн эд хөрөнгийг эвдэж хохироосон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээсэн. Үүнийг үндэслэж анхан шатын шүүхээс хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн.

Харин Э.У-ийн нэхэмжлэлтэй холбоотой асуудал дээр хэргийг эрүүгийн болон зөрчлийн хэрэг нээж шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэсэн энэ дүгнэлт учир дутагдалтай байна. Зөрчилд буруутай эсэхийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэсэн нотлох баримтууд хэрэгт авагдсан. Энэ талаар Э.У-ийн давж заалдсан гомдлын үндэслэлд тодорхой дурдсан. Прокурор үүнийг зөрчлийн хэргээр шийдвэрлэх боломжгүй, цагдаад буцааж шалгана гэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан үндэслэлээ цагдаа нар шалгаж эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн нь тогтоогдсон байгаа. Тийм учраас машины эвдрэл болох хохирлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн өмчийн халдашгүй байх эрхийг шүүхээр хамгаалах ерөнхий зарчим байгаа. Мөн оролцогчид эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тэгш байх, учирсан хохирлыг хариуцах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх үндсэн зарчмуудыг удирдлага болгохгүйгээр бусдын эд хөрөнгөд санаатай болон болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулсан этгээдийн хууль бус үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж хохирлыг гаргуулж шийдвэрлэхгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00165 дугаар шийдвэрт өөрчилж оруулж өгнө үү гэв.

 

11. Хариуцагчийн өмгөөлөгч М.Дамбийням давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сар хүртэл  хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Э.У-ийн эд хөрөнгийг С.А эвдсэн гэдэг нь нотлогдохгүй байна гэсэн 2 үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрт хохирогч талаас гомдол гаргаагүй. Уг прокурорын шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Хариуцагч С.А нь нэхэмжлэгч Э.У-ийн эд зүйлийг эвдэж гэмтээсэн гэх шүүхийн шийдвэр, эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоол, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол байхгүй учраас нэхэмжлэгч Э.У-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00165 дугаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

1. Г.Б нь С.А-т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 158,000 төгрөг, Э.У нь С.А-т холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 750,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг С.А эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 01, 02, 56/

2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00165 дугаар шийдвэрээр С.А-ээс 158,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгож, хариуцагч С.А-ээс 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Энэ шийдвэрт Э.У “... Эрүүгийн хэрэг хаагдсанаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид явагдах боломжгүй хууль зүйн үндэслэлийг прокуророос тодорхой тайлбарлаж, хохирогч хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх талаар өгсөн хариуг судалж дүгнэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хохирлыг гаргуулж шийдвэрийг өөрчилж өгнө үү ...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

4. Анхан шатны шүүх “... 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0030698 дугаартай Шийтгэлийн хуудсаар хариуцагч С.А-ийг нэхэмжлэгч Г.Б-ийн эзэмшлийн эд хөрөнгийг устгасан, гэмтээсэн гэх зөрчилд 200,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. Энэхүү шийтгэл оногдуулсанд хариуцагч С.А маргаагүй, гомдол гаргаагүй бөгөөд нэхэмжлэгч Г.Б-ийн эд хөрөнгөнд 158,000 төгрөгийн гэм хор учирсан гэсэн үнэлгээтэй маргаагүй байна ...” гэж дүгнэлт хийн, үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн зөв тогтоож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.А-ээс 158,000 төгрөг гаргуулан Г.Б-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. /хх-ийн 180-188/

5. Харин “... хариуцагч С.А-ийг эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчилд гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй, эрүүгийн журмаар шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч С.А нь нэхэмжлэгч Э.У-ийн эд хөрөнгөд 750,000 төгрөгийн гэм хор учруулсан эсэх нь тогтоогдохгүй байна ...” гэж дүгнэлт хийн С.А-ээс 750,000 төгрөг гаргуулах тухай Э.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Тодруулбал, С.А-т холбогдох эд хөрөнгө устгах, гэмтээх зөрчил нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгахыг Өвөрхангай аймгийн Прокурорт даалгасан боловч хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн гэдэг үндэслэлээр С.А-т холбогдох эд хөрөнгө устгах, гэмтээх хэргийг прокурорын шийдвэрээр хаасан /хх-ийн 118-134, 47/ нь гэм хорын хохирол учруулсан гэм бурууг иргэний шүүхээр шийдвэрлэхэд саад болохгүй.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгээ өөрөө нотлох үүрэгтэй. Гэтэл С.А гэм буруугүй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй. Үүнд:

С.А нь Э.У-ийг нэг удаа алгадаж, үснээс нь чирч, баруун гарын шуу хэсэгт базаж, самардан, машинаас татаж унаган, зүүн хөл рүү нь өшиглөж, цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/53 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсгээр /хх-ийн 21-36/,

Э.У *** улсын дугаартай Honda Insight-ZE2 автомашины өмчлөгч буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 48/,

Уг автомашинд 580,000 төгрөгийн, хуучин өвлийн куртик, годон гутал урагдсан 80,000 /30,000+50,000/ төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгө үнэлсэн №63, №01/03 дугаар тайлангаар, хоёр удаа хөрөнгийн хохирлын үнэлгээ гаргуулахад нийт 90,000 /60,000+30,000/ төгрөгийн төлбөр төлсөн нь бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх-ийн 12-14, 17-20, 15, 16/ тус тус нотлогдож байна.

2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт дээр Э.У, Г.Б нар тус тусдаа төлөх хөрөнгийн үнэлгээний ажлын төлбөрийг нэгтгэн 60,000 төгрөг төлж, хамт гарын үсэг зурсан байгааг тул  Э.У-т холбогдох хэсгийн төлбөрийг 30,000 гэж тооцсон болохыг дурдав.      

Тиймээс дээрх гэм буруутай үйлдэл болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоотой, С.А гэм буруугүй болохоо нотлоогүй, 750,000 төгрөгийн үнэлгээтэй холбоотой маргаагүй байх тул С.А-ээс 750,000 төгрөгийг гаргуулан Э.У-т олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцнэ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод үлдээхээр байхад орон нутгийн орлогоос буцаан гаргуулахаар, мөн Э.У нь 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл 22,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн /хх-ийн 73/ байхад анхан шатны шүүх 22,850 төгрөг буюу 300 төгрөг орон нутгийн орлогоос илүү гаргуулахаар тус тус буруу шийдвэрлэсэн /хх-ийн 188/ байгаа боловч давж заалдах шатны шүүх С.А-ээс 750,000 төгрөгийг гаргуулан Э.У-т олгох анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн тул С.А-ээс 22,550 төгрөгийг гаргуулан Э.У-т олгож, Э.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт нийцнэ.

8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, Э.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Э.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасан тул давж заалдах гомдол гаргахад түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 145/ШШ2024/00165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хариуцагч С.А-ээс 750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” гэснийг “хариуцагч С.А-ээс 750,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У-т олгосугай” гэж, 2 дахь заалтад “нэхэмжлэгч Э.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,850 төгрөгийг орон нутгийн орлогын /100100000941/ тоот данснаас буцаан олгосугай” гэснийг “хариуцагч С.А-ээс 22,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.У-т олгож, нэхэмжлэгч Э.У-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

           ШҮҮГЧИД                             Н.ЭНХМАА

   Л.НЯМДОРЖ