Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 681

 

 

 

 

 

 

 

 

   2019        04          29                                  2019/ШЦТ/681                                          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

Улсын яллагч Б.Ганбулган,

Иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэ,

Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн, түүний хууль ёсны төлөөлөгч Г.Гэрэлцэцэг, тэдний өмгөөлөгч С.Батжаргал,

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв, Б.Тэнгис нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 02688 0663 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хаалттайгаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

 Н.А,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Н.А нь 2016 оны 08 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 25-1176 тоотод 14 настай дагавар охин Б.Батцэнгүүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж удаа дараа бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.                                                 /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогчийг удаа дараа хүчиндэж арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүний мөрдөн байцаалтанд өгсөн:

Манай ээж М.Батсайхан 2012 оны 01 дүгээр сараас Н.А гэх хүнтэй цуг Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 25-1176 тоотод айлын хашаанд гэрт амьдардаг болсон. 2016 оны 08 дугаар сарын сүүлээр байх яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Ээж М.Батсайхан ажилтай гээд Багануур явчихсан. Би 2 дүүгийнхээ хамт гэртээ байж байхад өдрийн 15 цагийн орчим хойд аав Н.А гаднаас согтуу орж ирээд зурагт үзэж сууж байгаад дүү нарыг дэлгүүрлүү хүйтэн мөстэй ус олоод ир гээд гэрээс гаргасан. Дүү нарыг гэрээс гарангуут гэрийн хаалгыг дотор талаас нь замган түгжээгээр нь түгжээд гэрийн хоймрын орон дээр намайг түлхэж унагаад дээрээс дараад миний болон өөрийнхөө хувцасыг тайлсан. Тэгэхээр нь би эсэргүүцсэн чинь эрэгтэй хүн аймар хүчтэй болохоор би дийлэхгүй байсан. Намайг эсэргүүцсэн чинь намайг алгадсан. Тэгээд би хөдөлж чадаагүй. Надтай бэлгийн харьцаанд орчихоод босож ирээд намайг ээждээ юм уу цагдаад, хэн нэгэнд хэлэх юм бол би чамайг аваад явчихна шүү, чамайг аваад явчихсан байхад олох хүн байхгүй шүү. Эсвэл ээж дүү нарыг чинь алчхаад зугтаана шүү гэсэн. Тэгээд би тухайн үедээ хэнд ч хэлж чадаагүй. Тэрний дараа 2016 оны 09 дүгээр сарын дундуур хичээлээ тараад найзтайгаа гэртээ ирэхэд хойд аав Н.А ганцаараа хэвтэж байсан. Найзтайгаа цай ууж хоол идчихээд найзыгаа гаргаж өгөөд буцаад гэрт ороод ирсэн чинь хаалгаа түгж гэсэн. Би яах гэж байгаа юм бэ гэсэн чинь дуугүй түгжээд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би айгаад хаалгаа түгжээд хажууд нь очсон чинь хувцсаа тайл гэсэн. Тэгэхээр нь би үгүй гэсэн чинь миний хувцасыг хүчээр тайлаад миний хөхнөөс бариад базаж байгаад намайг дарж аваад хүчирхийлсэн. Тэрний дараа 2016 оны 11 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дүү нар болон хойд аав Н.Аийн хамт гэртээ байж байхад хойд аав Н.А гэрээ цэвэрлэ, амбаараа цэвэрлэ гэсэн. Би дүү нарын хамт гараад амбаар цэвэрлэх гэсэн чинь хойд аав Н.А хоёр дүүг гэрээ цэвэрлэ гэсэн. Тэгэхээр нь би ганцаараа амбаар цэвэрлэж байсан чинь Н.А бас амбаар цэвэрлэсэн. Би амбаараас юм зөөгөөд машин руу оруулах гэж байсан чинь Н.А амбаар дотроос наадуулаа зөөчхөөд ороод ир гэсэн. Тэгэхээр нь зөөчихөөд амбаарлуу орсон чинь хувцас тайлах гээд дайрсан тэгэхээр нь би одоо болиоч та ээжтэй амьдарч байж яагаад ингээд байгаа юм бэ? гэсэн. Тэгсэн би ээжтэй чинь унтаж хэвтэхгүй байгаа гээд надруу дайрсан. Би уйлаад одоо болилдоо надад хэцүү байна гэсэн чинь чамд хэцүү байх ямар хамаатай юм. Чамайг ингээд эсэргүүцээд байвал яана гэж хэллээ, би чамайг аваад явчихна шүү гэж айлгасан. Тэгж байгаад намайг хүчиндсэн. 2016 оны 12 дугаар сард миний сарын тэмдэг ирэхгүй байхаар нь гайхаад ээж М.Батсайхан, хойд аав Н.А нарыг хамт байж байхад ээжид хандаж хэлсэн чинь ээж витаминыг нь авч өгье дөө гэж хэлсэн. Миний сарын тэмдэг хавар намрын цагт дархлаа сулрахаар ирэхгүй байдаг юм. 2017 оны 02 дугаар сард гэртээ ганцаараа байж байхад өдрийн 11 билүү 12 цагийн үед гаднаас Н.А орж ирээд намайг орлуу түлхэж унагаад дээрээс дараад эсэргүүцсэн чинь миний гарлуу цохиод намайг хүчирхийлсэн. Тэрний дараагаас миний гэдэс томроод эвгүй болоод байхаар нь би Н.Аэд эвгүй болоод байна гэж хэлсэн. Тэгсэн 2017 оны 03 дугаар сард Аптанхишигт надад жирэмслэлт шалгадаг тест авч ирж өгсөн тэрүүгээр нь үзсэн чинь би жирэмсэн болихсон байсан. Тэгсэн Н.А эм авч ирж өгнө гээд хэсэг гадуур гэртээ ирэхгүй явсан. Тэгж байгаад нэг өглөө хүрч ирээд надад 80.000 төгрөг өгөөд энийг хадгалж бай энэ мөнгө дээр нэмж мөнгө өгөөд эм авна гэж хэлсэн. Тэгснээ тэр орой нь дахиж хүрч ирээд 70.000 төгрөгийг нь буцаагаад аваад явчихсан. Хэд хоногийн дараа эм авч ирж өгсөн. Тэр эм нь капсултай дотроо 6 ширхэгтэй эм байсан. Тэрийг нь уусан чинь ямар ч үйлчилгээ байхгүй байсан. Дараа нь дахиад хэд хоногийн дараа Алтахишигт дахиад нэг тан шиг монгол заавартай цаасанд боосон нунтаг эм авч ирж өгсөн. Тэрний заавар дээр нь сав агшаана үлдэгдэл гаргана гэсэн бичигтэй байсан. Тэрийг нь уусан чинь гэдсээр өвдөөд доошоо цус гарч байсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой гэдсээр аймар базалж өвдөөд байсан. Тэгээд ээж Батсайхан хойд аав Н.А нартай эмнэлэг орж 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Н.Аээс айж байсан болохоор хэн нэгэнд мэдэгдээгүй. Н.А намайг 2016 оны 08 дугаар сарын эхээр манай ээжийн дүү Буянхүүгийнх байранд ороод хашаанаасаа нүүсэн байхад найз банди Түвшээтэй уулзаад зогссон чинь Н.А хараад намайг тэр өдөр амбаарт оруулж байгаад аймар зодсон. Тэгээд намайг авч явна гээд дагуулаад гудамжаар алхаж байхад хорооны хэсгийн ахлагч Алтансувд таараад болиулсан. Тэрнээс болоод би Н.Аээс айгаад хэлж чадахгүй байсан юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-13/,

 

Арван найман насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүний шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээч эмч нарт ярьсан:

/өөрийн үгээр/ 2016 оны 08 сарын сүүлээр би гэртээ ганцаараа байж байхад хойд аав (Н.А) орж ирээд гэрийн хаалга түгжсэн. Намайг ор луу түлхээд над руу дайрсан. Би яагаад байгаа юм бэ гээд уйлсан чинь намайг алгадаад миний хувцасыг тайлаад хүчирхийлсэн. Тэгчихээд хүнд хэлбэл чамайг алаад уул руу аваачна, хэн ч мэдэхгүй гэсэн. 2016 оны 10 сарын дундуур амбаараа цэвэрлэж байгаад намайг дуудсан. Би очиход намайг хувцасаа тайл гэсэн. Би үгүй гэхэд хүчээр хувцас тайлаад хүчиндсэн. Дараа нь та боль л доо, ээжтэй амьдардаг байж гэсэн чинь ээжээс чинь салах гэж байгаа, чамаас болоод л хэрүүлтэй ч гэсэн энд байдаг гэж хэлсэн. 11 сарын дундуур ээжийг байхгүйд гэрт дахиад хүчиндсэн. Тэрнээс хойш гэрт бараг ирэхээ больсон. Миний биеийн юм ирэхээ больсон. 2016 огы 11 сард оролдосноос хойш 2017 оны 2 сард Н.А гэрт ирэхээр нь биений юм ирэхгүй байгаа гэдгийг хэлсэн чинь тест авч ирж үзэхэд жирэмсэн болсон байсан. Би эм олж ирнэ, хэнд ч хэлж болохгүй. Хүнд хэлбэл бүгдийг чинь алаад би өөрөө  зугтаагаад явчихна гэсэн. Тэгчихээд алга болсон. Миний гэдэс томроод хөх өөрчлөгдөөд, хоол ундандаа муу болсон. Сагс тоглож байгаад гэдсээ бөмбөгөнд цохиод гэдэс хатуураад, өвдөөд, хүндрэх гэж байгаа юм шиг базлаад байсан. Шөнө нь цус гараад байсан. Маргааш өглөө нь ээж асууж жирэмсэн гэдгийг мэдсэн. Н.А гэрт ирчихсэн хамт байсан болохоор айгаад найз бандиас жирэмсэн болсон гээд худлаа хэлсэн. Тэгээд маргааш нь эмнэлгээр үзүүлж байгаад гэртээ ирсэн чинь гэдэс өвдөөд түргэн дуудаад ЭНЭШТ дээр очиж хүүхдээ төрүүлсэн. Эмнэлэгт байхдаа ээждээ үнэнээ хэлж ээж цагдаад мэдэгдсэн. Жирэмсэн болсноо мэдсэнээс хойш толгой их өвддөг болсон. Зүгээр суухаар янз бүрийн юм бодогдоод зүгээр суухгүй байнга гэрээ цэвэрлээд хичээлээ хийгээд завгүй байхыг оролддог болсон /хх-ийн 60-62/

 

Арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн:

2011 оны 12 дугаар сарын сүүлээр танилцаж байсан. Тухайн үед манай гэр шатчихаад би найзындаа гурван хүүхэдтэйгээ амьдарч байсан. Н.Атэй цуг айлын гэр хараад амьдарч байсан. 2016 оны 08 дугаар сараас эхлээд надад агсам тавиад байхаар нь ер нь салах тийшээ болоод манайхаар ирж очиж байж байсан. Тэгээд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Батцэнгүүнийг төрснөөс хойш бол бүр мөсөн салаад 2 тийшээ болчихсон байгаа. Н.А бид хоёр хоорондоо муудалцах шалтгаан гараад хэрэлдэж муудалцаад намайг зодож цохиж байсан. Н.А архи уугаад агсам тавихад нь цагдаа дууддаг байсан. Тэгээд торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Охидуудыг маань нэг их зодож цохиж байгаагүй. Батцэнгүүнийг нэг билүү хоёр удаа зодож байсан. Тэрийг нь би мэдээгүй байсан. Батцэнгүүнийг төрсний дараа Батцэнгүүнээс хэний хүүхэд юм бэ гэсэн чинь надад Түвшээгийн хүүхэд гэж байсан. Тэгэхээр нь би Түвшээтэй очиж уулзъя гэсэн чинь үгүй үгүй Н.Аийн хүүхэд гэж хэлсэн тэгээд л мэдсэн. Би өглөө гэрээсээ 5 цаг гэж гараад Барс захаас ногоо аваад Багануур дүүрэг орж зараад шөнө 1, 2 цаг гээд ирдэг байсан. Би хоногоор яваад байдаггүй нэг л удаа машин эвдрээд хоноод ирж байсан. Тухайн үед Н.А цагдаад өгье гэж байхад Батцэнгүүн нь яах юм бэ хүнд муу юм хийгээд хэрэггүй гэсэн. Өөрөө тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй хэцүү байхад нь энэ талаар ярилцаагүй байж байгаад гарч ирэхээр нь ярилцаад Есүй нь 900 грамм төрөөд хүн болчхоор нь баярласан. Батцэнгүүн өөрөө цагдаагаар явах дургүй байсан. Яагаад гэхээр хүн болгонд илчлэгдэнэ. Тэр хүнийг шоронд хийчхээр насан туршдаа надад хүн шоронд хийчихсэн гэсэн бодолтой байх болохоор цагдаад өгөөд хэрэггүй гэсэн. Бид гурвын хувьд нялх хүүхдээ хүн болгоод авчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 4442 дугаартай:

Б.Батцэнгүүний биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Батцэнгүүн нь урьд өмнө нь бэлгийн харьцаанд орсон байна. Анх бэлгийн харьцаанд орсон хугацааг тогтоох боломжгүй. Б.Батцэнгүүн нь 2017 оны 05 сарын 01-ний өдөр ЭХЭМҮТөвд 1 дэх жирэмслэлт 24 долоо хоногтой жирэмсэн гэсэн оноштой хэвтэж 1000 гр жинтэй эмэгтэй хүүхэд төрүүлсэн байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 20/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 4389 дугаартай:

ДНХ-ийн шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, ТН01, D21S11, D18S51, Penta Е, D5S818, D13S3178 D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TROX, FGA локусын аллелиар Н.А нь Есүйн биологийн эцэг байх боломжтой байна. Н.А нь Есүйн биологийн эцэг байх магадлал 99.99% байна. З.Б.Батцэнгүүн нь Есүйн биологийн эх болох нь ДНХ-ийн шинжилгээгээр нотлогдож байна гэх биологийн дүгнэлт /1-р хх-ийн 46/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 418 дугаартай:

Н.А нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тэр үедээ өөрийнхөө хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдэгдсэн хэргийн үйлдлийг үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. Н.А нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н.А нь эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна. Н.А нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Н.Аийг албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй. Н.А нь үйлдсэн хэргийн шинж чанарыг ойлгох чадвартай. Н.А нь хэрэг хариуцах чадвартай гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 54-56/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 417 дугаартай:

Б.Батцэнгүүн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Өөрийн хийж байсан үйлдлийн учир холбогдолыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдэгдсэн хэргийн үйлдлийг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна. Б.Батцэнгүүн нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 60-62/,

 

-төрсний гэрчилгээ болон үрчлэлтийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 7-9/

-ЭХЭМҮТ-ийн 00000423 дугаартай нярайн түүхийн хуулбар /1-р хх-ийн 21-38/

-ШШҮТ-ийн 2018 оны 04 сарын 25-ны өдрийн 5102 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 42/

-ШШҮТ-ийн 2018 оны 04 сарын 24-ний өдрийн 3861 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 50/

-Б.Батцэнгүүний насыг тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 104/

 

Шүүгдэгч Н.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

2016 оны наадмын дараа сургууль орсон байсан шиг санагдаад байна. Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд байх гэртээ би дагавар хүүхдүүд болох Батцэнгүүн, Мөнхцэлмүүн, Мөнхтэлмүүн нарын хамт байсан. Батсайхан тухайн үед Багануур дүүрэг рүү жимс ногоо зарахаар явсан байсан. Манай гэр жижиг гэр болохоор бүгд газраар том ор засаад бөөнөөрөө унтаж байсан. Би хамгийн баруун талд нь миний хажууд Батцэнгүүн, Мөнхтэлмүүн, Мөнхцэлмүүн гэсэн дарааллаар унтаж байсан. Шөнө унтаж байхад Батцэнгүүн миний хөнжил рүү ороод ирсэн. Тэгж л анх бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш 2017 оны 01 дүгээр сард Батсайханд Батцэнгүүн бид хоёр хэлсэн "бид хоёрын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн" гэж хэлсэн. Тэгээд хэсэг Батсайханаас салж 2 cap гаруй болсон. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын эхээр Хужирбуланд байх гэртээ байсан энэ хооронд Батцэнгүүн надруу утсаар яриад та гэртээ ирэхгүй юм уу хаагуур юу хийгээд яваад байгаа юм гэж ярьдаг байсан. Батцэнгүүн ер нь бол намайг хардаж сэрддэг байсан. Ээжтэй нь ойрхон унтахаар уурлаж босож ирээд 00-ийн өрөө орчихдог байсан. Ээжийнхээ хажууд юм ярихгүй мөртлөө надтай хамт байхдаа намайг ээжтэй нь унтлаа хэвтлээ гэж уурладаг байсан. Тэрнээс болж Батсайхан бид хоёрын хооронд маш их хэрүүл гардаг байсан. Шөнө орой намайг гараад явах гэхээр Батсайхан намайг явуулахгүй араас намайг олж ир гээд гурван хүүхдээ гаргаад явуулчихдаг байсан. Би ч тухайн үед гэртээ байхаасаа байхгүй нь их байсан. Би 7-8 хоног гэртээ харихгүй гадуур явсан чинь Батцэнгүүн надруу яриад энэ хэд архи уугаад хоорондоо зодолдож муудалцаад байна гэж ярьсан. Тэгэхээр нь би шөнө очсон чинь худагны ард гарчихсан байсан. Тэгэхэд л анх Батцэнгүүн 1 надад жирэмсэн болсноо хэлсэн. Тэгэхээр нь би хүүхдийг нь авахуулах гэж янз янзаар үзэж ярилцаж үзсэн тэгэхэд өөрөө ч бас авахуулъя гэж хэлсэн л дээ. Тэр үед яаж авахуулах ухаанаа олоогүй. Тэгээд ээжид нь хэлэхээсээ айгаад хэлээгүй бид хоёр нуусан. 2017 оны цагаан сараас хойш жирэмсэн болсныг мэдсэний дараа гэртээ байхдаа нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Батцэнгүүн тухайн үед үерхдэг банди байсан. Тэр бандитайгаа бэлгийн харьцаанд орсон үгүйг мэдэхгүй байна. Би тойруугаар нэг асуусан чинь бид хоёрын хооронд тийм юм байхгүй би таниас өөр хүнтэй унтаж хэвтэхгүй гэж хэлж байсан. Яг үнэндээ хэлэхэд би хүчирхийлсэн зүйл байхгүй. Аль аль талаасаа нэг нэгэндээ татагдаад ийм асуудал болсон. Бид хоёр болохгүй юм хийчихлээ гэж нэг нэгэндээ хэлдэг байсан. Бид хоёр хүүхэдтэй болсон гэдгийгээ 2017 оны 04 дүгээр сарын дундуур Батсайханд хэлсэн. Тэгээд аль аль тал нь ухаанаа олоогүй байхад хүүхэд дутуу 7 сартай төрсөн. Бэлгийн харьцаанд нийт 3 удаа орсон. Хамгийн эхнийх нь 2016 оны 09 дүгээр сард Батцэнгүүн сургуульдаа орчихсон байсан. Дараа нь 2017 оны 03 дугаар сард мартын 8 билүү 9-ний хавьд байх, тэрний дараа 2017 оны 04 дүгээр сарын үед бэлгийн харьцаанд орсон..., Бид хоёр хайр сэтгэлийн харилцаатай байсан. Бид хоёр дотно юмнуудаа хоорондоо ярилцдаг үнсэлддэг нэг нэгнийгээ таалдаг харилцаа байсан. Би насанд хүрээгүй хүүхэд болъё гээд өвөр түрүүнд орж ирж байхад бэлгийн харьцаанд орсон нь миний буруу. Насанд хүрсэн би энэ үйлдлийг зогсоох ёстой байсан. Шилжилтийн насны хүүхэд хайр сэтгэлийн холбоог сайн мэдэхгүй байж надад сайн болоо л биз гэх мэдүүлэг /1-р хх-ийн 85-86/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Аийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 87-88/ зэргийг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа, арван найман насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Насанд хүрээгүй хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч Н.А нь дагавар охин болох Б.Батцэнгүүнтэй 2016 оны 08 дугаар сараас эхлэн удаа дараа хүчээр бэлгийн харьцаанд орсоны улмаас түүнийг жирэмсэн болгож 2017 оны 05 сарын 01-ний өдөр насанд хүрээгүй хохирогч нь хүүхэд дутуу төрүүлсэн болох нь тэдний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүнийг удаа дараа хүчиндсэний улмаас жирэмсэн болж, хүүхэд дутуу төрүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байна.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэрэг нь 2016 оны 08 сар буюу Б.Батцэнгүүнийг 14 настай байхад нь анх эхлэн үйлдэгдэн хүчиндсэн байх ба уг гэмт хэргийн улмаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу Б.Батцэнгүүн 15 настай байхдаа 24 долоо хоногтой жирэмсэн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн 1.000 грамм жинтэй хүүхэд төрүүлсэн нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэг, эмнэлгийн үзлэгээр тогтоон, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, уг гэмт хэрэг дахин үргэлжилж үйлдэгдээгүй байна.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 4442 дугаартай шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн нь 2016 оны 11 дүгээр сард жирэмсэн болсон нь тогтоогдож байх ба насанд хүрээгүй хохирогчийн Тэрний дараа 2016 оны 11 дүгээр сарын эхээр хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. ... би ганцаараа амбаар цэвэрлэж байсан чинь Н.А бас амбаар цэвэрлэсэн. Би амбаараас юм зөөгөөд машин руу оруулах гэж байсан чинь Н.А амбаар дотроос наадуулаа зөөчхөөд ороод ир гэсэн. Тэгэхээр нь зөөчихөөд амбаарлуу орсон чинь хувцас тайлах гээд дайрсан тэгэхээр нь би одоо болиоч та ээжтэй амьдарч байж яагаад ингээд байгаа юм бэ гэсэн. Тэгсэн би ээжтэй чинь унтаж хэвтэхгүй байгаа гээд надруу дайрсан. Би уйлаад одоо болилдоо надад хэцүү байна гэсэн чинь чамд хэцүү байх ямар хамаатай юм. Чамайг ингээд эсэргүүцээд байвал яана гэж хэллээ, би чамайг аваад явчихна шүү гэж айлгасан. Тэгж байгаад намайг хүчиндсэн. 2016 оны 12 дугаар сард миний сарын тэмдэг ирэхгүй байхаар нь гайхаад ээж М.Батсайхан, хойд аав Н.А нарыг хамт байж байхад ээжид хандаж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/-тэй цаг хугацааны хувьд тохирч байна.

 

Хүүхэд төрсөн хугацааг цаг хугацааны хувьд урагш тоолоход 2016 оны 11 дүгээр сард жирэмсэн болжээ гэж үзэхээр байна.

Жирэмсэн эмэгтэй урагийг 36 долоо хоногийн хугацаанд тээснээр төрүүлэх нь урагийн божилт бүрэн явагдсанд тооцогдох ба 32 болон түүнээс доош долоо хоногийн хугацаагаар тээж төрүүлсэн нь жирэмсэн эмэгтэй хүүхэд дутуу төрүүлэх ойлголтод хамаардаг.

Хүүхэд дутуу төрүүлэх нь эх хүүхдийн амь насанд аюул учруулж болох, хүүхдийн бие махбодь, эрүүл мэндэд дутуу хөгжил явагдах, эх сэтгэлийн хямралд орох гэх мэт олон сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй байх тул хүнд хор уршиг болно.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн нь жирэмслэж улмаар хүүхэд дутуу төрүүлсэн хүнд хор уршиг учирсан.

 

Хүчиндэх гэмт хэргийн нийтлэг шинж нь хохирогчийн хүсэл сонирхлын эсрэг хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, тодорхой шалтгааны улмаас биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, ямар нэг шалтгаанаас улбаалж эрхшээлдээ байгааг далимдуулж бэлгийн харьцаанд орсон байх явдал юм.

Гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл “Хүчиндэх”-ийн 126.3 дахь хэсэгт зааснаар “энэ гэмт хэргийн улмаас ...бусад хүнд хор уршиг учирсан …  бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ”

2017 оны 07 дугаар сараас эхлэн шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 3 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилжээ.

 

2017 оны 07 дугаар сараас эхлэн шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан нь дээрх 2 хуулийн алинаар нь Н.Аэд холбогдох хэргийг зүйлчилж шийдвэрлэж ял оногдуулахыг зохицуулжээ.

Шүүгдэгч Н.Аийн насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүнийг удаа дараа хүчиндэж жирэмсэн болгож улмаар хүүхэд дутуу төрсөн үйлдэл нь 2002 оноос мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дэх хэсэгт зааснаар хүчиндэх гэмт хэргийн хүндэрүүлэх шинж буюу “бусад хүнд хор уршиг учруулсан” гэх шинжийг бүрэн хангасан үйлдэл гэж шүүх үзсэн болно.

Энэ үйлдэл нь 2017 оны 07 дугаар сараас эхлэн шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон” гэх шинжтэй ижил агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл 16 насанд хүрээгүй хохирогч нь хүчиндэх гэмт хэргийн улмаас жирэмсэн болсон байх ба улмаар түүний тээсэн ураг 24 долоо хоногтой буюу ураг тээх хугацаа дуусаагүй үед дутуу төрсөн нь нэг утгыг илэрхийлнэ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэхэд уг гэмт үйлдэлийг 2017 оны 07 дугаар сараас эхлэн шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилэх нь оногдуулах ялын хэмжээг багасгаснаар шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтай байна.

 

Шүүгдэгч Н.А, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Батсайхан нар нь гэр бүлийн харилцаатайгаар хамтран амьдарч байсан. Тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэр бүлийн хамаарал бүхий хүн гэж үзэх учир насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн нь шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий гишүүн юм.

 

Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогчоос төрсөн хүүхдийн биологийн эцэг болох нь тогтоогдсон байна.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүн хамаарахгүй байх тул Баянзүрх дүүргийн прокурорын газраас “үргэлжилсэн дөрвөн удаагийн үйлдлээр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий 14 настай дагавар охин Б.Батцэнгүүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон” гэж  яллах дүгнэлт үйлдэснийг 2017 оны 07 дугаар сараас эхлэн шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “хүчиндэх гэмт хэрэг үйлдэж арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон” гэж өөрчилөх нь хуулийн дээрх шаардлагад нийцэж байна.   

 

Шүүгдэгч Н.А болон насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн нар нь хэрэг болох үе буюу 2016 оны 08 дугаар сараас эхлэн бие биедээ сайн болж, эцэг охины харилцаа нь хайр сэтгэлийн харилцаа болж өөрчлөгдөн хоорондоо тохиролцож бэлгийн харьцаанд удаа дараа орсон. Нэг хөнжилд хамт хэвтэж байгаад бэлгийн харьцаанд ордог байсан. Н.А нь хүч хэрэглэж болон хүч хэрэглэхээр заналхийлээгүй, Б.Батцэнгүүн нь эсэргүүцэж, дургүйлхэж байгаагүй гэх агуулга бүхий шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч болон, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлэгүүд нь насанд хүрээгүй хохирогчийн болсон хэргийн талаар өөр өөр субьектэд гаргасан удаа дараагийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13/, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч нарт дүгнэлт гаргахад нь гаргасан тайлбар өгүүлэмж /хх-ийн 60-62/, гэрч М.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 15/ зэргээс эрс зөрүүтэй байх тул үнэн зөвд тооцоогүй болно.

 

Шүүгдэгч Н.А нь насанд хүрээгүй хохирогчийг удаа дараалан хүчиндэж 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон нь дээрх баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг арван найман насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгчтэй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орж байсан учир “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн нас хүрсэн, арван зургаан нас хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйл болгон өөрчлөх тухай санал үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн цагдаагийн албанаас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст Н.Аэд холбогдох материалыг шилжүүлсэн байх ба 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байна. Насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүн, түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож байсан төрсөн эх М.Батсайхан нар нь шүүгдэгчийн хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох байгууллагад мэдэгдэх, энэ хүчиндэх гэмт хэргийг шалгуулах сонирхолгүй, харин ч нуун дарагдуулах хүсэл эрмэлзэлтэй байдалыг бий болгожээ гэж үзэхээр байна.

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.Аийг арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв нь Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-тай хамтран ажилладаг, уг байгууллагаар төрийн зарим үйлчилгээг үзүүлдэг болох нь төлөөлөгч Г.Гэрэлцэцэгийн мэдүүлэгээр тогтоогдож байна.

Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ нь шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Батцэнгүүнд сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ, нийгмийн ажлын үйлчилгээ, нийгэмшүүлэх нөхөн сэргээх үйлчилгээ, өмгөөлөлийн зардалд нийт 4.860.000 төгрөг зарцуулсан гэж хохирол нэхэмжилжээ. Шүүхэд гаргасан хохирлын гэх нотлох баримтуудыг шинжлэн дүгнэхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг нотлох төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна. Цахим гүйлгээний баримтаар “нөхөн сэргээх үйлчилгээ, хийл хөгжимийн сургалт” гэх утгаар нийт 370.000 төгрөг шилжүүлсэн байх боловч уг үйлчилгээ сургалтыг хэн авч, сурсан нь тодорхой бус, Б.Батцэнгүүнд зориулсан үйлчилгээ сургалт гэж үзэх боломжгүй учир шийдвэрлэх боломжгүй юм. Нэхэмжлэлийн бусад хэсэг болох өмгөөлөгчид, сэтгэл зүйн заслын үйлчилгээнд зэргээр төлбөр төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хүрээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Н.Аийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл нийт гурван зуун далан зургаа хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аийг холбогдуулан “үргэлжилсэн дөрвөн удаагийн үйлдлээр өөрийн гэр бүлийн хамаарал бүхий 14 настай дагавар охин Б.Батцэнгүүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, хүчээр бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон” гэж  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг “хүчиндэх гэмт хэрэг үйлдэж арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон” гэж өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Н.Аийг хүчиндэх гэмт хэрэг үйлдэж арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар арван хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Н.Аийг шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аэд оногдуулсан арван хоёр жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн цагдан хоригдсон гурван зуун далан зургаа хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Хэргийн учир битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар арван найман насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Аэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, арван найман насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БААСАНБАТ

 

                                      ШҮҮГЧИД                                Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                         Ж.ДЭЛГЭРМӨРӨН