Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00794

 

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 151/ШШ2016/00794

Төв аймаг

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би барааны үнэ 513 700 төгрөг гаргуулах тухай,

Төв аймаг, Зуунмод сум, Номт 1 дүгээр баг, 15 дугаар байрны 06 тоотод оршин суух Чангас овогт Балжиннямын Нямдаваад холбогдох,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 39 дүгээр байрны 32 тоотод оршин суух Сэкел овогт Келкейн Ленагийн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 20 өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 27 өдөр үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Б.Нямдаваа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Иргэн Келкейн Ленагийн нэхэмжилсэн барилгын материалын үлдэгдэл 513 700 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 16.068 төгрөг, унааны зардал 40.000 төгрөгийг Балжинням овогтой Нямдаваа миний бие 2016 оны 7 сарын 28 өдрийн дотор 580.000 төгрөгийг иргэн Келкейн Ленагийн 5034515380 тоот Хаан банкны дансанд шилжүүлэх бөгөөд баримтыг дараагийн тайлбар бичигт хавсаргах болно. Иймд хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасныг ойлгосон болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Лена нь  хариуцагч Б.Нямдаваад холбогдуулан барааны үнэ болох 513 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Б.Нямдаваа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 13-14/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, К.Ленагийн  нэхэмжилж буй барааны үнэ   513 700 төгрөгийг 2016 оны 7 сарын 28 өдрийн дотор багтаан төлнө гэжээ.

 Хариуцагчийн зөвшөөрөл нь хууль зөрчөөгүй байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь

1. К.Ленагийн нэхэмжлэлийн шаардлага барааны үнэ 513 700 төгрөгийг хариуцагч Б.Нямдаваа нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 068 төгрөгийн 50 хувь болох 8 034 төгрөгийг улсын төсвөөс, 8 034 төгрөгийг хариуцагч Б.Нямдаваагаас тус тус гаргуулж нэхэмжлэгч К.Ленад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                        Э.АРИУНАА