| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Цэрэнпүрэв |
| Хэргийн индекс | 204/2024/00013 |
| Дугаар | 204/МА2024/00017 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 204/МА2024/00017
2024 оны 6 сарын 05-ны өдөр Дугаар 204/МА2024/00017 Өвөрхангай аймаг
Г.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Ц-д холбогдох,
Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Г.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох, хариуцагч С.Ц, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 19 цаг 40 минутын үед Өвөрхангай аймаг дахь сум сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зөрчлийн шүүх хуралдаанаас эхнэртэйгээ гараад явж байхад шүүхийн гадна С.Ц, С.Цэ, А.Ц, нөхөр М.Г, Уу нар намайг отож зогсож байгаад С.Ц, С.Цэ, А.Ц нар намайг зодсон.
Энэ явдлаас хойш 3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлэхэд тархи доргилт, толгой зүүн тийшээ эргэхгүй татсан, баруун хацар хөхөрсөн, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар гэсэн гэмтэл тогтоогдсон. Тухайн үед манай эхнэр цагдаад дуудлага өгчихсөн байсан.
Миний биеийн байдлын хувьд тархины манаралтай, аймхай болсон. Шүүх дээр намайг ингээд зодчихож байгаа юм чинь энэ тэнд явж байхад намайг цохиод унагачих байх гэж айж, чичрэлтийн байдалтай явдаг. Толгой тархи, дагзны хэсэгт хаван, хавдар үүссэн. Одоо хүртэл хавдартай байгаа. Хэсэг газар үс ургахаа больсон.
С.Ц-ийн зарим үйлдлүүд нь тухайн үед камерт бичигдээгүй. Шүүхийн камерыг цагдаа нь харалгүй прокурорын камерт бичигдсэн үйлдлээр шийдсэн. Тухайн үед прокурорын жижүүр гарч ирээд хаалгаараа таглачихсан. Тэгээд тэр хаалганы цаана болсон асуудал бичигдээгүй үлдсэн. Прокурорын байрны буланд намайг шахаж байгаад зодсон. Мөн миний утсыг эвдсэн. Тэрийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд С.Ц-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч С.Ц-ийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Б гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд 7,144,500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч нь тухайн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлд, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр суурь алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэрэг амьдралын чанар муудсаныг ойлгох бөгөөд үүнийг сэтгэцийн эмгэгтэй болох гэж ойлгодог.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоохоор заасан.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267 дугаар тушаалын зургаадугаар хавсралтаар баталсан Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар-аар гэмт хэргийн хохирогчдод хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо эрх бүхий байгууллагаас баталсан сэтгэцийн өвчний оношийг тодорхойлох гарын авлага, өвчний ангилал, сэтгэцийн үйл ажиллагааны чадамж, ангилал, түүнчлэн тодорхой судалгаанд үндэслэсэн хүлээн зөвшөөрөгдөхүйц оношилгоонд тулгуурлан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээ хийх үйл ажиллагааны стандартад нийцсэн, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан нотлох баримтын эх сурвалжид үндэслэн тогтоохоор заасан.
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.1-д сэтгэцийн эрүүл мэнд гэж хүн сэтгэцийн эмгэггүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр сууриа эзлэн хувь нэмрээ оруулж чадахуйц байдлыг ойлгоно гэж заажээ. Гэтэл Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт нь дээрх шаардлагуудыг хангахгүй, сэтгэцэд нь ямар өөрчлөлт орсон, ямар хохирол учирсан буюу амьдралын чанар нь яаж муудсан талаарх дүгнэлт огт хийгдээгүй байна гэж үзэж байна.
8 дугаар сарын 01-ний өдөр С.А, Г.Б нар шүүх хуралд орж байсан. Би С.А-ийн болон өмгөөлөгчийнх нь утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд шүүхийн гадна очоод хүлээж байхад Г.Б гарч ирэхээр нь хажуугаар нь зөрөх гэхэд над руу биеийн хэлэмж, харцаараа муухай харж, намайг ёжилсон байдалтай харсан. Тэгээд би яагаад ингэдэг юм бэ чи хүн бай гэж хэлсэн.
Би энэ хүний сэтгэл санаанд тийм хэмжээний хохирол учиртал алгадаж зодоогүй. С.Ц намайг олон удаа цохисон, би бариа засал хийлгэсэн гэж ярьж байна. Тэр камерын бичлэг дээр харагдаж байгаа. Би хацар руу нь 2-3-н удаа алгадсан. Тэр үед ямар ч цагдаа, ямар ч хүн байгаагүй. Гэтэл араас нь н.Ур нь гарч ирээд утсаараа бичлэг хийж намайг тавласан. Тэр үед намайг утас эвдэлсэн гэж гүтгэсэн. Би дахиж шинжээчийн дүгнэлт гаргуулмаар байна гэхэд миний хүсэлтийг ерөөсөө хүлээж аваагүй.
Ямар ч хүн дүүгийнхээ амьдралаар тоглуулсан бол зүгээр байхгүй байх. Дээрээс нь намайг тавлаж инээгээд, бичлэг хийгээд байсан. Тэгэхэд миний дагуулж гарсан дүү нэг ч үг амнаасаа гаргаагүй байхад шүхрээр зодсон гэж гүтгэсэн. Мөн миний ээжийг хүртэл хамт зодсон гэж гүтгэсэн. Үүнийг прокурор шүүж үзээд тийм зүйл байхгүй, С.Цэ халдаагүй байна гэсэн.
Би энэ хүний биед тийм гэмтэл учрахаар цохиогүй. Бас тэр өдөр гар утас нь унасан зүйл болоогүй. Энэ хүн намайг санаатайгаар бичлэг хийж байгаад хэрэгт унагаасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирол авсан хүн нь би. Учир нь дүүгийнхээ амьдралаар тоглуулчихсан, гэр бүлээрээ гүтгүүлсэн. Та бүхэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ц-аас 1,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,769,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч С.Ц-аас 36,950 төгрөгийг гаргуулж орон нутгийн орлогод оруулж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Б-ийн давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
2023 оны 8 дугаар сарын 01-ний орой 19 цагийн орчим аймгийн
шүүхийн байрнаас би нэхэмжлэгч С.Ц-ийн төрсөн дүү С.А-т зодуулж, эд хөрөнгөө эвдүүлсэн зөрчлийн хэргийн хохирогчоор оролцож шүүх хуралдаанаас гарч иртэл С.Ц, ээж А.Ц, дүү С.Цэ нар нь бүлэглэн намайг хэл амаар доромжилж хүч хэрэглэн зодож, олон нийтийн газар танхайрсан ба харуулын цагдаа салгаж намайг шүүхийн байранд оруулж хамгаалсан.
С.Ц миний нүүр, толгой хэсэгт гараараа олон удаа алгадаж, цохиж, хөл рүү өшиглөж, тархи доргилт, баруун хацар, шанаа хэсэгт зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, дагз хэсэгт хаван хавдар бүхий хөнгөн хохирол санаатай учруулан зодож гэмтээсэн нь шинжээчийн дүгнэлт болон мэдүүлгээр тогтоогдсон. Намайг зодож байгаа үйлдэл зөвхөн прокурорын газрын камерт бичигдсэн байдаг. Байшингийн буланд шахагдаж зодуулсан бусад үйлдэл камерт ороогүй байсан.
С.Ц-ийн гэмт үйлдлийг Цагдаагийн байгууллагаас шалгаж шүүхээс гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн.
Энэ өдөр С.Ц-ийн ээж А.Ц нь над руу дайрч, хэл амаар доромжилж, олон нийтийн газар танхайрсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл хүлээсэн.
Одоо дагаж мөрдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл
мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268.А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.1.1-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл хамаарна. Мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр надад учирсан гэм хор 2-р зэрэглэлтэй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.
С.Ц-д зодуулснаар миний тархи толгой байнга өвдөж, эм тарианы болон бариа заслын эмчилгээ нэлээд хийлгэсэн. Сэтгэл санааны зовуурь, тавгүй байдал арилаагүй. Зодуулж байгааг харсан хүмүүс болон сонссон хүмүүс мэнд мэдэхийн оронд С.Ц та хоёрын зодоон юу болсон гэдэг гэх мэт хувь хүний нийгмийн байр суурь зэрэгт сөрөг нөлөөлөл маш их байна.
Анх Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 659 дүгээр захирамжаар шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийг хэлэлцэхэд түүнээс надад “Гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор уршгийг тогтоолгох” хүсэлт гаргасныг хангаж хуралдаан хойшлогдож гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлтэйг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч нараас баталгаажуулан тогтоосон.
Шүүх С.Ц-д холбогдох хэргийг дахин шийдвэрлэхэд прокуророос хохирогч миний гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаарх баримтыг шүүхэд ирүүлэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоор шинжилгээний байгууллагад хүргүүлсэн мөрдөгчийн албан тоотоо хавсаргаж ирүүлээгүйгээс хохирлын нөхөн төлбөрийг хэлэлцэлгүй орхиж энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн. Миний бие бүрдүүлэх шаардлагатай баримт болох Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн дарга хошууч Э.Өлзийжаргалын хохирогч Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох тухай Шүүх шинжилгээний ерөнхий газарт явуулсан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 43г/203 албан тоотын хуулбарыг тус Цагдаагийн газраас авч нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн.
Гэмт хэрэг гарахад хохирогч миний зүгээс С.Ц-д хандсан зүй бус болоод буруутай үйлдэл, үг яриа огт гаргаагүй зүгээр явж байхад С.Ц нь шүүхийн гадна олон түмний нүдэн дээр бүдүүлэг авирлаж намайг зодож гэмтээсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тусгагдсан.
Надад гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлыг буруутай этгээдээс тогтоогдсон хэмжээгээр гаргуулах үндэслэл бүхий байхад шүүх эрүүгийн хэргийн тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй уг хэрэгт хамааралгүй, хэрэгт хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэл нөлөөлсөн эрүүгийн болон зөрчлийн хэргээр удаа дараа шийтгэгдсэн гэх үндэслэлгүй дүгнэлт хийж хууль журамд заагаагүй заалтаар нөхөн төлбөрийн хэмжээг 50 хувь багасган гаргуулах нь зөв гэж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэж хохирогчийн эрхийг ноцтой хохироосон гэж үзэж гомдол гаргаж байна.
Иймд хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч С.Ц давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Миний бие 2023 оны 8 дугаар сарын 01-нд шүүхийн гадаа дүүгээ хүлээн сууж байгаад Г.Б-той таараад дүүгээ гарч ирэх болж байна уу гэж асуутал Г.Б биеийн хэлэмж, үг үйлдлээрээ тавлаж намайг доромжилсон. Г.Б нь миний дүү С.А-тэй гэр бүл болж 5 жил амьдраад гэр бүлээс гадуурх харилцаа 2, 3 жил үүсгэж салсан. Намайг шүүхийн гадаа таарах үед мэндийн зөрөөгүй инээж, тавлаж доромжилж байсан тул миний бие Г.Б-ийг 2, 3 удаа алгадсан. Толгой, хацарт гэмтэл учиртал цохиж зодоогүй. Камерын бичлэгт тод харагдана. Энэхүү асуудлыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж шийтгэлээ төлж дуусгасан. Мөн Г.Б нь миний болон манай гэр бүлийг удаа дараа гүтгэж доромжилж, өс санаж ирсэн.
Иймд гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 7,144,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч Г.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 7,144,500 төгрөгийг нэхэмжилж байгаа. 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.Ц намайг зодсон. Миний үс ургахгүй байгаа нь үнэн. С.Ц сая 2, 3 хоногийн өмнө над руу утсаар залгаж чи шүүхэд өгсөн өргөдлөө боль гэж дарамталсан.
2023 оны 11 дүгээр сарын 27-ны орой манай гэрт очсон байдаг. Тухайн үед хөөрөг алга боллоо гээд яригдаж байсан. Тэр хөөргөө тухайн үедээ би олчихсон. Би сэтгэл санааны хохирлоо гаргуулмаар байна. Энэ хүн миний сэтгэл санаагаар тоглож байгаа. Намайг битгий гомдол гаргаарай гэснээ өөрөө давах гомдол гаргасан байсан.
Намайг эхнэртэй байсан мөртлөө эхнэрийнхээ араар тавьсан юм шиг яриад байна. Би үнэндээ гомдолтой байна. Намайг утсаар доромжилдог. Надад үнэхээр хэцүү байна гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Адъяатогтох давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт хамааралгүй, эрүүгийн хэргээр тогтоогдсон нөхцөл байдалтай нийцээгүй, нотлох баримтаар тогтоогдоогүй үндэслэлүүдийг зааж, мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг тогтоох журамд нийцээгүй дүгнэлт гаргаж төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн мөртлөө 50%-аар гаргуулна гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэлд нөлөөлсөн эрүүгийн болон зөрчлийн хэргээр удаа дараа шийдэгдсэн гэсэн ийм дүгнэлт хийсэн байсан.
Иргэний хуулийн 230 дугаар зүйлд гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн үйлдэл нөлөөлсөн бол гэж байгаа. Хохирогч этгээдийн үйлдэл нөлөөлсөн гэдэг нь тогтоодохгүй байна. 8 дугаар сарын 1-ний өдөр Г.Б-ийг шүүхийн байрнаас гарахад С.Ц, Г.Б нарын хооронд ямар ч үг яриа, үйлдэл холбогдол болоогүй. Шийтгэх тогтоолоос харахад хэн нэгэндээ муу санах, муухай үг хэллэг хэлэх, үйлдэл гаргаагүй. Хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас болж нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Ийм учраас хохирогчийн үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн энэ хэрэгт хамааралгүй дүгнэлт хийж хохирлын хэмжээг дутуу гаргасан.
Анхан шатын шүүх хуралдаанд С.Ц сэтгэцэд учирсан хохирол гаргуулна гэсэн хүсэлт гаргасан. Түүний дагуу 60 хоногийн хугацаагаар шүүх хуралдаан хойшилсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалууд, Монгол Улсын дээд шүүхийн шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоол зэрэг хууль эрх зүйн баримт бичигт заасан заалтуудыг үндэслэн гэмт хэргийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгээс үүссэн хэмжээнээс тогтсон хохирлыг гаргуулах үндэслэлтэй байна. Г.Б энэ хэргийн улмаас хохирч айдас түгшүүртэй байдаг болсон.
Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
8. Хариуцагч С.Ц давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 2023 оны 11 дүгээр сард очиж зодсон гэж байна. Тэр үед би очоогүй. Харин манай ээж, нөхөр очсон байсан. С.А-т гар хүрсэн гэдгийг нь мэдээгүй, хавар шүүх хуралдааны дараа мэдсэн. Миний дүүг чи доромжилсон. Би Г.Б руу залгаж өргөдлөө ав гэж хэлээгүй.
Анхан шатны шүүхээр шүүх хуралдааныг шинжилгээ, тамга тэмдэг байхгүй гэж 90 хоногоор хойшлуулсан. Тэрнээс хойш чи намайг хөөрөг авсан гэж гүжирдсэн. Манай дүүг Өвөрхангай аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байхад нь Э.У-р гэдэг хүүхэн орж ирээд доромжилж, С.А намайг зодлоо гэж худлаа гүжирдээд 100,000 төгрөгөөр торгуулж, цалингийн 20%-аар хасуулсан. Өөрийнхөө хийсэн хэргүүдэд бантаад дээрээс нь миний газрыг бас авах гэж байна. Би газраа буцааж авмаар байна. Би нэхэмжилж байгаа сэтгэцэд учирсан хохирлыг өгч чадахгүй.
Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1. Г.Б нь С.Ц-д холбогдуулан сэтгэцэд учирсан гэм хор нийт 7,144,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг С.Ц эс зөвшөөрч маргажээ.
2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 145/ШШ2024/00174 дүгээр шийдвэрээр “... нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2023 он/-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 2,750,000 төгрөгөөр тооцох ... Г.Б нь хариуцагчийн төрсөн дүүтэй таван жил амьдарсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн тэдний дунд үл ойлголцол үүссэн, мөн эрүү болон зөрчлийн хэргээр удаа дараа шийтгэгдсэн зэрэг нөхцөл байдалд тогтоогдож байх тул ... нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн гэж үзэн нөхөн төлбөрийн хэмжээг 50 хувь багасган 1,375,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлт хийж Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.3, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ц-аас 1,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5,769,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
3. Г.Б “... Хэрэгт хохирлын хэмжээ гарахад түүний үйлдэл нөлөөлсөн эрүүгийн болон зөрчлийн хэргээр удаа дараа шийтгэгдсэн гэх үндэслэлгүй дүгнэлт хийж хууль журамд заагаагүй заалтаар нөхөн төлбөрийн хэмжээг 50 хувь багасган гаргуулах нь зөв гэж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж хохирогчийн эрхийг ноцтой хохироосон гэж ... хохирлыг бүрэн гаргуулж өгнө үү” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
5. Тодруулбал, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэргээр тогтоов...” гэх баримт /хх-ийн 06/ нь “хуулбарлав” тэмдэгтэй /хх-ийн-06/ буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.
Учир нь Бичмэл баримт хуулбар бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна. Харин энэ журмыг зөрчсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд тухайн баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 433г/203 тоот албан бичгийг хүргүүлсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирсон Г овогтой Б-д хоёрдугаар зэрэглэлийн сэтгэцэд учир хор уршиг учирсныг тогтоожээ...” гэж дээрх баримтыг шүүх Г.Б-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэг тогтоосон нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.
6. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул нэхэмжлэгч Г.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд дүгнэлт хийгээгүй, Г.Б-ийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2024/00153 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦЭРЭНПҮРЭВ
ШҮҮГЧИД Н.ЭНХМАА
Л.НЯМДОРЖ